Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 1901

 

 

Д.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/01650 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Ц-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Ө, Ө.Т нарт холбогдох

 

2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Э,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц миний бие Ү-2201032528 улсын бүртгэлийн дугаартай Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53 д байр 211 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг өмчилдөг. Ш.Ө,Ө.Т нар нь анх 2016 оны 6 дугаар сард ашигтай наймаа хийх гэж байгаа, усалгаатай газрын ногоо бөөндөж авах гэсэн юм. Энэ наймаа ямар ч алдагдалгүй, маш ашигтай, уг нь 20 000 000 төгрөг хэрэгтэй,10 000 000 төгрөгийг нь таньдаг хүнээсээ зээлээд олчихсон.Та хөрөнгө оруулаад дүүдээ үлдэгдэл 10 000 000 төгрөгийг нь зээлчих гэж гуйсан. Ш.Ө, Ө.Т нар өдөр бүр шахуу ирж байраа барьцаалж зээл авч өгөхийг, ашигтай наймаа учир алдагдалгүй гэж гуйдаг байсан. Би арга буюу итгээд байраа барьцаанд тавиад өгөе гэхэд Ө.Т нь ээжийн таньдаг хүн нь банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг та тэр газраас нь зээл аваад өг, танд зээл гарахгүй байж магадгүй, давхар ээжид байраа барьцаанд тавих итгэмжлэл хийгээд өгчих гэж хуурч мэхлэн итгэмжлэл хийлгүүлэн авсан. Анх би өөрийн нэр дээр зээл авах байх, дутуу 10 000 000 төгрөгт миний байрыг зээлийн барьцаанд тавих байх гэж бодож төөрөгдсөн. Би орон сууцны гэрчилгээ зэрэг бүх бичиг баримтуудаа Ө.Т, Ш.Ө нарт итгээд өгчихсөн байсан. Гэтэл Ш.Ө нь надаас олгосон итгэмжлэлийн дагуу “Е ББСБ” ХХК-аас 20 000 000 төгрөгийг зээлж авсан байсан. Гэтэл Ш.Ө нь зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй явсаар “Е ББСБ” ХХК шүүхэд хандан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 01138 тоот шүүгчийн захирамжаар 26 984 091 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаанд тавьсан Д.Ц миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон /18101/ 53 д байр 211 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. Шүүгчийн захирамж гарсан боловч Ш.Ө нь мөн л зээл зээлийн хүүгээ төлөөгүй тул одоо Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж, миний өмчлөлийн орон сууцыг битүүмжилсэн, дуудлага худалдаагаар орох болчихоод байна. Надад хэлэлгүй миний итгэмжлэлийг ашиглаж, зээл авна гэж бодоогүй. Надтай хамт явж зээл авна гэж ойлгож байсан. Би өөрөө очиж зурсан үнэн. Гэтэл Ш.Ө нь зээл авч болох уу, үгүй юу гэдгийг үзүүлээд, мэдээд ирье гэж намайг хууран мэхлэж үл хөдлөхийн гэрчилгээг авч яваад барьцаанд тавьсан байсан. Иймд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Ш.Өд олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Т миний бие 2016 онд наймаа хийх гээд мөнгөний хэрэг гарсан тул Д.Ц эгчээс мөнгө зээлээч гэхэд Д.Ц эгчид мөнгө байхгүй гэж байсан.Ээж бид хоёрт яаралтай мөнгөний хэрэгцээ байсан учир Д.Ц эгчийг өөрийнхөө нэр дээр зээл аваад өгөөч гуйсан. Энэ үед ээж Ш.Ө Д.Ц эгчид чиний нэр дээр зээл гарах үгүйг таньдаг хүнээсээ асууя, итгэмжлэл хийгээд өгчих, миний таньдаг хүн банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг болохгүй бол тэр хүнээс гуйя гэж байсан. Д.Ц эгчид зүгээр зээл гарах боломжтой эсэхийг мэдээд болоо, үнэхээр зээл авахаар бол чиний нэр дээр зээл гаргуулна гэж хууран мэхлээд итгэмжлэл хийлгүүлэн дараа нь ээж уг итгэмжлэлээр өөрийнхөө нэр дээр зээл авсан. Анхнаасаа 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн уг итгэмжлэлээр орон сууцыг барьцаанд тавихгүй, Д.Ц эгчийн нэр дээр зээл гарах эсэхийг мэдэх, таньдаг хүндээ үзүүлэхэд хэрэг болно гэж хууран мэхэлж дээрх итгэмжлэлийг хийлгүүлж аваад зээл авсан гэдгээ хэлэлгүйгээр ээж Ш.Ө нь “Е ББСБ” ХХК-аас зээл авсан нь үнэн. Ээж Ш.Ө хууран мэхэлж итгэмжлэл хийлгүүлж аваад өөрийнхөө нэр дээр зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иймд 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Д.Ц-с Ш.Ө-д олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцохыг хүлээн зөвшөөрч байна. Усалгааны лууван, манжин авч, хадгалж байгаад үнэ хүргэж борлуулъя гэж байсан. Ногоогоо дараад зооринд хийсэн. Гэтэл Хятад улсаас манжин орж ирсэн ногооны ханш буурсан. Ингээд анх авсан үнээс доод үнээр зарсан. Гарааш, автомашин, грушиг зэрэгт мөнгө зарцуулсан гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ц нь 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун вилла хотхон 18101/53д байрны 221 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцаалбар, барьцааны гэрээг төлөөлж байгуулах зэрэг бүрэн эрхийг Ш.Ө-д 3 жилийн хугацаатайгаар итгэмжлэл олгожээ. Хавтаст хэрэгт авагдсан энэхүү итгэмжлэл нь хуулийн хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгчийн ярьж байгаа шиг дарамталж, доромжилж байж итгэмжлэл хийлгэсэн гэх ямар ч нотолгоо, хууль зүйн үндэслэлгүй байна. Итгэмжлэл хийж байгаа нотариат бүр итгэмжлэлийн агуулга, үр дагавар зэргийг тайлбарлан өгч гарын үсэг зуруулдаг. Нэхэмжлэгч нь яг ямар үндэслэлээр итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байгаа нь тодорхойгүй, түүнийгээ нотолж чадаагүй, нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагчаар Ө.Т-ыг татсан боловч итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад Ө.Т ямар ч хамааралгүй болох нь хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Гэтэл нэхэмжлэгч Д.Ц-ын эрх ашгийг Ө.Т зөрчсөн гэдэг нь хавтаст хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үндсэн хариуцагч нь гадаад улсад ажилладаг. Нэхэмжлэгч нь итгэмжлэлийнхээ үр дагаврыг ухамсарлаж Ш.Ө-д итгэмжлэл өгчихөөд одоо шүүхийн шийдвэр шүйцэтгэх ажиллагааг удаашруулахын тулд шүүхэд ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэн удаашруулж гуравдагч этгээдийн эрх ашгийг ноцтойгоор хохироож байна. Хүч хэрэглэж хэлцэл хийсэн тохиолдолд 1 жилийн дотор гомдол гаргах эрхтэй байхад энэ эрхээ хэрэгжүүлээгүй. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн тус шүүхийн шүүгчийн 01138 дугаар захирамж хэрэгт байгаа. 26 981 091 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, шийдвэр хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс нэг ч төгрөг төлөөгүй мөртлөө шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаашруулж, барьцаа хөрөнгөө авч үлдэх гэж байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1дэх хэсэгт заасныг баримтлан Д.Ц-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Ө, Ө.Т нарт холбогдох 2016 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Цаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрт ...2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн №01138 дугаар захирамжаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээр оролцоогүй байна гэжээ. Нэхэмжлэгч өөрийнх нь байр барьцаанд тавигдсан, зээлийн барьцаанд хураагдах дээрээ тулж, шүүхийн шатанд очсон байгаа талаар огт мэдээгүй, энэ талаар хариуцагч нар нэхэмжлэгчид мэдэгдээгүй байсан ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж орон сууцыг нь битүүжлэх гэж ирэхэд л анх мэдсэн. Анхнаасаа Ш.Ө, Ө.Т нар нь намайг хууран мэхлэх зорилготой байсан гэдгээ хариуцагч нар бүрэн хүлээн зөвшөөрсөн байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц хариуцагч Ш.Ө, Ө.Т нарт холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Ш.Өд олгосон итгэмжлэлийг хуурч мэхлэгдсэн тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун Вилла хотхоны 53 D дугаар байрны 221 тоот 27,08 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцны өмчлөгч бөгөөд уг орон сууцыг өөрийн нэрийн өмнөөс бусдаас авах зээлийн барьцаанд тавих, барьцаалбар, барьцааны гэрээг төлөөлж байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах, гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, холбогдох баримт бичигт гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр итгэмжлэлээр Ш.Ө-д олгосон үйл баримт хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хариуцагч Ш.Ө нь “Е” ББСБ-аас 20 000 000 төгрөг зээлсэн бөгөөд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулахдаа дээрх итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгч Д.Ц-ын Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Аптаун Вилла хотхоны 53 D дугаар байрны 221 тоот 27,08 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг барьцаалсан, Ш.Ө зээлсэн 20 000 000 төгрөгийг төлөөгүйгээс шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж барьцааны гэрээний зүйл болох Д.Ц-ын орон сууцыг хурааж, битүүмжилсэн баримтууд хэрэгт авагджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Ш.Ө-н хүү Ө.Т “ээжийн таньдаг хүн нь банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг тэр газраас зээл аваад өг, танд зээл гарахгүй байж магадгүй, давхар ээжид байраа барьцаанд тавих итгэмжлэл хийгээд өгчих гэж хуурч мэхлэн итгэмжлэл хийлгүүлэн авсан” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Ш.Ө, Ө.Т нар нь нэхэмжлэгч Д.Ц-ыг “хуурч мэхлэн итгэмжлэл авч, зээл авсан тул нэхэмжлэгч Д.Цаас хариуцагч Ш.Өд 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэх тайлбарыг гаргасан бол бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Е” ББСБ нь нэхэмжлэгч нь итгэмжлэлийнхээ үр дагаврыг ухамсарлаж хариуцагч Ш.Ө-д итгэмжлэл өгчихөөд одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулахын тулд нэхэмжлэгч хариуцагч нар хуйвалдаж барьцаа хөрөнгөө суллахын тулд шүүхэд ямар ч үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэн удаашруулж эрх ашиг хохироож байна гэх тайлбар гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ш.Ө-д итгэмжлэл олгосон, уг итгэмжлэлийн үнэн зөвийг нотариатч гэрчилсэн тул зөвхөн хариуцагчийн тайлбараар нэхэмжлэгчийг  айлган сүрдүүлж, заналхийлж, хууран мэхэлж итгэмжлэл олгосон гэж үзэх үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч заналхийлэл сүрдүүлэгийн дор итгэмжлэл олгож байгаагаа нотариатчид илэрхийлэх боломжтой байснаа хэрэгжүүлээгүй нь хэлцлийг хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “анх би өөрийн нэр дээр зээл авах байх, дутуу 10 000 000 төгрөгөнд миний байрыг зээлийн барьцаанд тавих байх гэж бодсон” гэснээс үзвэл хариуцагч нар түүний байрыг барьцаанд тавьж зээл авах гэж байгаагаа нуусан, ташаа мэдээлэл өгсөн, төөрөгдүүлсэн, хуурч мэхлэсэн гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нөгөө талаар, хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч Д.Ц-ыг бусдад хуурч мэхлэгдэн дээрх итгэмжлэлийг олгосон гэх байдал эргэлзээгүйгээр хангалттай баримтаар тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ц-аас хариуцагч Ш.Өд өөрийн өмчлөлийн орон сууцыг зээлийн барьцаанд тавих, барьцаалбар, барьцааны гэрээг төлөөлж байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх зэрэг бүрэн эрх олгосон хууль зөрчөөгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж гарын үсэг зурсан тул 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн итгэмжлэлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж зөв дүгнэжээ.

 

Иймд нэхэмжлэгч Д.Ц-аас Ш.Ө-д 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр олгосон итгэмжлэл нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2018/01650 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ц-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ