Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 1056

 

185/2019/0831/Э

 

 

 

 

  2020        08            20                                             2020/ДШМ/1056    

 

Г.У-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Түвшинбаяр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/590 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.У-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1909026800818 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

У-,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 316 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 1998 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 409 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2000 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 421 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 4 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хуулийн тэгшитгэлээр суллагдсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1455 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр эдэлж дууссан;

 

Г.У- нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 260 тоотод байрлах иргэн Ц.Лхагвадоржийн гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Haier” загварын LCD зурагт, эрэгтэй хүний богино савхин куртик, цагаан өнгийн бүтээлэг, “Luna v8” загварын гар утас зэрэг хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: У-ыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Г.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.У- давж заалдах гомдолдоо: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Д.Цэрэн-Очирын хамт архи ууж байхад Цэрэн-Очир надад хоёулаа нэг айл руу хамт яваад ирье гэж хэлсэн. Тэр үед би сайн ойлгохгүй дагаад явсан. Удалгүй тэр айлын гадаа очтол “чи тэнд хүлээж бай” гээд Цэрэн-Очир дотогш орсон. 10 орчим минутын дараа гарч ирээд “чи дотогш ороод зурагт, куртик хоёр байгаа, аваад гараад ир, би энд хүлээж байна” гэж хэлсэн. Би дотогшоо ортол миний ардаас хүн орж ирээд “юун хүн бэ, наад зүйлсээрээ яах гэж байгаа юм” гэхээр нь би “гадаа байгаа хүн аваад ир” гэж хэлсэн гэтэл “худлаа яриад бай, цагдаа дуудна” гээд хаалгаа гаднаас нь хаасан. Тэр үед би жижиг өрөөний цонхоор гарч, Цэрэн-Очиртой хамт бургастай голын тийшээ зугтааж яваад төд удалгүй цагдаа нарт баригдсан. Цагдаагийн хэлтэс дээр очоод Цэрэн-Очир ундаа, хоол аваад ирье гээд цагдаатай ярьж тохироод гарсан. Намайг эрүүлжүүлэхэд хийгээд маргааш өглөө нь цагдаа ирж аваад “нөгөө хамт явсан нөхөр чинь хаана байна” гэхээр нь би “мэдэхгүй” гэж хэлсэн. Тэр цагаас хойш би Цэрэн-Очиртой нэг ч таараагүй явсаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ганцаараа 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Хохирогч, гэрч нарын мэдүүлэг дээр хулгай хийсэн гэх хоёр залууг цагдаа нар барьсан гэж дурдсан байдаг. Иймд үнэн зөвөөр хэргийн бодит байдалтай нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

 

Прокурор Н.Түвшинбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэрч, хохирогч нар Г.У-ыг гэрт ганцаараа байхыг харсан талаар мэдүүлдэг. Г.У- хохирогчийн гэрээс гарч, зугтааж явахдаа Цэрэн-Очиртой нийлсэн. Улмаар түүнтэй гудамжинд архи уугаад зогсож байхад нь цагдаагийн албан хаагч нар араас нь гүйцэж очоод биед нь нэгжлэг хийхэд гэрийн эзний гар утас гарч ирсэн. Мөн шүүгдэгч өөрөө тухайн гэмт хэргийг ганцаараа үйлдсэн гэдгээ мэдүүлсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Г.У- нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 11 дүгээр гудамжны 260 тоотод байрлах иргэн Ц.Лхагвадоржийн байшингийн цонхоор хууль бусаар нэвтэрч, 32 инчийн “Haier” загварын LCD зурагт, эрэгтэй хүний богино савхин куртик, цагаан өнгийн бүтээлэг, “Luna v8” загварын гар утас зэрэг хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Лхагвадоржийн “...намайг гэрт орж үзэхэд 32 инчийн LCD зурагтыг цэнхэр өнгийн бүтээлэгт боогоод хаалганы хажууд тавьчихсан, хажууд нь эрэгтэй хүний богино савхин куртик тавьсан байсан. Мөн манай охин Номингийн Luna v8 загварын гар утас алга болсон. ...” /хх 17-19/,

гэрч С.Ууганбатын “...хүргэн ах Лхагвадоржийн байшинд ороход зурагтыг нь бүтээлгэнд боогоод хаалганы хажууд тавьчихсан, хар өнгийн савхин куртикийг гартаа барьсан байхаар нь би хаалгаар гаргахгүй гээд хаалгыг таглаж зогссон. Тэгэхэд тухайн залуу цаашаа гүйгээд жижиг өрөөний цонхыг онгойлгож, хашааны хоёр банзны завсраар гараад зугтаасан. Би тавчиктай байсан учраас хөөгөөд гүйцээгүй. Манай ээж Саранцэцэг цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 20-21/,

гэрч А.Саранцэцэгийн “...манай хүү Ууганбат “Ээж Лхагваа ахын гэр лүү хүн орчихлоо, гараад ирээч” гэж хэлээд түрүүлээд гүйсэн. Би хүү Ууганбатын араас хүргэн Лхагвын байшингийн хаалгыг онгойлгож ороход үүдэнд нь өндөр нуруутай, бор царайтай, махлаг залуу баруун гартаа зурагтыг орны бүтээлгээр ороогоод барьчихсан, зүүн гартаа хар өнгийн савхин куртик барьчихсан зогсож байсан. ...Манай хүү Ууганбат “цагдаа дуудаарай” гэж хэлэхээр нь би гэртээ ороод гар утсаа аваад гараад ирэхэд нөгөө хулгай хийсэн гэх эрэгтэй цонхоор нь гараад зугтаагаад явчихсан. ...” /хх 26-27/,

Г.У-ын яллагдагчаар өгсөн “...бие засчихаад араас нь явж байхад палкаар барьсан, цонх нь онгорхой байшин байхаар нь байшингийн цонхоор нь ороод орон дээр шар өнгийн гар утас байхаар нь утсыг нь аваад байшингийн хаалгаар гарах гэж байхад эзэн нь бололтой нэг залуу, хүүхэнтэй орж ирэхээр нь буцаад цонхоор нь гарч гүйгээд бургастай голын хажууд байж байхад цагдаа ирээд барьж авсан. ...” /хх 46-48/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-8/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээ /хх 33/, алдагдсан эд хөрөнгийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13-14/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн Г.У-ыг “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

Шүүгдэгч Г.У-ын хохирогч Ц.Лхагвадоржийн байшингийн цонхоор орж, 425.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлан авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Г.У- нь Ц.Лхагвадоржийн гэрт хууль бусаар нэвтэрч, эрэгтэй хүний богино савхин куртик болон 32 инчийн “Haier” загварын LCD зурагтыг орны бүтээлэгт ороон авч гарах гэж байхад нь хажуу айлын хүмүүс нь орж ирснээр орхин гарч хулгайлахыг завдсан боловч “Luna v8” загварын гар утсыг авч яваад баригдсан учир хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Гэхдээ уг завдсан үйлдлийг төгссөн үйлдэлд нэгтгэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй, хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.У-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, 2 жил 8 сарын хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Г.У- “...энэ гэмт хэргийг Цэрэн-Очирын хамтран үйлдсэн байхад зөвхөн надад ял оногдуулсанд гомдолтой байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “эд зүйлээ хулгайд алдсан талаарх” хохирогчийн мэдүүлэг, гэрч С.Ууганбат, А.Саранцэцэг нарын “...хүргэн Лхагвадоржийн гэрт нэг залуу орсон байсан. ...” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Г.У-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Цэрэн-очир, Түвшин хоёртой автобусын буудал руу явж байхдаа би бие засах гээд үлдсэн. Бие засчихаад араас нь явж байхад палкаар барьсан, цонх нь онгорхой байшин байхаар нь байшингийн цонхоор нь ороод орон дээр шар өнгийн гар утас байхаар нь аваад байшингийн хаалгаар гарах гэж байхад эзэн нь бололтой нэг залуу, хүүхэнтэй орж ирэхээр нь буцаад цонхоор нь гарч гүйсэн. ...Хамт явсан Цэрэнбат, Түвшин хоёрыг дуудах гээд утас руу нь залгаад Цэрэн-Очиртой ярьж байхад цагдаа нар ирж барьж авсан. ...” гэх мэдүүлэг, Г.У-аас гар утас хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээс үзэхэд Г.У- нь хохирогч Ц.Лхагвадоржийн байшингийн цонхоор орж, гар утас болон зурагтыг нь орны бүтээлэгт боож авч гарах гэж байхад нь хажуу айлын хүмүүс орж ирснээр цагдаад дуудлага өгч, тэрээр “Luna v8” загварын гар утсыг аваад цонхоор гарч зугтааж явсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, эсхүл уг гэмт хэргийг Г.У-тай өөр хүн хамтран үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/590 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.У-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН