| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0042/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/47 |
| Огноо | 2024-02-15 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Э.Гэрэлтуяа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Э.Гэрэлтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,
Шүүгдэгч Л.Х******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л********ны Х********д холбогдох эрүүгийн ********дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Х******** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун эх” гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 20-ны үед А.Л********гийн толгойн тус газар нь цохиж, баруун гарыг нь мушгиж, улмаар биед нь баруун атгаалж чөмгөнд хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Х******** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун эх” гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 20-ны үед А.Л********гийн толгойн тус газар нь цохиж, баруун гарыг нь мушгиж, улмаар биед нь баруун атгаалж чөмгөнд хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ******** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Х********ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг Баруун эх гэх нэртэй газарт намаржиж байсан юм. 2023 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 17 цагийн үед гэрийнхээ гадаа ах дүү нарын хамтаар зураг авхуулаад зогсож байхад Л******** согтуу мотоциклтой нэлээн хурдтай ирсэн. Ирэхдээ дээл хувцас нь урагдчихсан ирсэн. Тэгээд манай аавыг танай хүүхдүүд том болчихсон байна гэж хэлээд барьж аваад бурхан болсон өвөө аавын талаар яриад манай ээжтэй явалддаг байсан гэж үг хэлээр доромжлоод, аавыг заамдаж аваад хоолойг нь боогоод салахгүй байхаар нь шанаа руу нь 3 удаа цохиход салгах гээд хүчрэгдэхгүй байхаар нь баруун гарыг нь татаад биеийнх нь ард нь барьж салгасан...Тэгээд л салгахад тайвшраад мотоциклоо бариад явснаа малгай нь унахаар нь буцаж ирж авснаа манай аав, ээжээс агсам тавьсанд уучлаарай гэж баахан уучлалт гуйж байгаад явсан...” гэх мэдүүлэг,
Хохирогч А.Л********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 20-ний үед Цагаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Баруун эх” гэх газар Л********н гэх айлд очиж та манай ээж дээр очиж хоносон байна гэж хэлсэн. Тэгсэн Л********ны Хүрлээ гэдэг залуу миний нүүр болон толгой тус газар 5-6 удаа цохиж, миний баруун гарыг мушгиж доош нь дараад байсан...Тэгсэн Л********н гэдэг хүн хүүхдүүдээ боль гэж салгасан...Тэгээд би гараад явсан. Тухайн үед миний зүүн талын нүд улаан болсон толгой хэд хэдэн газар овойсон байсан. Мөн зүүн талын шанаа хавдсан, дээд уруул дотор талдаа язарсан байсан ба баруун гарын тохой хэсгээр гэмтэж яс нь цуурсан байсан...Би эрүүл мэндээрээ хохирсон эмчилгээний зардал авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14, 17-18-р хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...хохирогч А.Л******** нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 65,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс гаргуулна...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),
Гэрч Ц.Л********ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2023 оны 08 дугаар сарын 20-ны үед яг хэдэн гэдгийг санахгүй байна. Манайх Цагаан-Уул сумын 2 дугаар баг баруун эх гэх газарт байхад А.Л******** гэдэг хүн 15 цагийн үед манай гэрт согтуу мотоциклтэй очоод манай гэрийн гадаа миний чихэнд юм хэлнэ гэсэн. Тэгээд надад хэлэхдээ танай аав манай ээжтэй явалдаж байсан гэж хэлсэн. Тэхээр нь би ахын дүү согтуу юу яриад байгаа юм. Ярих юм байгаа бол эрүүлдээ ирж ярь гэсэн. Намайг гөлөгнүүд минь зайл гээд байсан. Тэгээд намайг заамдаж аваад баруун талын шанаа тус газар нэг цохисон. Тэгсэн манай Хүрлээ, Д********н хоёр барьж аваад Хүрлээ А.Л********гийн баруун гарыг нь өчөөд ард нь барьсан байсан. Тухайн үед Л******** миний дээлийн энгэрийг татаж урсан. Хүрлээ А.Л********г баруун талын шанаа тус газар нэг цохиж харагдсан, Д********н Л********гийн нүүрэн тус газар нэг алгадсан. Тэгэхээр нь би боль согтуу хүн зодож болохгүй гэж хэлээд болиулсан. Тэгээд Л********г мотоцикл дээр нь суулгаж өгөөд одоо ахын дүү яв гэж хэлээд явуулсан. Явж байгаад буцаж манайд ирээд цай уугаад хэсэг сууж байгаад явсан. Би архи согтууруулах ундаа хүртэж мотоциклтэй ингэж явж болдоггүй юм гэж захиж хэлсэн. А.Л******** нэлээн согтуу байсан хэсэг тайвширч байгаад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),
Гэрч Л.Д********ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 20-ний үед яг хэдэн гэдгийг санахгүй байна. Манайх Цагаан-Уул сумын 2 дугаар баг “баруун эх” гэх газар байхад А.Л******** гэдэг хүн 15:00 цагийн үед манай гэрт согтуу мотоциклтэй очоод манай гэрийн гадаа манай аавыг дуудаад чихэнд юм хэлнэ гэсэн. Тэгээд танай аав манай ээжтэй явалдаж байсан гэж хэлсэн. Тэгээд аавыг заамдаж аваад тавихгүй байсан. Хүрлээ ах А.Л********гийн баруун талын шанаа тус газар нэг цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас),
Гэрч Т.Алтаншагайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 20-ний үед яг хэдэн гэдгийг санахгүй байна. Цагаан-Уул сумын төвд нөхөр А.Л********гийн хамт дүү Далхаагийн гэрт очоод би гадуур явж байгаад ирсэн. Л******** нэг танихгүй хүнтэй архи 0,5 гр “Талын хар” гэдэг нэртэй архи уусан сууж байсан. Тэгээд тухайн архи нь дуусаад хамт ууж байсан хүн нь Далхаагийн гэрт унтаад үлдсэн. Л******** бид хоёр гэртээ харихаар мотоциклоор явсан ба замдаа ямар нэгэн айлаар ороогүй хүнтэй уулзаагүй шууд гэртээ харьсан. Тэгээд намайг буулгаж өгөөд юу ч хэлээгүй гэртээ ч орохгүй шууд давхиад явсан. Би хаашаа явсныг нь мэдэхгүй. Тэгээд нэг цаг орчим болсон байх буцаж гэртээ ирэхдээ Л********н гэдэг хүний хүүхдүүдэд зодуулчихлаа гэсээр зүүн талын нүд нь хөхөрсөн хамар нь шалбарсан, баруун гарын тохой хэсгээр өвдөөд байна гэж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),
Гэрч А.Д********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 20-ний үед яг хэдэн гэдгийг санахгүй байна. А.Л******** ах тус сумын иргэн Гэрэлхүү бид хоёр хамт манай гэрт 0,5 гр “Талын хар” гэдэг нэртэй архи ууж байсан. Л******** ах гаднаас орж ирэхээр нь тухайн архийг хамт хувааж уусан. Тэгээд тухайн архи нь дуусаад Гэрэлхүү манай гэрт унтаж үлдээд Л********, эхнэр Алтаншагайн хамт гэртээ харихаар мотоциклоор явсан. Би гэртээ үлдсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),
Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 588 дугаартай дүгнэлтэд: “
1. А.Л********гийн биед баруун атгаалж чөмгөнд хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. А.Л********гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 50-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66, 70-р хуудас), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 68-р хуудас), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 69-р хуудас), мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2022 оны тооллогын лавлагаа (хх-ийн 75-76-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ********дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Л.Х******** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун эх” гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 20-ны үед А.Л********гийн толгойн тус газар нь цохиж, баруун гарыг нь мушгиж, улмаар биед нь баруун атгаалж чөмгөнд хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.Л********, гэрч н.Л********н, н.Давааням, н.Далхсүрэн, н.Алтаншагай нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч өөрийн үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа учир хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн байр суурьтай оролцож байна...” гэв.
Шүүгдэгч Л.Х******** нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч Л.Х******** нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Баруун эх” гэх газарт 2023 оны 08 дугаар сарын 20-ны үед А.Л********гийн толгойн тус газар нь цохиж, баруун гарыг нь мушгиж, улмаар биед нь баруун атгаалж чөмгөнд хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Х********ы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч А.Л********гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас),
Гэрч Ц.Л********ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 28-29-р хуудас),
Гэрч Л.Д********ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас),
Гэрч Т.Алтаншагайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 40-41-р хуудас),
Гэрч А.Д********ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас),
Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Батмөнхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 588 дугаартай дүгнэлт (хх-ийн 50-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.
Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч А.Л********гийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Л.Х********ы үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Х********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Л.Х******** нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Л.Х******** нь хохирогч А.Л********гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан ба хохирогч А.Л******** нь шүүгдэгч Л.Х********аас эмчилгээний зардлаа нэхэмжилж байх боловч хохирол нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч А.Л******** нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.Х********аас иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Харин иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 65,000 төгрөгийг нэхэмжилж байх ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч А.Л********д 65,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 21-р хуудас)-гаар тогтоогдсон ба шүүгдэгч нь нөхөн төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Л.Х********аас 65,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдалтай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай. Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, хохирогчид хохирол төлбөр төлсөн, хохирогчид хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, учруулсан хохирлыг нөхөн төлүүлж барагдуулахаас гадна нийгэмшүүлэхэд оршдог тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байдал болон мөрдөн шалгах ажиллагааг түргэн шуурхай явуулахад дэмжлэг үзүүлсэн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байх тул дээд боловсрол эзэмшсэн залуу хүний хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдал нь цаашлаад төрийн байгууллагад ажилд ороход нөлөөлөх учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Х********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Х******** нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 66, 70-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч Л.Х********ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч нь ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Х********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн ******** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бүрээч овогт Л********ны Х********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л********ны Х********ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Х******** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Л.Х********аас 65,000 (жаран таван мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Эрүүгийн ******** дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Л******** нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Л.Х********аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР