Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0894/З |
Дугаар | 128/ШШ2017/0034 |
Огноо | 2017-01-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2017/0034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийж,
Нэхэмжлэгч: М.Н
Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох;
Нэхэмжлэлийн шаардлага: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаал, мөн оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 дугаар тушаалын М.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Н миний бие Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг тушаалуудыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд:
Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх заалтад тэтгэвэр тогтоох насанд хүрсэн төрийн албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө гэсэн байдаг ч би тэтгэврийн насанд хүрээгүй учир үндэслэлгүй юм. Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газар томилдог. Энэхүү тушаалыг түр орлон гүйцэтгэгч гаргасан учир эрх зүйн чадамжгүй.
Засгийн газрын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 03 дугаар тогтоолоор ажлын байранд хязгаарлалт орно гэж ойлгож байтал харин эсрэгээрээ хоёр орон тоотой болж, энэ орон тоонд 2 хүн авч ажиллуулж байна.
Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Соёл урлагийн газарт цалингийн зэрэглэл, албан тушаал тодорхойгүйгээр шилжүүлсэн. Одоогийн байдлаар Соёл урлагийн газар үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байгаа болно.
Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын Б/13, Б/20 дугаар тушаалуудын надад холбогдох хэсгийг хүчингүй болгож, өмнөх ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Улсын Их хурлын 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуулийг баталж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам байгуулагдсан.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/13 дугаар тушаалын хувьд Засгийн газрын Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 2016 оны 3 дугаар тогтоолоор тус яамны бүтэц, орон тоог шинэчлэн баталсан. Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд ажиллаж байсан нийт албан хаагчдыг чөлөөлсөн болно.
Засгийн газрын Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2016 оны 04 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар байгуулагдсан. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд соёл, урлагийн чиглэл асуудлыг хариуцан ажиллаж байсан нэр бүхий албан хаагчдыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын Ажил, албан тушаалд шилжүүлэн ажиллуулах тухай 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар дээрх байгууллагад шилжүүлсэн.
М.Н нь Санхүү, эдийн засгийн газарт Соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан бөгөөд эрхэлсэн ажлын чиглэлээр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газарт 2016 оны Б/20 дугаар тушаалаар шилжүүлсэн юм.
Засгийн газраас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын
даргыг өнөөдрийг хүртэл томилохгүй байгаа нь албан хаагчдыг томилон ажиллуулах цалин хөлс олгох нөхцөл боломжоор хангах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Тус яамнаас Засгийн газрын хэрэг эрхлэх газарт агентлагийн газрын даргыг яаралтай томилуулах талаар удаа дараа аман хүсэлт гаргаж байгаа.
Агентлагийн дарга томилогдсоноор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны Б/20 дугаар тушаалын дагуу шилжүүлэн ажиллуулах албан хаагчдын 9, 10, 11 дүгээр сарын цалин бусад нэмэгдэл нөхөн олгох болно.
Агентлагийн даргын томилгооны асуудал нь тухайн яамны үйл ажиллагаанаас үл хамаарч байгаа тул иргэн М.Н-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн М.Н-аас гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаал, мөн оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/20 дугаар тушаалын М.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 382 дугаар Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай тогтоолоор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны бүтцийг 7 газартай байхаар баталсны дотор Санхүү, эдийн засгийн газар багтаж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/370 дугаар тушаалаар М.Н-ыг Санхүү, эдийн засгийн газрын Соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтнээр томилжээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.-т зааснаар М.Н нь төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.-т заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах учиртай.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдөр өөрчлөлт оруулж Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалаар М.Н-ыг Санхүү, эдийн засгийн газрын Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлж, мөн сарын 29-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт шилжүүлжээ.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;, 27.2.4.-т төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно; гэж тус тус заажээ.
Засгийн газрын Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолоор батлагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны бүтцээр Санхүү, эдийн засгийн газар нь Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтэстэй байх бөгөөд тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Санхүү, эдийн засгийн газрын Хөрөнгө, оруулалт үйлдвэрийн хэлтэст Соёл, шинжлэх ухаан, спортын салбарын барилгын төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Соёл, шинжлэх ухаан, биеийн тамир, спортын салбарын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрыг баталжээ. Эдгээр ажлын байрны тодорхойлолтыг[1] нэхэмжлэгч М.Н-ын эрхэлж байсан Санхүү, эдийн засгийн газрын Соёл, урлагийн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолттой[2] харьцуулан судлахад албан тушаалын ангилал, зэрэглэл ижил бөгөөд ажлын байрны үндсэн чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байна.
Хэрэв төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөж албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг хэвээр хадгалагдан үлдсэн бол албан хаагчийг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй юм.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-т зааснаар орон тоо цөөрсөн бол албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгааг сонгон авах бөгөөд энэ тохиолдолд орон тоо цөөрөөгүй байна.
Нэхэмжлэгч М.Н-ын ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3.-т зааснаар нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн ажиллуулах байжээ.
Хариуцагч маргаан бүхий Б/20 дугаар тушаалдаа Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4. дэх заалтыг үндэслэсэн боловч энэхүү зохицуулалт нь албан тушаалын орон тоо хасагдсан байхыг шаардсан бөгөөд М.Н-ын орон тоо хасагдаагүй тул хуулийн энэ заалт хэрэглэгдэхгүй юм.
Мөн Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх заалтыг хэрэглэсэн нь нэхэмжлэгчид хамаарах заалт биш гэж үзлээ.
Хэдийгээр Соёл, урлагийн газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар М.Н-ыг Бүх нийтийн соёлын боловсрол, соёл, олон нийтийн байгууллагын бодлогын зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажилд томилсон боловч энэ нь хариуцагчийн хууль бус үйлдлийг зөвтгөхгүй юм.
Маргаан бүхий тушаалыг Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч гаргасан нь буруу биш тул нэхэмжлэгчийн Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газар томилдог. Энэхүү тушаалыг түр орлон гүйцэтгэгч гаргасан учир эрх зүйн чадамжгүй. гэх үндэслэлийг хүлээн авах боломжгүй юм.
Дээрх үндэслэлүүдээр М.Н-ыг Санхүү, эдийн засгийн газрын Соёл урлагийн салбарын хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмжийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас чөлөөлсөн Төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/13 дугаар тушаал, Засгийн хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газарт шилжүүлсэн мөн оны 08 дугаар сарын сарын 29-ний өдрийн Б/20 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг тус хүчингүй болгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж, ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл тооцож 4 сар 14 хоногийн цалин 5334992 (таван сая гурван зуун гучин дөрвөн мянга есөн зуун ерэн хоёр)[3] төгрөгөөс нэхэмжлэгчид Соёл урлагийн газраас олгосон 3703158 (гурван сая долоон зуун гурван мянга нэг зуун тавин найман) төгрөгийг хасч 1631834 (нэг сая зургаан зуун гучин нэгэн мянга найман зуун гучин дөрвөн) төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин М.Н-ын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа өмнө эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтод заасан тавигдах шаардлагад илүү нийцэж байгаа Соёл, шинжлэх ухаан, биеийн тамир, спортын салбарын тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн төлөвлөлт, зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажилд томилохыг хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4.,106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН