Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 53

 

 Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэйгээр, Улсын яллагч: Б.Мөнгөншагай, Иргэдийн төлөөлөгч: Б.Мандахсүрэн, Хохирогч: Ө.Төмөрбаатар, Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Адъяасүрэн, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа, Шүүгдэгч: П.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галт овогт Пүрэвбаасангийн Ганбатад холбогдох 201715000002 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд төрсөн, 26 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ковшны оператор мэргэжилтэй, ам бүл-3, эх, хойд эцгийн хамт Өвөрхангай аймгийн Уянга сум 8 дугаар баг Онги 12-01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 278 дугаар зүйлийн 278.3-т заанаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Галт овогт Пүрэвбаасангийн Ганбат /РД: ЙП91122016/ Шүүгдэгч П.Ганбат нь согтуугаар 2016 оны 12 дугаар сарын 12-оос 13-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Ө.Төмөрбаатарыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж “Хойд эцэг С.Ишдоржтой нийлж миний эхийг доромжилсон” гэх шалтгаанаар архины шилний хагархайгаар хоолойг зүсэх, хайчаар баруун, зүүн гуя руу олон удаа хатгах, гудамжинд гарч зугтаахад нь араас нь хайчаар хатгах гэж хөөх зэрэг үйлдлийг удтал үргэлжлүүлэн хийж, догшин авирлаж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч П.Ганбат шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2016 оны 12 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед бүрэнхий болж байхад Төмөрбаатарынд ороход Төмөрбаатар, Уранчимэг, Ишдорж гурав согтуу байж байсан. Ишдорж нь Уранчимэгийг бэлхүүсээр нь тэврээд зүүн орон дээр нь сууж байсан. Би уурлаад за за бүр ингэдэг болчихсон юм уу? Архиа уух мөрөөрөө уухгүй миний эхийг бага доромжлоорой гэж Ишдоржтой хэрэлдэж байтал Төмөрбаатар бидний ууж идэх чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлэхээр нь чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд Төмөрбаатарыг цохиод авсан. 2 173/2017/00048/Э Тэгтэл Ишдорж намайг барьж авч унагаад хөлөөрөө дэвсээд байсан. Тэгж байхад Төмөрбаатар нь Ишдоржид наадхаа алаад хая гээд байсан. Тэгээд Ишдорж бид хоёр барилцаж аваад гадаа гарч зодоон хийж байхад Уранчимэг яваад өгсөн. Би энэ хэргийг танхайн сэдэлтээр үйлдээгүй. Ишдоржийг айлд хүүхэн дагуулж очиж завхайрч байгааг мэдээд садар самуун байдлыг өөгшүүлж гэртээ хонуулж байгаад нь уур хүрээд хувийн сэдэлтээр энэ гэмт хэргийг үйлдсэн. Би Төмөрбаатарын бие махбодид 2-3 удаа хайчаар хатгаж гэмтэл учруулсан. Ишдоржийг хүүхэн аваачиж гэртээ хонууллаа гэж Төмөрбаатарт уурлаад хайчаар хатгасан. Төмөрбаатарыг айлган сүрдүүлэх гэж хайч авч гарсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. Хохирогч Ө.Төмөрбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Тухайн өдөр Ишдорж нэг хүүхэнтэй манайд орж ирсэн. Бид гурав 1 шил архи хувааж ууж уугаад дуусч байхад П.Ганбат согтуу орж ирсэн. Тэгээд нөгөө хүүхнийг П.Ганбат яв гэж хөөчихөөд Ишдорж Ганбат хоёр гэрээс гарч зодоон хийсэн. Тэгэхэд нь би та нар гарч хэрэлдэцгээ, манай хашаанд хүн амины хэрэг хийх нь үү гэж хэлээд гаргаад хаалгаа түгжчихээд гудамж уруудаад явсан. Тэгтэл нөгөө хүүхэн гудамж өгсөөд явахад Ишдорж хойноос нь яваад П.Ганбат араас нь явж байгаад урагшаа эргээд айл руу явсан. Тэгтэл П.Ганбат манайд зургаан цагийн үед орж ирээд надаас их хэрүүл гуйсан. Тэгэхэд нь би хоёулаа болъё, чи гэртээ харь гэж аргадаад явуулсан. Тэгэхэд П.Ганбат чамайг шөнө ирж ална гэж хэлчихээд явсан. Би тухайн үед ийм согтуу хүн шөнө юу гэж манайд ирэх вэ дээ гэж бодсон. Тэгтэл шөнө 00 цагийн үед манайд ирээд хаалга нүдэхээр нь тайлж өгөхгүй байсан чинь П.Ганбат хоёулаа эвлэрье гэж хэлэхээр нь би хууртаад хаалгаа онгойлгоход гэрт орж ирэнгүүтээ чамайг гэрээс чинь амьд гаргахгүй гэж хэлсэн. Тэгэхэд нь би чи бид хоёрын дунд ямар нэг өс хонзон байхгүй. Чи явж хойд аавтайгаа л учраа ол. Би чамтай маргамааргүй байна гэхэд П.Ганбат манай гэрийн баруун хатавчинд байсан шилийг аваад пийшин дээр цохиж хагалаад над руу дайрч хоолой зүссэн. Тэгэхэд нь би гарах санаатай хаалга руу дөхтөл хаалга хааж зогсоод хаанаасаа ч гаргасан юм бүү мэд үйлний хайч гаргаж ирсэн. Би хоёулаа гаръя гэхэд чамайг амьд гаргахгүй гээд 2, 3 удаа хайчаараа хатгасан. Тэгэхээр нь би чамд архи авч өгье. Энэ шархаа бооё, би элдэв асуудал ярихгүй гэж хэлээд П.Ганбатыг хойд ор руу явах хооронд нь би гараад зугтаасан. Тэгтэл намайг гэрээ цоожил гэхээр нь би гэрээ цоожилсон. Тэгж байхад хашаан дотор дахиад нэг удаа хатгасан. Тэгээд би гудамж өгсөөд гүйхэд чи цагдаа руу явж байгаа юм уу? Би чамайг цагдаа хүрэхээс чинь өмнө ална гээд дахиад нэг хатгасан. Би зугтаасаар яваад цагдаагийн тэнд байдаг засмал зам дээр ирэхэд намайг гүйцэж ирээд ар нуруу руу дахиад нэг удаа хатгасан. Тэр нь нурууны яс таараад ороогүй. Тэгээд би цагдаа руу ортол Чойжил цагдаа байсан. Би амь авраарай гэж хэлтэл цагдаагийнхан тэр даруй гарч явцгаагаад П.Ганбатыг дор нь бариад ирсэн. Тэгтэл П.Ганбат хайчаа засмалын цаана нуучихсан байсан. Хайчийг нь өөрөөр нь олуулсан. Тэгээд би Чойжил цагдаатай хамт эмнэлэгт очиж тусламж авч, шингэн хийлгэж, цус тогтоох тариа хийлгэж, оёдол тавиулсан. Тэгээд Чойжил цагдаа намайг гэрт аваачиж, аймгаас цагдаа нар иртэл надтай хамт байсан. Тэгээд 5 цагийн үед цагдаа нар шүүхийн шинжилгээнийхэнтэй ирж надад үзлэг хийгээд чадвал та өнөөдөр аймаг руу очоорой гэсэн. Тэгээд би маргааш нь аймаг явсан. Хохирол төлбөрт 70000 төгрөг авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. П.Ганбатад хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэв. Хохирогч Ө.Төмөрбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Би гэрийнхээ хаалгыг цоожлоогүй байсан учир П.Ганбат манай гэрт шууд л ороод ирсэн. П.Ганбат гэрт орж ирээд Ишдорж та хоёр манай ээжийг дээрэлхэхгүй шүү гэхээр нь манайд хэн орж ирэх нь хамаагүй, Ишдорж манай гэрт хүүхэн дагуулж орж ирээгүй, чи буруу ойлгож байна, чамтай хэрэлдэх хүсэл байхгүй байна, чи очиж амар, манайхаас гар гэж хэлэхэд П.Ганбат шууд л намайг барьж аваад цамцны захаар хоолой боогоод хойш унагасан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалж өвдгөөрөө түлхээд доороос нь гараад бурхны өмнө зодоон хийхгүй, хоёулаа гадаа гаръя гээд гадаа гарч байгаад дээр доороо орж 10 орчим минут ноцолдож, нэг нэгнийгээ цохиж авсан. Тэгээд би сүүлдээ хоёулаа болъё гэхэд П.Ганбат би чамайг шөнө ирж ална гэж хэлээд хашаанаас гараад явсан. Тэгээд би гэртээ ороод хаалгаа цоожилчихоод хамраас гарсан цусаа цэвэрлэчихээд орондоо ороод хэвтэж байтал шөнө 00 цаг өнгөрч байхад гэрийн хаалга нэг хүн нүдээд байсан. Тэгэхээр нь би хэн бэ? гэхэд 3 173/2017/00048/Э П.Ганбат байна аа, Төмөрөө ах аа муухай юм боллоо, надад нэг шил архи байна, хоёулаа эвлэрье гэхээр нь гэрийнхээ хаалгыг онгойлгоод өгтөл П.Ганбат манай гэрт орж ирээд чамайг эхлээд алчихаад дараа нь Ишдоржийг ална гэж хэлээд манай гэр дотор зүүн хатавчны хэсэгт байсан “Нутгийн буян” нэртэй архины шилийг аваад зуухан дээр цохиж хагалаад миний өмнөөс дайрсан. Тэгэхээр нь би 2 гараас нь бариад автал миний хоолойг хагархай шилээрээ исгэсэн. Тэгээд хоорондоо барилцаж байгаад шилийг нь би булаагаад автал П.Ганбат куртикнийхээ дотор талын халааснаас үйлний хайч гаргаж ирээд гэрээс чинь чамайг амьд гаргахгүй зүрхэнд чинь шаана гээд миний өмнөөс дайраад байхаар нь шалны мод барьж байгаад цээжин хэсгээ хамгаалсан. Тэгтэл миний баруун болон зүүн гуяны хэсэг рүү хайчаараа миний бодлоор 5 удаа дүрсэн. Тэгэхээр нь би П.Ганбатаа ах чинь чамд архи авч өгье, надад мөнгө байгаа гэтэл П.Ганбат манай хойд талын орон дээр ирж суухаар нь би гутал, куртикээ өмсчихөөд за П.Ганбатаа хамт гаръя гээд би гэрээ цоожлоод зогсч байтал П.Ганбат хайчаараа миний баруун гуяны ар тал руу дахин дүрсэн. Тэгэхлээр нь би хашаанаасаа гараад зугтаасан. Тэгтэл манай гудамжны өнцөг дээр намайг гүйцэж ирээд чи намайг цагдаад өгөх гэж байгаа бол одоохон цагдаад өгөөдөх, би шоронгоос айхгүй гэж хэлээд дахин хайчаараа дүрэх гэхээр нь би бултчихаад дахиад зугтаасан. Тэгтэл П.Ганбат чулуун дээр тээглээд газар ойчсон. Би тэр хооронд нь зугтаагаад цагдаагийн байранд хүрэхэд 20 метр газар үлдсэн байхад дахин хойноос гүйцэж ирээд гутлын дотор талын хэсэг рүү хайчаараа дахин тэнийлгэхгүй цохиод өөрөө халтираад газар унасан. Хохирол төлбөрт 70000 төгрөг авсан. /хх-ийн 29-30 хуудас/ Гэрч С.Ишдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Уранчимэг гаднаас согтуу орж ирээд бид 3 юм яриад сууж байтал П.Ганбат гаднаас согтуу орж ирээд мэндийн зөрүүгүй л бид нарыг янхандаж байна уу гэсэн. Бид нар тийм зүйл байхгүй гээд жоохон маргалдаж байсан чинь Уранчимэг гэрээс гараад явсан. П.Ганбат бид хоёр хоорондоо муудалцаад Төмөрбаатарын гэрийн гадаа хэсэг маргалдаж байхад Төмөрбаатар гэрээ цоожлоод яваад өгсөн. Тэгэхээр нь би П.Ганбатыг Төмөрбаатарын хашаанд орхичихоод гэр рүүгээ явсан. Шөнө 02 цагийн үед сэрээд хартал П.Ганбат гэртээ байхгүй байсан. Төмөрбаатарын гэрт П.Ганбатыг очсон байж магадгүй гэж бодоод Төмөрбаатарын гэрт нь ортол Төмөрбаатар унтаагүй толгойгоо боолгочихсон сууж байсан. Юу болсон талаар асуутал танай хүү П.Ганбат чинь намайг хайчаар дүрээд надад гэмтэл учруулчихлаа. Би цагдаад хэлчихсэн байгаа гэж байсан. Төмөрбаатар, П.Ганбат нар бол хэрэлдэж маргалдаагүй. П.Ганбат бид хоёр л хоорондоо жаахан хэрэлдэж маргалдсан. /хх-ийн 32- 33 хуудас/ Гэрч П.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... 2016 оны 12 дугаар сарын 12-ны орой 22 цагийн үед Төмөрбаатар нь хүнээр гуя руугаа хайчаар дүрүүлчихлээ гэж орж ирсэн. Зүүн талын гуяны өвдөгний дээд хэсэгт 1 см орчим урттай 2 хэсэг газарт зүсэгдсэн байсан. Хүзүү хэсэг газраа мөн зүсэгдсэн шархтай, зүүн өвдөгний хойд талд борви хэсэгт 1 зүсэгдсэн шарх байсан. Баруун гуяны хэсэгт өнгөц зүсэгдсэн 3 газарт шархтай байсан. /хх-ийн 38-39 хуудас/ Гэрч С.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг Төмөрбаатарынд ороод тэр хоёртой мэндлээд сууж байтал гаднаас нэг залуу орж ирээд над руу хэл амаар дайрч янхан минь энд янхандаж байна уу? гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгтэл Ишдорж уурлаад тэр залууг бариад авсан. Төмөрөө ч гэсэн бид нарыг гэрээсээ гар гэсэн. Тэгээд Ишдорж тэр залууг аваад гарсан. Би ч шууд гараад гэр рүүгээ явсан. /хх-ийн 42-43 хуудас/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Ө.Төмөрбаатарын биед хүзүүний хэсгийн зүсэгдсэн шарх, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь иртэй үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлын зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 50 хуудас/ 4 173/2017/00048/Э Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний №19 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлтэнд:... Хохирогч Ө.Төмөрбаатарын өмсөж байсан гэх цэнхэр өнгийн даавуун өмдөнд долоон ширхэг зүсэгдсэн гэмтэл байна. Шинжилгээнд ирүүлсэн Ө.Төмөрбаатарын өмсөж байсан гэх цэнхэр өнгийн даавуун өмдөнд үүссэн зүсэгдэлтүүд иртэй, үзүүртэй, хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Хэргийн цаг хугацаанд үүссэн эсэхийг тодорхойлох боломжгүй. Уг гэмтлүүд нь сэжигтэн П.Ганбатын авч явсан гэх хайчаар үүсгэгдсэн байна. /хх-ийн 60-67 хуудас/ Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өлзийбаярын Төмөрбаатарын биед, хувцсанд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн акт, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Пүрэвбаасангийн Ганбатын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч П.Ганбатын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, /хх-ийн 1, 6-10, 22-30, 75-78, 80-81, 102-104 хуудас/ Шүүгдэгч П.Ганбатын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 06/516, 06/517 тоот тодорхойлолтууд, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 195, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 18 дугаартай шүүгчийн шийтгэврийн хуулбарууд, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84-86, 105-106, 113 хуудас/ Шүүгдэгч П.Ганбатын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 хуудас/ зэрэг болно. Шүүгдэгч П.Ганбат нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 13-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, үл ялих зүйлээр шалтаглан, догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэн хохирогч Ө.Төмөрбаатарыг архины шилний хагархайгаар хоолойг нь зүсч, хайчаар баруун, зүүн гуя руу нь олон удаа хатгаж танхайрах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Ганбатын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ө.Төмөрбаатарын шөнө 00 цагийн үед П.Ганбат манай гэрт орж ирээд чамайг гэрээс чинь амьд гаргахгүй гээд манай гэрийн баруун хатавчинд байсан шилийг аваад пийшин дээр цохиж хагалаад над руу дайрч хоолой зүссэн. Тэгэхэд нь би гарах гэтэл П.Ганбат хаалга хааж зогсоод хаанаасаа ч юм бүү мэд үйлний хайч гаргаж ирээд 2, 3 удаа хайчаараа хатгасан. П.Ганбатыг хойд ор руу явах хооронд нь би гараад зугтаасан. Хашаан дотор дахиад нэг удаа хатгасан. Тэгээд би гудамж өгсөөд гүйхэд дахиад нэг хатгасан. Би зугтаасаар яваад цагдаагийн тэнд байдаг засмал зам дээр ирэхэд намайг гүйцэж ирээд ар нуруу руу дахиад нэг удаа хатгасан гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ө.Төмөрбаатарын шөнө 00 цаг өнгөрч байхад П.Ганбат манай гэрт орж ирээд чамайг ална гээд манай гэр дотор зүүн хатавчны хэсэгт байсан “Нутгийн буян” нэртэй архины шилийг аваад зуухан дээр цохиж хагалаад миний өмнөөс дайрч миний хоолойг хагархай шилээрээ исгэсэн. Тэгтэл П.Ганбат куртикнийхээ дотор талын халааснаас үйлний хайч гаргаж ирээд зүрхэнд чинь шаана гээд миний өмнөөс дайраад баруун болон зүүн гуяны хэсэг рүү хайчаараа дүрсэн. Намайг гэрээ цоожлоод зогсч байтал П.Ганбат хайчаараа миний баруун гуяны ар тал руу дахин дүрсэн. Тэгэхлээр нь би хашаанаасаа гараад зугтаасан. Тэгтэл манай гудамжны өнцөг дээр намайг гүйцэж ирээд дахин хайчаараа дүрэх гэхээр нь би бултчихаад дахиад зугтаахад П.Ганбат хойноос гүйцэж ирээд гутлын дотор талын хэсэг рүү хайчаараа дахин тэнийлгэхгүй цохисон. Гэрч С.Ишдоржийн шөнө 02 цагийн үед сэрээд хартал П.Ганбат гэртээ байхгүй байхаар нь 5 173/2017/00048/Э Төмөрбаатарын гэрт очсон байж магадгүй гэж бодоод Төмөрбаатарын гэрт нь ортол Төмөрбаатар унтаагүй толгойгоо боолгочихсон сууж байсан. Юу болсон талаар асуутал танай хүү П.Ганбат чинь намайг хайчаар дүрээд надад гэмтэл учруулчихлаа гэж хэлсэн. Гэрч П.Алтанцэцэгийн Төмөрбаатар нь хүнээр гуя руугаа хайчаар дүрүүлчихлээ гэж орж ирсэн. Зүүн талын гуяны өвдөгний дээд хэсэгт 1 см орчим урттай 2 хэсэг газарт зүсэгдсэн байсан. Хүзүү хэсэг газраа мөн зүсэгдсэн шархтай, зүүн өвдөгний хойд талд борви хэсэгт 1 зүсэгдсэн шарх байсан. Гэрч С.Уранчимэгийн намайг Төмөрбаатарынд ороод тэр хоёртой мэндлээд сууж байтал гаднаас нэг залуу орж ирээд над руу хэл амаар дайрч доромжлоод байсан гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 14 дугаартай шинжээчийн дүгнэлт, Өвөрхангай аймгийн шүүх шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 19-ний №19 дугаартай криминалистикийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Өлзийбаярын Төмөрбаатарын биед, хувцсанд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн акт, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Пүрэвбаасангийн Ганбатын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгч П.Ганбатын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно. Шүүгдэгч П.Ганбатын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Шүүгдэгч П.Ганбатад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч П.Ганбат нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, Шүүгдэгч П.Ганбат нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж, түүнд шүүх ял оногдуулсан болно. Шүүгдэгч П.Ганбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар ял оногдуулахдаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551 .1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, түүний ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. Шүүгдэгч П.Ганбатын цагдан хоригдсон 4 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай хайч-1 ширхэг, архины шилний оройн хагархай хэсэг-1 ширхэг, хохирогч Ө.Төмөрбаатарын цэнхэр өнгийн даавуун өмд-1 ширхэг, эрээн алаг өнгийн хөндлөн судалтай, богино ханцуйтай цамц-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 6 173/2017/00048/Э Шүүгдэгч П.Ганбат нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 70000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 160 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч П.Ганбатад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж, 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 161 дугаартай шүүгчийн захирамжаар түүнд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдаан эхлэх хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч П.Ганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Галт овогт Пүрэвбаасангийн Ганбатыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551 .1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар шүүгдэгч П.Ганбатад 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч П.Ганбатад оногдуулсан 3 /гурван/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй. 4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч П.Ганбатын цагдан хоригдсон 4 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай. 5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн хуванцар бариултай хайч-1 ширхэг, архины шилний оройн хагархай хэсэг-1 ширхэг, хохирогч Ө.Төмөрбаатарын цэнхэр өнгийн даавуун өмд-1 ширхэг, эрээн алаг өнгийн хөндлөн судалтай, богино ханцуйтай цамц-1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 6.Шүүгдэгч П.Ганбат нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 70000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай. 7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Ганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж 7 173/2017/00048/Э заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй. 9.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Ганбатад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ

                                                                        ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР

                                                                                   Д.ЦЭЦЭГЭЭ