| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2024/0054/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/56 |
| Огноо | 2024-02-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Чингүүн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал,
Улсын яллагч Ц.Чингүүн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттөмөр,
Шүүгдэгч Л.Т******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л********гийн Т********т холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Т******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт гадаа гудамжинд, мөн 13 дугаар багийн 22-09 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч болох хохирогч Б.Н********гийг гараараа болон хөлөөрөө цохиж зодон биед нь баруун нүдний дээд, доод зовхи, 2 хацар, зүүн даланд цус хуралт, духанд зулгаралт, 2 хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Т******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт гадаа гудамжинд, мөн 13 дугаар багийн 22-09 тоотод оршин суух гэртээ хамтран амьдрагч болох хохирогч Б.Н********гийг гараараа болон хөлөөрөө цохиж зодон биед нь баруун нүдний дээд, доод зовхи, 2 хацар, зүүн даланд цус хуралт, духанд зулгаралт, 2 хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 4-р хуудас), хохирогч Б.Н********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 9-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 16-р хуудас), гэрч Ш.О********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 18-р хуудас), гэрч Б.П********рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 20-р хуудас), Хөвсгөл аймаг Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Г.Алтайн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 69 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 23-р хуудас), эвлэрлийн гэрээ (хх-ийн 56-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Л.Т******** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Б.Н********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Аззаяа нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 1,404,900 төгрөгийг нэхэмжилсэн ба Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн хохирогч Б.Н********гт 1,404,900 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай лавлагаа (хх-ийн 12-р хуудас)-гаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Т********аас 1,404,900 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Л.Т********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зэлэм овогт Л********гийн Т********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л********гийн Т********ийг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Л.Т******** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Л.Т********аас 1,404,900 (нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга есөн зуу) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР