Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн  шүүгч П.Гандолгор даргалж 
Улсын яллагч: Н.Цогтбаяр 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэцогт
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг Уулынхан овогт Сандагийн Нямжанцан, Гооргой овогт Тамирын Лхагвасүрэн нарт холбогдох эрүүгийн 201703000004 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрдэнэт хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул баг Бага булаг гэх газар оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Алаг-уулынхан овогт Сандагийн Нямжанцан /РД: ФМ90101131/

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач сийлбэрчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн Хануй 4-01 тоотод оршин суух Гооргой овогт Тамирын Лхагвасүрэн /РД:ГГ90103118/

Шүүгдэгч С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийтийн 13-08 тоотод байх иргэн Н.Энхжаргалын гэрт “Н.Энхжаргал нь урьд Чулууннасанг зодож байсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Энхжаргалыг зодож, түүний бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд  бичигдсэнээр/ 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Шүүгдэгч С.Нямжанцан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Л.Лхааноров ахтай уулзах гээд гэрт нь очтол гэр нь цоожтой байхаар нь гэрийх нь цонхыг нүдээд зогсож байтал Жаргал ах ирээд чи айлын цонх хагалаа шүү дээ, гээд хэл амаар доромжлоод барьцалдаж авахаар нь нэг удаа мөргөсөн. Тэгээд гэртээ орчихоор нь уучлалт гуйя гэж бодоод ортол бандитайгаа нийлээд чулуугаар цохисон. Хашаанаас гараад иртэл Т.Лхагвасүрэн яасан бэ юу болсон гэж хэлэхээр нь  болсон үйл явдлыг хэлээд хамт Жаргал ахын гэрт орсон. Гэрт ороод жаахан ноцолдсон гэв. 
  Шүүгдэгч Т.Лхагвасүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бид хоёр хамт явж байсан. С.Нямжанцан Л.Лхааноров гэх хүнтэй уулзаад ирье гээд үлдсэн. Би Бямбаа гэх жолоочтой цаашаа явчихаад эргээд иртэл С.Нямжанцан байхгүй болохоор нь урд гудамжаар тойроод хартал Жаргал ахын хашааны үүднээс С.Нямжанцан гарч ирсэн. Гарч ирэхдээ хамраас нь цус гарчихсан, толгой хэсэгтээ хэд хэдэн удаа чулуугаар цохиулсан байдалтай гарч ирсэн. Чи яасан бэ, юу болсон гэж асуусан Жаргал ахын банди нь араас чулуу аваад толгой руу цохичихлоо хоёулаа хамт ороод гаръя гэж хэлсэн. Жаргал ахын гэрт ороход та хоёр намайг элбэж зодох гээд байна уу гээд хэл амаар доромжлоод нилээн хэрэлдсэн. Ноцолдож байгаад зуух руу нь налаад унахад төмөр цагаан өнгийн данх зуухан дээр байхаар нь би аваад цээжин хэсэг рүү нь нэг удаа шидсэн. Орных нь урд ноцолдож байгаад орны дээд талын толь руу Жаргал ах нэг унасан.  Тийшээ унаад толгой нь жаахан халцраад босоод ирсэн гэв.    
     Эрүүгийн 201703000004 дугаартай хэргээс: 

* Хохирогч Н.Энхжаргалын өгсөн:

“...Т.Лхагвасүрэн С.Нямжанцан нартай их холын төрөл садангийн холбоо харилцаатай ч төрөл садан гэж нээх яваад байдаггүй. Нутгийн танил хүмүүс юм. Нямжанцан нь миний аавын талын 5 дэх үе дээрээ яваа төрөл, Лхагвасүрэн нь миний ээжийн талын 6 дэх үе дээрээ яваа төрөл юм. Т.Лхагвасүрэн С.Нямжанцан нар надтай холын төрөл гэдгээ бага зэрэг мэддэг байх гэж би боддог. Би эрх үүргээ ойлгосон. 2016 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 16 цагийн орчимд санагдаж байна би өөрийн гэртэй найз Мөнхбаярын хамт гэртэй сууж байгаад гадуур гарч арын ар талынхаа гудамж буюу 11 дүгээр гудамжинд явж байтал Лхааноровын хашааны хаалга онгорхой байсан. Хашааны үүдэнд Мөнхбаяр үлдээд шээгээд зогссон би Лхааноровын хашаанд ортол Нямжанцан цонхыг цохиод зогсож байсан. Би Нямжанцанг яагаад айлын цонх цохиод байгаа юм гэж асуутал чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгээд Нямжанцан над дээр ирээд намайг барьж аваад уруул, эрүү орчимд нэг удаа толгойгоороо мөргөж авсан, миний уруулнаас цус гараад байхаар нь би цусаа дараад гэр рүүгээ явсан. Мөнхбаяр, Нямжанцантай хамт хашааны гадна талд үлдсэн. Би гэртэй ортол манай гэрт миний том хүү Хатанболд байсан бөгөөд би цусаа угаагаад зогсож байтал хашааны гадна талд машин ирээд зогссон. Удалгүй манай гэрт Нямжанцан, Лхагвасүрэн 2 орж ирээд Нямжанцан шууд миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж авсан, миний хөмсөгнөөс цус гоожсон. Тэгтэл Лхагвасүрэн миний хажуу талаас 10-ын сав барьж аваад бие рүү цохихоор нь би гараараа 2 удаа хаасан, дараа нь толгойдоо нэг удаа хааж чадалгүй 10-ын саваар цохиулсан. Тэгтэл төмөр тогоо барьж аваад миний толгой руу нэг удаа цохиж авсан би тогоогоор цохиход нь бага зэрэг хамгаалсан, тэгтэл дахин манай гэрийн цагаан өнгийн төмөр данхыг барьж аваад над руу шидсэн. Данх миний цээж орчимд цохиод газар унасан. Би хүү Хатанболдыг цагдаа дууд гээд явуулсан. Миний толгой өвдөж, баруун хөмсөг язарч, уруул дотор талдаа язарсан, цээж хөндүүрлэж өвдсөн гэмтэлтэй болсон бөгөөд сумын эмнэлэгт үзүүлээд Улаанбаатар хот руу явж нарийн шинжилгээ өгсөн. Одоо миний бие эрүүл болсон. Би Т.Лхагвасүрэн С.Нямжанцан нараас эмчилгээний мөнгөө авсан. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Нямжанцанг согтуу айлын цонх нүдээд байхаар нь яагаад айлын цонх нүдээд байгаа юм бэ гэж асуутал чамд хамаагүй гэж хэлээд надтай үг сөрөөд намайг мөргөчихсөн. Лхагвасүрэн нь найз Нямжанцангаа өмөөрч намайг зодсон байх гэж бодож байгаа. Би Нямжанцангийн аав Чулууннасан ахтай 10 гаран жилийн өмнө маргалдаад нэг удаа өшиглөж байсан. тэр үед Чулууннасан ахын хавирга хугарч байсан гэсэн. Дээр үеийн энэ зодооныг Нямжанцан бодож байгаад согтуу байхдаа намайг ирж мөргөсөн юм шиг байна лээ. Миний толгой цохиулсандаа доргиж их өвдөж байсан, баруун хөмсөг язарч, уруул дотор талдаа язарсан, цээж хөндүүрлэж өвдөх гэмтэлтэй болсон байсан. Би сумын эмнэлэг болон Улаанбаатар хот руу явж эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн одоо миний бие эрүүл болсон өвдөж зовиурлаж буй зүйл байхгүй. Хатанболд намайг салгах гээд дундуур ороход нь Нямжанцан барьж аваад нэг удаа боогоод унагааж байсан. Хатанболд ухаан алдаагүй газар уначихаад босч ирсэн. Нямжанцан намайг гэрт байхад араас орж ирээд толгой руу цохиж авахаар нь урдаас нь өөрийгөө хамгаалж байгаад гараараа Нямжанцангийн хамар руу нэг удаа цохичих шиг болсон. Тэгээд Нямжанцангын хамраас бага зэрэг цус гараад байх шиг байсан. Би Нямжанцанг гараараа болон чулуугаар өөр цохиж зодоогүй. Миний хүү Хатанболд нь Нямжанцанг чулуугаар болон гараараа цохиж аваагүй. Би тухайн үед эрүүл байсан. Хэрэг болохын өмнө өглөө 10 цагийн орчимд 3 найзтайгаа хамт 0.5 литрийн Ерөөл архинаас нэг хундага архи уусан байсан. Хэрэг болох үед миний архи гарчихсан байсан. Харин Лхагвасүрэн, Нямжанцан 2 нилээн их согтуу байсан бараг тасарчихсан гэмээр харагдаж байсан. Лхагвасүрэн нь бүүр их согтуу байсан. Эхлээд Нямжанцан намайг гадаа толгойгоороо мөргөж зодсон тэгээд араас орж ирээд гараараа цохиж зодсон. Тэрний дараа Лхагвасүрэн арвын сав, тогоо, данх зэргээр цохиж зодсон. Тэрнээс өөрөөр цохиж зодоогүй. Би өмнө тайлбар өгөхдөө толгой өвдөөд байсан болохоор Т.Лхагвасүрэн, С.Нямжанцан нарыг миний дээрээс дэвсэж зодсон гээд мэдүүлчихсэн байсан юм. Тухайн үед би толгой руугаа арвын саваар цохиулчихаад манарсан байсан болохоор яаж газарт унасанаа мэдэхгүй байгаа юм. Нэг мэдсэн газарт уначихсан байсан. Би бодохдоо Нямжанцан намайг хавирчихсан гэж бодсон юм. Дараа нь бодоод байхад би Лхагвасүрэнг арвын сав, тогоо, данхаар цохихоор нь барьцалдаж аваад газарт унасан юм байна лээ тэр үед манай гэрийн халуун тогоо, болон орны дээд талын шүүгээ зэрэг зүйлс нурж унасан байсан. Т.Лхагвасүрэн, С.Нямжанцан нар намайг бүлэглэж цохиж зодоогүй байх гэж бодож байна нэг нэгээрээ л цуварч зодсон юм. Манай гэрийн орны дээд талын тольтой шүүгээ нурж унасан байсан тэрийг буцааж эвлүүлсэн. Мөн халуун тогоо зууван болсон байсныг гараараа татаж янзалсан. Манай гэрээс өөр эвдэрсэн юм байхгүй. Эвдэрсэн зүйлийг үнэлгээ гэж гарахгүй. Манайх амжиргааны түвшингээс доогуур өрхийн тоонд ордог юм Лхагвасүрэнгийн намайг цохиж зодсон арвын сав, данх, тогоо зэрэг зүйлс бүгд манай гэрт байгаа өдөр бүр хэрэглэж хоол, цайгаа хийж идэж уудаг байнгын хэрэглэдэг зүйлс болохоор эд мөрийн баримтаар тооцуулахгүй. Би гомдолгүй болсон болохоор хэргийг хурдан шийдэж өгнө үү гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар тал/     

* Гэрч П.Ууганбаярын өгсөн: 

“...би Н.Энхжаргал, С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн нарыг нэг нутгийн хүмүүс болохоор таньдаг. Төрөл садангийн холбоогүй. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төв рүү машинтай хөдөөнөөс орж явтал Хануйн голын эрэг дээр Энхжаргалын бага насны хүүхэд нь надтай тааралдсан. Би түүнийг гэрт нь хүргэж өгөх гээд явж байтал Энхжаргалын том банди Хатанболд надтай гудамжныхаа дээд талд надтай тааралдаад манай гэрт хүмүүс зодолдоод байна. Би цагдаад дуудлага өгөх гэж явна та намайг цагдаа дээр хүргээд өгөөч гэхээр нь бага бандийг нь машинаас буулгаад Хатанболдыг дагуулаад сумын төвд байрлах цагдаагийн хэсгийн гадаа Хатанболдыг буулгаж өгөөд би гэртэй харьсан. Намайг гэртэй ирээд байж байтал Энхжаргал над руу утсаар яриад цагдаа ирж байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би Энхжаргалын гэрт очтол Энхжаргалын гэр эмх замбараагүй болсон, орныхон дээд талд байсан толь газарт унасан байдалтай. Энхжаргалын нүүрнээс цус гарч хөмсөг, уруул орчим нь цустай болсон байсан. Нямжанцан, Лхагвасүрэн хоёр Энхжаргалын гэрт Энхжаргалтай маргалдсан байдалтай байхаар нь би хоорондоо маргалдахаа боль гэж хэлээд цагдаа ирэхээс нь өмнө би ажил руугаа явсан. Нямжанцан, Лхагвасүрэн нарын биед ил харагдах бэртэл гэмтэл гэх зүйл байгаагүй. Энхжаргалын нүүр орчим цус нөжтэй болсон харагдаж байсан. Би сайн анзаарч хараагүй. Нямжанцан, Лхагвасүрэн нар нилээн их согтуу байсан. Энхжаргал ах Нямжанцан, Лхагвасүрэн хоёроос арай гайгүй согтуу байгаа юм уу гэмээр харагдаж байсан. Намайг Энхжаргалын гэрт очиход Энхжаргал гэртэй ганцаараа Нямжанцан, Лхагвасүрэн 2 хашааных нь гадна талд байж байсан. Энхжаргалын гэрт зодоон болсон гэмээр ундуй сундуй, эмх цэгцгүй болсон байсан. Одоо яг хаана нь ямар зүйл нь буусан байсныг сайн санахгүй байна. Гэхдээ гэрийн зүүн талын ороны дээд талын толь уначихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/     

* Гэрч Э.Хатанболдын өгсөн:     

“...Миний аав бол Н.Энхжаргал, С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн нарыг нэг нутгийн хүмүүс болохоор таньдаг. Төрөл садангийн холбоо байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би гэртэй байж байтал аав гаднаас уруул амнаас нь цус гарсан зодуулсан байдалтай орж ирсэн. Аав хэлэхдээ хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд аавын араас Нямжанцан манай гэрт орж ирээд аавыг газарт сууж байхад нүүр хэсэгт 2, 3 удаа цохиж аваад буцаад гараад явсан. Тэгээд удалгүй Нямжанцан, Лхагвасүрэн хоёр хамт манайд орж ирээд Лхагвасүрэн нь аавыг гараараа цохиж аваад Нямжанцан, Лхагвасүрэн 2 ээлжпээд аавыг зодоод эхэлсэн. Лхагвасүрэн нь 10-ын сав, тогоо данх зэрэг зүйлээр аавын толгой руу цохиж авсан. Тэгээд аавын толгойноос цус гараад байсан би тэр хоёрыг болиочээ гэж хэлтэл Лхагвасүрэн нь намайг барьж аваад боогоод газарт ухаан алдуулсан. Тэгээд босч ирээд хартал манай гэрт бөөн цус болчихсон, гэр эмх замбараагүй болчихсон байсан. Аав намайг цагдаа руу яваад дуудлага өг гэж хэлэхээр нь би гудамжинд явж байгаад Ууганбаяр ахтай тааралдаж цагдаа дээр хүргүүлж ирээд дуудлага өгсөн. Дуудлагаар цагдаа Алтанхуяг очиж Лхагвасүрэн, Нямжанцан хоёрыг манайхаас авч явсан. Аавын толгойноос аймар их цус гарсан байсан. Аав Улаанбаатар хот руу явж гэмтлийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгүүлж байгаа. Аавын толгой, нүүр орчимоос цус гараад байсан. Намайг Лхагвасүрэн нэг удаа боож гараараа толгой руу нэг удаа цохиж авсан. Миний толгой тухайн үедээ өвдөж байсан. Одоо биеийн байдал зүгээр болсон болохоор гэмтлийн зэрэг гаргуулахгүй. Аавыг гэрт орж ирсний дараа Нямжанцан манай гэрт орж ирээд аавыг зодоод байхаар нь би чулуугаар нэг удаа Нямжанцангийн мөр орчимд нь цохиж авсан. Өөрөөр аав бид 2 Лхагвасүрэн, Нямжанцан нарыг цохиж зодоогүй. Тухайн үед аав эрүүл байсан байх Лхагвасүрэн, Нямжанцан нар согтуу байсан. Аав хутга бариагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/     

* Гэрч Б.Ганбаатарын өгсөн: 

“...Н.Энхжаргал, С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн нарыг нутгийн хүн болохоор таньдаг . Төрөл садангийн холбоогүй. 2016 оны 12 дугаар сарын 20-ны 11 цагийн уед би Баянмөнх ах, Даваа, Энхжаргал ах бид 4 Эрдэнэмандал сумын Граж хороолол буюу Цүүрийн 02-02 тоотод орших миний ажлын байр буюу мужааны өрөөнд 0.5 литрийн Ерөөл нэртэй архийг хувааж уусан. Тэр архинаас бүгд адилхан хувааж уугаад дуусгасан. Тэгээд Баянмөнх ах, Даваа, Энхжаргал ах нар манай ажпаас гараад явсан. Би ганцаараа гэртэй үлдсэн. Тэр орой нь Энхжаргал ах С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн нарт зодуулсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/    

* Насанд хүрээгүй гэрч Э.Мөнхболдын өгсөн:

 “...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би хичээлээ 13 цагийн үед тараад гэртэй хариж хувцасаа солиод Хануйн гол дээр очиж жоохон тоглож байгаад гэртэй харих гэж явах замдаа Ууганбаяр ахтай тааралдсан. Ууганбаяр ах намайг машинаараа гэрт хүргээд өгье гэхээр нь би машинд суугаад явж байгаад гудамжны үзүүрт ах Хатанболдтой тааралдсан. Хатанболд ах гэрт зодоон болсон цагдаа дуудах гээд явж байна гэж хэлсэн бөгөөд намайг гэртэй ор гэж хэлсэн. Би Ууганбаяр ахын машинаас буугаад гэртэй ортол гэрийн доторх зүйлс эмх замбараагүй болж хивсэн дээр хөө, тогоо шанага зэрэг зүйлс газраар нэг тарж унасан, зуух газарт унасан аавын толгойноос цус гарсан байдалтай байсан. Мөн манай гэрт согтуу 2 ах байсан бөгөөд тэр 2 аавтай маргалдаад аавыг зодох гээд байсан. Би өөр зүйл мэдэхгүй. Лхагваа гэдэг ах данх барьж байгаад аавын толгой руу 2 удаа цохиж авсан. Тэгээд аав цагдаа дуудах гээд гар утсаараа ярьтал Лхагваа ах аавын гар руу хөлөөрөө нэг удаа өшиглөж зодсон. Тэгээд би гэрээс гараад ээжийг дуудах гээд явсан. Ээжийг аваад эмчтэй хамт гэртэй иртэл нөгөө 2 ахыг цагдаа нар аваад явчихсан аав гэртэй байж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/ 

* Гэрч Б.Аззаяагийн өгсөн: 

“...Энхжаргал бол миний нөхөр, С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн нарыг нутгийн хүн болохоор нь таньдаг. Төрөл садангийн холбоогүй. Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны 16 цагийн үед Эрдэнэмандал сумын төвд байрлах Төрийн банкан дотор байж байхад миний дундах хүү Мөнхболд гаднаас орж ирээд аавыг хүн зодчихсон байна та эмч дуудаарай гэж хэлсэн. Би сумын эмнэлэг дээр ирээд эмч Оюунтогтох гэх жижүүртэй байсан эмчийг дагуулаад гэртэй ортол нөхөр Энхжаргалын толгойноос цус ихээр гарсан, хөмсөг нь хагарсан, уруулын язарсан байсан. Нөхрийн өмссөн байсан дээл, цамц нь нилээн цус болсон байсан, гэр доторх зүйлс эмх цэгцгүй болж зурагт газарт унасан, гоо сайханы толийг салгасан, данх, 10-ын сав, тогоо, зуух, яндаг зэргийг унагааж газраар нэг хөө болгосон байсан. Бас гар нүүрний угаалтуурын пааланг гадаа гаргаж хаясан байдалтай байсан. Энхжаргалыг зодсон С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн нарыг цагдаа ирээд аваад явсан байсан. Тэгээд эмч нөхөр Энхжаргалыг эмнэлэг дээр авч ирээд мэс заслын эмчид үзээд цусын тогтоож 5 удаа оёдол тавьсан. Энхжаргалын толгой өвдөөд байсан болохоор Улаанбаатар хот руу явуулж гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгуүлж тархиндаа хагалгаа хийлгүүлсэн байгаа, одоо биеийнхэн байдал сулавтар байгаа, утсаар ярихаар толгой эргээд байна гэж ярьж байсан. Манай нөхрийг зодсон Нямжанцан, Лхагвасүрэн нарт гомдолтой байна. Миний нөхөр Энхжаргал 1976 оны 02 сарын 23-ны өдөр Архангай аймагт төрсөн. Эхээсээ арван хоёруулаа бөгөөд айлын 11 дэх хүүхэд юм. Би нөхөр Энхжаргалтайгаа 1996 онд гэр бүлж болж одоог хүртэл хамт амьдарч байна одоогоор 4 хүүхдийн аав, ээж болсон. Энхжаргал дан маллаж амьдарч байгаа бөгөөд төрийн байгууллагад ажиллаж байгаагүй. Цэргийн алба хааж байгаагүй. Хааяа архи уучихдаг, тамхи татдаг, архи уучихаараа нээх агсам согтуу тавиад байдаггүй. Зан байдлын хувьд үнэнч, шударга, буруу зөрүү зангүй, тайван дөлгөөн хүн юм. Би тэр өдөр ажилтай байсан бөгөөд өглөө 05 цагт гэрээсээ гарч явсан бөгөөд нөхөр хэнтэй хаана архи уусан байсныг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/ 

* Гэрч С.Оюунтогтохын өгсөн: 

“...Энхжаргал гэх хүний дуудлагаар нь очиж байсан болохоор таньж байна. С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн гэх хүмүүсийг танихгүй. 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Эрдэнэмандал сумын сум дундын эмнэлгийн ойрын дуудлагын эмчийн хуваарьтай ажиллаж байхад өдрийн 17 цагийн орчимд жижуүр дээр дуудлага ирсэн байсан. Дуудлагын дагуу эмнэлэг дээр ирсэн байсан Аззаяа гэх эмэгтэйтэй хамт Эрдэнэмандал сумын Өлзийт хороолол 13-08 тоотод очсон. Дуудлаганд очих явцад Аззаяа гэх эмэгтэй ярихдаа манай нөхрийг хүмүүс гэрт нь зодсон байна гэж хэлж байсан. Тэгээд гэрт нь очиход Энхжаргал гэх эрэгтэй хүн зүүн талынхаа орон дээр дээшээ харж хэвтсэн байдалтай үзлэг хийхэд нүүр хэсэг нилэмхүйдээ цус болсон, цус нь тогтсон байсан, зүүн талын хөмсөгөн дээр хагарсан, зүүн талын шанааны дээд талд хагарсан, зүсэгдсэн мэт шархтай, өөр ил харагдах гэмтэлгүй, толгой өвдөнө гэх зовиуртай хүн байсан. Тэгээд даралт, зүрхний хэмийг үзэхэд хэвийн байхаар нь эмнэлэгт аваачиж мэс заслын эмчид үзүүлж шархыг нь цэвэрлэж оёдол тавиулсан. Тэгээд Энхжаргал гэх хүнтэй дахин харилцаагүй. Энхжаргалын гэр эмх замбараагүй болсон, зуух нь хазайсан, газраар хүний цус туссан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/ 

* Гэрч В.Даваадоржийн өгсөн:

“...2016 оны 12 дугаар сарын 20-ны 10-11 цагийн үед Эрдэнэмандал сумын Граж хороолол буюу Цүүрийн 02-02 тоотод байх Ганбаатарынд ганцаараа очсон бөгөөд миний араас Энхжаргал, Баянмөнх нар ирсэн. Тухайн үед Ганбаатарын мужааны ажлын байранд Ганбаатарын авч ирсэн 0.5 литрийн Ерөөлт нэртэй архийг хувааж уусан. Тэгээд би архи дууссаны дараа гэр рүүгээ явсан. Энжаргал ах тухайн үед нэг их уухгүй байсан. 1, 2 удаа архинаас уусан байх. Уусан архиндаа Энхжаргал ах согтоогүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар тал/    

* Гэрч П.Тамирын өгсөн: 

“...Энхжаргал бол миний эхнэрийн талаар базын харилцаатай, Нямжанцанг зүс мэддэг. Лхагвасүрэн бол миний 2 дахь хүүхэд. Лхагвасүрэн нь 1990 оны 10 сарын 31-нд Булган аймгийн Гурван булаг суманд миний 2 дахь хүүхэд болж төрсөн. Бага насаа Булган аймгийн Гурван булаг суманд аав, ээжийнхээ гар дээр өнгөрүүлсэн бөгөөд цэцэрлэгт сурсан. 3 дугаар анги хүртэлээ Булган аймгийн Гурван булаг суманд сурч байгаад 4 дүгээр ангиасаа Архангай аймгийн Эрдэнэмандал суманд шилжин ирж 10 жилээ төгссөн. 10 жилд сурч байхдаа Боловсорлын яамны сайдын урилгаар Соёл урлагын их сургуульд сийлбэрийн чиглэлээр элсэн орж амжилттай төгссөн. Одоогоор эрхэлсэн ажилгүй хэдэн малаа хараад Эрдэнэмандал суманд эхнэр нэг хүүхдийн хамт амьдарч байгаа. Лхагвасүрэн малаа маллахын хажуугаар гэртэй сийлбэрээ хийж худалдаалдаг юм. Зан байдлын хувьд эцэг, эхийнхээ үгнээс гардагүй, ах дүү нартайгаа нийцтэй байдаг, буруу зөрүү зан аашгүй, төлөв томоотой хүн юм. Би болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна. Энхжаргалтай уулзахад намайг Лхагвасүрэн данхаар цохисон таньтай ярих зүйл байхгүй надад гомдол саналгүй гэж ярьж байсан өөр зүйл хэлээгүй. Лхагвасүрэн надад ямар хэрэг хийснээ хэлэлгүй зугтаагаад яваад байгаа юм. Надад өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/ 

* Гэрч Ж.Одончимэгийн өгсөн:

“...Нямжанцан бол миний нөхөр, Энхжаргал ахыг нутгийн хүн болохоор нь таньдаг. Т.Лхагвасүрэнг миний нөхрийн найз болохоор нь таньдаг. Энхжаргал, Т.Лхагвасүрэн нартай төрөл садангийн холбоо харилцаагүй. 2012 онд нөхөр Нямжанцан бид 2 албан ёсоор гэр бүл болсон бөгөөд одоо том хүүхэд 4 настай, бага хүүхэд 3 настай. Миний нөхөр Нямжанцан 1990 оны 10 сарын 11-ний өдөр төрсөн. 5 хүүхэдтэй айлын бага хүүхэд юм. Одоогоор  нөхөр бид 2 Эрдэнэмандал суманд хүүхдүүдийн хамт мал маллаж амьдарч байгаа. Зан байдлын хувьд даруухан, үг дуу цөөнтэй хүн юм. Хааяа л найз нөхөдтэйгөө нийлэхээрээ архи уучихаад байдаг, элдэв буруу аашгүй хүн юм. Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Нямжанцан надад хэлэхдээ Лхагвасүрэнтэй хамт Энхжаргал ахыг зодсон гэж л ярьж байсан өөр зүйл би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/ 

* Гэрч Ч.Бямбасүрэнгийн өгсөн: 
“...Нямжанцан бид 2 аавын талаараа төрөл садангийн холбоотой. Лхагвасүрэн, Энхжаргал ах нарыг нутгийн хүмүүс болохоор нь таньдаг. 2016 оны 12 дугаар сарын 20-ний өглөө гэртэй байж байтал миний төрөл Нямжанцан манай хашаанд байсан мотоциклио авах гэж найз Лхагвасүрэнтэйгээ хамт орж ирсэн. Тэгээд Нямжанцан, Лхагвасүрэн 2 өвөртэй пиво хийчихсэн явж байсан бөгөөд танай гэрт энэ пиво уучих уу гэж асуухаар нь тэг гэж би зөвшөөрсөн. Тэгээд том савтай 2 ширхэг пивыг тэр хувааж уугаад байсан. Би пивоноос нь уугаагүй. Тухайн үед миний хүүхэд ханиад хүрчихсэн байсан бас том хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгсөн юм. Тэгээд гэртэй иртэд Нямжанцан, Лхагвасүрэн 2 пиво уугаад дууссан байсан бөгөөд дээшээ дэлгүүр ороод архи аваадхы гэж хэлсэн. Би өөрийн 37-29 АРХ улсын дугаартай цагаан өнгийн портер маркийн машинаараа Нямжанцан, Лхагвасүрэн хоёрыг дэлгүүрт хүргэж өгтөл нэг шил архи авч гарч ирсэн. Тэгээд хануйн голын хажууд Нямжанцан, Лхагвасүрэн 2 дэлгүүрээс авсан архиа задалж хувааж уусан. Би архинаас уугаагүй. Ямар нэртэй хэдэн литрийн архи байсныг нь би санахгүй байна. Тэгээд өдрийн 15 цагийн үед би машинаараа Эрдэнэмандал сумын доод хороолол руу хүнтэй уулзах гэж явсан. Замд Лхааноров ахын хашааны урд талд Нямжанцан машинаас буусан. Би цааш машинаа унаж нүүрний гудамжинд очиж хүнтэй уулзаад 15 орчим минут болоод буцаад гарч ирсэн. Миний машин дотор Лхагвасүрэн сууж байсан. Тэгээд би машинаа унаад Лхааноров ахын гадаа иртэл Нямжанцан байхгүй байсан. Тэгээд Лхааноров ахынхтай ойрхон байдаг Энхжаргал ахын хашааны гадна талд очиж зогстол Нямжанцан хашаан дотроос нь гарч ирсэн. Нямжанцангийн хамраас цус гарсан, толгой дээрээ нэг жижиг овойсон шархтай болсон байдалтай байсан. Нямжанцан өөрөө хэлэхдээ Энхжаргал ах намайг бандитайгаа зодчихлоо гэж хэлсэн. Тэгтэл Лхагвасүрэн юу болоод байгаа юм гээд учирын олъё гээд машинаас буусан. Би Нямжанцан, Лхагвасүрэн хоёртой хамт Энхжаргалын хашаан дотор орчихоод буцаж гарч ирээд машиндаа суугаад яваад өгсөн. Тэгээд тэр оройноо Нямжанцан, Лхагвасүрэн хоёрыг Энхжаргал ахыг зодсон байна гэж хүнээс сонссон. Би зодоон болох үед байгаагүй болохоор хэн нь хэнийгээ хэрхэн зодсон талаар мэдэхгүй байна. Нямжанцан, Лхагвасүрэн 2 нэг шил архи, 2 том савтай пиво хувааж уусан болохоор нилээн их согтсон байсан. Би Нямжанцан, Лхагвасурэн хоёрыг тасарсан байсан эсэхийн мэдээгүй их согтуул байдалтай байсан. Нямжанцангийн хамраас цус гарч хамар нь цус болсон байсан харагдаж байсан. Нямжанцан өөрөө хэлэхдээ толгой булдруу болчихлоо гэж ярихаар нь толгой руу нь хартал духны зүүн хэсэгтэй бага зэргийн овойж хавдсан мэт шархтай болчихсон харагдаж байсан. Өөр ил харагдах бэртэл гэмтэл харагдаагүй. Хамраас нь гарсан цус уруул, эрүү орчимд нь наалдсан байсан. Өмссөн хувцас нь цус болсон эсэхийг би харж чадаагүй. Би Нямжанцан, Лхагвасүрэн хоёртой хамт Энхжаргал ахын хашаан дотор орчихоод Нямжанцан, Лхагвасүрэн хоёрт би ажилтай учир ингээд явлаа шүү гэж хэлээд буцаад яваад өгсөн. Тэгээд би машинаа унаад гэртэй харьсан. Энхжаргал ахын гэрт би ороогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/     

* Гэрч Н.Мөнхбаярын өгсөн: 

“...Энхжаргал бид бага наснаасаа найзалж нөхөрлөж хамт морь уядаг дотно найз нөхөд хүмүүс. С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн нарыг нутгийн дүү нар болохоор нь таньдаг. Төрөл садангийн холбоо харилцаа байхгүй.  Би 2016 оны 12 сарын 20-ны өдөр 14 цагийн үед найз Энхжаргалын гэрт орж нэг цаг орчим юм ярьж суусан. Тэгээд Энхжаргалтай хамт гаруур гарсан юм. Гудамжинд алхаж байгаад Лхааноров гэдэг айлын гадна талд явж байтал Нямжанцан нь Лхааноровын цонхыг тогшоод зогсож байсан. Би хашааны гадна талд шээж байтал Энхжаргал надаас салж яваад Нямжанцан дээр очиж юм ярьж байснаа гэнэт хэрэлдээд дуу нь чангараад эхэлсэн. Би шээж дуусаад хашаан дотор ортол Нямжанцан, Энхжаргал 2 хоорондоо хэрэлдээд барьцалдаад авсан. Тэгээд Нямжанцан Энхжаргалын уруул руу нэг удаа мөргөж авсан. Энхжаргалын уруулнаас цус гарсан. Би дундуур нь орж салгаад Энхжаргалыг аваад хашааных нь гадна талд гартал Нямжанцан араас гарч ирээд дахиад хэрэлдээд эхэлсэн. Тэгээд Энхжаргал, Нямжанцан 2 бие биенийхээ урдаас чулуу барьж дайраад байхаар нь салгаад Энхжаргалыг гэртэй ор гэж хэлээд явуулаад Нямжанцанг аваад үлдсэн. Тэгээд Нямжанцантай хамт хэсэг зогсож байгаад Лхааноровын хашааны урд талд үлдээгээд би яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар нь би хараагүй. Хэд хоногийн дараа хүнээс сонсоход Энхжаргал хүнд зодуулсан байна толгойндоо оёдол тавиулсан гэж сонссон. Нямжанцан нилээн согтуу байсан. Энхжаргал эрүүл байх шиг байсан. Нямжанцан Энхжаргал 2 яагаад хоорондоо хэрэлдэх болсныг би мэдээгүй. Би шээх гээд зогсож байхад Энхжаргал Нямжанцан дээр очих гээд явсан удалгүй хоорондоо хэрэлдээд унасан. Яг юу гэж хэрэлдэж байсныг нь одоо санахгүй байна. Нямжанцан нь Энхжаргалыг чи миний аавын хавиргыг хуглаж байсан биз дээ гэж хэлээд байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр тал/ 

* Гэрч Л.Лхааноровын өгсөн: 

“...2016 оны 12 дугаар сард санагдаж байна би өдрийг нь сайн санахгүй байна. би Эрдэнэмандал сумын төвд байх өөрийн гэртэй унтаж байтал өдрийн 14, 15 цагийн үед хүн үүд нүдээд байхаар нь унтаж байгаад сэрээд цонхоор хартал Нямжанцан нь манай үүдийг нүдэж байснаа цаашаа яваад өгсөн. Тэгээд би хэсэг байж байгаад цонхоор гадагшаа хартал хашааны цаад талд 3 хүний толгой харагдаж байсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Цонхоор харахад хашааны гадна талд байгаа 3 хүн надад танигдаагүй бөгөөд зөвхөн толгойны дээд тал нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45 дугаар тал/ 

* Шинжээч Б.Отгонжаргалын өгсөн: 

“...миний гаргасан 23 дугаартай дүгнэлт үнэн зөв байсан. Нямжанцан гэх хүн нь эмч, эмнэлгийн ажилтанд үзүүлж онош тодруулаагүй, өөрөө шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн бол байцаалтанд үндэслэж болон өөрийнх нь хэлсэн зовиураар дүгнэлт гаргах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар тал/ 

* Сэжигтэн, яллагдагчаар Т.Лхагвасүрэнгийн өгсөн: 

“...2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би Нямжанцангийн хамтаар Архангай аймгийн Эрдэнэмандал сумын төвд байдаг Бямбаа гэх айлд орж 08-н цагийн үед Боргио нэртэй 2 литрийн пиво, Сэрүүн нэртэй 2,5 литрийн пивыг Нямжанцан бид 2 хувааж уусан. тэр пивоноос Бямбаа бага зэрэг л уусан бөгөөд сургуульд хүүхдээ хүргэж өгөх гээд явсан. Бямбааг хүүхдээ сургуульд хүргээд ирэхэд пивоо уугаад дуусчихсан байсан. тэгээд Бямбаагийн машинд суугаад Нямжанцан бид 2 хүнсний дэлгүүр орж 0.75 литрийн Соёрхол нэртэй архи авч Хануйн голын эрэг дээр очиж зогсоод Нямжанцан бид 2 тэр архийг хувааж ууж дуусгасан Бямбаа тэр архинаас уугаагүй уруулаа хүргээд өгөөд байсан. Тэгээд архи ууж байсан газраас хөдөлж сумын төвийн доод гудамж руу орсон тэгтэл Нямжанцан хүнээс юм асууна гээд гудамжинд буусан. Бямбаа бид 2 машинтай цааш явсан бөгөөд Бямбаа нэг хүнтэй уулзана гээд явсан байсан. Удалгүй Бямбаа нэг айлд орчихоод гараад ирсэн би машин дотор нь хүлээгээд сууж байсан. Тэгээд Бямбааг гараад ирэхээр нь бид 2 машинтай Нямжанцанг буусан газарт иртэл өдрийн 16 цагийн үед Энхжаргалын гэрт Нямжанцан орчихсон байсан. Бямбаа бид 2 машинаа хашааны гадна талд нь зогсоогоод байж байтал Нямжанцангийн хамраас нь цус гарсан, толгойн дээр нь хэдэн газар овойж хавдсан байдалтай Энхжаргалын хашаанаас гараад ирсэн. Би юу болсон юм гэж асуутал Энхжаргал бандитайгаа намайг илбээд зодчихлоо гэж хэлэхээр нь Энхжаргалын гэрт Нямжанцантай ортол Энхжаргал, Нямжанцан 2 хоорондоо барьцалдаж аваад байхаар нь би Энхжаргалыг салгах гээд тэвэрч аваад ноцолдсон. Тэгж байгаад 10-ын савтай усанд бүдрээд гэрийн орныхон дээд хэсэг рүү Энхжаргалтай хамт бүдэрч унаад эмэгтэй хүний тольтой шүүгээн дээр уначихсан. Тэр үед Энхжаргал намайг чацагнууд ингэх болоогүй гэж хэл амаар доромжилохоор нь уур хүрээд баруун гараараа хацар, нүүр орчимд нь 5 аас 6-н удаа цохиж авсан. Тэгээд Энхжаргалтай ноцолдож байгаад болье гэж бодоод Энхжаргалаас салаад гэрээс нь гарах гэтэл Энхжаргал миний ар талаас хутга барьж дайрсан байсан. Би хутга бариад дайрч байхын хараагүй. Нямжанцан надад тэгж хэлсэн. тэгээд Нямжанцан Экхжаргалын хутгыг нь шүүрч аваад тогооны авдар доогуур шидсэн гэсэн. Би Энхжаргалтай буцаж зуухны хажууд ноцолдож байгаад зуухан дээр байсан данх, тогоо зэрэг зүйлсийг зуухны хамт түлхэгдэж унасан. Тэр үед цагдаа ирээд Нямжанцан бид хоёрыг авч явсан. Энхжаргал ах бол манай нутагт морь уядаг, нутгийн танил хүн. Нямжанцан бид хоёр 10 жилд нэг үед Эрдэнэмандал суманд сурч төгссөн найз нөхөд хүмүүс. Нямжанцан, Энхжаргал хоёртой төрөл садангийн холбоо харилцаагүй. Би Нямжанцангийн хамраас цус гарсан, толгой нь овоосон байхыг харчихаад учирын олох гэж Энхжаргал ахтай уулзах гэж гэрт нь орсон. Энхжаргал ах хэл амаар доромжилоод байхаар нь гараараа цохиж зодсон. Нямжанцан надад хэлэхдээ би Энхжаргалд зодуулчихлаа гэж хэлсэн болохоор Нямжанцанг өмөөрч болсон асуудлын учирыг олох гэж Энхжаргалтай уулзсан боловч Энхжаргал урдаас хэл амаар доромжилж улмаар миний уур хүрч зодох болсон. Нямжанцан бид 2, хоёр сав пиво, нэг шил архи уусан    байсан. Зодоон болох үе архи ууснаас ойролцоогоор 4 цагийн дараа байсан юм. зодоон болох үед нилээн согтуу байсан гэхдээ ухаантай байсан. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч Төрбат надад хохирогч Энхжаргалыг ингэж тайлбар өгсөн гэж танилцуулсан бөгөөд үнэн зөвөө ярьж мэдүүлэг өг худал ярьж болохгүй гэхээр нь Энхжаргал ахын өгсөн мэдүүлэгтэй адилхан мэдүүлэг өгсөн юм. хэрэг болох үед би данх, 10-ын сав, тогоогоор Энхжаргал ахыг цохиж зодоогүй. Би одоо үнэн зөвөө ярьж байна. Энхжаргал ахын 2 хүүхэд зодоон болох үед байсан сүүлдээ нэг хүүхэд нь цагдаа дуудах гээд явчих шиг болсон. Намайг байх үед Нямжанцан Энхжаргал ахын хүүхдийг боож аваагүй, намайг орохоос өмнө юу болсныг мэдэхгүй байна. Нямжанцан миний хажууд зүгээр л хараад зогсоод байсан. Харин Энхжаргал ахыг хутга барихаар нь хутгыг нь авч шидсэн гэсэн. Би анх гэрт ороход Нямжанцан, Энхжаргалтай барьцалдаж аваад хоорондоо зодолдох гээд байхаар нь салгасан. Намайг харж байхад Нямжанцан Энхжаргалыг цохиж зодоогүй. Энхжаргалын 2 хүүхэд байсан. том банди нь гэрт байгаад байсан дундах банди нь орж гараад байсан. дараа нь цагдаа ирж авах үед Ууганбаяр тэнд ирчихсэн байсан. хэрэг болохын өмнө Бямбаа байж байгаад яваад өгсөн. өөр хүн байгаагүй. Энхжаргал ахын нүүр энд тэндээ цус болчихсон, уруул хөмсөг орчимоор бага зэрэг язарсан байх шиг байсан. Нямжанцангийн толгойн дээр 4, 5 булдуруу үүсч овойж хавдсан, хамраас нь цус гарсан байсан. Нямжанцан хэлэхдээ Энхжаргал ахын банди миний араас чулуугаар хэд хэд цохиод авсан гэж ярьж байсан. Хэрэг болох үед Энхжаргал ах согтуу байсан юм шиг байна лээ. Нямжанцантай Энхжаргал ах тааралдахаас өмнө айлын хашааны гадна талд Энхжаргал ах бөөлжиж байгаад явсан байсан. Тэрийг Лхааноров гэдэг хүн харсан байсан.
Би сонсгож байгаа ял болон зүйл ангийг ойлгосон. Би сонсгож байгаа зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. Би Энхжаргал ахыг Нямжанцантай бүлэглэж зодоогүй, ганцаараа л Энхжаргалыг барьж аваад ноцолдож байгаад 10-ын савтай усанд бүдэрч унаад уурандаа гараараа толгой орчимд нь 2 удаа цохиж зодсон. Надаас өмнө Нямжанцан нь Энхжаргал ахтай харилцан зодоон хийгээд бие биедээ гэмтэл учруулчихсан байсан. Тийм болохоор би бүлэглэн зодсон гэсэн заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмнө мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгчихсөн байгаа. одоо нэмж ярих зүйл байхгүй. Энхжаргал ахтай Нямжанцан бид 2 харилцан тохиролцож гомдолгүй болгосон байгаа. Би Энхжаргал ахыг ганцаараа цохиж зодсон. Надаас өмнө Нямжанцан, Энхжаргал 2 харилцан зодоон хийчихсэн байсан юм. Тийм болохоор надад холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Би хийсэн хэрэгтэй гэмшиж ухаарсан, дахин. гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Саяхан Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөрийн багшаар ажилд орсон байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65, 67-68 дугаар тал/ 

* Сэжигтэн яллагдагчаар С.Нямжанцангийн өгсөн: 

“...2016 оны 12 дугаар сарын 20-ны өглөө 08 цагийн үед найз Лхагвасүрэн бид 2 Бямбаа ахын гэрт мотоцикль авах гэж очоод Бямбаа ахаас 2 савтай пиво авч уусан. Бямбаа ах хүүхэд хүргэж өгнө согтуу машин барихгүй гээд пиво уухгүй байсан. тэгээд Бямбаа ахтай хамт машинтайн дэлгүүр орж 075 литрийн Соёрхол нэртэй архи худалдаж аваад Хануй голын эрэг дээр очиж Бямбаа ахын машин дотор Лхагвасүрэн бид 2 архи хувааж уусан. Бямбаа ах архи, пивоноос огт уухгүй байсан. Архиа ууж дуусаад би Лхааноров ахын хашааны ганда талд машинаас буусан. Бямбаа ах Лхагвасүрэн 2 цаашаа машинтайгаа яваад өгсөн. Би Лхааноров ахын хашаанд ортол гэр нь цоожтой байхаар нь цонхыг нь нүдээд зогсож байтал чи муу банди минь айлын цонх тогшдог хэн бэ гээд хэл амаар Энхжаргал намайг доромжилоод байсан. өмнө нь Энхжаргал миний аавыг олон жилийн өмнө зодож хавиргын хулгаж байсан нь гэнэт санаанд ороод намайг яахаараа хэл амаар доромилдог юм бэ Энхжаргал гуай аятайхан байгаа чи өмнө миний аавыг зодож байсан шүү гэж хэлээд толгойгоороо нүүр орчимд нь нэг удаа мөргөчихсөн. Тэгтэл Энхжаргалын уруулнаас нь цус гараад гэр рүүгээ яваад өгөхөөр нь би араас нь явж ороод гэрт нь Энхжаргалтай хэд хэдэн удаа цохилцож авсан тэгтэл Энхжаргал Хатанболд гэдэг том бандитайгаа нийлээд намайг чулуугаар толгой руу нилээн олон удаа цохиж зодсон. Тэгээд Энхжаргал миний хамар руу гараараа цохиж цус гаргасан. Тэгээд би гэрээс нь гарч яваад хашааны гадна талд гартал Лхагвасүрэн, Бямбаа хоёртой тааралдсан. Би болсон явдлыг Лхагвасүрэнд хэлтэл Бямбаа ах машинтайгаа яваад өгсөн Лхагвасүрэн бид 2 буцаж Энхжаргалын гэрт орсон. Энхжаргал надтай хэрэлдээд шууд намайг бариад авсан Лхагвасүрэн бид хоёрын дундуур орж салгаад Энхжаргалтай Лхагвасүрэн ноцолдож байгаад хамт унаж орныхон арын шүүгээ, зуух, арвын савтай ус, данх зэрэг зүйлсийг унагаасан. Тэгээд Энхжаргал, Лхагвасүрэн 2 салтал Энхжаргал нэг хутга бариад Лхагвасүрэнрүү дайрах гэхээр нь би тэр хутгыг нь аваад тогооны авдар доогуур шидчихсэн. Тэгээд байж байтал цагдаа ирээд бид хоёрыг авч явсан. Намайг цонх нүдээд зогсож байхад хэл амаар доромжилсон. Бас өмнө нь манай аавыг зодож байсан нь гэнэт санаанд ороод би Энхжаргалын эхэлж нэг удаа мөргөж авсан. дараа нь Энхжаргалын араас гэрт нь ороод хэд хэдэн удаа хоорондоо цохилцсон. Би Энхжаргалын нүүр хэсэгт гараараа 2, 3 удаа цохисон. Энхжаргал миний толгойн дээр чулуугаар хэд хэдэн удаа цохиж авсан яасан 5, 6 удаа цохиж авсан байх. Энхжаргалын банди Хатанболд бас чулуугаар миний толгой руу 5, 6 удаа цохиж авсан. Миний толгойн дээр нилээн хэдэн булдруу үүссэн байсан. Тэр булдрууг Энхжаргал том банди Хатанболдтойгоо намайг элбэж зодож үүсгэсэн. Би тухайн үед эмнэлэгт үзүүлээгүй бөгөөд одоо миний толгойд үүсэн булдруу зүгээр болчихсон. Надад шинжээч томилж дүгнэлт гардуулахад шаардлагатай баримт байхгүй толгой зүгээр болсон болохоор шинжээч эмчид үзүүлж дүгнэлт гаргуулахгүй. Архи пиво ууснаас хойш 5 орчим цагийн дараа зодоон болсон бөгөөд би нээх согтоогүй өөрийн ухаантай байсан учир болж буй үйл явдлыг бүгдийн мэдэж байна. Хэсгийн төлөөлөгч Төрбат мэдүүлэг өгөхдөө айгаад юу ч санахгүй байна гээд мэдүүлэг өгчихсөн юм. одоо үнэн зөвөө ярьж байна. Намайг Энхжаргалтай барьцалдаж аваад зодолдож байхад Хатанболд гаднаас чулуу оруулж ирээд аавтайгаа хамт намайг чулуугаар нүдэж зодсон. Би өмнө мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Би Энхжаргал ахыг аав Чулууннасанг өмнө зодож байсныг нь санаад мөргөж зодсон нь үнэн. Дараа нь Энхжаргал ахын араас гэрт нь ороод харилцан зодолдож байгаад Энхжаргал, Хатанболд 2 дийлдээд гэрээс нь гарч яваад Лхагвасүрэнд болсон явдлыг хэлж хамтдаа Энхжаргалын гэрт дахин орсон. Тэгээд Энхжаргал ах бид 2 барьцалдаж автал Лхагвасүрэн дундуур ороод Энхжаргал ахтай ноцолдож байгаад гараараа хэд хэдэн удаа цохиж зодож авсан. Би Лхагвасүрэнтэй Энхжаргал ахыг бүлэглэж зодоогүй. Лхагвасүрэнг Энхжаргал ахтай барьцалдаж аваад ноцолдож байхад би хажуу талд нь хараад зогсож л байсан, элбэж зодоогүй. Би Энхжаргал ахаас уучлалт гуйж гомдолгүй болгосон. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтэй гэмшиж ухаарсан, Энхжаргал ахыг би ганцаараа эхэлж мөргөж аваад харилцан зодолдсон дараа нь Лхагвасүрэн ирээд Энхжаргал ахтай барьцалдаж аваад харилцан зодолдсон. би эрүүгийн хуулийн 99.2 гэсэн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. би Энхжаргал ахад учирсан хөнгөн гэмтлийг ганцаараа учруулсан гэж бодож байгаа. Тийм болохоор Лхагвасүрэн бид хоёрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. Хатанболд миний толгой руу чулуугаар 4, 5 удаа цохиж авсан. Энхжаргал ах миний хамар руу гараараа цохиж авсан бас Хатанболдтойгоо нийлээд толгой руу чулуугаар цохиж зодсон. Би бага настай байхдаа аавын эгчийнд өргүүлж байсан гэсэн тэгээд өргүүлсэн аав болох Сандаг гэдэг хүнийнхээ нэрээр овоглож явдаг юм. одоо миний өргөж авсан аав Сандаг нас барчихсан. Миний төрүүлсэн аав бол Чулууннасан гэдэг хүн байдаг юм. Би одоо өөрийн төрүүлсэн аавынхаа хаяанд амьдарч байгаа. Би хүнээс сонсохдоо нилээн олон жилийн өмнө аавыг Энхжаргал ах согтуу байхдаа хавиргын хугалж зодож байсан гэж сонсож байсан юм. Би яагаад Энхжаргал ах аавыг зодож байсан юм бол гэж гайхаж явдаг байсан юм. Тэгээд Лхааноров ахын гадаа зогсож байхад Энхжаргал ах хөөе бандиа гэж дуудахаар нь гэнэт дургүй хүрээд Энхжаргал ахыг мөргөчихсөн юм. Лхагвасүрэн Энхжаргал ахыг гараараа цохиж зодсон. Данх, арвын сав болон өөр юмаар цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71, 73-74 дүгээр тал/

* Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт: 

Дүгнэлтэд: “...Н.Энхжаргалын биед тархи доргилт, баруун зулай, баруун хөмсөг, доод уруулын дотор салстад язарсан шарх, цээжний баруун доод хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар тал/

* Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр тал/ 
* Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12 дугаар тал/ 
* Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Алаг-Уул багийн засаг даргын 2016 оны 11 сарын 22-ны өдрийн 1/41 дугаартай тодорхойлолт /хх-ийн 76 дугаар тал/ 
* С.Нямжанцангийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78, 79 дүгээр тал/ 
* Т.Лхагвасүрэнгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 83, 84 дүгээр тал/ 

Шүүгдэгч С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн нар нь бүлэглэн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Өлзийт баг, Өлзийтийн 13-08 тоотод байх иргэн Н.Энхжаргалын гэрт “Н.Энхжаргал нь урьд Чулууннасанг зодож байсан” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Н.Энхжаргалыг зодож, түүний бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Энхжаргалын “...Нямжанцан шууд миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж авсан, миний хөмсөгнөөс цус гойжсон. Тэгтэл Лхагвасүрэн миний хажуу талаас 10-ын сав барьж аваад бие рүү цохихоор нь би гараараа 2 удаа хаасан, дараа нь толгойдоо нэг удаа хааж чадалгүй 10-ын саваар цохиулсан. Тэгтэл төмөр тогоо барьж аваад миний толгой руу нэг удаа цохиж авсан би тогоогоор цохиход нь бага зэрэг хамгаалсан, тэгтэл дахин манай гэрийн цагаан өнгийн төмөр данхыг барьж аваад над руу шидсэн...” гэх мэдүүлэг, гэрч Э.Хатанболдын “...Лхагвасүрэн нь аавыг гараараа цохиж аваад Нямжанцан, Лхагвасүрэн 2 ээлжпээд аавыг зодоод эхэлсэн. Лхагвасүрэн нь 10-ын сав, тогоо данх зэрэг зүйлээр аавын толгой руу цохиж авсан. Тэгээд аавын толгойноос цус гараад байсан би тэр хоёрыг болиочээ гэж хэлтэл Лхагвасүрэн нь намайг барьж аваад боогоод газарт ухаан алдуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Мөнхболдын “...Лхагваа гэдэг ах данх барьж байгаад аавын толгой руу 2 удаа цохиж авсан. Тэгээд аав цагдаа дуудах гээд гар утсаараа ярьтал Лхагваа ах аавын гар руу хөлөөрөө нэг удаа өшиглөж зодсон....” гэх мэдүүлэг, гэрч П.Ууганбаяр, Б.Ганбаатар, Б.Аззаяа, С.Оюунтогтох, В.Даваадорж, П.Тамир, Ж.Одончимэг, Ч.Бямбасүрэн, Н.Мөнхбаяр, Г.Лхааноров нарын мэдүүлэг, хохирогч Н.Энхжаргалын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 дугаартай шинжээчийн дүгнэлт,  шүүгдэгч Т.Лхагвасүрэн, С.Нямжанцан нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн бүрдэл хангагдсан шүүхээс шүүгдэгч Т.Лхагвасүрэн, С.Нямжанцан нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэх оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч Н.Энхжаргал нь гомдол саналгүй нэхэмжлэхгүй зүйлгүй болсон талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар хүндэвтэр гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Иймд шүүгдэгч Т.Лхагвасүрэн, С.Нямжанцан нарын үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа,  анх удаа хүндэвтэр төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг ял оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, тэдний хувийн байдлыг харгалзсан нийгмээс тусгаарлахгүйгээр албадан ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв. 
Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан тогоо 1 ширхэг, данх 1 ширхэг, 10 литрийн сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Өлзийт баг Өлзийт 13-08 тоотод оршин суух Н.Энхжаргалд буцаан олгох нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Т.Лхагвасүрэн, С.Нямжанцан нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Алаг-Уулынхан овогт Сандагийн Нямжанцан, Гооргой овогт Тамирын Лхагвасүрэн нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Т.Лхагвасүрэнг 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар,  шүүгдэгч С.Нямжанцанг 300 /гурван зуу/ цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Т.Лхагвасүрэн, С.Нямжанцан нар нь албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар эдлээгүй үлдсэн ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоног баривчлах ялаар тооцож солихыг дурдсугай. 
 
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тогоо 1 ширхэг, данх 1 ширхэг, 10 литрийн сав 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Н.Энхжаргалд буцаан олгосугай. 

5. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй,  шүүгдэгч С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Нямжанцан, Т.Лхагвасүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Шүүгдэгч нар, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                П.ГАНДОЛГОР