Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2024/00273

 

                                                      Ц.Өын нэхэмжлэлтэй иргэний

                                                                         хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэрийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/02239 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01532 дугаар магадлалтай,

Ц.Өийн нэхэмжлэлтэй

“Б” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 19,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 19,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/02239 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК 19,050,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Өд олгон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК улсын тэмдэгтийн хураамжид 253,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Өд олгож шийдвэрлэсэн.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 210/МА2024/01532 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/02239 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр магадлал нь 2016 оны 03 дугаартай Улсын дээд шүүхийн “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд”-аас хуулийг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн тул хяналтын журмаар гомдол гаргав.

Талуудын хооронд 2022.11.01-ний өдөр Баянзүрх дүүргийн ...-р хороо, аманд баригдах 24.29 м2 хэмжээтэй С хэсгийн ... тоот мини амины орон сууцыг захиалгаар бариулах гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу захиалгын орон сууцны нийт үнэ 70,000,000 төгрөг ба урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Ц.Ө нь 2022.11.01-ний өдөр 9,000,000 төгрөг, 2022.11.18-ны өдөр 4,000,000 төгрөг, 2022.12.01-ний өдөр 3,500,000 төгрөг, 2022.12.30-ны өдөр 3,500,000 төгрөгийг тус тус төлсөн үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогддог. Дээрх нөхцөл байдлаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн ба анхан болон давж заалдах шатны шүүх үүнийг худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж буруу тогтоосныг залруулах нь зүйтэй гэж үзэж байгаа болно.

Нэхэмжлэгч Ц.Ө нь гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг шилжүүлснээс хариуцагч тал 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн тул үлдэгдэл 15,000,000 төгрөгийг хариуцагч буцаан шилүүлэхийг хүлээн зөвшөөрсөн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан гэрээнээс татгалзсаны үр дагавар нь талууд өгсөн, авсан зүйлээ буцаах /хүсэл зоригоо буцаах/ харилцаа үүсдэг. Улмаар талуудын шилжүүлсэн зүйлийн үр дүнд нэг тал нь ашиг олсон бол түүнийг мөн нөгөө талдаа буцаах үүрэгтэй. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлын хүрээг мөн хуулийн 227.3 дахь хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс татгалзсантай холбоотой учирсан хохирол нь гэрээний талуудад үүссэн бодит үр дагаврыг арилгах үүргийг хүлээхээр байна. Хэрэгт цугларсан баримтаар Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан хохирол тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан заалт байсаар байтал тус маргааны харилцааг гэрээ цуцалсантай адилтгаж алдангийн зохицуулалтыг хэрэглэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/02239 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 210/MA2024/01532 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,050,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 001/ШХТ2024/01252 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сын гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ.

ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

7. Нэхэмжлэгч Ц.Ө нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 19,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ “... Миний бие 2022.11.01-ний өдөр "Б" ХХК-тай амины орон сууц захиалгын гэрээ байгуулж, мини хаус хотхоноос С хэсгийн ...тоот 24,29 м.кв хэмжээтэй амины орон сууцыг 70,000,000 төгрөгөөр, ... 2022 оны 4 дүгээр улиралд багтаан бариулахаар тохиролцсон. ... нийт 20,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн. ... 2023 оны 8 сард энэ төсөл бүрэн зогсож, амины сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй болсныг гүйцэтгэгч талаас утасдаж мэдэгдсэн ... "Б" ХХК 2023 оны 9 сард 5,000,000 төгрөг, 2023 оны 10 сард 10,000,000 төгрөг, 2023 оны 11 сард 5,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхээр тохирсон боловч 5,000,000 төгрөгийг буцаан өгсөн. Гэрээнд заасны дагуу 5,000,000 төгрөгийг 2023.01.01-ний өдрөөс 2023.09.29-ний өдөр хүртэл хугацаа хоцроосон нийт 270 хоногт ногдох алданги 675,000 төгрөг, 15,000,000 төгрөгийг 2023.01.01-ний өдрөөс 2024.03.25-ны өдрийг хүртэл хугацаа хоцроосон. Иймд 450 хоногт ногдох алданги нийт 4,050,000 төгрөг үлдэгдэл 15,000,000 төгрөг, нийт 19,050,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж тодорхойлсон.

8. Хариуцагч “Б” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлдээ: “... Гэрээ хэрэгжих хугацаанд газрын маргаан үүсч төслийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч Ц.Ө гэрээнээс татгалзаж, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг буцааж өгөхөөр талууд харилцан тохиролцоод, 5,000,000 төгрөгийн буцаан төлөлтийг хийсэн. Үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд талууд өгсөн, авснаа буцаах тул алданги 4,050,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж тодорхойлсон.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ “... Хариуцагч орон сууцыг хүлээлгэж өгөх боломжгүй болсноос нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан байх ба хариуцагчаас 5,000,000 төгрөгийг 2023.09.30-ны өдөр буцаан шилжүүлсэн. ... нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д "Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй" гэж зааснаар гэрээнээс татгалзсан, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д "Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй" гэж зааснаар гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т гүйцэтгэгч нь ашиглалтад орох хугацаанаас хойшилсон тохиолдолд энэ гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг төлнө гэж заасан бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас гэрээний хугацаа дууссаны хойно нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсан байх тул нэхэмжлэгчийн алданги шаардсаныг буруутгах үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Магадлалын үндэслэлд “... Хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас төсөл зогсож, гэрээний харилцаа үргэлжлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн 15,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн. ... Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.3-т заасан алдангийн тохиролцоог үндэслэн хариуцагчаас алдангид 4,050,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй...” гэж дүгнэсэн.

11. Хоёр шатны шүүх хэргийн үйл баримтыг зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн зөрүүгүй тогтоож, эрх зүйн адил дүгнэлт хийн маргааныг шийдвэрлэсэн байх хэдий ч зохигчийн маргааны зүйл болсон Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гэрээнээс татгалзах тохиолдолд гэрээнд заасны дагуу анз гаргуулахаар шаардах эрхийн талаарх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлд хамаарч байна.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд 2022.11.01-ний өдөр Мини Хаус хотхонд амины орон сууц бариулахаар захиалгын гэрээ байгуулсан, гэрээний дагуу сууц барих боломжгүй болсноор захиалагч гэрээнээс татгалзаж урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан шаардсан, хариуцагч буюу гүйцэтгэгч тал болох "Б" ХХК нь 2023.09.29-ний өдөр 5,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримтуудыг тус тус зөв тогтоосон, зохигч энэ талаар маргаагүй. Харин захиалагч талын шаардсанаар 20,000,000 төгрөгөөс 5,000,000 төгрөгийг хугацаа хоцроон буцаан төлж, үлдэх хэсгийг төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүйгээс алданги  4,050,000 төгрөг шаардсан нь маргааны зүйл болжээ. Хоёр шатны шүүх анзыг гэрээнд заасан гэж дүгнэн хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргажээ.

Тодруулбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С талууд гэрээнээс татгалзсан бол гагцхүү хохирол шаардах эрхтэй бөгөөд нэгэнт гэрээнээс татгалзаж байгаатай холбогдуулан анз гаргуулах гэрээний заалтыг хэрэглэх боломжгүй гэх агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан нь хяналтын шатны шүүхээс дүгнэвэл зохих хууль хэрэглээний маргаан болжээ.

13. Хоёр шатны шүүх дээрх маргааныг шийдвэрлэхдээ зохигч гэрээнээс татгалзсан хэдий ч гэрээний дагуу анз гаргуулах заалтыг хүчин төгөлдөр гэх агуулгаар тайлбарлаж маргааныг шийдвэрлэснийг залруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, алдангид 4,050,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон байдлаас үзвэл нэхэмжлэгч уг мөнгөн дүнг зохигчийн байгуулсан гэрээний 4.3-т заасан “Гүйцэтгэгч нь ашиглалтад орох хугацаанаас хойшилсон тохиолдолд энэ гэрээгээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх алдангийг төлнө.” гэх заалтыг үндэслэж гэрээний үүргийг шаардсан гэж үзэхээргүй байна. Учир нь, нэхэмжлэгч шаардлагаа тодорхойлохдоо гэрээнээс татгалзаж, харин урьдчилгаанд төлсөн 20,000,000 төгрөгийг буцаан төлөх хуваарийг хариуцагч зөрчиж, хугацаа хоцроон 5,000,000 төгрөг төлсөн, үлдэх 15,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй үндэслэлээр ийнхүү хуваарь тохирсон өдрөөс хойш гүйцэтгээгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,05 хувиар тооцож 4,050,000 төгрөгийг хохирол гэх агуулгаар нэхэмжилсэн байна.

Талуудын байгуулсан гэрээний 4.3-т гүйцэтгэгч амины сууцыг ашиглалтад оруулах хугацаа хойшлуулсан байхыг шаардсанаараа тус заалт гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд үйлчлэх агуулгатай байна. Иймд нэхэмжлэгч гэрээний энэ заалтын үндэслэлд суурилан алданги нэхэмжилсэн гэхээс илүүтэй төлбөрийг буцаан төлөх хуваарь зөрчсөнтэй холбогдуулан хохирол шаардсан, улмаар уг хохирлын хэмжээг тодорхойлохдоо хоног тутамд, хуваарийн дагуу төлөгдөөгүй төлбөрийн 0.05 хувьтай тэнцэх дүнд суурилан хохирлын хэмжээг тогтоосон нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

14. Тодруулбал, талууд 2022.11.01-ний өдөр гэрээ байгуулсан, гэрээний дагуу сууцыг 2022 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусгах үүрэгтэй байсан боловч хариуцагчаас бүрэн хамаарах шалтгаанаар амины сууц баригдах боломжгүй болж, нэхэмжлэгчийн төлсөн урьдчилгаа 20,000,000 төгрөгийг буцаан төлөхөөр 2023.01.01-ний өдөр талууд тохирсон. Хариуцагч 5,000,000 төгрөгийг буцаан төлж, үлдэх 15,000,000 төгрөгт холбогдох шаардлагыг зөвшөөрөн төлөхөө илэрхийлж шүүхэд тайлбар гаргасан байх боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд уг төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг буцаан төлөх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд 4,050,000 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн шаардлага Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасантай нийцнэ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

15. Анхан шатны шүүх талууд нэгэнт татгалзаж, гэрээ байгуулаагүйтэй адил үр дагаварт хүргэх агуулга бүхий гэрээнээс татгалзах харилцаанд гэрээнд тохирсон, урьдчилсан тодорхой нөхцөл зааж гэрээнд тусгасан алдангийн талаарх гэрээний заалтыг үндэслэн хохирол 4,050,000 төгрөгт холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг удирдлага болгосон хууль хэрэглээний алдааг давж заалдах шатны шүүхээс залруулаагүй байгааг дурдаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 210/МА2024/01532 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2024/02239 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 205 дугаар зүйлийн 205.1” гэснийг 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх заалтыг баримтлан хариуцагч “Б” ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.23-ны өдөр 79,750 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.БАТЧИМЭГ                        

                                      ШҮҮГЧИД                                   Н.БАЯРМАА

                                                                                             П.ЗОЛЗАЯА

                                                                                              Д.ЦОЛМОН

                                                                                              Х.ЭРДЭНЭСУВД