| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/155 |
| Огноо | 2024-07-18 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/155
2024 7 18 2024/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалан,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Анхцэцэг,
улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж,
шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Бд холбогдох эрүүгийн 2435000760146 дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ****************** суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт, ****************** сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Х ургийн овогт Н.Б /РД:*****************/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ****************** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар гудамжны 6 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2435000760146 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч Б.Догмиддоржоос: Яллах дүгнэлт болон түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нотолж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн бол,
Шүүгдэгч Н.Б-аас: “Өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно, гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэжээ.
1. Шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ****************** сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар гудамжны 6 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Б.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-4 дүгээр тал),
-Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би Улаангом сумын 1 дүгээр баг 18-25 тоотод байрлах өөрийнхөө гэртээ хөрш Н-ийн хамт Ерөөл нэртэй архи хувааж уугаад байж байхад миний баз дүү Н.Б гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд миний эхнэр И.М бид хоёрт хандаж “пизданууд юу гэж манай хүүхдийг хөөж туугаад байгаа юм бэ” гэсэн. Би юу болсон талаар асуухад танай хоёр хүүхэд манай хүү Ө-тэй хамт тоглохдоо дандаа гадуурхаж, дээрэлхэж байна гэж агсам тавьсан. Тухайн үед Н.Б бид хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор нэг нэгнийхээ үгийг өнгөрөөж хүлээцтэй хандаж чадахгүй бидний хооронд үл ойлголцол үүсэж маргалдсан. Би Н.Б-д хандаж “чи хүүхдийн хэрүүл хийх гэж ирээ юу” гэхэд Н.Б нь миний өмсөж байсан цамцны энгэрээс заамдаж барьж аваад баруун гараараа миний уруул хэсэг рүү 2 удаа цохисон ба бид хоёр заамдалцаж аваад манай гэрээс гарсан. Тэгэхэд Н нь Н.Б бид хоёрыг больцгоо гэж хэлээд салгаж байхад миний төрсөн дүү Б.Э ирж Н.Б-ыг манай хашаанаас гаргаж гэр рүү нь явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 37 дугаар тал),
-Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор, уршиг хохирлыг нэхэмжлэхгүй. Н.Б нь согтуугаар миний биед халдаж зодож гэмтэл учруулсандаа надаас уучлалт гуйсан, надад холбогдох эм тариа, эмчилгээний төлбөрийг бүрэн төлсөн. Одоо миний биед өвдөж зовуурилж байгаа зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40 дүгээр тал),
-Гэрч И.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Ойролцоогоор 19 цагийн үед миний төрсөн дүүгийн нөхөр Н.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай манай гэрт орж ирээд “юу гэж хүүхэд дээрэлхээд байгаа пизданууд вэ” гэж хэлээд манай нөхөр Б.Э-ыг цохисон. Тухайн үед Б.Э “яа” гэж орилж Н, Э босож ирээд Н.Б-тай барьцалдаж аваад тэр гурав гэрээс гарсан. Манай зэргэлдээ хашаанд миний нөхрийн дүү Б.Э байдаг болохоор би түүнтэй утсаар холбогдож Б.Э-ыг хүн зодож байна хурдан ирж салга гэсэн. Төд удалгүй Э ирж Н.Б-ыг салгаж гэр рүү нь явуулсан. Харин би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар тал),
-Увс аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Н.Одбаярын 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 224 дугаартай “...1. Үзүүлэгч Б.Э-ийн биед эрүү яс урд хэсгээр хөндлөн хугарал, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод зүүн 1 дүгээр шүдний булгаралт, тус хэсгийн буйланд шарх, эрүүний урд доод хэсэг, хүзүү, өвчүүний дээд хэсгийг хамарсан, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүү яс урд хэсгээр хөндлөн хугарал, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод зүүн 1 дүгээр шүдний булгаралт, тус хэсгийн буйланд шарх, эрүүний урд доод хэсэг, хүзүү, өвчүүний дээд хэсгийг хамарсан цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь шинжилгээ хийлгэх тухай эрх бүхий албан тушаалтны хүсэлтэд заагдсан хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Үүдэн доод зүүн 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна. 6. Эрүү яс урд хэсгээр хөндлөн хугарал, зөөлөн эдийн няцрал, үүдэн доод зүүн 1 дүгээр шүдний булгаралт, тус хэсгийн буйланд шарх, эрүүний урд доод хэсэг, хүзүү, өвчүүний дээд хэсгийг хамарсан цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 56-57 дугаар тал),
-Шүүгдэгч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Түргэн сумын Хар ус нэртэй газар найрт оролцож архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд Улаангом сумын 1 дүгээр багт байрлах гэртээ ирэхэд миний бага хүү Б.Ө гаднаас уйлж орж ирээд Б.Э ах намайг зайл гэж цохиж хөөлөө гэж орж ирсэн. Б.Ө нь миний асарч авсан хүү бөгөөд хүний хүүхдийг эцэг эхээс нь салгаж асарч авчихаад хүнээр зодуулж хөөлгөөд байхыг би хүсээгүй. Би Б.Э-ын гэрт очиход Б.Э, Н хоёр архи уугаад сууж байсан ба би тэдний гэрт ороод “хүүхэд яагаад цохиж нүдээд байгаа юм” гэж уурлахад Б.Э нь архи ууж байгаад “би чиний хулгай шээсийг цохиж нүдээгүй, худал хэлж байна” гээд босож ирээд миний энгэрээс заамдаж авахаар нь би түүнийг цохиж дэвсгэрт унагаасан. Б.Э нь босож ирээд дахин надтай зууралдаж бид хоёр барьцалдаж нэг нэгнээ түлхэж гэрээс гарсан. Гэрийн гадна гараад ямар нэгэн зодоон үүсээгүй ба Б.Э И.М нар нь намайг гэрийн гадна газарт унагааж дарчихсан байхад Б.Э салгаж хашаанаас гаргаж явуулсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дугаар тал) зэрэг баримтууд болно.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Тодруулбал, шүүгдэгч Н.Б нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулсан үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.
Шүүгдэгчийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хүндэвтэр хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хэн алиных нь нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцаа дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Б.Э нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг бүрэн барагдуулсан цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй тухай баталгаа гаргаж нотариатаар гэрчлүүлсэн нь хавтаст хэргийн 29 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгчээс хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч нь эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж нийт 3,462,180 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлэхээр хуульчилсан.
Хэрэгт иргэний нэхэмжлэгч (Увс аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн дарга Б.Бумбаяр)-ээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,462,180 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд энэхүү хохирлыг шүүгдэгч Н.Баас төлөөгүй байх тул дээрх зардлыг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй.
2. Шүүгдэгч Н.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгч Н.Б-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон тул түүнд ял халдаах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт шүүгдэгч Н.Б цагдан хоригдоогүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, энэ таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэх тайлбарыг гаргасан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна. Учир нь шүүгдэгч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдах, зодож цохих үйлдлийн улмаас тухайн хүн гэмтэж бэртэнэ гэдгийг мэдэж ухамсарласан байдаг учраас тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт хамаарахгүй юм.
Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлээгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал мөн тогтоогдсон гэж үзэх боломжгүй, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн болно.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Ялтны эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн, хохирогч сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 3,462,180 (гурван сая дөрвөн зуун жаран хоёр мянга нэг зуун ная) төгрөгийг шүүгдэгч Н.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН