Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/03599

 

 

 

 

 

 

 

 

2021 11 08 101/ШШ2021/03599

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 26-р хороо, Мандал овоо, 10-р гудамж, 5 тоотод оршин суух, Цэрэнчимэдийн Баярсайханы /РД: ЙЕ85090711/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14-р хороо, East squars орон сууц Б блок, 902 тоот, Баянгол дүүрэг, 4-р хороо, 10а байр, 31 тоотод оршин суух, Санжаагийн Дамдинпүрэв /РД: ЙЛ77031514/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 4-р байр, 2-р орц, 14 давхар, 121 тоотод оршин суух, Чулууны Мөнхбаяр /РД: УЗ90053131/ нарт холбогдох

15,081,375 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох,

Хариуцагч Ч.Мөнхбаяр,

Хариуцагч С.Дамдинпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайханы итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баяртогтох шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Баярсайхан нь С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаяр нартай харилцан тохиролцож Баянгол дүүргийн 3-р хорооны 28-р байр хаягт байрлах хуучин байсан орон сууцны зориулалттай, 2 давхар хувийн сууцыг нурааж, мөн 22*24 хэмжээтэй, 3 метр гүнтэй суурь ухаж газар шорооны ажлыг 2019 оны 7 сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд бүрэн хийж гүйцэтгэсэн.

Бид 2019 оны 8 сарын 8-ны өдөр дээрх гэрээгээ бичгээр баталгаажуулан уг ажлыг хийж гүйцэтгэсний үлдэгдэл төлбөр 10.954.250 төгрөгийг 2019 оны 8 сарын 14-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар тохиролцсон ба хэрэв дээрх хугацаанд төлөөгүй тохиолдолд 2 хувийн торгууль төлөхөөр тохирсон.

Хариуцагч С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаяр нар нь 2019 оны 9 сарын 30-ны өдөр 900.000 төгрөгийг төлж үлдэгдэл 10.054.250 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд хариуцагч С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаяр нараас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт үндсэн төлбөр 10.054.250 төгрөг, төлбөрөө хугацаанд нь төлөөгүй торгууль 5.027.125 төгрөг, нийт 15.081.375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баярсайханд олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Дамдинпүрэвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Тэмүүжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ц.Баярсайхантай гэрээ байгуулсан болон ажил гүйцэтгэсэн асуудлаар маргах зүйл алга байна. Ц.Баярсайханд ажлын хөлс төлөх нь үнэн. Газрын өмчлөгчид газрынхаа тал үнийг өгсөөр байхад газраа өөр хүнд худалдан Ч.Мөнхбаяр хөрөнгө оруулагчтай маргалдаад үүнээс болоод мөнгийг нь төлөх боломжгүй болсон.

Бид нэгэнт гэрээ байгуулсан учраас торгууль тооцохгүйгээр үндсэн 10.054.250 төгрөгийг нь хариуцагч Ч.Мөнхбаяртай хуваагаад тодорхой хугацаанд төлөх саналтай байна. Ч.Мөнхбаярыг яагаад мөнгө төлөхгүй гээд байгааг ойлгохгүй байна гэв.

 

Хариуцагч Ч.Мөнхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 8 сарын 8-ны өдрийн гэрээг байгуулахад С.Дамдинпүрэв иргэний үнэмлэхгүй байсан учир намайг гарын үсэг зурчих гээд би гарын үсэг зурсан. Би газар худалдан авч бүтээн байгуулалт хийхийн тулд байраа барьцаалаад зээл авсан ба би байргүй болсон. Хэрэв шүүхээс намайг Ц.Баярсайханд мөнгө төл гэж шийдвэр гаргавал би яаж ийгээд төлнө гэв.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан нь хариуцагч С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаярт нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 15.081.375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/үндсэн төлбөр 10.054.250 төгрөг, торгууль 5.027.125 төгрөг/

 

Нэхэмжлэгч Ц.Баярсайхан нь хариуцагч С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаяр нартай харилцан тохиролцож Баянгол дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж, 28-р байр хаягт байрлах хашааны газарт хуучин байсан орон сууцны зориулалттай, 2 давхар хувийн сууцыг нурааж, 22*24 хэмжээтэй, 3 метр гүнтэй суурийг ухуулах ажлыг 2019 оны 7 сарын 25-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр тохирч уг хугацаандаа хийж гүйцэтгэсэн талаар зохигч хэн аль нь тайлбарлаж байна.

 

Талууд дээрх тохиролцоогоо хожим бичгээр баталгаажуулан 2019 оны 8 сарын 8-ны өдөр төлбөр төлөх баталгаа үйлдсэн ба С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаяр нар Баянгол дүүрэг, 3-р хороо, Энгельсийн гудамж, 28-р байр хаягт байрлах хашааны газарт хуучин байсан орон сууцны зориулалттай, 2 давхар хувийн сууцыг нурааж, 22*24 хэмжээтэй, 3 метр гүнтэй суурийг ухуулах ажлыг Ц.Баярсайханаар 2019 оны 7 сарын 25-29-ний өдрийн хооронд гүйцэтгүүлэхээр тохирч, Ц.Баярсайхан нь 2019 оны 7 сарын 29-ний өдөр дээрхи ажлыг бүрэн гүйцэтгэсэн,

Нийт ажлын хөлс 16.000.000 төгрөг, үүнээс трайлер 300.000 төгрөг, 2 тонн 315 литр буюу 4.745.750 төгрөгтэй тэнцэх түлш хийсэн, 10.954.250 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 8 сарын 8-14-ний хооронд Ц.Баярсайханы Хаан банк дахь 5019606572 тоот дансанд шилжүүлэхээр,

Хугацаа хэтэрсэн тохиолдолд 2 хувийн торгууль тооцно хэмээн тус тус харилцан тохиролцон хэн аль нь гарын үсгээ зуран баталгаажуулсан ба хавсралтаар Ц.Баярсайхан, С.Дамдинпүрэв нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Ч.Мөнхбаярын иргэний үнэмлэхний лавлагааг тус тус хавсаргажээ.

/ХХ-ийн 4-5 дугаар тал/

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заасан байна.

 

Дээрхээс дүгнэж үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй ба гэрээнд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

 

2019 оны 8 сарын 8-ны өдрийн гэрээ ёсоор хариуцагч Ч.Мөнхбаяр, С.Дамдинпүрэв нар нэхэмжлэгч Ц.Баярсайханы Хаан банк дахь 5019606572 тоот дансанд 2019 оны 9 сарын 30-ны өдөр 900.000 төгрөгийг суурийн шорооны төлбөр гүйлгээний утгатай шилжүүлсэн нь талуудын тайлбар, Ц.Баярсайханы Хаан банк дахь депозит дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдсон ба ажлын хөлсний үлдэгдэл 10.054.250 төгрөг байгаа талаар талууд маргаагүй.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ,

232.4Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.5Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ,

232.6Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2019 оны 8 сарын 8-ны өдрийн гэрээнд 10.954.250 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг 2019 оны 8 сарын 8-14-ний өдрийн хооронд Ц.Баярсайханы Хаан банк дахь 5019606572 тоот дансанд шилжүүлэхээр, хугацаа хэтэрсэн тохиолдолд 2 хувийн торгууль тооцно гэж заасан тул хариуцагч нар гэрээ ёсоор алданги бус торгууль төлөх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-т зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан ба ба торгууль нь талуудын хооронд үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр тухайн үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон болон эсхүл урьдчилан тодорхой хэмжээгээр заасан мөнгөн дүн юм.

2019 оны 8 сарын 8-ны өдрийн гэрээ ёсоор хариуцагч С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаяр нар 10.054.250 төгрөгийн 2 хувь болох 201.085 төгрөгийн торгуулийг төлөхөөр байна.

 

Хариуцагч С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаяр нарын гүйцэтгэх үүрэг:

-Үндсэн төлбөр 10.054.250 төгрөг,

-10.054.250 төгрөг*2 хувь=201.085 төгрөг, Нийт 10.255.335 төгрөг.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаяр нараас 10.255.335 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баярсайханд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.826.040 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаяр нар өөрсдөдөө хохирол учирсан гэж үзвэл холбогдох этгээдээс нь нэхэмжлэх эрхтэй болно.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5-д заасныг баримтлан хариуцагч С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаяр нараас 10.255.335 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Баярсайханд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.826.040 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233.360 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дамдинпүрэв, Ч.Мөнхбаяр нараас 179.035 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Баярсайханд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН