| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/04886/И |
| Дугаар | 101/ШШ2021/03803 |
| Огноо | 2021-11-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 11 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2021/03803
2021 11 22 101/ШШ2021/03803
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Б.Доржийн гудамж, Цайз 13292 тоот, Огоот ХХК-ийн /РД: 2729121, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, утасны дугаар 99043061, гүйцэтгэх захирал Б.Батсүх, утасны дугаар 99992537/ нэхэмжлэлтэй
Товуугийн *******ийг /РД: ГЕ80020513/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Огоот ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батсүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус компанид хүнд даацын авто машины жолоочоор ажиллаж байсан Т.******* нь 2019 оны 6 сарын 28-ны өдөр Өмнөговь аймагт ачаа хүргэчихээд Улаанбаатар хот руу буцах замдаа Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт 1 дүгээр багийн нутаг Самбартай хөтөл гэх газарт Огоот ХХК-ийн эзэмшлийн фав маркийн 1037 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-т заасан Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн.
Т.*******ийг бусдын эрүүл мэнд болон эд хөрөнгөнд хохирол учруулсан үйлдэлд буруутайд тооцон, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
Жолооч Т.*******ийн буруутай үйлдлээс бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд 23.396.071 төгрөг, компанийн эзэмшлийн авто машинд 1.988.000 төгрөг, нийт 25.384.071 төгрөгийн хохирол учирсныг компани 100 хувь төлж барагдуулсан бөгөөд Т.*******ийн оршин суух харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад түүнийг бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй гэсэн. Т.*******ийн оршин суугаа хаяг тодорхой бус тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү.
Т.******* нь сүүлд 0293 УНГ дугаартай, цэнхэр өнгийн машинаар ачаа зөөгөөд явж байна гэсэн. Уг машин түүний өөрийнх нь эсэхийг мэдэхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Огоот ХХК нь Товуугийн *******д холбогдуулан төлбөр шаардсан нэхэмжлэл гаргах зорилгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргажээ.
/ХХ-ийн 5-8 дугаар тал/
Огоот ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, 21-р хороолол, Хүнс трейд 6а байр, 6 тоотод оршин суух Т.*******д холбогдуулан гэм хорын хохирол 25.384.071 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.
Т.******* нь нэхэмжлэлд дурдсан дээрх хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй тул мөн шүүхийн шүүгчийн 2021 оны 9 сарын 27-ны өдрийн 10592 дугаар захирамжаар Огоот ХХК-ийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байна.
/ХХ-ийн 11-12 дугаар тал/
Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 сарын 22-ны өдрийн 17960 дугаар захирамжаар бүртгэлийн байгууллагаас Товуугийн *******ийн оршин суух хаягийн талаарх лавлагааг нотлох баримтаар гаргуулахаар шийдвэрлэжээ.
Т.*******ийн оршин суух хаягийн талаарх бүртгэлийн байгууллагын /Хур систем/ 2021 оны 10 сарын 27-ны өдрийн лавлагаанд түүнийг Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, 21-р хороолол, Хүнс трейд 6а байр, 6 тоотод оршин суух бүртгэлтэй байна гэжээ.
/ХХ-ийн 19-21 дүгээр тал/
Сонгинохайрхан дүүрэг, 27-р хороо, 21-р хороолол, Хүнс трейд 6а байр, 6 тоот хаягт Т.******* бүртгэлтэй боловч оршин суудаггүйг харьяалах хорооны засаг дарга нь дахин тодорхойлсон байна.
/ХХ-ийн 17-18 дугаар тал/
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Анчин овогт Товуугийн *******ийн /РД: ГЕ80020513/ хаяг тодорхой бус байх тул түүнийг эрэн сурвалжлах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Анчин овогт Товуугийн *******ийг /РД: ГЕ80020513/ эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Товуугийн *******ийг /РД: ГЕ80020513/ эрэн сурвалжилж оршин суугаа газрыг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газарт /хэлтсүүдэд/ даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Огоот ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд урьд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.САРАНГҮН