Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 216/МА2018/00017

 

   Г-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч О.Однямаа, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШШ2018/00133 дугаар шийдвэртэй, Г нэхэмжлэлтэй, Ж.О холбогдох хууль бусаар олгогдсон тэтгэмж болох 2,814,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч П.Нн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Нэхэмжлэгч Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д ажиллах хугацаандаа санхүүгийн зөрчил гаргаснаар аймгийн Аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18/-- тоот актаар манай байгууллагад төлбөр тавигдсан. Уг актаар тухайн үед ажиллаж байсан эрхлэгч Д нь нярав О-г туслах багш гэсэн тушаалыг 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргаж, нярав ажилтай хүнд туслах багшид олгогддог тэтгэмжийг хууль бусаар олгосон зөрчил тогтоогдож акт тавигдсан. Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7 а-д сум тосгон багийн сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал, хичээлийн эрхлэгч, сургуулийн нийгмийн ажилтан,цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, сургууль, цэцэрлэгийн эмч, 43.1.7.б-д сум, тосгон багийн сургууль, цэцэрлэгийн энэ хуулийн 43.1.7.а-д зааснаас бусад багш, туслах багшид олгохоор заасан байтал Ж.Оюунцэцэг няраваар ажиллаж байж тэтгэмжийг хууль бусаар авсан байсан. 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/- тушаалаар байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох тухай зааж О-г нярав ажилтайг тогтоосон байхад туслах багш гэсэн хуурамч орон тоог үүсгэн 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Б/6 тоот тушаалын дагуу тэтгэмж олгосон. Аймгийн Аудитын газраас тавигдсан хууль бусаар олгогдсон 2 814 600 төгрөгийн акт төлбөрийг барагдуулах талаар Ж.Оюунцэцэгт хандаж Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандахад уг тэтгэмжийг төлж чадахгүй, төсвөөс авах ёстой мөнгийг авсан гэсэн үндэслэлээр хүлээн зөвшөөрөөгүй, эвлэрээгүй. Иймд Аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18/105 тоот актаар тогтоогдсон хууль бусаар олгогдсон тэтгэмжийн мөнгө болох 2 814 600 төгрөгийг гаргуулж Аудитын газрын төрийн сан дахь орон нутгийн орлогын 2200009-- тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18/1-- тоот актаар Ц няраваар ажиллаж байсан Ж.Оюунцэцэгт туслах багшид тавигдах шаардлага хангасан гэж үзээд тусламж олгосон байна. Тиймээс Ц-ийн эрхлэгч С-д үндэслэлгүй олгосон тэтгэмжийн мөнгийг төлж барагдуулна уу гэсэн акт тавьсан байгаа. Хариуцагч О нь Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д зааснаар тэтгэмж олгох заалтад хамаарахгүй гэж үзэж байна. Тухайн заалтад нярав гэсэн ажлын байр байхгүй. Үүнийг үндэслэн аудитын газраас О нь хууль бусаар тэтгэмж авсан байна гэж дүгнэсэн. Мөн 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн хувьд хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт авагдсан баримтыг харахад О-г тус цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан гэдгийг нотлох баримт байхгүй. Аудитын акт дээр хариуцагч талаас ямар нэгэн гомдол гаргаагүй. Эрх бүхий байгууллагаас гаргасан акт нь хүчин төгөлдөр болсон тул хариуцагч үүргээ биелүүлэх үүрэгтэй. Тиймээс аудитын актаар тогтоогдсон 2 814 600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч О нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О миний бие 2006 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 29 тоот тушаалаар нярав, туслах багшаар ажиллаж байсан нь нийгмийн даатгалын дэвтрийн тушаал шийдвэрийн бичилтээр нотлогдоно. Миний бие улсад 30 гаруй жил ажилласан ба тус Ц-д 2006 оноос хойш 10 гаруй жил тасралтгүй ажилласан, ажиллах хугацаанд үйлчлэгчээс эхлээд нярав, туслах багшийн чиг үүргийн ажлыг хийж байсныг хамт олон мэднэ. Төсвийн тухай хуульд заасны дагуу 2016 оны байгууллагын төсвийг нябо Отгончимэг, эрхлэгч С нар нь боловсруулж шат шатны байгууллагаар нь хянуулан хүргүүлж улмаар уг төсөлд Боловсролын тухай хуулийн 43.1.7-д заасан тэтгэмж авах нөхцөл шаардлага хангасан багш, туслах багш нарт олгох төсвийн төсөл боловсруулсан нь 2016 оны төсөвт багш, туслах багш нарын нэр нэрээр нь батлагдан ирсэн нь намайг туслах багш гэдгийг баталсан байдаг. Төсөв батлагдаж ирэх үед би няравын ажлыг хийж байсан нь үнэн боловч няравын ажлаар зогсохгүй шаардлагатай үед бусад ажлын чиг үүргийг ажлаас гарах хүртлээ хийж байсан. Тийм болохоор миний хөдөлмөрийг үнэлж дүгнээд тэтгэмжийг өгөхөөр төсөвт тусгасан байна гэж үзээд авсан. 2 814 600 төгрөгний тэтгэмжээс 10 хувийн суутгалыг татварт төлсөн гэж нябо Отгончимэг дансанд 2 533 100 төгрөгийг оруулсан байдаг. Хэрвээ тухайн үед С эрхлэгч ажиллаж байсан бол энэ тэтгэмжийг надад өгөх л байсан гэж би бодож авсан байхад намайг энэ тэтгэмжийн мөнгийг хулгайлж, луйвардаж авсан гэмт хэрэгтэн мэтээр ойлгож цагдаад хүртэл шалгуулж нэг ёсондоо намайг дарамталж байна гэж үзэж байгаа. ...Би тухайн тэтгэмжийг хуулийн дагуу авсан гэж бодож байгаа учраас төлөх шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1-т зааснаар Г-н шаардлагыг хангаж, хариуцагч Ж.О хууль бусаар олгогдсон тэтгэмж 2 814 600 /хоёр сая найман зуун арван дөрвөн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж Говьсүмбэр аймгийн Аудитын газрын төрийн сан дахь орон нутгийн орлогын 220000954 тоот дансанд оруулж, нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ж.О улсын тэмдэгтийн хураамжинд 59 984 /тавин есөн мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулж, гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн өмгөөлөгч  П.Н давж заалдах гомдолдоо: Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.27-ны өдрийн 133 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараахь байдлаар давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Нэхэмжлэгч Г нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “Аймгийн Аудитын газрын 2016.10.17-ны өдрийн 18/105 тоот актаар тогтоогдсон Ж.Оүндэслэлгүй олгогдсон 2,814,600 төгрөгийг гаргуулах тухай” гэж тодорхойлсон. Мөн үндэслэлдээ “Ж.О Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2016.10.27-ны өдрийн 18/105 дугаар актаар тогтоогдсон хууль бусаар олгогдсон тэтгэмжийн мөнгө болох 2,814,600 төгрөгийг гаргуулж аймгийн Аудитын газрын Төрийн сан дахь орон нутгийн орлогын 220000954 тоот дансанд оруулж өгнө үү” гэсэн байдаг. Эндээс харвал а/нэхэмжлэгч  Г нь төрийн аудитын үйл ажиллагааг хэрэгжүүлдэггүй байж аудитаар тогтоогдсон актын биелэлтэнд хяналт тавьж, аудитын чиг үүргийг хэрэгжүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй юм. б/Төрийн сан дахь орон нутгийн орлогын 220000954 тоот дансыг нэхэмжлэгч 5-р цэцэрлэг эзэмшдэггүй тул тус дансанд төвлөрүүлэх талаар бие даасан нэхэмжлэл шүүхэд гаргах эрхгүй юм. Гэтэл шүүх Иргэний хуулийн 494.1-д “Үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй” гэж заасныг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Учир нь Иргэний хуулийн 494.2-д “Энэ зүйлд энэ хуулийн 492, 493 дугаар зүйлийн холбогдох заалт нэгэн адил хамаарна” гэж заасан. Иймээс нэхэмжлэх эрхгүй этгээдийн нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, хангах үндэслэлгүй юм. Ц.С гэх хүн нэхэмжлэлд гарын үсэг зурсан байдаг. Хавтаст хэрэгт Ц.С-г нэхэмжлэгч 5-р цэцэрлэгийг төлөөлөх эрхтэй болохыг нотолсон ямар нэг баримт байдаггүй. Анх нэхэмжлэл өгөхөд баримтаар өгсөн улсын бүртгэлийн гэрчилгээнд түүний ар тал болох тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх мэдээлэл байгаагүй. Нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй байхад хэргийг үүсгэсэн байдаг. Энэ талаар хэлж хэргийг хэрэгсэхгүй болгох талаар хүсэлт гаргахад хүлээж аваагүй. Харин ч хариуцагч хариу тайбартаа “Ц.Соёлмаа эрхлэгч” гэж бичсэн байна гэж шүүх тайлбарласан. Гэтэл хариу тайлбарт 2016 оны үйл явдлыг дурьдсан байдаг. Харин одоо бол 2018 он. Шүүгч хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтанд тулгуурлаж шийдвэрлэдэг. Ц.Соёлмааг тухайн байгууллагыг төлөөлөх эрхтэй болохоо нотолсон баримт шүүхэд өгөөгүй байхад “Ц.Соёлмааг төлөөлөх эрхтэй байна” гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байгаа  юм.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч талаас нотлох баримт хасуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгч хэргийг шийдвэрлэх ажиллагаатайгаа цуг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх процессыг хийж нэг дор шийдвэрлэх мөртлөө тусад нь “Хүсэлт хүлээн авахаас татгалзах тухай” 545 дугаартай шүүгчийн захирамжийг үйлдсэн. Тус захирамжийн тогтоох хэсэгт “шүүгчийн захирамжинд гаргасан өдрөөс хойш 10 хоногийн  дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй”-г дурьдсан. Хүсэлт шийдвэрлэх ажиллагаа болон хэргийг шийдвэрлэх ажиллагааг нэг дор хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Учир нь хэргийг шийдвэрлэхээс өмнө шүүгчийн захирамжийг гаргаж талуудын гомдол гаргах эрхийг эдлэх эсэхийг асууж гомдол гаргах эрхийг эдлүүлэх ёстой. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын эрхийг эдлүүлээгүй шүүхийн аливаа ажиллагаа хууль бус болно. Иймээс Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.27-ны өдрийн 133 дугаартай шүүхийн үндэслэлгүй, хууль бус шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.         

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нь хэргийн оролцогчоос гаргаж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь хэргийн материалаас үзэхэд: Хариуцагч Ж.О нь Г-т 2009 оноос хойш няраваар ажиллаж байсан болох нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “байгууллагын орон тоо, ажилчдын цалин хөлсийг тогтоох тухай” Б/1 тоот тушаал, түүний хавсралт /хх-11,12/, хөдөлмөрийн гэрээ /хх-5/, няравын ажлын байрны тодорхойлолт /хх-13-17/, 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 33 дугаар “ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх-4/, Говьсүмбэр аймгийн Аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 18/105 тоот акт /хх-7/, тус аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болгосон тэмдэглэл” /хх-20/ зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч Ж.О-г няраваар ажиллаж байх хугацаанд нь 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч /Б.Дэлгэрнасан/ нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “мөнгөн тэтгэмж олгох тухай” Б/6 тоот тушаал гаргаж, түүний хавсралтад Ж.О-г “туслах багш” хэмээн тусгаж  “2 814 600 төгрөгийн” тэтгэмжийг  олгохоор  төлбөрийн хүсэлт /хх-19/-ийг Төрийн санд гаргасан, үүний дагуу “мөнгө олгох хүснэгт /хх-182/-ээр  Ж.О-т  2 814 600 төгрөг олгогдсон, тэрээр мөнгийг хүлээн авсан.

Мөн Говьсүмбэр аймгийн Аудитын газраас тус аймгийн Боловсрол, соёлын салбарын 2014-2015 он, 2016 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны үр дүнд хяналт шалгалт хийгдсэн байх ба энэ шалгалтаар  тус цэцэрлэгийн эрхлэгч, нягтлан бодогч нар нь 2016 оны төсвийн төсөл бэлтгэн Боловсрол, соёлын газарт хүргүүлэхдээ нярав Ж.О-г туслах багшийн албан тушаалд ажиллаж байгаагаар судалгааг гаргаж, хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажилласны тэтгэмжид 2 814 600 төгрөгийг төсөвлөж батлуулсан, улмаар Ж.О нь тус цэцэрлэгт 2009 оноос хойш няраваар ажилласан бөгөөд уг тэтгэмжийг авах үндэслэлгүй байтал түүнд 2016 оны 02 дугаар сарын 03-нд 2 814 600 төгрөгийн тэтгэмжийг олгосон зөрчил илэрсэн гэж, энэ нь  Боловсролын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7, 43.1.7-н “а”, 43.1.7-н “б”-д заасныг тус тус зөрчсөн гэж  үзэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18/105 дугаар акт /хх-7-8/ тогтоож, уг актаар хууль эрх зүйн үндэслэлгүйгээр  олгогдсон тэтгэмжийн 2 814 600 төгрөгийг аймгийн Аудитын газрын Төрийн сан дахь орон нутгийн орлогын 220000954 тоот дансанд төвлөрүүлэх арга хэмжээ авахыг  5 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Ц.Соёлмаа, нягтлан бодогч Э.Отгончимэг нарт хариуцуулсан байх бөгөөд үүний дагуу  5 дугаар цэцэрлэг /эрхлэгч Ц.Соёлмаа/  нь Ж.О холбогдуулан хууль бусаар олгогдсон тэтгэмж болох 2 814 600 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан  байна.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байна” гэж,

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ” гэж ,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг  хэлнэ” гэж тус тус заасан.

Хэрэгт Г-н эрхлэгч Ц.Соёлмаагийн гарын үсэгтэй 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 37 тоот “итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай” албан бичиг авагдсан байх ба тэрээр тус  цэцэрлэгийн нэхэмжлэлтэй Ж.О холбогдох иргэний хэрэгт Д.Магвансүрэн гэгчийг  итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон, /хх-49/  Ц.Соёлмаа нь одоогоор 5 дугаар цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байгаа гэсэн тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан. 

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч 5 дугаар цэцэрлэгийн  эрхлэгч Ц.Соёлмаа  нь аймгийн Аудитын газрын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 18/105 дугаар акт /хх-7-8/-н биелэлтийг хангах, улмаар уг актаар өөрт нь  хариуцуулсан актын төлбөрийг барагдуулах үүднээс байгууллагаа төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна. 

Мөн  хэрэгт 5 дугаар цэцэрлэгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-3/ авагдсан байх бөгөөд уг гэрчилгээний ар талд  тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх мэдээлэл тэмдэглэгээ хийгдээгүй хэдий ч энэ нь  тус цэцэрлэгийн эрхлэгч нь байгууллагаа төлөөлөн нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хариуцагчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч талаас нотлох баримт хасуулах хүсэлт гаргасаныг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай нэг дор шийдвэрлэж  талуудын гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй зөрчсөн гэжээ.

 Хэргээс үзэхэд нэхэмжлэгч тал биш,  хариуцагчийн өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах шатанд /тэмдэглэл хх-62/  хэргийн 4, 9 дүгээр талд авагдсан хоёр тушаал нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа учир нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан байх бөгөөд шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шүүгчийн захирамж /хх-69-70/-ийг бичгээр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9, 123 дугаар зүйлийн 123.1,123.3-д заасныг  зөрчөөгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Харин хэрэгт авагдсан давж заалдах гомдол гаргасан талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-81/-аас үзэхэд хариуцагч Ж.О хураамжийг төлөөгүй, түүний өмгөөлөгч П.Н төлсөн гэж үзэхээр байна.

 Иймд цаашид хэргийн оролцогчид болон тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан нэр, гарын үсэг бүхий гомдлыг хүлээн авахад тухайн хэргийн зохигч нь давж заалдах журмаар гомдол гаргах хүсэл зориг байсан эсэх, мөн зөвшөөрсөн эсэх талаар  анхаарч  байхыг  дурдах нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 134/ШШ2018/00133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. ИХШХШТХуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн   59984 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ТЭГШСУУРЬ

                                                                        ШҮҮГЧ                                О.ОДНЯМАА

                                                                                                                    Х.БАЙГАЛМАА