Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/03917

 

 

 

 

 

 

 

 

2021 11 29 101/ШШ2021/03917

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Б.Доржийн гудамж, 108б байр, 1-6 тоот, Засо ХХК-ийн /РД: 2850036, утасны дугаар 88887708, 99118641/ нэхэмжлэлтэй

Мандал овогт Батмөнхийн Буянжаргалыг /РД: ВУ85093011/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чинзориг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Засо ХХК-ийн захирал Ч.Цэрэнлхам шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чинзориг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Засо ХХК нь санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг буюу барьцаалан зээлдүүлэх ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж юм.

Б.Буянжаргал нь 2019 оны 1 сарын 21-ний өдөр Засо ХХК-тай 2019/24 дугаар зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж 800.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн бөгөөд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар митсубиши пажеро маркийн 66-52 УБЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Зээлдэгч Б.Буянжаргал нь уг 2019/24 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу 2019 оны 6 сарын 21-ний өдөр хүртэл зээлээ төлсөн бөгөөд үүнээс хойш одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй байгаа ба өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 800.000 төгрөг, гэрээний хугацаанд болсон хүүний үлдэгдэл 36.000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 604 хоногийн алданги 2.524.720 төгрөг, нийт 3.360.720 төгрөгийн үлдэгдэлтэй ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн 1.254.000 төгрөгийг.

Мөн дахин түүний хүсэлтийн дагуу Б.Буянжаргал нь 2019 оны 5 сарын 6-ны өдөр Засо ХХК-тай 2019/115 дугаар зээлийн гэрээ болон үүргийн гүйцэтгэл хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж 6.500.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн бөгөөд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тоёота ланд круйзер 80 маркийн 70-72 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Зээлдэгч Б.Буянжаргал нь уг 2017/115 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу 2018 оны 8 сарын 6 хүртэл зээлээ төлсөн бөгөөд үүнээс хойш одоог хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлэхгүй байгаа ба өнөөдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 6.500.000 төгрөг, гэрээний хугацаанд бодсон 3 сарын хүүний үлдэгдэл 836.000 төгрөг, гэрээний хугацаа дууссанаас хойш 496 хоногийн алданги 18.168.480 төгрөг, нийт 25.494.480 төгрөгийн үлдэгдэлтэй болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн 10.989.000 төгрөгийг.

Зээлдэгч Б.Буянжаргалаас нийт зээлийн гэрээний үүрэгт 12.243.000 төгрөгийг төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж манай байгууллагыг хохироож байна.

Мөн талуудын үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээний 4.2.2-т Зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй бол үүрэг хүлээгч шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээн авагчийн анхны шаардлагаар түүний мэдэлд шилжүүлэх, мөн гэрээний 4.2.8-д Үүрэг хүлээгчийн эзэмшилд байлгахаар тохирсон бол шилжүүлсэн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцна гэж тохиролцсоны дагуу бүрэн бүтэн байдлыг хангаж үүрэг хүлээн авагчийн мэдэлд шилжүүлэх байсан боловч тус авто машинууд хаана байгаа нь тодорхойгүй, нуун дарагдуулж фидуцийн зүйлийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг энэ гэрээний дагуу хангуулах боломжгүй байна.

Б.Буянжаргалаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 12.243.000 төгрөгийг холбогдох хуулийн дагуу гаргуулахаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2021 оны 3 сарын 29-ний өдөр 102/ШЗ2021/04286 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй буюу Баянгол дүүргийн 16-р хороо, Амарсанаагийн гудамж, 12в дугаар байр, 16 тоот хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Б.Буянжаргал уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул хуульд заасан ажиллагааг хийх боломжгүй гэж үзсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс Мандал овогт Батмөнхийн Буянжаргалын байгаа газрыг тодруулах бүхий л арга хэмжээг авсан боловч түүний 88066774 дугаарын утас нь холбогдохгүй, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Амарсанаа гудамж, 12в байр, 16 тоотод оршин суудаггүй, хаана оршин суугаа нь мэдэгдэхгүй байгаа учир шүүгчийн захирамжинд заасан шаардлагыг хангаж тус нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд Мандал овогт Батмөнхийн Буянжаргалыг /РД: ВУ85093011/ эрэн сурвалжилж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Засо ХХК нь Б.Буянжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 3 сарын 29-ний өдрийн 4286 дугаар захирамжаар Б.Буянжаргалд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12.243.000 төгрөг гаргуулах тухай Засо ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцагч Б.Буянжаргал Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаагийн гудамж, 12в байр, 16 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу хүлээн авахаас татгалзсан байна.

/ХХ-ийн 17, 20-21 дүгээр тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 19420 дугаар захирамжаар бүртгэлийн байгууллагаас Мандал овогт Батмөнхийн Буянжаргалын /РД: ВУ85093011/ оршин суух хаягийн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.

Б.Буянжаргалын хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2021 оны 11 сарын 17-ны өдрийн лавлагаанд түүнийг Баянгол дүүрэг, 16-р хороо, Амарсанаа гудамж, 12в байр, 16 тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн байна.

/ХХ-ийн 24-31 дүгээр тал/

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Мандал овогт Батмөнхийн Буянжаргалын /РД: ВУ85093011/ хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Мандал овогт Батмөнхийн Буянжаргалыг /РД: ВУ85093011/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Мандал овогт Батмөнхийн Буянжаргалыг /РД: ВУ85093011/ эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Засо ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН