| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 183/2023/03614/И |
| Дугаар | 001/ХТ2024/00251 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2024/00251
“ТАЗийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01467 дугаар шийдвэр,
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/001282 дугаар магадлалтай,
ТАЗийн нэхэмжлэлтэй
Б.Бд холбогдох
Төрд учирсан хохиролд 8,975,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.С нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ж, Э.Д, хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Б.Бд холбогдуулан төрд учирсан хохиролд 8,975,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01467 дугаар шийдвэрээр:Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бд холбогдох төрд учирсан хохирол 8,975,919 төгрөг гаргуулах тухай ТАЗийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.
3. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 210/МА2024/001282 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/01467 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг "Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бгээс гэм хорын хохиролд 4,059,461 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст олгосугай” гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын "41.1.3-д заасны" гэснийг хасаж "41.1.3" гэсний дараа "7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар” гэж нэмж, "дурдсугай” гэснийг "дурдаж, хариуцагч Б.Бгээс улсын тэмдэгтийн хураамжид 79,901 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай" гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн өмгөөлөгч П.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д -д зааснаар "Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн" гэх үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна.
Давж заалдах шатны шүүх магадлалдаа "Б.А нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдлыг 2018.02.14-ний өдөр ТАЗ-ийн ХНХЯ-ны дэргэдэх салбар зөвлөлд гаргасан байх ба тус зөвлөлийн 2018.06.07-ны өдрийн хуралдаанаар уг гомдлыг хэлэлцэж шийдвэрлэсэн, энэ өдрийн 44 тоот албан бичгийг Б.Ат 2018.08.01 өдөр гардуулж өгсөн байдлыг харгалзан үзэж, Иргэний хуулийн 498.5-д зааснаар хариуцагчийн үйлдлийг илтэд болгоомжгүй гэж дүгнэн мөн хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирлын тал хувийг бууруулан 4,059,461 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна" гэжээ.
ТАЗ бол Б.Бгийн шийдвэрийг Б.Аийн гомдлоор шалган шийдвэрлэж "Ажлаас халсан тогтоол" үндэслэлгүй болохыг зөвөөр тогтоох боломжтой байсан. Гэтэл Б.Бгийн шийдвэрийг зөв гэж үзэж Б.Ат хохирол учруулсан байгууллага өөрөө хохирлоос мултарч шүүхэд нэхэмжлэгч болж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Б.Бгийн гаргасан шийдвэрийг байгууллага зөвөөр залруулан шийдвэрлэж чадаагүй боловч байгууллагын төлөө ажил үүргээ гүйцэтгэж байсан дарга болох Б.Бг “Илтэд болгоомжгүй” үйлдэл гаргасан гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 001/ШХТ2024/01211 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн өмгөөлөгч П.Сарантуяагийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.
ХЯНАВАЛ
6. Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч П.Сийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдов.
7. Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Б.Бд холбогдуулан хохирол 8,975,919 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “... Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2018.01.16-ны өдрийн №Б/09 дүгээр тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Б.Аийг албан тушаалаас нь чөлөөлсөн. ... Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Б.Аийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу 2020.03.10-ны өдөр 8,975,919 төгрөгийг Б.Ат олгосон. Тухайн үеийн Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Б.Бгийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 8,975,919 төгрөгийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.” гэж тодорхойлсон.
8. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “... Б.Аийг байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам, Төрийн албан хаагчийн ёс зүйг удаа дараа зөрчсөн, мөн төрийн өмчийг хувьдаа завшсан, төрийн байгууллагын албан бичиг баримтыг устгасан үндэслэлээр 2018.01.16-ны өдрийн Б/09 тоот тушаал гарган төрийн албанаас чөлөөлсөн ... Байгууллагаас Б.Ат олгосон 8,975,919 төгрөг нь төрд учирсан хохирол биш ... Учир нь 1 жил 4 сарын хугацаанаас 9 сар гаруй хугацаанд энэ албан тушаалд хэн нэгнийг томилон цалинжуулж ажиллуулаагүй, үлдсэн 6 сар гаруй хугацаанд Д.Аийг томилж Б.Аийн авч байсан цалин хөлснөөс 1 дахин бага хэмжээний цалин хөлс олгож ажиллуулсан. ... Б.Аийг Хөдөлмөр эрхлэлтийн албаны даргын албан тушаалаас ... чөлөөлснөөс хойш ТАЗ хохирол төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023.06.29-ний өдрийг хүртэл тооцож үзэхээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Намайг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байх хугацаанд ... байгуулсан үр дүнгийн гэрээнд дүүргийн хэлтсийн дарга эд хөрөнгийн ямар нэг хариуцлага (бүрэн, хагас) хүлээх заалт тусгагдаагүй учраас ... 8,975,919 төгрөгийг төлөх үүрэг хариуцлага хүлээхгүй болно. ...” гэж тодорхойлсон.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “Улсын дээд шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 122 дугаар тогтоолоор ... Б.А нь ... Хөдөлмөрийн дотоод журмын 5.8.6-д байгууллагын албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа цаг бүртгэлийн... дэвтэр... -ийг устгах, засварлах, өөрчлөх зөрчил гаргасан нь тогтоогдсон, ... тус журмын 5.8-д зааснаар энэ зөрчил нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил байх боловч ... аливаа төрийн захиргааны байгууллагын дотоод журам нь Төрийн албаны тухай хуулиараа хамгаалагдсан төрийн албан хаагчийн баталгаа, түүнчлэн төрийн албанаас халах болон чөлөөлөх зохицуулалтын зорилго, зарчимд нийцсэн байх учиртай. … ТАЗийн 2018.06.07-ны өдрийн 44 тоот албан бичигт “… ажлын хэсэг ажлаас чөлөөлөх тушаал нь үндэслэлтэй, хэвээр үлдээх саналтай байна гэж дүгнэснийг салбар зөвлөлийн хуралдаанаараа хэлэлцээд “Дүгнэлт үндэслэлтэй” гэж үзлээ” гэжээ. … хүчин чадлын хувьд дээд эрэмбийн хэм хэмжээ болох Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасныг хэрэглэх ... үндэслэл”-ээр Б.Аийг шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байгаа ажилд томилж, ажилгүй байсан хугацааны олговор олгосон нь дан ганц хариуцагчийн гэм буруутай үйлдэл гэж шүүх бүрэлдэхүүн үзэх үндэслэлгүй. ТАЗ нь төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг бие даан хянаж, гүйцэтгэж байгаагийн хувьд Төрийн байгууллагад мөрдөгдөж буй Хөдөлмөрийн доод журам хуульд нийцэж байгааг хянах, дээрх зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, Б.Ань Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан байдал тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Магадлалын үндэслэлдээ “...Төрийн албан зөвлөл нь Б.Бгээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасан төрд учирсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр, мөн хуулийн 498.5-т зааснаар буцаан шаардах эрхийн хүрээнд шаардах эрхээ хэрэгжүүлж байхад анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хууль хэрэглээний алдаа гаргасныг залруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй. Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс ажилгүй байсан хугацааг 2018.01.17-ны өдрөөс 2018.12.03-ны өдрийг хүртэл буюу 10.5 сараар тооцож 8,118,922 төгрөгийг гаргаж Б.Ат олгосон тул төрд энэ хэмжээний хохирол учирсан нь тогтоогдсон гэж үзнэ. Б.А 2018.02.14-ний өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдлоо Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх салбар зөвлөлд гаргаж, гомдлыг 2018.06.07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байдлыг харгалзаж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-т зааснаар хариуцагчийн үйлдлийг илтэд болгоомжгүй гэж дүгнэн, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т заасан гэм хорын хохирол 8,118,922 төгрөгийн тал хувиар бууруулан 4,059,461 төгрөгөөр тогтоох нь зүйтэй. Иймд хариуцагч Б.Бгээс 4,059,461 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй...” гэж дүгнэсэн.
11. Хоёр шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтууд буюу хариуцагч Б.Б нь маргаан бүхий хугацаанд Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан, түүний 2018.01.16-ны өдрийн №Б/09 дүгээр тушаалаар Б.Аийг ажлаас чөлөөлсөн, тус тушаалын талаар шүүхэд маргаан үүсэж, гурван шатны шүүхийн шийдвэрээр тушаалыг хууль бус гэж үзэн Б.Аийг ажилд нь эгүүлэн тогтоосон, Б.Аийн ажилгүй байсан 10.5 сарын хугацаа буюу 2018.01.17-ны өдрөөс 2018.12.03-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 8,118,922 төгрөгийг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс гаргаж Б.Ат олгосон үйл баримтууд тогтоогдсон. Зохигч эдгээр асуудлаар маргаагүй.
12. Тус маргаанд нэхэмжлэгчээр оролцож байгаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2018.06.07-ны өдрийн хуралдаанаар Б.Аийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг хэлэлцэж түүнийг ажлаас чөлөөлөх тухай Б/09 дугаартай тушаалыг үндэслэлтэй гэж үзэн Б.Аийн гомдлыг хангаагүй байна. Энэ үйл баримтын талаар зохигч маргаагүй. Түүнчлэн хариуцагч Б.Б нь хөдөлмөр халамжийн үйлчилгээний чиглэлээр нийтийн албанд тасралтгүй 30 гаруй жил ажиллахдаа төрийн албаны чадахуйн зарчмын дагуу тушаал дэвшиж Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан тушаалыг эрхлэн, улмаар өндөр насны тэтгэвэр тогтоолгон хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон талаар тайлбарлаж байна. Тус тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгэн маргаагүй.
13. Анхан ба давж заалдах шатны шүүх дээр дурдсан зарим үйл баримтыг тогтоон маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэжээ. Тухайлбал, анхан шатны шүүх хариуцагч тус зүйлд заасан гэм хорын бүрэлдэхүүнд гэм буруугүй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх Б.Аийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон 2018.01.16-ны өдрийн №Б/09 дүгээр тушаал нь хууль бус болох нь тогтоогдсон тул уг зөрчилд Б.Б гэм буруутай, харин гэм буруугийн хэлбэр нь “илтэд болгоомжгүй” гэж дүгнэсэн байна. Давж заалдах шатны шүүх Б.Бг төрийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн ашиг сонирхолд хохирол учруулсан үйлдэлдээ Б.Б хариуцлага хүлээх учиртай, гэхдээ Төрийн албаны салбар зөвлөл хууль бус тушаалыг “хууль зүйн үндэслэлтэй” гэх агуулгаар дүгнэж байсан тул энэ зөрчлийн төлөө хүлээх Б.Бгийн хариуцлагыг 50 хувь бууруулах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.
14. Зохигчийн хооронд үүссэн маргаанд хоёр шатны шүүхийн хийсэн эрх зүйн зөрүүтэй дүгнэлт, тайлбарыг нэгмөр болгож хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь хяналтын шатны шүүхийн үндсэн чиг үүрэг мөн.
Хариуцагч Б.Б ажилтан Б.Аийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал гаргасан байх ба тус тушаал нь Хөдөлмөрийн болон Төрийн албаны тухай хуулийн хөдөлмөрлөх эрхийн харилцааг зохицуулсан хэм хэмжээтэй нийцсэн эсэх маргааныг захиргааны хэргийн анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн тус маргааныг ТАЗ хуулиар олгосон эрх хэмжээнийхээ дагуу урьдчилан шийдвэрлэх журмаар хянажээ. Төрийн албаны салбар зөвлөл тус тушаалыг хууль ёсны гэж үзсэн бол захиргааны хэргийн шүүх тушаалд дурдсан зөрчил гарсан болохыг тогтоож, гагцхүү уг зөрчил ба Хөдөлмөрийн дотоод журмыг баримтлан зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэлийн зохимжит байдал алдагдсан гэж үзэн дээд эрэмбийн хүчин чадалтай акт болох хуулийг баримтлан тушаалыг хүчингүй болгосон байна.
15. Дээрх нөхцөл байдлаас үзвэл хөдөлмөрийн харилцааны зохих хэм хэмжээг хэрхэн хэрэглэх талаарх хууль зүйн мэргэшлийн төвшний хөдөлмөрийн маргаан өрнөсөн байх бөгөөд Төрийн албаны мэргэшсэн салбар зөвлөлийн гишүүдийн олж тогтоогоогүй хууль зүйн асуудлыг хөдөлмөр халамжийн үйлчилгээний чиглэлийн нийтийн албыг удирдах, нийтийн захиргааны албан тушаалтан Б.Б мэдэх ёстой байсан гэж үзэн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм хорын бүрэлдэхүүний субьектив байдал хангагдсан гэж дүгнэх нь буруу.
16. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.” гэж заасан. Тус заалтын утга агуулгаас үзвэл төрийн албан хаагчийг хууль бусаар ажлаас чөлөөлсөн байхыг шүүх тогтоосон байх гэм хорын бүрэлдэхүүн бий болсон байхаар хуульчилсан байх боловч уг гэм хорын улмаас төрд учирсан хохиролд хууль зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргасан этгээд гэм буруутай байх гэм хорын эрх зүйн үндсэн зарчим үйлчилнэ.
Энэхүү гэм буруугийн хэлбэрийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай тэгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” байхаар зохицуулсан.
Хариуцагч Б.Бгийн хөдөлмөрийн дотоод журам ба Төрийн албаны хуулийн уялдаа холбоог анхаарч сахилгын шийтгэлийн төрлийг зөв сонгож чадаагүй үйлдлийг шууд санаатай гэх боломжгүй. Түүнчлэн энэ үйлдэл нь гэм буруугийн илтэд болгоомжгүй төрөлд хамаарах бол төрийн албан хаагчийн хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг хэрэглэхдээ гаргасан илтэд болгоомжгүй алдааг Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэлдэхүүн илрүүлж чадахгүй байх боломжгүй. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм буруугийн хэлбэр хангагдсан гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт алдаатай болжээ.
17. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж, үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан ард түмэндээ үйлчилж, төрд чин үнэнчээр зүтгэхэд оршино гэж заасан бөгөөд хариуцагч Б.Б нийтийн албаны нэг салбарт идэвхитэй амьдралын ихэнх хугацаагаа зарцуулан ажилласан, энэ хугацаанд албан тушаалын үндсэн чиг үүрэгтээ харш аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх баримт хэрэгт авагдаагүй, энэ тухай тайлбар нэхэмжлэгч гаргаагүйгээс үзвэл тэрээр төрийн албаны эрхэм зорилгоо зөрчиж, сахилга, хариуцлага алдсан, албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглаж бусдыг хохироосон гэж үзэхээргүй байна.
Төрийн албаны чадахуйн зарчимд суурилан ажил үүргээ биелүүлж байгаа төрийн албан хаагчийн шууд санаатай, илтэд болгоомжгүйгээс бусад гэм буруугийн бүрэлдэхүүнтэй үйлдэл, эс үйлдэхүй бүрт хариуцлага тооцохоор Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэх нь нийтийн албанд өндөр мэдлэг чадавхитай мэргэжилтэн ажиллах, төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх, захирах, захирагдах ёсыг баримтлах, төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчимд суурилах зарчим алдагдах нөхцөлийг бүрдүүлэх сөрөг талтай.
18. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсгийг баримталсан хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 210/МА2024/001282 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 183/ШШ2024/01467 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “50.1 дэх хэсэг” гэсний дараа “, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт” гэж нэмэн, хариуцагчийн өмгөөлөгч П.Сийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч П.С нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.07-ны өдөр 79,901 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА