Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2021/03893

 

 

 

 

 

 

 

 

2021 11 29 101/ШШ2021/03893

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 27-р хороо, Дунд Дарь Эх, 36-р гудамж, 1866 тоотод оршин суух, Сандагсүрэнгийн Тамирын /РД: ЦА76012376, утасны дугаар 88993124/ нэхэмжлэлтэй

Батжаргалын Даваасүрэнг /РД: РГ89092502/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Тамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

С.Тамир миний бие 2017 оны 5 сарын 29-ний өдөр Б.Даваасүрэнд 3.500.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлүүлсэн. Хүү нь 560.000 төгрөг болсон ба мөнгөө төлөөгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд өдрийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон.

Нийт 4.060.000 төгрөг болсноос 2.458.000 төгрөгийг төлсөн. 1.602.000 төгрөгийг төлөөгүй үлдсэн ба үүний алданги 801.000 төгрөг бөгөөд зээлийн хугацаа дууссан боловч үлдэгдэл 2.403.000 төгрөгийг одоо хүртэл төлөхгүй байгаа.

Одоо түүний оршин суух хаяг нь тодорхой бус хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Тамир нь Б.Даваасүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.

/ХХ-ийн 4 дүгээр тал/

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 9 сарын 23-ны өдрийн 10457 дугаар захирамжаар Б.Даваасүрэнд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2.403.000 төгрөг гаргуулах тухай С.Тамирын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч Б.Даваасүрэн Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, 21-р хороолол, Толгойт гудамж, 32а байр, 40 тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй үндэслэлээр хариуцагчийн хаяг тодорхойгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

/ХХ-ийн 5, 15-17 дугаар тал/

 

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 19435 дугаар захирамжаар бүртгэлийн байгууллагаас Батжаргалын Даваасүрэнгийн /РД: РГ89092502/ оршин суух хаягийн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.

Б.Даваасүрэнгийн хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2021 оны 11 сарын 17-ны өдрийн лавлагаанд түүнийг Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, 21-р хороолол, Толгойт гудамж, 32а байр, 40 тоотод оршин суух бүртгэлтэй гэжээ.

/ХХ-ийн 10-11, 20 дугаар тал/

 

Нэхэмжлэлд хавсаргасан Б.Даваасүрэнгийн иргэний үнэмлэхийн хуулбарт түүний хаягийг Сонгинохайрхан дүүрэг, 19-р хороо, 21-р хороолол, 41-р байр, 9 тоот гэж тусгасан байх ба уг хаягаар нь мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Сонгинохайрхан дүүргийн 19-р хорооны засаг дарга дээрх хаяг тус хороонд байхгүй талаарх тодорхойлолт ирүүлсэн байна.

/ХХ-ийн 6, 12-14 дүгээр тал/

 

Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Батжаргалын Даваасүрэнгийн /РД: РГ89092502/ хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч С.Тамир өөрийн эзгүйд шүүх хуралдаан хийх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Батжаргалын Даваасүрэнг /РД: РГ89092502/ эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Батжаргалын Даваасүрэнг /РД: РГ89092502/ эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч С.Тамирын улсын тэмдэгтийн хураамжинд урьд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН