| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2017/00049/Э |
| Дугаар | 54 |
| Огноо | 2017-04-03 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 54
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Нарийн бичгийн дарга Ц.Болормаа, Улсын яллагч Ц.Батзориг, Шүүгдэгч Г.Дашбямба нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Халзан овгийн Ганбаатарын Дашбямбад холбогдох эрүүгийн 201715000056 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1995 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 22 настай, тусгай дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, Өвөрхангай аймгийн Уянга сумын “Онги” 8 дугаар багийн “Онги” хороолол 08-03 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Халзан овгийн Ганбаатарын Дашбямба. /РД: ЙО95082615/
Шүүгдэгч Г.Дашбямба нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчимд Уянга сумын “Онги” 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Жаргалант” хороолол 07-03 тоотод иргэн Д.Батдаваатай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.Батдаваагын толгойн тус газар хатуу зүйлээр нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:Шүүгдэгч Г.Дашбямба шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би хөдөөнөөс суманд ирэхэд Б.Түвшинбаяр, Э.Шийлэгбат хоёр манайд ирээд бид нар гарцгаасан. Бид гурав нэг савтай пиво уугаад Батаа ахын гудамжинд зогссон. Б.Түвшинбаяр Монпоон гэдэг хүнтэй барилцаж аваад байсан. Дараа нь бид нар Б.Түвшинбаярын ах Д.Батдаваа гэдэг айлд очсон. Б.Түвшинбаяр тэдний хаалгыг нь өшиглөөд орсон. Би араас нь ороод Түшинбаярыг “явъя” гэхэд “явахгүй” гэсэн. Гэтэл Д.Батдаваа ах намайг 2 удаа цохиж авсан. Тэгээд бид нар гарцгаасан. Тэгсэн чинь Д.Батдаваа ах Б.Түвшинбаяртай барилцаад байсан. Би тэр хоёрыг салгаад гэрт ороход Д.Батдаваа ахын толгой болон гар нь цус болчихсон байсан. Д.Батдаваа ах “толгой хагалчихсан байна цус гарч байна” гээд гараараа толгойгоо барьж үзээд байсан. Тэгээд “хараадхая” гэхэд Д.Батдаваа ахын толгой зүсчихсэн юм шиг шархтай болчихсон байсан. Тэгэхээр нь “Таны толгой хагарчихсан байна шүү дээ” гэхэд “Харин тийм, яачихсан юм бол” гэж хариулж байсан. Гэтэл Түвшинбаяр “явъя” гээд хүрээд ирсэн. Би “Батдаваа ахаа явлаа шүү” гэж хэлээд явцгаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу” гэв.
Хохирогч Д.Батдаваагын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн үед намайг гэртээ хэвтэж байтал манай хашааны хаалга татчихаад гаднаас хүн орилох чимээ гараад байхаар нь гэрт байсан Б.Багабанди гэх залууг чи гадаа хэн байгааг нь мэдээтэх би араас чинь гаръя гэж хэлээд хувцсаа өмсөөд сууж байтал гаднаас Т.Түвшинбаяр “пиздаануудыг алаад өгнө, бүгдийг нь алаад өгнө С.Эрдэнэбат ах намайг яаж байгаа юм” гээд орилоод ороод ирсэн. Тэгээд манайд орилоод байхаар нь би аргадах гээд чимээгүй байж бай хүүхдүүд айлгаад байна гэсэн чинь яадаг юм би өнөөдөр бүгдийг нь ална гээд орилоод байсан. Манай гэрт байх үедээ бол намдуухан дуугаар ердөөсөө яриагүй байнга л орилоод байсан. Тэгээд нээх удалгүй араас нь Г.Дашбямба орж ирээд би аваад гаръя гээд авч гарах гэтэл Т.Түвшинбаяр нь би гарахгүй ална шүү гээд хоорондоо ноцолдоод тавилга сав эвдэх гээд байхаар нь би салгаад 2 талдаа суулгасан. Тэгээд би Т.Түвшинбаяртай юм яриад сууж байтал Г.Дашбямба хажуугаас татаад хэрүүл гуйгаад “би өнөөдөр найзуудтайгаа уусан юм болдоггүй юм уу” гэхээр нь “болно, надад ямар хамаа байхав гэхдээ манай гэрт битгий орилж чарлаад бай хүүхэд айлгана” гэсэн чинь “чи намайг мэдэх үү пизда минь” гээд хуруу гараа чичлээд дайраад байхаар нь би нэг удаа цохисон юм. Тэгсэн эхнэр намайг хориод салгасан. Тэгсэн бүүр ихээр дайрч давшлаад байхаар нь гэрт хэрэлдээд яахав гаръя гээд бүгд гарсан. Гарах үедээ Г.Дашбямба нь миний өмнөөс “чамайг сайхан амьдрахыг чинь харнаа” гээд салаавч гаргахаар нь би Г.Дашбямбыг өшиглөөд араар нь гарсан. Тэгсэн гэрийн гадаа Т.Түвшинбаяр намайг хоёр гараараа заамдаад бариад авхаар нь би Т.Түвшинбаяртай барилцаж аваад байж байтал миний араас Г.Дашбямба нь толгой руу нэг хатуу ямаар цохиод авхаар нь би доошоо тонгойгоод толгойгоо дарж үзтэл цус гараад байхаар нь гэртээ орсон. Тэгээд та хоёр ороод ир гэсэн чинь Т.Түвшинбаяр орж ирээд Г.Дашбямба эргээд гараад явсан. Сүүлд нь С.Төгс-Очиртой хамт орж ирсэн. Би хохиролд 1.500.000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 21 дүгээр хуудас/,
Гэрч Т.Түвшинбаярын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би найз Г.Дашбямба, Э.Шийлэгбат, С.Төгс-Очир нартай уулзаад 3 ширхэг “Боргио” нэртай 2.5 граммтай пиво хувааж уучихаад би Д.Батдаваа ахын гэрт нь орчихоод Д.Батдаваа ахтай юм яриад сууж байтал гаднаас Г.Дашбямба орж ирэхэд нь Д.Батдаваа ах архи уучихсан байна гэснээс болоод Г.Дашбямба, Д.Батдаваа ахтай маргалдаад байсан. Д.Батдаваа ах Г.Дашбямбыг хоёр удаа гараараа зүүн талын шанааны хэсэгт цохиод, араас нь өшиглөөд гэрээс гараад явсан. Би араас нь гартал хэрэлдээд байхаар нь больцгоо гээд Д.Батдаваа ахыг барьж аваад зууралдаж байгаад гэр лүү нь ортол Д.Батдаваа ах “нэг нь намайг цохьчих шиг боллоо” гээд толгойгоо илээд цус болчихсон байна гээд байсан. Би Д.Батдаваа ахынхаас гараад Э.Шийлэгбатыг аваад гэр лүүгээ яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/,
Гэрч Э.Шийлэгбатын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр С.Төгс-Очир, Т.Түвшинбаяр, Г.Дашбямба нартай хамт Т.Түвшинбаярын машинтай Д.Батдаваа ахын хашааны үүдэнд машинтайгаа зогссон. Т.Түвшинбаяр, Д.Батдаваа ахын гэр лүү нь яваад орсон. Тэгэхээр нь би сургууль руу яваад хүүхэд гэрт нь хүргэж өгчихөөд буцаад Д.Батдаваа ахын гадаа иртэл С.Төгс- Очир, Т.Түвшинбаяр нар Д.Батдаваа ахын гэрийн гадаа зогсож байхаар нь би очтол Д.Батдаваа ахтай жаахан маргачихлаа гээд байхаар нь би Т.Түвшинбаярыг дагуулаад гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,
Гэрч С.Төгс-Очирын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний орой би гэртээ байж байгаад найз Г.Дашбямбын гэрийн гадаа очтол Т.Түвшинбаяр, Э.Шийлэгбат, Г.Дашбямба нар уулзаад байж байсан. Тэгээд дөрвүүлээ сууж байгаад 3 ширхэг том савтай пиво хувааж уучихаад нэг гудамжинд очиж зогсож байгаад Т.Түвшинбаяр нэг айл руу яваад орчихсон юм. Э.Шийлэгбат хүнтэй уулзах гэж байгаа гээд сургууль руу яваад өгөхөөр нь би машин руу ороод сууж байж байтал Г.Дашбямба, Т.Түвшинбаярын араас айл руу яваад орсон. 10-20 миунтын дараа гэрээс нь хүмүүс орилж гарч ирээд шуугилдаад байхаар нь би машинаас буух гэтэл машины рүүчиг нь хугарчихсан бууж чадалгүй сууж байтал Т.Түвшинбаяр ирээд надад хаалга онгойлгож өгсөн. Т.Түвшинбаяр зодоон хийчихлээ явцгаая гэхээр нь би машиныг чинь унуулахгүй гээд түлхүүрийг нь булаацалдаад байж байтал Э.Шийлэгбат ирчихээр нь би Г.Дашбямбыг авчрах гээд Д.Батдаваа ахын гэр лүү нь ортол Д.Батдаваа ахын гар болон толгойноос нь цус гоожоод байсан. Тэгээд Д.Батдаваа ах Г.Дашбямба толгой хагалчихлаа гээд байсан. Тэгээд би Г.Дашбямбатай хамт гарч ирэх үед Т.Түвшинбаяр, Э.Шийлэгбат нар яваад өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэрч Б.Багабандийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 21-22 цагийн үед би Д.Батдаваа ахын гэрт сууж байтал хашааны хаалга хүн цохиод байх шиг байсан. Тэгээд Д.Батдаваа ах унтах гээд хэвтчихсэн байж байгаад намайг гараад хаалга онгойлгоод өг гэхээр нь би гараад иртэл хашааны том хаалга унагчихаад Т.Түвшинбаяр надтай зөрөөд орсон. Би хашааны хаалгаа босгочихоод араас нь ортол Т.Түвшинбаяр, Д.Батдаваа ах хоёр юм яриад сууж байсан чинь гаднаас Г.Дашбямба орж ирээд Д.Батдаваа ахын хажууд суучихаад Т.Түвшинбаяр, Д.Батдаваа ахын дундуур ороод “чи намайг мэдэх үү найз нараараа өнөөдөр уучихлаа чи тэгээд яахын чи намайг мэдэх үү пизда минь” гээд хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн Д.Батдаваа ах Г.Дашбямбыг нэг удаа цохиод авсан. Тэгээд Д.Батдаваа ах гэрт орилолдоод яахав хүүхэд айлгаад байна гадаа гаръя гээд Д.Батдаваа ах хамгийн сүүлд нь гараад явсан. Тэгээд 1 минут орчим болоод Д.Батдаваа ах эргэж орж ирэхээр нь хартал Д.Батдаваа ахын толгой цус болчихсон байхаар нь толгой чинь хагарчихсан байна гээд би очиж хартал толгой нь зулайны хэсэгтээ хагарчихсан байсан. Т.Түвшинбаяр эргэж гэрт нь орж ирээд буцаад гараад явсан. Г.Дашбямба үлдээд сууж байгаад сүүлд нь явсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25 дугаар хуудас/,
Гэрч С.Эрдэнэбатын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 09-ний орой 21-цагийн үед би Д.Батдаваагын гэрт очоод Д.Батдавааг шорооны ажилд явбал хамт явах гэж асуух гээд гэр лүү нь явж байтал Д.Батдаваагын гудамжны өнцөгт Портер машинтай Т.Түвшинбаяр нилээн хэдэн залуучтай байгаа бололтой байхаар нь машины гадна нь уулзаад төрөл садан учир би жаахан ахархаж чи яагаад унаа машинтай архидаж явдаг юм яасан илүүдээ гарсан мөнгөтэй юм гээд жаахан аашилсан юм. Тэгсэн цаана Г.Дашбямба гэх Ганбаатарын хүү нь “бид нар бяртай шүү олуулаа шүү гурван зааны удам шүү” гээд гудамжинд орилж хашигчаад байсан. Тэгэхээр нь Д.Батдаваагын гэр лүү нь оролгүй буцаад гэртээ ирсэн. Тэгсэн 1 цаг орчмын дараа Т.Түвшинбаяр, Э.Шийлэгбат хоёр манай гэрт орж ирээд Д.Батдавааг зодчихоод ирсэн бололтой яриад байхаар нь та нар яасан дэггүй ах захаа мэддэггүй юм гээд хэсэг аашилж байгаад гаргаад явуулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,
Гэрч О.Цэдэнсодномын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сарын 09-ний 22 цагийн үед манай нөхөр орондоо орчихсон унтаж байсан чинь манай гэрийн гадаа хүн орилох чимээ гарахаар нь дүүгээ гараад хараатах гээд гарах хооронд хашааны хаалга унагаасан. Б.Багабанди өмнөөс нь гараад хашааны хаалга босгочихоод орж ирсэн. Т.Түвшинбаяр манай гэрт орж ирээд ална пиздаануудыг намайг яаж байгаа юм гээд орилоод байсан. Тэгэхээр нь би чи хүүхэд айлгаад байна юу болж яваа юм гэсэн чинь манай нөхөр Д.Батдаваа чи битгий орилоод байгаач хүүхэд айлгаад байна гэсэн чинь орон дээр суугаад зүгээр болохгүй намайг яаж байгаа юм гээд л орилоод байсан. Тэгсэн нээх удалгүй Г.Дашбямба гаднаас орж ирээд Түвшинбаярыг аваад явах гээд чирээд хоорондоо барилцаж аваад байсан. Тэгэхээр нь Т.Түвшинбаяр зүгээр л юм ярьж байгаад гарах гэж байна зүгээр суу гэсэн чинь Г.Дашбямба нь суугаад Т.Түвшинбаярт хандаж Д.Батдаваа чи ахынхаа гэрт яагаад согтуу орж ирээд байгаа юм гээд яриад сууж байтал Г.Дашбямба нь Д.Батдаваагын хажуугаар орж ирээд яадын бид нар найз нараараа архи уусан юм болохгүй юу пизда минь би чамайг мэднэ шүү гээд Д.Батдаваагаас хэрүүл гуйгаад байсан. Тэгсэн Д.Батдаваа, Г.Дашбямбыг шанааны хэсэгт нь гараараа 2 удаа цохисон. Би Д.Батдавааг чи битгий согтуу хүмүүстэй хэрэлдээд байгаач гээд холдуулчихаад би тухайн хоёр залууг одоо явцгаа гээд гэрээсээ хөөсөн чинь Г.Дашбямба нь гэрийн хаалга алдалж зогсчихоод янз бүрээр хэлээд хэрүүл гуйгаад байхаар нь Д.Батдаваа уурлаад яасан овоо юм тэгвэл гараад ир гээд Г.Дашбямбыг өшиглөх шиг болоод гаргасан. Гэрээс Т.Түвшинбаяр түрүүлж гараад араас Г.Дашбямба
гарсан сүүлд нь Д.Батдаваа гарсан. Би гал дээр байсан тогоотой хоолоо гаргачихаад араас нь гарах гэтэл өмнөөс Д.Батдаваа орж ирсэн. Тэгээд Г.Дашбямба нь яваад өгсөн байсан, Т.Түвшинбаяр нь гадаа байхаар нь хөөгөөд яв гээд байж байтал манай нөхөр Д.Батдаваа гэрээс шагайж хараад наад хоёрыгоо дууд гэсэн. Толгойноос нь цус гарчихсан байхаар нь нөгөө 2 залууг нь дуудаад гэртээ оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №84 дугаартай: “... Д.Батдаваа-н биед тархины доргилт, хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн гэмтэл, баруун гарын хурууны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлй зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуучин гэмтэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /ххийн 34 дүгээр хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16 дугаар хуудас/, Шүүгдэгч Г.Дашбямбын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 46, 49, 52, 54 дүгээр хуудас/ Шүүгдэгч Г.Дашбямбын ял шалгах хуудас /хх-ийн 62 дугаар хуудас/, Шүүгдэгч Г.Дашбямбыг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл /хх-ийн 44 дүгээр хуудас/ зэрэг болно.,
Шүүгдэгч Г.Дашбямба нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчимд Уянга сумын “Онги” 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Жаргалант” хороолол 07-03 тоотод иргэн Д.Батдаваатай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар Д.Батдаваагын толгойн тус газар хатуу зүйлээр нэг удаа цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Батдаваагийн “...Гэрээс гарах үедээ Г.Дашбямба нь миний өмнөөс “чамайг сайхан амьдрахыг чинь харнаа” гээд салаавч гаргахаар нь би Г.Дашбямбыг өшиглөөд араас нь гарсан. Тэгсэн гэрийн гадаа Т.Түвшинбаяр намайг хоёр гараараа заамдаад бариад авахаар нь би Т.Түвшинбаяртай барилцаж аваад байж байтал миний араас Г.Дашбямба нь толгой руу нэг хатуу юмаар цохиод авахаар нь би доошоо тонгойгоод толгойгоо дарж үзтэл цус гараад байхаар нь гэртээ орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19, 21/, гэрч Т.Түвшинбаярын “...Д.Батдаваа ах Г.Дашбямбыг хоёр удаа гараараа зүүн талын шанааны хэсэгт цохиод, араас нь өшиглөөд гэрээс гараад явсан. Би араас нь гартал хэрэлдээд байхаар нь больцгоо гээд Д.Батдаваа ахыг барьж аваад зууралдаж байгаад гэр лүү нь ортол Д.Батдаваа ах нэг нь намайг цохьчих шиг боллоо гээд толгойгоо илээд цус болчихсон байна гээд байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22/, гэрч Э.Шийлэгбатын “... Т.Түвшинбаяр, Д.Батдаваа ахын гэр лүү нь яваад орсон. Тэгэхээр нь би сургууль руу яваад хүүхэд гэрт нь хүргэж өгчихөөд буцаад Д.Батдаваа ахын гадаа иртэл С.Төгс-Очир, Т.Түвшинбаяр нар Д.Батдаваа ахын гэрийн гадаа зогсож байхаар нь би очтол Д.Батдаваа ахтай жаахан маргачихлаа гээд байхаар нь би Т.Түвүинбаярыг дагуулаад гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч С.ТөгсОчирын “... Би Г.Дашбямбын авчрах гээд Д.Батдаваа ахын гэр лүү нь ортол Д.Батдаваа ахын гар болон толгойноос нь цус гоожоод байсан. Тэгээд Д.Батдаваа ах Г.Дашбямба толгой хагалчихлаа гээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/, гэрч Б.Багабандийн “... Д.Батдаваа ах гэрт орилолдоод яахав хүүхэд айлгаад байна гадаа гаръя гээд Д.Батдаваа ах хамгийн сүүлд нь гараад явсан. Тэгээд 1 минут орчим болоод Д.Батдаваа ах эргэж орж ирэхээр нь би хартал Д.Батдаваа ахын толгой цус болчихсон байхаар нь толгой чинь хагарчихсан байна гээд би очиж хартал толгой нь зулайны хэсэгтээ хагарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 25/, гэрч С.Эрдэнэбатын “... 1 цаг орчмын дараа Т.Түвшинбаяр, Э.Шийлэгбат хоёр манай гэрт орж ирээд Д.Батдавааг зодчихоод ирсэн бололтой яриад байхаар нь та нар яасан дэггүй ах захаа мэддэггүй юм гээд хэсэг аашилж байгаад гаргаад явуулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/, гэрч О.Цэдэнсодномын “... Гэрээс Т.Түвшинбаяр түрүүлж гараад араас Г.Дашбямба гарсан сүүлд нь Д.Батдаваа гарсан. Би гал дээр байсан тогоотой хоолоо гаргачихаад араас нь гарах гэтэл өмнөөс Д.Батдаваа орж ирсэн. Тэгээд Г.Дашбямба нь яваад өгсөн байсан, Т.Түвшинбаяр нь гадаа байхаар нь хөөгөөд яв гээд байж байтал манай нөхөр Д.Батдаваа гэрээс шагайж хараад наад хоёрыгоо дууд гэсэн. Толгойноос нь цус гарчихсан байхаар нь нөгөө 2 залууг нь дуудаад гэртээ оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №84 дугаартай дүгнэлт /хх-ийн 34/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 15-16/, шүүгдэгч Г.Дашбямбын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,
Шүүгдэгч Г.Дашбямбад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Г.Дашбямбыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Г.Дашбямба нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Шүүгдэгч Г.Дашбямба нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Г.Дашбямбад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Г.Дашбямбыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Дашбямба нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.
Хэрэгт шүүгдэгч Г.Дашбямбын AН 9006618 серийн дугаартай 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.
Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 162 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар шүүгдэгч Г.Дашбямбад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Г.Дашбямбад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Халзан овгийн Ганбаатарын Дашбямбыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Халзан овгийн Ганбаатарын Дашбямбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Г.Дашбямба нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч Г.Дашбямбын AН 9006618 серийн дугаартай 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Дашбямбад авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Дашбямбад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР