Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2021/01585

 

 

 

 

 

 

 

 

2021 оны  08 сры    18 өдөр

                         181/ШШ2021/01585

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П Б  ХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш  ХХК ,

Хариуцагч: Э В С  ХХК -д тус тус холбогдох

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Э Ц   ХХК

П Б  ХХК, Ш  ХК, Э В С  ХХК-иудын хооронд байгуулагдсан 2 дугаартай Гэрээний үүрэг шилжүүлэх хэлцэлээс татгалзах, хариуцагч Ш  ХХК-иас 1,499,969,264 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагч Ш  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “П Б  ХХК, Ш  ХХК, Э В С  ХХК нарын хооронд байгуулагдсан 2 дугаартай гэрээний үүрэг шилжүүлэх хэлцлээс татгалзаж П Б  ХХК, Ш  ХХК-ийн хооронд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 01/02 дугаартай Өрөмдлөг, Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч Ш  ХХК-аас 1,499,969,264 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

П Б  ХХК нь Ш  ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/02 дугаартай Өрөмдлөг, Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулан өрөмдлөгийн хөлсийг тууш метрт 10,000 төгрөг, тэсэлгээний хөлсийг м.куб нь 1,100 төгрөг байхаар харилцан тохиролцож 2018 оны 11 дүгээр сард ажлыг бүрэн гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Ажлын хөлс нь нийтдээ 999,979,509 төгрөг болсон ба уг үнийн дүнд талууд маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг. Хүлээн зөвшөөрсөн учраас гэрээний төлбөрийг хэрхэн яаж төлөх талаар ярилцаж 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаартай гэрээний үүрэг шилжүүлэх хэлцэл байгуулсан. Уг хэлцлээр барьцаа хөрөнгө байршуулаад Э В С  ХХК нь 999,979,509 төгрөгийг П Б  ХХК-д төлөх, хэрэв хугацааны хоцрогдолд орж төлж чадахгүй нөхцөл байдал үүсэх юм бол Ш  ХХК графикийн дагуу төлж барагдуулахаар тохиролцсон.

Уг хэлцлээр тохирсон төлбөрийг Э В С  ХХК төлөөгүй, мөн Ш  ХХК төлбөрийг төлөхтэй холбоотой ямар нэг арга хэмжээ аваагүй. Тус хоёр компаниас шаардаад төлөхгүй байсан тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Хэлцлийн 1.5-д төлбөрийг 1.4-т заасан графикийн дагуу хугацааны хоцрогдол үүссэн нөхцөлд Э В С  ХХК-аас үлдсэн төлбөрийг Ш  ХХК нь 1.4-т заасан графикийн дагуу бүрэн хариуцаж барагдуулна гэж тохирсон ч уг үүргээ Ш  ХХК биелүүлээгүй. Хэлцлийн 1.3 дахь хэсэгт Э В С  ХХК төлбөрийг төлж барагдуулж дууссаны дараа барьцаа хөрөнгө болох компанийг газрын хамт Э В С  ХХК-д бүрэн шилжүүлэх нөхцөлтэйгөөр энэхүү хэлцлийг байгуулав гэх байдлаар газартай холбоотой асуудлыг тохиролцсон. П Б  ХХК нь ямар ч компани болон газрын эрхийг шилжүүлэн аваагүй ч гэсэн буцаан шилжүүлэн өгөх ажлыг зохион байгуулахад татгалзах зүйлгүй. Хэлцлийн 1.4 дэх хэсэгт 2020 оны 01 дүгээр сард 150,000,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сард 150,000,000 төгрөг, 2020 оны 03 дугаар сард 200,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сард үлдэгдэл 499,979,509 төгрөгийг бүрэн барагдуулна гэж тохиролцсон.

Анх байгуулагдсан өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээгээр талууд алдангийг тохиролцсон. Гэрээний 4.6 дахь хэсэгт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд 50 хувийг тооцоолж үзэхээр 499,989,755 төгрөг болж байна. Ажлын хөлс 999,979,509 төгрөг дээр алданги 499,989,755 төгрөгийг нэмж нийт 1,499,969,264 төгрөгийг Ш  ХХК-аас гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү ” гэв.

 

Хариуцагч Ш  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ш  ХХК 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/02 дугаартай Өрөмдлөг, Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 999,979,509 төгрөгийн өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэхээр тохиролцсон. Өрөмдлөг, Тэсэлгээний гэрээг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 3 талаас харилцан тохиролцоод гэрээний үүрэг шилжүүлэх гэрээг байгуулсан. Гэрээний үүрэг шилжүүлэх гэрээний 1.1 дэх хэсэгт П Б  ХХК нь Ш  ХХК-тай тооцоо хийгээд 999,979,509 төгрөгийг Э В С  ХХК-аас нэхэмжлэхээр тохиролцсон. Иймээс 999,979,509 төгрөгийг графикийн дагуу төлөх үүрэг Э В С  ХХК-д шилжсэн.

Гэрээний үүрэг шилжүүлэх гэрээг байгуулахдаа 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Арцатын аманд байрлах газрыг шилжүүлж өгсөн. Одоо газар нэхэмжлэгч талын эзэмшилд байгаа, тухайн газар нэхэмжлэгч талын нэр дээр хүчин төгөлдөр байна гэдэг баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Мөн хэлцлүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Ш  ХХК гэрээний үүргээ шилжүүлсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч гэрээ байгуулаад албан ёсоор төлбөр төлөх үүргийг Э В С  ХХК-д шилжүүлж байгааг хүлээн зөвшөөрсөн.

Э В С  ХХК төлбөрийг яагаад төлөөгүй талаар мэдэхгүй байна, гэхдээ Э В С  ХХК төлбөр төлөх үүргээ мэдэж байгаа мөн хариу тайлбарыг шүүхэд хүргүүлсэн байсан. Нэхэмжлэгч нь Ш  ХХК-аас газрыг шилжүүлж авсан, Э В С  ХХК-тай төлбөр тооцооны талаар тохиролцсон. Иймээс Ш  ХХК-ийн хувьд гэрээ дуусгавар болсон. Нэгэнт дуусгавар болсон гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Мөн талууд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн гэж үзэж байгаа тул алданги тооцож байгаа нь үндэслэлгүй байна, худалдах худалдан авах гэрээнд алдангийн талаар заагаагүй. Өрөмдлөг, Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ нь гэрээний үүрэг шилжүүлэх гэрээ, худалдах худалдан авах гэрээ байгуулснаар дуусгавар болсон. Дуусгавар болсон гэрээтэй холбоотойгоор алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Ш  ХХК-тай холбоотой 999,979,509 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байгаа тул Ш  ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

 

Хариуцагч Э В С  ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “Манай компани болох Э В С  ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ш  ХХК болон П Б  ХХК нарын хооронд байгуулагдсан Тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээт ажлын төлбөр болох 900 сая төгрөгийн биелэгдээгүй үүргийг бартер хэлбэрээр барагдуулах түүнийг нь манай компани Э Ц   ХХК-ийг Хятад сургууль нээх гэж буй хүнд зарж өгнө гэсэн тохиролцоотойгоор 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 02 дугаартай гэрээг байгуулсан. Гэвч гэрээ байгуулсанаас хойш нэг сарын дараа Ковид-19 цар тахал дэгдэж, сургууль байгуулах Хятад хүмүүс нь ирж чадалгүй өнөөг хүрээд байна. Энэхүү хугацаанд төлбөрт тооцож өгсөн Э Ц   ХХК-ийн нэр дээр байсан 3 га газар газрын эрх нь дуусч цуцлагдсан байсан. Энэхүү үйлдэл нь П Б  ХХК-ийн хариуцлагагүй үйлдлээс болж төлбөрт тооцож өгсөн газрын гэрчилгээ дуусаж түүнийг эзэмших эрх нь цуцлагдсан. Иймд Э В С  ХХК болон Ш  ХХК нар нь П Б  ХХК-д холбогдох төлбөрийг 100 хувь барагдуулсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ үүгээр мэдэгдэж байна” гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд  шүүхэд гаргасан тайлбартаа: “П Б  ХХК, Ш  ХХК, Э В С  ХХК нарын хооронд байгуулагдсан 2 тоот гэрээний үүрэг шилжүүлэх хэлцлээс татгалзаж П Б  ХХК, Ш  ХХК нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 01/02 тоот Өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч Ш  ХХК-аас 1,499,969,264 төгрөг гаргуулахыг шаардсан хэрэг маргаанд Э Ц   ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх ба дараах тайлбарыг гаргаж байна.

Э Ц   ХХК-ийг миний бие Б.Чинбатаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан бөгөөд тухайн компанийг худалдан авах ямар ч санаа зорилго байгаагүй, түр хугацаанд барьцаа хэлбэрээр шилжүүлэн өгч байгаа гэж тайлбарласан болно. Э В С  ХХК нь төлбөрийг төлж дуусгасан даруйд компанийг Э В С  ХХК-д шилжүүлэх ёстой байсан боловч Э В С  ХХК нь тогтоосон хугацаанд ямар ч төлбөр төлөөгүй байх тул Э Ц   ХХК-ийг шилжүүлэн авсан Б.Чинбат руу буцаан шилжүүлэн өгөхөд бэлэн байна.

Компанийн эрхийг барьцаа гэж шилжүүлэн авсан нь хууль зөрчсөн, үүргийн гүйцэтгэлийг хангах аргад компанийн эрхийг барьцаа болгон шилжүүлэн авах зүйл заалт байхгүй, компанийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч худалдан авсан ямар ч төлбөр төлөөгүй ба гэрээ хэлцлүүдийг дүр үзүүлэн байгуулсан байдаг. Цаашид шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй гэж үзэж байх тул намайг оролцуулахгүй хэргийг шийдвэрлэж өгнө үү ” гэв.

 

Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч П Б  ХХК нь хариуцагч Ш  ХХК, Э В С  ХХК-д холбогдуулан П Б  ХХК болон Ш   ХХК, Э В С  ХХК нарын хооронд байгуулагдсан Гэрээний үүрэг шилжүүлэх хэлцлээс татгалзаж, Ш  ХХК-аас 1,499,969,264 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Хариуцагч Ш   ХХК нь үүрэг шилжүүлэх хэлцлээр Э В С  ХХК-д үүрэг шилжсэн одоо төлөх төлбөргүй гэж, харуицагч Э В С  ХХК нь гэрээний төлбөрт газар тооцож өгсөн одоо төлөх төлбөргүй гэж тус тус маргасан.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

П Б  ХХК болон Ш   ХХК нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/02 дугаартай “Өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт орших 11281А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй чулуун нүүрсний уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажлыг Монгол Улсын  “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлийн эргэлтэд хяналт тавих тухай” хууль, “Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм”-г баримтлан гүйцэтгэхээр тохиролцож гэрээ байгуулжээ.

 

Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан хуулийн шаардлага хангасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.

 

Талууд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаартай “Гэрээний үүрэг шилжүүлэх хэлцэл” байгуулагдаж, уг хэлцлийн дагуу

1. П Б  ХХК нь Ш  ХХК-тай тооцоо нийлэн нийт 999,979,509 төгрөгийг Э В С  ХХК-аас нэхэмжлэх.

2. Э В С  ХХК нь П Б  ХХК-тай төлбөрийг хэсэгчилэн төлөх хугацаат график байгуулан дээрх үнийн дүнг бүхэлд нь төлөх, мөн барьцаа хөрөнгө байршуулах ба барьцаа хөрөнгө болох Арцатын задгай Аялал жуулчлал зорилгоор ашиглах 2015/563 тоот гэрчилгээ бүхий 3 га газрын үнэлгээ нь 999,979,509 төгрөг болно.

3. Гэрээний төлбөрийн үлдэгдлийн барьцаанд Хан-Уул дүүргийн Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалттай газар нутгийн Арцатын задгай Аялал жуулчлал зорилгоор ашиглах 2015/563 тоот гэрчилгээ  бүхий 3 га газрыг эзэмшигч компани болох Эрдэнэ Ганцамхаг ХХК-ийн хамт П Б  ХХК-ийн заасан хүнд шилжүүлэн өгөх түүнийг Э В С  ХХК төлбөрийг төлж барагдуулж дууссаны дараа барьцаа хөрөнгө болох компанийг газрын хамт Э В С  ХХК-д бүрэн шилжүүлэх нөхцөлтэйгөөр энэхүү хэлцэлийг байгуулав.

4.Төлбөрийг дараах графикийн дагуу төлнө

2020 оны 01 дүгээр сард 150,000,000 төгрөг

2020 оны 02 дугаар сард 150,000,000 төгрөг

2020 оны 03 дугаар сард 200,000,000 төгрөг

2020 оны 04 дүгээр сард үлдэгдэл 499,979,509 төгрөгийг бүрэн барагдуулна.

5. Төлбөрийг 1.4-т заасан графикийн дагуу хугацааны хоцрогдол үүссэн нөхцөлд Э В С  ХХК-аас үлдсэн үлдэгдэл төлбөрийг Ш  ХХК нь 1.4-т заасан графикийн дагуу бүрэн хариуцаж барагдуулна гэж тус тус тохиролцжээ.

 

Дээрх гэрээг холимог гэрээ гэж үзэх бөгөөд уг гэрээний агуулга, мөн чанарыг үзэхэд:

 П Б  ХХК нь Ш  ХХК-тай тооцоо нийлэн нийт 999,979,509 төгрөгийг Э В С  ХХК-аас нэхэмжлэх тохиролцоо нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан шаардах эрх шилжүүлэх хэлцэл гэж үзэх бөгөөд гэрээний 4.5-д заасан тохиролцоо нь болзол тавьж хийсэн хэлцэл гэж үзэх бөгөөд гэрээний шинж агуулгаас үзэхэд холимог гэрээ байгуулжээ.

 

Мөн, гэрээний 1.2 дахь заалтад Арцатын задгай Аялал жуулчлал зорилгоор ашиглах 2015/563 тоот гэрчилгээ бүхий 3 га газрыг барьцаа болгож өгөхөөр заасан бөгөөд  Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших эрхийг барьцаалах эрхтэй, харин газар ашиглах эрх нь барьцааны зүйл болохгүй тул гэрээний 1.2-д заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчсөн тул хүчин төгөлдөр бус байна.

 

Дээрхи хэлцлийн 1.3-д зааснаар гэрээний төлбөрийн үлдэгдлийн барьцаанд Хан-Уул дүүргийн Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалттай газар нутгийн Арцатын задгай Аялал жуулчлал зорилгоор ашиглах 2015/563 тоот гэрчилгээ  бүхий 3 га газрыг эзэмшигч компани болох Эрдэнэ Ганцамхаг ХХК-ийн хамт П Б  ХХК-ийн заасан хүнд шилжүүлэн өгөх түүнийг Э В С  ХХК төлбөрийг төлж барагдуулж дууссаны дараа барьцаа хөрөнгө болох компанийг газрын хамт Э В С  ХХК-д бүрэн шилжүүлэх нөхцөл нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан фидуцийн гэрээний шинжийг агуулж байх боловч фидуцийн гэрээний зүйл нь хөдлөх эд хөрөнгө байна.

 

Талуудын тохиролцооны агуулга нь хуульд нийцэхгүй ашиглах эрхтэй газрын барьцаалах зорилготой байсан бөгөөд уг төлбөр тооцоо дуусмагц Э В С  ХХК-д шилжүүлэх, хязгаартайгаар ашиглах тохиролцоо байсан гэж үзэхээр байна.

 

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, Д.Ганзоригийн нэр дээр шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна.

 

Талууд ажил гүйцэтгэх гэрээний  хөлсийг төлөхөөр газрыг барьцаа болгох зорилготой байсан бөгөөд ашиглах эрхтэй газрыг барьцаалах боломжгүй тул компанийн хувьцааг худалдан, эрхийг шилжүүлжээ. Гэрээний агуулгаас харахад компани шилжүүлэх хүсэл зориг байгаагүй ба газар нь компанийн нэр дээр бүртгэлтэй тул 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулсан, хүчин төгөлдөр бус хэлцэл байгуулжээ.

 

Мөн, Хариуцагч нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг Хан-Уул дүүргийн Богдхан уулын ДЦГ тусгай хамгаалттай газар нутгийн Арцатын задгай Аялал жуулчлал зорилгоор ашиглах 2015/563 тоот гэрчилгээ  бүхий 3 га газрыг шилжүүлэх замаар төлсөн гэж тайлбарлах боловч уг газар нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор баталсан тусгай хамгаалалттай газрын хил заагийг дамнасан, 2018 оноос хойш газрын төлбөрийг төлөөгүй тул ажил гүйцэтгэх гэрээний хөлсөд тооцох боломжгүй доголдолтой гэж үзнэ. /хх-ийн 105 дугаар тал/

 

Дээрхи тохиролцоо нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус, мөн газар нь эрхийн доголдолтой байх тул 56.5-д зааснаар үр дагавар арилгах хуулийн зохицуулалттай.

 

Гэтэл, Э Ц   ХХК нь нэг гишүүнтэй бөгөөд тус компанийн 100 хувь хувьцааг эзэмшигч иргэн Б.Чинбат нь хэргийн оролцогч биш, мөн бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э Ц   ХХК-ийг хариуцагч Ш   ХХК болон Э В С  ХХК-д шилжүүлэх боломжгүй тул компанийг буцаан шилжүүлэх замаар үр дагавар арилгах боломжгүй байна.

 

Иймд, Б.Чинбат нь Э Ц   ХХК-ийг шилжүүлэн нэхэмжлэл шүүхэд гаргахад уг шийдвэр саад болохгүй бөгөөд Д.Ганзориг нь Э Ц   ХХК-ийг шилжүүлэх өгөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заажээ.

 

Хариуцагч Э В С  ХХК нь 999,979,509 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул талуудын хооронд байгуулсан гэрээний 1.5-д зааснаар хариуцагч Ш   ХХК төлөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хариуцагч Ш  ХХК болон Э В С  ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, хүлээсэн үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаартай “Гэрээний үүрэг шилжүүлэх хэлцэл”-ээс татгалзах шаардлага гаргасан нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх хуулийн зохицуулалттай боловч Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2 дугаартай “Гэрээний үүрэг шилжүүлэх хэлцэл”-ийг Э Ц   ХХК-ийг шилжүүлсэн хэсэг хүчин төгөлдөр бус байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг хэрэглэх боломжгүй байна.

 

П Б  ХХК болон Ш  ХХК нарын хооронд 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 01/02 дугаартай “Өрөмдлөг, тэсэлгээний ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу шаардах эрх үүсч байгаа бөгөөд уг гэрээний хөлс 999,979,509 төгрөгт талууд маргаагүй, тооцоо нийлсэн болох нь талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрт орших 11281А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй чулуун нүүрсний уурхайн өрөмдлөг, тэсэлгээний ажлын хөлс 999,979,509 төгрөгийг хариуцагч Ш   ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч П Б  ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж, талуудын хооронд байгуулсан гэрээний 4.6-д “... хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алдангийг гүйцэтгэгч тал төлнө” гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлөх үүрэгтэй байсан бөгөөд гүйцэтгээгүй үүрэг 999,979,509 төгрөгийн үнийн дүнгээс алданги төлөх үүрэгтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хөлс 999,979,509 төгрөгийн 50 хувь буюу 499,989,754 төгрөг шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Э В С  ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлбөрийг төлсөн бол алданги, газартай холбоотой үр дагавар үүсэхгүй бөгөөд хариуцагч Ш   ХХК нь Э В С  ХХК-аас хохирол шаардахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан, мөн хариуцагч Э В С  ХХК нь үүрэг шилжүүлэх хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцах төлбөргүй тул хариуцагч Э В С  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иймд, хариуцагч Ш   ХХК-аас 1,499,969,264 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П Б  ХХК-д олгож, хариуцагч Э В С  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

 

Нэхэмжлэгч П Б  ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

            Хариуцагч нь Ш   ХХК нь шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авдаг боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй тул 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр “Хариуцагчийг албадан ирүүүлэх тухай” захирамж гаргаж, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг гүйцэтгэсэн.

 

            2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд талууд хүсэлт гаргаж шүүх хуралдаан хойшилсон, 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд Б.Баатарсайхан өмгөөлөгчийн хурал давхацсан тул шүүх хуралдааныг хойшлуулсан, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан Б.Баатарсайхан өмгөөлөгчийн 2 туслах ковид 19 өвчний шинжилгээ эерэг гарсан гэх шалтгаанаар шүүх хуралдаан хойшилсон, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаан талуудын хүсэлтээр хойшилсон, 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаан Б.Баатарсайхан өмгөөлөгчийн ойрын хамаатан нас барсан гэж хойшилсон байна.

 

            2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Баатарсайхан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх хариуцагчийн төлөөлөгч М.Цэндсүрэнг Б.Баатарсайхан өмгөөлөгчтэй утсаар холбогдуулан давхардсан шүүх хуралдаан байгаа эсэхийг тодруулахад “давхардсан хурал байхгүй, шүүх хуралдаан товлох боломжтой тухай мэдэгдсэн” тул шүүх хуралдааныг товлосон. Гэтэл, өмгөөлөгч Б.Баатарсайхан нь 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст гарын үсэг зурахдаа хурал давхардсан талаар тэмдэглэж, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүхэд баримтаар ирүүлсэн байна.

           

Хариуцагчийн төлөөлөгч М.Цэндсүрэн нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...давхардсан хурал байхгүй гэж хэлсэн” гэж тайлбарласан бөгөөд Б.Баатарсайхан өмгөөлөгч нь шүүх хуралдааныг хойшлуулах зорилгоор зориуд шүүх хуралдааны товыг давхцуулсан гэж үзсэн тул шүүх түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 61 дүгээр зүйлийн 61.1, 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2 дугаартай “Гэрээний үүрэг шилжүүлэх хэлцэл”-ийн 2, 3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хариуцагч Ш  ХХК-аас 1,499,969,264 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П Б  ХХК-д олгож, хариуцагч Э В С  ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,815,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш   ХХК-аас 12,815,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэрийг 14 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй ба хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ЭНХБАЯР