Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1902

 

 

 “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01421 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Б” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт 56 298 600 төгрөг, алданги 56 242 301 төгрөг, нийт 112 540 901 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 358 396 227 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Гэрээний үүргийн торгууль 27 657 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н” ХХК болон “Б" ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Doosan 500 маркын 26-06 УБ улсын дугаартай экскаватор, Doosan 470 маркийн 12-08 УБ улсын дугаартай экскаваторыг 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түрээслэх гэрээг байгуулсан. Гэрээний хугацааг 6 сараар сунгаж, дээрх хоёр экскаватораас гадна нэг экскаватор, 2 ширхэг ковш, 6 ширхэг авто самосмалуудыг түрээслүүлэхээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. “Б” ХХК нь тооцоо нийлснээс хойш 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 333 хоног гэрээний үүргээ биелүүлээгүй тул гүйцэтгээгүй үүрэг болох 56.298.600 төгрөг, алданги, төлбөр 56 242 301 төгрөг нийт 112 540 901 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагч талын Ерөнхий захирал С.Эрдэнэбаатар болон Б.Дагвадорж нар нь утсаа авахгүй төлбөр тооцоог хэзээ барагдуулах тухай ярихгүй байгаад гомдолтой байна. Нэмэгдүүлсэн шаардлагаар түрээсийн гэрээ байгуулан хамтран ажиллах хугацааны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 40 хоногийн хугацаанд газрын хөрс хуулах зөвшөөрөл авч өгөхгүй байсантай холбоотой ажил саатаж, машин механизмын түрээсийн төлбөр 279 600 000 төгрөг, жолооч нарын цалин хөлс манай компаниас гарч нийт 302 097 627 төгрөгийн хохирол учирсан. Алдангийг хоногийн 0.3 хувиар тооцсон, цаг хугацаанд төлбөр тооцоог төлсөн бол 26 000 000 төгрөгийн алданги тооцуулахгүй, мөн ажилчдын цалинг олгохын тулд өндөр хүүтэй зээл авсан, 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 4 дүгээр сарын 20-ны хооронд нийт ажилчдын цалин 22 497 697 төгрөг болсон. Бид бас энэ хугацаанд ажил хийж байсан бол 279 600 000 төгрөгийн орлого олох байсан ч хүлээж бай гээд хохирсон тул 358 396 227 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК, Таван толгой компаниас хөрс хуулалтын ажил авч, тодорхой компаниудаас хүнд машин механизмын түрээсийн гэрээ байгуулан хамтран ажилладаг. “Н” ХХК-тай 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэрээ байгуулсан, 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дууссан. Гэрээнд талууд маргаагүй. Гэрээний хугацааг сунгаж нэмэлт өөрчлөлт оруулахдаа хоёр экскаватор, дахин нэг экскаватор, 2 ширхэг ковш, 6 ширхэг авто самосмал түрээслэсэн. Манай компани түрээсийн төлбөр тооцоог цаг тухайд нь төлж барагдуулж байсан. Өр төлбөр байхгүй байсан учраас 2 сарын сүүлээр машин техникүүдээ татаж дуусгасан байдаг. Нэхэмжлэлд 56 298 600 төгрөгийг гэрээний үүргийн гүйцэтгэлд, 56 242 301 төгрөгийг алданги тооцож нэхсэн. Гэрээгээр хүлээсэн үүргээ бид хүлээсэн. Нэхэмжлэгч тал алданги нэхэмжлэх гэж байгаа бол алданги тооцохоор байгуулсан гэрээ нь Иргэний хуульд заасан шаардлагыг хангаагүй. 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан үндсэн гэрээ, нэмэлт гэрээнд алданги тусгаагүй байна. Бид алданги 56 232 301 төгрөг, үүргийн гүйцэтгэлд 56 298 600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэмэгдүүлсэн шаардлагыг хэдэн төгрөгөөр яаж нэмэгдүүлээд байгаа нь тодорхойгүй. Үндсэн нэхэмжлэл 112 540 901 төгрөг гаргуулах, нэмэгдүүлсэн шаардлагад 302.097.627 төгрөг байна. Одоо нийт үнийн дүнгээ 358 396 227 төгрөг гэж байна. Нэмэгдүүлсэн шаардлагаа ямар үндэслэлээр нэхэмжилж байгаагаа хуульд дурдаагүй байсан. Гэрээгээр харилцан тохиролцсон, хуульд заасан үндэслэл байх ёстой. Ямар хохиролд хүргэсэн, хохирол үүсэх ямар үндэслэл бий болсон зэргийг дурдаагүй байна. 2017 оны 03 дугаар сард нэхэмжлэгч ажлын байраа орхин явсан байсан учраас хохирол учирсан байх үндэслэлгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрсдийнх нь бодож гаргасан тооцоолол, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хангалттай тодруулаагүй байна. Нэхэмжлэгч талаас тооцоо нийлсэн акт байгаа, энэ тооцооллыг өөрсдөө бодож гаргасан. Хариуцагч тал тооцоог хүлээн зөвшөөрөхгүй. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байсан. Талууд гэрээ байгуулагдсанд маргаагүй. Иргэний хуулийн 236.1.1-д заасны дагуу төлбөр тооцоогоо хийж дуусгасан. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтаар тогтоогдохгүй, үндэслэлгүй байна. Ажилчдын хөдөлмөрийн гэрээг үзэхэд хаана ямар ажил гүйцэтгүүлсэн, сул зогсолтын үед цалинг яаж тооцож олгох, ямар компанийн ажлыг гүйцэтгэх болсон нь тодорхойгүй. Ажилчид хаана, ямар ажлын цалин хөлс олгосон нь мэдэгдэхгүй тул гаргуулах боломжгүй. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар уу, гэрээнд дурдсан үндэслэлээр хохирол нэхэмжлээд байна уу гэдэг нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлд зааснаар хохирол нэхэмжилж байгаа бол, гэрээний ямар үүргийг зөрчсөн зэрэг нотлох баримт хангалтгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-иас 56 298 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, үлдэх нийт 358 339 928 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.5-д зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-иас 27 657 000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Б” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 439 443 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгож, хариуцагч “Б” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 439 443 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Н ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 296 250 төгрөгийг гаргуулж, “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгч "Н" ХХК нь “Б” ХХК тус компанид 56 298 600 төгрөгийн өр, төлбөртэй гэдгийг тооцоо нийлсэн актаар тогтоогдож байгаа хэмээн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан. Уг тооцоо нийлсэн актад "Н" ХХК-ийн нягтлан бодогч гарын үсэг зурсан, хариуцагч талын ямар ч эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зураагүй байдаг. Тооцоо нийлсэн, төлбөрийн үлдэгдэлтэй талаар өөр нотлох баримт байхгүй. Харин "Б" ХХК төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог тул шүүгчийг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй үнэлж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй ба шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-иас 56 298 600 төгрөг гаргуулж...” гэх хэсгийг хүчингүй болгож, үлдэх хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

            Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч “Б” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 56 298 600 төгрөг, алданги 56 242 301 төгрөг, нийт 112 540 901 төгрөг гаргуулахаар шаардсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 302 097 627 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргийн торгууль 27 657 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. 

 

Анхан шатны шүүх 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулсанаас хойш хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хариуцагч талд танилцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж үзэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчжээ.  

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

           

            Нөгөө талаар, шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчүүдийг асуусан байх боловч давж заалдах шатны шүүхээс тухайн гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт хийх боломжгүй. Учир нь гэрчүүдийг асуусан тэмдэглэлд гараар бичсэн засвар, өөрчлөлтүүд орсон, уг засварыг хэн хийсэн нь тодорхойгүй байгааг хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан гэрчийн мэдүүлэг гэж үзэж, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

 

Анхан шатны шүүхийн гаргасан дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2018/01421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                             ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ