Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2021/02593

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: тоот хаягт байрлах, Ч хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: тоот хаягт байрлах, Э ХХК-д холбогдох

 

Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги 17,011,801 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч В.Эрдэнэбат, А.Сэлэнгээ, хариуцагчийн төлөөлөгч Г.Пүрэвдорж, төрийг төлөөлж прокурор Д.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч хэлтэс шүүхэд болон төлөөлөгч В.Эрдэнэбат, А.Сэлэнгээ нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацаанд ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 11,341,200 төгрөгийг төлөлгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Э ХХК-д Ч хэлтсийн Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлж барагдуулах тухай албан шаардлага, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дансны зарлагын гүйлгээг хаах мэдэгдлийг хүргүүлсэн. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өр 11,341,200 төгрөг, алданги 5,670,601 төгрөг нийт 17,011,801 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Э ХХК-ийн бүх төлбөр тооцоог тулгаж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа 15,083,801,38 төгрөг болгон багасгаж, алдангид 3,742,601.38 төгрөгийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шаардаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хасах боломжгүй тул эвлэрэхгүй гэв.

 

Хариуцагч Э ХХК шүүхэд болон төлөөлөгч Г.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Барилгын салбарт туслан гүйцэтгэгчээр үйл ажиллагаа явуулдаг. Цар тахлын байдалтай холбоотойгоор ажил үйлчилгээ хомс болоод ажил гүйцэтгэж чадаагүй, ажил бүрэн зогссон. Иймд нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 6 сарын хугацаанд төлөх хугацаа олгож өгөхийг хүсч байна. Хүү, алданги төлөх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч Ч хэлтэс нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 11,341,200 төгрөг, алданги 5,670,601 төгрөг нийт 17,011,801 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа 15,083,801,38 төгрөг гаргуулахаар багасгажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 11,341,200 төгрөг, алданги 3,742,601.38 төгрөг шаардаж байна гэж тайлбарлав.

 

Хариуцагч Э ХХК нь компанийн үйл ажиллагаа доголдсон тул алданги төлөхгүй боломжгүй гэж маргаж байна.

 

Төрийг төлөөлж прокурор Д.Оюунгэрэл нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

 

Хариуцагч Э ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүртэлх хугацааны ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлгүй 11,341,200 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн болох нь Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн албан шаардлага, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 22-28 тал/

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар Нийгмийн даатгалын байгууллага нь шимтгэл оногдуулах, тогтоосон хугацаанд шимтгэл төлөөгүй ажил олгогчийн банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг шимтгэлээ төлж дуустал түр зогсоох, нийгмийн даатгалын байцаагчаас тавьсан актад заасан шимтгэл, алданги, хүү, торгуулийг хугацаанд нь төлөөгүй бол уг шимтгэл, алданги, хүү, торгуультай тэнцэх хэмжээний хөрөнгийг зохих хууль тогтоомжийн дагуу гаргуулах, илүү төлсөн шимтгэлийг суутган тооцох, шимтгэл, алданги, хүү, торгууль төлөхөөс зайлсхийсэн, мэдээ тайланг хугацаанд нь ирүүлээгүй, шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах бүрэн эрхтэй  бөгөөд энэ  бүрэн эрхийн хэмжээнд  ажил олгогч буюу Э ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл, алданги гаргуулах тухай 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Мэдэгдэл, Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг акт гаргаж хүргүүлсэн байжээ.

 

Хариуцагч Э ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алданги шаардсан тооцооллын тухайд  маргаагүй.

 

            Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1/хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээнэ гэж заасан бөгөөд ажил олгогч буюу Э ХХК нь тогтоосон хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогдож байна.

 

            Иймд хариуцагч Э ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 11,341,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч хэлтэст олгох үндэстэй.

 

            Харин нэхэмжлэгч Ч хэлтэс нь алданги 3,742,601.38 төгрөгийг Зөрчлийн тухай хуульд зааснаар шаардаж байна гэж мэтгэлцэж байна.

 

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зохицуулсан.

 

Ажил олгогч нь хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд ногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд шимтгэл төлөх үүрэгтэй бөгөөд дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөх үүргийг хуулиар хүлээнэ.

 

Гэвч хариуцагч Э ХХК-иас Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтаар алданги тооцож шаардах үндэслэлгүй байх тул алданги 3,742,601.38 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 17.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 11,341,200 /арван нэгэн сая гурван зуун дөчин нэгэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч хэлтэст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,742,601.38 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 196,409 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгосугай.

 

3.Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Н.НАРАНГЭРЭЛ