Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1054

 

 

820/2020/1054

 

 

 

 

2020            08            20                                           2020/ДШМ/1054    

 

    У.А-, Б.Б-, Л-,

Н- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор М.Очбадрах,

яллагдагч У.А-ын өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

яллагдагч Б.Б-ын өмгөөлөгч Б.Булгантамир,

яллагдагч Н-, Л- нарын өмгөөлөгч Ц.Цэрэнням,

яллагдагч Н--гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1244 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Бадралын бичсэн 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлээр У.А-, Б.Б-, Л-, Н- нарт холбогдох эрүүгийн 2002000160022 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. А-,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 313 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн,

 

2. Б-, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

3. Н-,

4. Л-,

 

У.А-, Б.Б- нар нь бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хороолол, “Вива” зочид буудлын 304 тоот өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм жинтэй, “Мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

У.А- нь 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг бусдад худалдаалах зорилгоор БНХАУ-ын иргэн Л-, Н- нараас хууль бусаар олж авсан,

БНХАУ-ын иргэн Л-, Н- нар нь гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай улаан өнгийн эм мэт зүйл 15 ширхэгийг, мөн зиплок уутны хамт нийт 41.9425 грамм жинтэй “мөс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар хадгалсан,

2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “метамфетамин”-ы агууламжтай, зиплок уутны хамт нийт 10.7702 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг У.А-т худалдсан,

БНХАУ-ын иргэн Л- нь 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 54/1 дүгээр байрны 7 тоотод Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан 94.36 хувийн агуулгатай мөнгөн ус /Нg/-ыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: У.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Н--гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Л- үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...яллагдагч Л-, Н- нар шүүхийн хэлэлцүүлэгт “монгол хэл, бичиг мэдэхгүй ба орчуулагч, өмгөөлөгчгүйгээр хэргийн газарт үзлэг, нэгжлэг хийсэн”, “мөн мөрдөн шалгах ажиллагаанд монгол хэл, бичиг мэдэхгүйг далимдуулан хэлээгүй зүйлийг хэлсэн мэтээр орчуулсан” гэх тайлбарыг тус тус өгч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хуульд заасан журмыг баримтална” гэж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...оролцогч нь монгол хэл мэдэхгүйн ...улмаас өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо илэрхийлэх чадвар хязгаарлагдмал бол өөрийн эх хэл, эсхүл сайн мэдэх хэл, бичиг ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдана” гэж, 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж тус тус заажээ. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд энэхүү хэргийн яллагдагч Л-, Н- нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн байх ба монгол хэл, бичиг мэддэг эсэх нь тодорхойгүй, хэрэв мэдэхгүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөл байдал үүснэ. Хавтас хэрэгт авагдсан /1 дүгээр хавтас 110-160 хуудас/ нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлаагүй, хуулийг ноцтой зөрчсөн байна гэж шүүх үзлээ.

Мөн яллагдагч Н- прокурорт 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлт гаргасан /4хх 233-234/ байх ба тус хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 553 дугаартай прокурорын тогтоолыг яллагдагч хүлээн авсан эсэх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан, энэхүү эрхийг эдлэх боломжоор хангаагүй байна гэх үндэслэлээр У.А-, Б.Б-, Л-, Н- нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Э.Бадрал бичсэн эсэргүүцэлдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэргийг хянан хэлэлцээд 2020/ШЗ/1244 дугаартай шүүгчийн захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Уг захирамжаар: 1. “...энэхүү хэргийн яллагдагч Л-, Н- нар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн байх ба монгол хэл, бичиг мэддэг эсэх нь тодорхойгүй, хэрэв мэдэхгүй бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй нөхцөл байдал үүснэ. Хавтаст хэрэгт авагдсан /1 дүгээр хавтас 110-160 хуудас/ нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлаагүй, хуулийг ноцтой зөрчсөн байна гэж шүүх үзлээ...” гэжээ. Эрүүгийн 2002000160022 дугаартай хэргийн яллагдагч нар болох БНХАУ-ын иргэн Л-, Н- нар нь монгол хэл, бичиг мэдэхгүй учир тэдгээрийн биед үзлэг хийх, мэдүүлэг авах, биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах зэрэг бүхий л мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа өмгөөлөгч, орчуулагч нарыг оролцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан яллагдагч нарын эрхийг хангасан. Харин хойшлуулшгүй тохиолдолд буюу хэргийн ул мөр, эд мөрийн баримт устах, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгаа үед прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч, орчуулагч нарыг оролцуулах боломжгүй байсан тул БНХАУ-ын иргэн Л-, Н- нараар нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулсан. Мөн мөрдөгч нь яллагдагч БНХАУ-ын иргэн Л-, Н- нарын биед үзлэг хийж, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашиглах зорилгоор биологийн дээж авах мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийг, БНХАУ-ын иргэн Л-, Н- нарын түр оршин суух Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51/4 дүгээр байрны 7 тоотод нэгжлэг хийсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг, БНХАУ-ын иргэн Н- эзэмшлийн 50-42 УБО улсын дугаартай “Тоуоtа Lexus RX-400” загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийг удирдлага болгосон болох нь эдгээр мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан ба хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

2. “...Н- прокурорт 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүсэлт гаргасан байх ба тус хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 553 дугаартай прокурорын тогтоолыг яллагдагч хүлээн авсан эсэх баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдол гаргах эрхийг хязгаарласан, энэхүү эрхийг эдлэх боломжоор хангаагүй байна...” гэжээ.

Прокурорын хяналтын шатанд яллагдагч Н- нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож өгөөч хэмээн хүсье...” гэсэн гомдлыг гаргасан ба уг гомдлыг эрүүгийн 2002000160022 дугаартай хэрэгт 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 139 дугаартай яллах дүгнэлт үйлдсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг гомдол гаргах эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй юм.

3. “...Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхаарах нь зүйтэй байна...” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “...Шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно...” гэж тус тус заасантай нийцэхгүй байна.

Мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт шүүхээс гарах шийдвэрийн талаар зохицуулсан ба 31.3.1-д: “анхан шатны шүүх шийтгэх ба цагаатгах тогтоол, шүүхийн шийдвэр, шүүгч шийтгэвэр” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрт хамаарах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасныг зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1244 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Яллагдагч Л- тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...БНХАУ-ын иргэн Lai Fu Jun /Лай Фу Жун миний бие нь 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 40 дугаартай прокурорын эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1. Прокурорын эсэргүүцлийн 1-т “...харин хойшлуулшгүй тохиолдолд буюу хэргийн, ул мөр, эд мөрийн баримт устгах, зөөвөрлөх, нуун далдлах , үрэгдэх бодит аюул байгаа үед прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч, орчуулагч нарыг оролцуулах боломжгүй байсан тул БНХАУ-ын иргэн Л-, Н- нараар нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулсан гэжээ. Миний бие Л- нь монгол хэл, бичиг огт мэдэхгүй бөгөөд тухайн өдөр “өдрийн цаг байсан төдийгүй нэгжлэг хийх өдөр бичиг үсэг мэдэхгүй тухайгаа орж ирсэн цагдаа нарт хэлсэн. Мөн өмгөөлөгч дуудах, өмгөөлөгч авах тухайгаа Өвөр монгол хэлээр хэлэхэд чамд өмгөөлөгч хэрэггүй гээд шууд 6-7 хуудас кирилл үсгээр бичсэн цаасан дээр гарын үсгээ зур хэмээн албадан зуруулсан болно. Гарын үсэг зурж буй зүйлийг уншиж өгөөгүй, өмгөөлөгчгүй нэгжлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

 

Яллагдагч Н- тус шүүхэд гаргасан хариу тайлбартаа: БНХАУ-ын иргэн Н- миний бие нь 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 40 дугаартай прокурорын эсэргүүцэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Үүнд: 1.Прокурорын эсэргүүцлийн 1-т …харин хойшлуулшгүй тохиолдолд буюу хэргийн ул мөр, эд мөрийн баримт устгах, зөөвөрлөх , нуун далдлах, үрэгдэх бодит аюул байгаа үед прокурорын зөвшөөрөлгүй явуулсан мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч, орчуулагч нарыг оролцуулах боломжгүй байсан тул БНХАУ-ын иргэн Л-, Н- нараар нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлд гарын үсэг зуруулсан гэжээ. Миний бие Н- нь уйгаржин монгол бичиг мэдэхээс шинэ кирилл үсэг, хэл бичиг мэдэхгүй бөгөөд тухайн өдөр “өдрийн цаг байсан төдийгүй нэгжлэг хийх өдөр бичиг үсэг мэдэхгүй тухайгаа орж ирсэн цагдаа нарт хэлсэн. Мөн өмгөөлөгч дуудах, өмгөөлөгч авах тухайгаа өвөр монгол хэлээр хэлэхэд чамд өмгөөлөгч хэрэггүй гээд шууд 6-7 хуудас кирилл үсгээр бичсэн цаасан дээр гарын үсэгээ зур хэмээн албадан зуруулсан болно. Гарын үсэг зурж буй зүйлийг уншиж өгөөгүй, өмгөөлөгчгүй нэгжлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна.

2. Н- миний бие нь 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр прокурорт хандан миний амьдарч байсан өрөө, унаж байсан машин, компанийн үйлдвэрийн барилга зэргээс мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй энэ хэрэгт миний бие ямар ч оролцоо байхгүй тул яллагдагчаар татсан тогтоол, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт өгсөн бөгөөд энэхүү хүсэлтийн маань хариуг өдий хүртэл өгөөгүй байгаа. Хэрэв прокурор хэргийг шүүх рүү шилжүүлэхээс өмнө миний хүсэлтийн хариуг надад албан ёсоор гардуулсан бол би дээд шатны прокуроруудад гомдол гаргах байсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3, 15.1, 15.4 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус зерчсөн гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор М.Очбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...эсэргүүцлийг дэмжиж байна. 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Нарангаовагаас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан. Тухайн үед 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 139 дугаартай прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарсан байсан. Яллах дүгнэлт орчуулганд явсан байсан. Нэгэнт хэргийг шүүхэд шилжүүлэх шийдвэр, прокурорын яллах дүгнэлт үйлдэгдсэн байсан тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгуулах тухай асуудал хууль зүйн үндэслэлгүй буюу шийдвэрлэх боломжгүй байна гэдэг хариуг хуульд заасан хугацаанд өгсөн. Үүнийг хуульд заасан гомдол гаргах эрхийг ямар нэг байдлаар хязгаарласан гэж үзэхгүй байна. Мөн нэгжлэг хийх ажиллагааны явцад гарын үсэг зуруулахдаа монгол хэл, бичиг мэдэхгүй хүнийг өмгөөлөгчтэй оролцуулаагүй байна гэж шүүгчийн захирамжид дурдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны хойшлуулшгүй тохиолдолд явуулсан. Ингэхдээ прокурорын тогтоолоор хүчинтэйд тооцсон. Тухайн үед орчуулагч болон өмгөөлөгч нарыг оролцуулах боломжгүй байсан. Харин дараа нь мэдүүлэг авах, биед нь үзлэг хийх, биологийн дээж авах ажиллагаануудыг хуульд заасан шаардлагыг хангаж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. ...” гэв.

 

Яллагдагч У.А-ын өмгөөлөгч Д.Бум-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Б.Б-ын өмгөөлөгч Б.Булгантамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Л--ы өмгөөлөгч Ц.Цэрэнням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд, энэхүү хэргийн яллагдагч Лай Фуй Жун, Нарангаова нар нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэд бөгөөд монгол хэл, бичиг мэддэг эсэх нь тодорхойгүй, мэдэхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар эргэлзээгүйгээр тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заавал өмгөөлөгчийг оролцуулах шаардлагатай нөхцөл байдлуудыг хуульчилсан. Хойшлуулшгүй ажиллагаа явуулах нэрийдлээр монгол хэл, бичиг мэдэхгүй хүнд гарын үсэг зуруулсан, зурахыг шаардсан нь хууль бус ажиллагаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Мөн миний үйлчлүүлэгч Нарангаовагийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт гаргасан хүсэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 553 дугаартай тогтоолоор хариу өгөхдөө яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Гэтэл яллах дүгнэлт үйлдсэн хугацаа 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байдаг. Хүсэлт шийдвэрлэхээс татгалзаж, хүсэлт шийдвэрлэх хугацаанд яллах дүгнэлт үйлдсэн байна. Оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хангах, гаргасан хүсэлт, гомдлын хариуг ийм байдлаар өгснийг оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан баримтыг нотлох баримт гэж үзнэ. Иймд эдгээр нөхцөл байдлуудыг зөв шалгаж тогтоох шаардлагатай гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Яллагдагч Н--ы өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Нэгжлэг хийх ажиллагаанд өмгөөлөгч болон орчуулагчийг оролцуулах боломжгүй байсан гэдэг. 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 13 цаг 15 минутад Нарангаова болон Лай Фу Жун нарын амьдарч байгаа орон байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл үйлдэгдсэн байдаг. 13 цаг 15 минут нь өдрийн цаг бөгөөд тухайн хугацаанд өмгөөлөгч болон орчуулагчийг оролцуулах бүрэн боломжтой байсан. Нэгжлэг хийх ажиллагаанд оролцсон тэмдэглэлд нэгдүгээр тасгийн алба хаагч, төлөөлөгч нарыг оролцуулсан гэсэн. Хэрэв энэ ажиллагаанд өмгөөлөгч болон орчуулагчийг оролцуулах боломжгүй гэж үзэж байгаа бол хөндлөнгийн гэрч нарыг оролцуулах бүрэн боломжтой байсан. Гэвч хөндлөнгийн гэрч оролцуулалгүйгээр ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн. Нэгэнт хууль зөрчиж хийсэн нотлох баримт нь нотлох баримтын шаардлагаа алдана. Дахин гүйцэтгэх боломжтой эсэх нь чухал биш хуульд заасан шаардлагад нийцээгүй ажиллагаа учир уг ажиллагааг хуульд нийцүүлж хийх ёстой. Мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 128-129/-ийг 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хийсэн. Гэтэл хавтас хэргийн 130-131 дэх талд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр үзлэг хийсэн тээврийн хэрэгслийн зургийг авч эрүүгийн хэргийн холбогдогч Нарангаовагийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт гэж нөхөж үйлдсэн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “хэрэв зайлшгүй тохиолдолд орчуулагчгүйгээр үзлэг хийж байгаа бол дуу, дүрс бичлэгээр заавал бэхжүүлэх” гэж заасныг зөрчсөн. Ахлах мөрдөгч н.Отгонбаатар гэх хүн зураг авч тэмдэглэл үйлдсэн байдаг. Иймээс тээврийн хэрэгсэл болон орон байранд үзлэг, нэгжлэг хийсэн ажиллагаа анхнаасаа хууль зөрчсөн гэж үзэж байна. Түүнчлэн Нарангаовагийн биологийн дээжнээс тестээр шинжилгээ хийсэн байдаг бөгөөд уг дээжнээс метафетамин болон ямар нэг мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол үйлдсэн ба уг тогтоолд дурдсанаар 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шинжилгээ хийхийг тогтоосон. Гэтэл шинжээчийн дүгнэлт 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр буюу тогтоолд зааснаас 5 хоногийн дараа гарсан байдаг. Хавтас хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд Нарангаовагийн биед Нарангаова гэж хятад ханз үсэг, монгол бичгээр галигласан шээсний дээжнээс метафетамин илэрсэн гэж дүгнэсэн. Гэвч шинжээчийн авсан тест болон түүний гаргасан дүгнэлт хоёр илт зөрүүтэй байхад шинжилгээний тестийн үр дүнг хавтас хэрэгт ямар нэг нотлох баримтаар хавсаргаагүй, зөвхөн биологийн дээжийг хүлээж авсан тухай баримтыг хавсаргасан. Энэ нь шинжээчийн дүгнэлт хуульд заасан шаардлагад нийцээгүй гэж үзэхээр байна. Иймд орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, биологийн дээжийн холбогдох материал буюу шинжээчийн дүгнэлтийн хувийг хавтас хэрэгт зайлшгүй авах шаардлагатай гэж үзэж байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар У.А-, Б.Б-, Л-, Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Шүүгчийн захирамжид заасан “...Л-, Н- нарыг монгол хэл, бичиг мэддэг эсэх нь тодорхойгүй байхад өмгөөлөгч, орчуулагч оролцуулалгүйгээр орон байр, тээврийн хэрэгсэл болон яллагдагч нарын биед үзлэг хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. ...” гэх асуудлын тухайд, 2020 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Л-, Н- нарын биед үзлэг хийхдээ өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Ц.Цэцэгсүрэн, орчуулагч А.Энхжаргал нарыг /1хх 138-140, 154-155/ оролцуулсан байх бөгөөд харин Н--н Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 51 дүгээр байрны 4-7 тоотод байрлах орон сууц, “Lexus RX загварын 5042 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг, нэгжлэг хийхдээ өмгөөлөгч, орчуулагч оролцуулалгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хойшлуулшгүй тохиолдолд прокурорын зөвшөөрөлгүйгээр үзлэг, нэгжлэгийн ажиллагааг хийж, гэрэл зургаар баримтжуулсан /1хх 110-131/ байх ба шүүх хуульд заасан үндэслэл журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа эсэхийг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх боломжтой.

 

Мөн “...Н--н гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тухай 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 553 дугаартай прокурорын тогтоолыг яллагдагч хүлээн авсан эсэх баримт хэрэгт авагдаагүй байна...” гэх асуудлын тухайд, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Н- нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрахад гомдол гаргаж /4хх 233-234/, тус прокурорын газрын 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 553 дугаартай тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж /5хх 11/, энэ талаар Н--д хариу мэдэгдсэн /5хх 12/ баримт хэрэгт авагдсан байна. 

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд У.А-, Б.Б-, Л-, Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1244 дугаартай захирамжийг хүчингүй болгож, У.А-, Б.Б-, Л-, Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл У.А-, Б.Б-, Л-, Н- нарт авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН