| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/1005/Э |
| Дугаар | 1119 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | М.Гэрэлбадрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 1119
185/2019/1005/Э
2020 9 3 2020/ДШМ/1119
А.О-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Гэрэлбадрах,
шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Д.Бадам,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Д.Бадам нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.О-т холбогдох 1809050630694 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
О-,
А.О- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нийслэлийн Өргөө амаржих газар”-ын нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох тус тасгийн нярайн фото аппарат нэг ширхэг, нярайн хүүхдийн ор /тэргэнцэр/ нэг ширхэг зэргийг өөрийн хувийн эмнэлэг болох “Бурам Оюу” нэртэй эмнэлэгтээ ашиглах замаар албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Хүрэн бэлчир овогт Авхинсүхийн О-ийг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.О-ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, шүүгдэгч А.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа эмчилгээний хоёр тоног төхөөрөмжийг миний хувийн “Бурам-Оюу” эмнэлгийг түрээслэн ажиллаж байсан Болорцэцэг эмчид түр хэрэглүүлэхээр эмнэлгийн удирдлагад мэдэгдэлгүйгээр гаргасан бөгөөд энэ нь байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн хууль бус үйлдэл гэдгийг бүрэн дүүрэн ойлгож, маш их гэмшиж байгаагаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн мэдүүлгүүддээ болон шүүх хуралдаанд хэлж мэдүүлж байсан болно. Энэ үйлдлийг байгууллагын удирдлагын зүгээс хөдөлмөрийн гэрээг зөрчсөн сахилгын зөрчил гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 6/434 тушаалаар үндсэн цалингийн 15 хувиар 3 сарын хугацаагаар хасаж, мөн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 6/446 тоот тушаалаар тасгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж эмчээр ажиллуулсан, энэ хугацаанд хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу цалингийн нэмэгдэл урамшууллыг өнөөдрийг хүртэл аваагүй. Өөрийн авсан нярайн ор, шарлалтыг хэмжих аппаратыг эд хөрөнгийн тооллогын үеэр буюу 2018 оны 10 дугаар сард арга зүйч Оюун-Эрдэнэд хүлээлгэж өгсөн, энэ үйлдэлдээ удаа дараа сахилгын шийтгэл хүлээсэн байхад тус дүүргийн прокурорын газраас 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, шүүхээс торгох ял оногдуулж энэ үйлдэлд 3 дахь удаагаа шийтгүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, миний эрхийг зөрчиж байна.
Шүүхийн шийтгэх тогтоолд намайг шийтгэж буй нотлох баримтуудын талаар авч үзвэл;
1. Хохирогч О.Батдаваагийн мэдүүлэгт “нярайн тасгийн эд зүйлсийг хэн хариуцдаг вэ” гэх мөрдөгчийн асуултад “манай ажилтан Н.Алимаа хариуцдаг” гэж хариулсныг шүүх шийдвэртээ бичээгүй байна. Эмнэлгийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг аж ахуйн тасгийн дарга О.Батдаваа, тасгийн ажилтан Н.Алимаа нар ажил үүргийн хуваарийн дагуу бүрэн хариуцах үүрэгтэй болно. Мөн Батдаваагийн мэдүүлэгт тасгийн эрхлэгчийн хувьд О- хариуцах талаар огт хэлээгүйг дурдъя.
2. Гэрч Н.Алимаагийн мэдүүлгийг бичсэн ба тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...нярайн тасгийн тоног төхөөрөмж, эд зүйлийг ажлын онцлогоос шалтгаалаад хэн нэгэн хүний нэр дээр бүртгэлгүй, хэрэгцээтэй газар нь хэрэглээд явж байдаг зүйлс, ер нь бол би хариуцаж ажиллах ёстой, эд зүйл алга болсон тохиолдолд эд хариуцагч буюу би хариуцах ёстой...” гэж мэдүүлснийг шүүх анхаарч үзээгүй.
3. Гэрч Ц.Даваадулам, М.Болормаа, Б.Өлзийхишиг, Ц.Алтантуяа нарын мэдүүлгүүдэд нярайн тасгийн эрхлэгч эмчилгээний тоног төхөөрөмжийг ажил үүргийн хувьд хариуцдаг талаар мэдүүлээгүй. Тэд миний авч гарсан хоёр тоног төхөөрөмжийг хэзээ, хэдийд авч гарсан талаар хэлсэн байдаг. Гэрч Ц.Алтантуяа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр өөр мэдүүлэг өгсөн, анхны мэдүүлгээсээ буцсан зөрүүтэй мэдүүлгийг шүүх нотлох баримт болгосон, бусад гэрчүүд болох Амарсанаа, Мөнхзул, Гүндэгмаа, Саран, Содтунгалаг, Төгсгэрэл, Гандулам, Урмаа нарын мэдүүлгүүдэд тасагт хэрэглэгддэг эмчилгээний тоног төхөөрөмжийг тасгийн эрхлэгч О- хариуцдаг талаар огт хэлээгүй, эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагааны явцад тасгийн эрхлэгч болон бусад эмч нар тасгийн тоног төхөөрөмжтэй харьцдаггүй, заавар зөвлөгөө өгдөг, сувилагч нар өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэдэг талаар, гэрч Мөнхзулын мэдүүлэгт эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тоног төхөөрөмж хариуцсан инженерүүд болон нярав Н.Алимаа нар тоолоод явдаг, туслах сувилагчийг өдөр бүр тоолуулж хариуцан ажиллуулж байгаа талаар мэдүүлснийг шүүх анхаарч үзэлгүйгээр А.О- хариуцсан хөрөнгийг завшсан гэж үзсэн.
4. Тасгийн эрхлэгчээр томилсон тушаалыг шүүх шийдвэртээ дурдсан байх боловч 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 146 тоот тушаалаар намайг нярайн тасгийн эрхлэгчээр томилсон, тэнд тасгийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг хариуцах талаар огт бичээгүй. Харин тасгийн эрхлэгчийн хувьд үйл ажиллагааны үндсэн чиглэл болох нярайг эмчлэх, сувилах, эрүүлжүүлэх, урьдчилан сэргийлэх ажиллагаанд тасгийн эмч, сувилагч нарын үйл ажиллагааг бүрэн хариуцах, хариуцлагын 15.000 төгрөгийн нэмэгдлийг шүүх ийнхүү хийсвэрээр дүгнэсэн гэх ойлголтыг төрүүлж байна,
5. Байгууллагын дотоод журмыг бичсэн бөгөөд уг журамд нярайн тасгийн эрхлэгчийн чиг үүргийн талаар тусгайлан заагаагүй, дотоод журмын 11.13-т хариуцсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, эд материалыг хамгаалах, үр бүтээлтэй зарцуулах талаар нийт ажилтнуудад хамааруулснаас өөр заалт байхгүй. Миний хувьд ажил үүргээ гүйцэтгэхэд ажлын ширээ, сандал, компьютер, байгууллагаас хүлээлгэж өгсөн pulse oxsimeter, судас тодруулагч хоёроос өөр тоног төхөөрөмж хариуцдаггүйг ажил хүлээлцсэн акт баримтууд, эд хөрөнгийн тооллогын бүртгэл материалуудад тодорхой тусгагдсан байгааг хэлэхийг хүсэж байна. Манай байгууллагын ажлын онцлогоос хамаарч байгүуллагын эд хөрөнгө, эмчилгээний тоног төхөөрөмжийг ажил үүргийн хувьд тусгайлан хариуцдаг аж ахуйн тасаг, нярав, тоног төхөөрөмжийн инженерийн тасаг, өмч хамгааллын алба, өдөр тутамд хяналт тавих чиг үүрэг бүхий нярав-сувилагчид ажилладаг, мөрдөн шалгах ажиллагааны явцад эдгээрийг шалгуулах, мэдүүлэг өгүүлэх талаар өмгөөлөгчийн хамтаар удаа дараа цагдаа, прокурор, шүүхэд гомдол, хүсэлт гаргаж байсан ч эрх бүхий субъектүүд бидний гомдол, хүсэлтийг хүлээж авалгүйгээр эцэст нь намайг буруутгаж шийтгэсэн. “Өргөө” амаржих газрын дарга Дүүрэнбилэг "...тасгийн эд хөрөнгийг арга зүйч, эд хариуцагч, тоног төхөөрөмжийн инженер, өмч хамгааллын байнгын зөвлөл хариуцдаг. ..." талаар тодорхой мэдүүлгийг өгсөн, мөн нярав Н.Алимаагийн ажлын байрны тодорхойлолтод "ажлын байрны үндсэн зорилт нь үндсэн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавих" гэж бичигдсэн нь надад хамааралгүйг нотлодог, удаа дараагийн шүүх хурлуудад байгууллагын зүгээс О-ээс нэхэмжлэх зүйл байхгүй, О-т сахилгын шийтгэл хүлээлгэсэн талаар тоот явуулж, утсаар мэдэгдэж байсан нь миний бие тухайн тоног төхөөрөмжийг итгэмжлэн хариуцдаггүйг нотолж байгаа болно,
6. Намайг тасгийн эрхлэгчээр ажиллаж байх үеийн хөдөлмөрийн гэрээний 9.3.1.6-д тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл гадагш гаргах, үрэгдүүлэхийг хориглохыг сахилгын зөрчил гэж үзээд 9.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэлийг хоёр удаа оногдуулсан. Үүнээс өөрөөр тасгийн эрхлэгчийн хувьд эмчилгээний тоног төхөөрөмжийг хариуцаж хяналт тавих талаар тусгайлсан заалт байхгүй байхад шүүх хөдөлмөрийн гэрээг үндэслэж намайг буруутгасан.
7. 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр батлагдсан нярайн тасгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтод ажлын байрны зорилго нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд батлагдсан стандарт журмын дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нярайд тусламж үйлчилгээ үзүүлэх, яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, сургалт эрдэм шинжилгээний ажилд оролцох, зохион байгуулах, бусад үйл ажиллагаа гэсэн ажлын байрны үндсэн 5 зорилт, гол үйл ажиллагаа нь нярайг хүлээн авч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх, нярайг төрмөгц ерөнхий үзлэг хийж, 5 нүх сүвийг шалгах, нярайд нэн шаардлагатай үзлэг, эмчилгээ хийх, стандарт удирдамжийн дагуу тусламж үйлчилгээ үзүүлэх талаар л бичсэнээс өөр тоног төхөөрөмж, эд хөрөнгө хариуцах, хяналт тавих талаар огт бичигдээгүй байхад шүүх чухам юуг үндэслэж шийтгээд байгаа нь ойлгомжгүй байна. Дээрхээс үзвэл шүүх сахилгын зөрчил, гэмт хэргийг ялгахгүйгээр, мөн гэмт хэрэг үйлдсэн гэх нотлох баримтгүй, үндэслэлгүйгээр шийтгэж миний эрхийг зөрчиж, намайг хохироож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хянан үзэж, намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.О-ийн өмгөөлөгч Д.Бадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг хууль тогтоогч “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” байхаар хуульчилсан бөгөөд энэ нь тухайн гэмт хэргийн объектив талын заавал байх шинж болно. А.О-ийн хувийн эмнэлэгтээ авч хэрэглэсэн гэх нярайн фото аппарат, нярайн тэргэнцэр зэргийг түүний ажил албан тушаалын хувьд “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө” мөн эсэхийг нотолсон үйл баримт хавтас хэрэгт байхгүй байхад шүүх шийдвэртээ “...гэрчүүдийн мэдүүлгүүд, ажилд томилох тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байсан албаны чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах. ...” талаар таамаг бүхий хийсвэр дүгнэлтийг хийсэн. /шийтгэх тогтоолын 4 дүгээр хуудас/ Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад А.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх 241/, байгууллагын дотоод журам /хх 234/, ажлын байрны тодорхойлолт /хх 170-176/, ажилд томилсон тушаал /хх 160/, нярайн тасгийн эд хөрөнгийн бүртгэл, тооллогын баримтууд /хх 67-73/, ажил хүлээлцсэн баримтууд /хх 172/ зэрэг хууль эрх зүйн тодорхой үр дагавар агуулсан баримт бичгүүдэд тухайн тасагт хэрэглэгддэг эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг тасгийн эрхлэгчид албан ёсоор хариуцуулсан болон хариуцах талаар огт бичигдээгүй. Өөрөөр хэлбэл, А.О- тухайн тоног төхөөрөмжийг итгэмжлэн хариуцсан этгээд биш байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 27 хүн гэрчээр тайлбар, мэдүүлэг өгсөн байдаг, тэдний мэдүүлгүүдэд эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг А.О- бус нярав Н.Алимаа гэдэг хүн ажил үүргийн хувьд хариуцаж хяналт тавих чиг үүрэгтэй талаар хохирогч О.Батдаваа болон Н.Алимаагийн өөрийнх нь мэдүүлгүүд, түүний ажлын байрны тодорхойлолт, эд хөрөнгийн тооллого хийсэн баримтууд дээр Н.Алимаа гарын үсэг зурж баталгаажуулсан зэргээс тодорхой харагддаг. ...”Өргөө” амаржих газрын дарга Дүүрэнбилэгийн гэрчээр өгсөн мэдүүлэгт /хх 231/ А.О- тоног төхөөрөмж хариуцахгүй шууд хариуцах субъект нь арга зүйч, эд хариуцагч, тоног төхөөрөмжийн инженер, өмч хамгааллын байнгын зөвлөл хариуцах талаар өгсөн мэдүүлгээс А.О- хариуцахгүй гэдэг нь харагдаж байна. ...Шүүхийн шийдвэрийн дүгнэлтэд бичигдсэн дээрх нотлох баримтууд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн диспозицид хуульчлан тодорхойлсон “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэх ойлголт үгүйсгэгдэж буйг, А.О-ийн үйлдэлд тухайн гэмт хэргийн шинжгүйг эсрэгээр нотолж байгаа бөгөөд энэ утгаар уг шийдвэр хуулийн үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцээгүйг харуулна.
Хоёр: А.О- эл гэмт хэргийн субъект болох эсэх асуудлыг зайлшгүй авч үзэх шаардлагатай. Тухайн зүйлийн хуульчлагдсан диспозициос харахад энэхүү гэмт хэргийн тухайд “бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд” байх нь тодорхой юм. Өмнө дурьдсан нотлох баримтуудад А.О-т эмнэлгийн тоног төхөөрөмжийг итгэмжлэн хариуцуулсан гэрээ, бүртгэл, баримт байхгүй, түүнчлэн тасгийн эрхлэгчийн хувьд болон эмч нарын хувьд эрүүл мэндийн болон нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх, яаралтай тусламж үзүүлэх, сургалт эрдэм шинжилгээний ажилд оролцох бусад үйл ажиллагааг гардан гүйцэтгэдэг болохоос тоног төхөөрөмж хариуцдаггүй нь энэ гэмт хэргийн субъект биш болохыг нотолдог. Хэдийгээр тасгийн эрхлэгчийн хувьд албан тушаалтан мөн боловч үндсэн гэмт хэргийн шинжийг хангахгүй гэдэг утгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх шинжийг хангахгүй болно.
Гурав: А. О-ийн хувийн эмнэлэгтээ хэрэглэсэн хоёр тоног төхөөрөмжийг эрх бүхий субъектийн зөвшөөрөлгүйгээр гаргасан үйлдэл нь сахилгын зөрчил үү, эсхүл гэмт хэрэг үү гэдэгт шүүх шийдвэртээ тусгайлсан дүгнэлт хийгээгүй, өмгөөлөгчийн зүгээс А.О-ийн үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд дурдсаны дагуу сахилгын зөрчил болох талаар мэтгэлцсэн болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” хэмээн заажээ. Дээрх тодорхойлолтоос үзэхэд гэмт хэрэг нь эрх зүйн бусад зөрчлөөс
Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчлагдсан
Нийгэмд аюултай байх
Гэм буруутай байх шинжүүдээр ялгагдана.
А.О-ийн нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байх үеийн хөдөлмөрийн гэрээний 9 дэх хэсэгт Хөдөлмөрийн сахилга гэсэн хэсэгт 9.1. Цаг ашиглалт, 9.2.Ажлын цагийн тооцоо, 9.3 дахь хэсэгт ажилтнуудын хориглох зүйл гэсэн заалтуудыг хамруулж улмаар 9.3.1.6 хариуцсан эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг зөвшөөрөлгүй хувьдаа хэрэглэсэн, гадагш гаргасан зэргийг хөдөлмөрийн сахилгын зөрчил гэж үзэхээр заасан байна. А.О-тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний заалтыг үндэслэн “Өргөө” амаржих газрын даргын тушаалаар сахилгын хоёр шийтгэл тодруулбал, А.О-ийг тасгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлж тушаал бууруулан эмчээр ажиллуулсан /хх 170/, мөн цалингийн 15 хувийг хассан тушаалуудыг тус тус гаргаж, улмаар хөдөлмөрийн гэрээгээр жилийн эцэст олгодог үр дүнгийнхээ урамшуулал авах эрхгүй болж давхар давхар шийтгүүлсэн байдаг. 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тооллогоор эмнэлгийн 12 ширхэг эд зүйлс дутаж 19.715.723 хохирол учирсан байдаг бөгөөд эл асуудлыг А.О-тэй холбогдуулан шалгасан боловч тогтоогдоогүй, А. О- нь өөрийн хувийн эмнэлэгтээ хэрэглэж байсан гэх тоног төхөөрөмжийг эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө буюу 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр арга зүйч Оюун-эрдэнэд хүлээлгэж өгсөн. Байгууллагын зүгээс энэхүү хууль бус үйлдэлд зохих сахилгын шийтгэлүүдийг оногдуулсан нь прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол гарахаас өмнө болсон процесс байдаг. Ийнхүү шүүх гэмт хэргийг сахилгын зөрчлөөс ялгаж шийтгэх тогтоолдоо дүгнээгүй, нөгөө талаас сахилгын зөрчлийг гэмт хэрэгт тооцож ял оногдуулсан нь шүүхийн шийтгэх тогтоолыг хууль бус гэж үзэх хуулийн үндэслэл бүрдэж байна. Дээрхээс дүгнэж үзвэл шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй буюу буруу зүйлчилж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.О-ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Гэрэлбадрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...давж заалдах гомдолд “шүүгдэгч А.О- эд хөрөнгө хариуцдаггүй, хариуцдаг байсан хүн нь Алимаа” гэж дурдсан байна. Алимаа хариуцдаг байхад А.О-т ял оногдуулсан зүйл огт биш. Хэдийгээр Алимаа хариуцдаг байсан хэдий ч мэдэгдэлгүйгээр байгууллагын эд хөрөнгийг хувьдаа ашигласан нь тогтоогдсон. Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд маш тодорхой зааж өгсөн. А.О- шүүгчийн асуултад хариулахдаа “зөвшөөрөл аваагүй нь миний буруу” гэж хариулж байна. Хувийн аж ахуй нэгж гэдэг бол ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүний асуудалд дүгнэлт хийхээс биш сахилгын шийтгэл мөн, биш байна гэж дүгнэлт хийхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч А.О- нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “Нийслэлийн Өргөө амаржих газар”-ын нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 6 дугаар сараас 2018 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд тухайн тасагт ашиглаж байсан нярайн фото аппарат нэг ширхэг, нярайн хүүхдийн ор /тэргэнцэр/ нэг ширхэг зэргийг өөрийн хувийн эмнэлэг болох “Бурам Оюу” нэртэй эмнэлэгтээ ашиглах замаар завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батдаваагийн “...2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хагас жилийн тооллогоор эд зүйлүүд бүгд бүрэн байсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нярайн тасгийн эд хариуцагч Н.Алимаа “сүүлийн 2 сарын хугацаанд манай тасгаас тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд дутаад байна” гэж хэлсний дагуу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тооллого хийж үзэхэд эд хөрөнгө дутсан. ...” /1хх 16, 142-143/,
гэрч Н.Алимаагийн “...2018 оны 6 дугаар сард хагас жилийн тооллогоо тоолоход бүгд бүрэн байсан, харин 2018 оны 10 дугаар сарын дундуур тооллого хийхэд эд зүйлс дутсан байсан. ...Манай байгууллагын эд зүйлс нь ажлын онцлогоос шалтгаалан нэг хүний нэр дээр бүртгэлгүй, хэрэгцээтэй газарт нь хэрэглээд явж байдаг зүйлс байгаа юм. ...Манай байгууллагаас өгсөн өргөдөлд бичигдсэн зүйлүүдээс нэг ширхэг хүүхдийн ор, нярайн фото эмчилгээний аппарат зэргийг нярайн тасгийн эрхлэгч А.О- нь арга зүйч Оюун-Эрдэнэд хүлээлгэн өгсөн байна. Би сериал дугаарыг нь шалгахад алдагдсан гэх зүйлүүд мөн байсан. ...” /1хх 17/,
гэрч Ц.Даваадуламын “...2018 оны 6 дугаар сард цэвэрлэгч М.Болормаа “нярайн тасгийн эрхлэгч А.О-ийг хүүхдийн ор аваад гарсан” талаар хэлсэн. ...Энэ тухай 6 дугаар сарын 24-ний өдөр дэвтэртээ бичиж тэмдэглэсэн байгаа. ...” /1хх 18/,
гэрч М.Болормаагийн “...2018 оны 6 дугаар сард байх би сайн санахгүй байна, эрхлэгч А.О- хүлээн авахаар хүүхдийн ор аваад гарч байхыг харсан. ...” /1хх 27-28, 148-149/,
гэрч Ц.Алтантуяагийн “...намайг анх энэ ажилд ороход нярайн тасагт шарлалт хэмждэг аппарат нэг ширхэг байсан ба хүүхдүүдэд хүрдэггүй байсан. Гэтэл нэг шарлалт хэмжигч багажийг А.О- эмч авчихаад хадгалаад байгаа юм уу, гаргаж өгдөггүй юм гэсэн яриа явдаг байсан. ...Би “Энх бүсгүй” гэдэг хувийн эмнэлэгт биеэ үзүүлээд гарч явахад үүдэнд нь А.О- эмчийн хувийн эмнэлэг байсан. Манай найз З.Болорцэцэг эмч ажилладаг болохоор нь орж уулзах гээд орсон чинь манай эмнэлгээс алга болсон хүүхдийн жин, хүчилтөрөгч хэмжигч фото аппарат, шарлалт хэмжигч багаж байсан. ...А.О- эмчийн эмнэлэг дээр алга болсон зүйл байхыг би нүдээрээ харсан. ...” /1хх 39-40/,
гэрч Б.Өлзийхишигийн “...манай чанарын менежер Ц.Алтантуяа бидэнд хэлэхдээ “алга болсон гэх тэргэнцэр, бикс, жин, фото аппарат, шарлалт хэмжигч, хүчил төрөгчийн хангамж хэмжигч гэх тоног төхөөрөмжүүд тасгийн эрхлэгч А.О- эмчийн хувийн эмнэлэг болох “Бурам Оюун” эмнэлэг дээр З.Болорцэцэг эмч ашиглаад хүүхэд үзэж байсан” гээд зургийг нь үзүүлсэн...” /1хх 57/,
гэрч А.Гандуламын “...манай тасгийн хурал болох үеэр шарлагын фото аппарат, хүүхдийн ор зэрэг эд зүйлс алдагдсан байна гэж тоног төхөөрөмж хариуцсан хэлтсийн дарга О.Батдаваа хэлэхэд асрагч Болормаа, туслах сувилагч н.Гүндэгмаа, туслах сувилагч Ц.Даваадулам нар “нярайн тасгийн эрхлэгч А.О- эмч эдгээр эд зүйлсийг нярайн эмч З.Болорцэцэгийн хамт аваад явсныг нь харсан” гэж хэлж байсан. ...” /1хх 56/,
А.О-ийн яллагдагчаар өгсөн “...би хэргийг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 6 дугаар сард би нярайн тасгийн фото эмчилгээний аппарат, хүүхдийн ор хоёрыг хүлээн авахын хаалгаар авч гараад өөрийн ажиллуулдаг “Бурам Оюу” нэртэй эмнэлэгтээ ашигласан. Тэгээд 2018 оны 10 дугаар сард тооллого болоод эд зүйл дутлаа гэхээр нь эмнэлэгт буцааж оруулсан. ...Би “Өргөө амаржих газрын” удирдлага, эд хариуцагчид мэдэгдэлгүйгээр авч ашигласан. Миний хувийн эмнэлэгт шаардлагатай болохоор нь авсан. Миний буруутай үйлдэл, би гэмшиж байна. ...” /1хх 121-123, 231/ гэх мэдүүлгүүд, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 14/, нярайн тасагт дутагдсан хөрөнгийн жагсаалт /1хх 62/, эд зүйлийн үнэлгээ /1хх 115-116/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 137-138/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 139-141/, А.О-ийг Нярайн тасгийн эрхлэгчээр томилсон тушаал /1хх 168-169/, А.О-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1хх 246-250/, “Өргөө” амаржих газрын хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай тушаал /1хх 233-245/, ажлын байрны тодорхойлолт /1хх 174-176/ болон анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн А.О-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирчээ..
Шүүгдэгч А.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Д.Бадам нар нь “...А.О- нь тухайн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш. ...Байгууллагын зүгээс сахилгын шийтгэл оногдуулсан байхад эрүүгийн гэмт хэрэг гэж үзэн ял оногдуулсан нь үндэслэлгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь иргэн, аж ахуй нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах боломжид хууль бусаар авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялгагдан зүйлчлэгддэг.
Эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж ахуй нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгож болно.
Шүүгдэгч А.О- нь Нийслэлийн “Өргөө” амаржих газрын нярайн тасгийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ ажил, үүргийн дагуу нярайн фото аппарат, нярайн хүүхдийн ор зэргийг зориулалтын дагуу тус тасагт хэрэглэж байсан боломжийг ашиглан байгууллагын удирдлага, хариуцсан хүмүүст нь мэдэгдэхгүйгээр, тэдний зөвшөөрөлгүйгээр байгууллагаас гарган өөрийн хувийн эмнэлэгтээ ашиглах зэргээр гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж буй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн болно.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд хууль, гэрээ, хэлцлийн үндсэн дээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшихыг хөрөнгө завших гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүнээр тодорхойлж, харин энэ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн тохиолдолд хүндрүүлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоожээ.
Шүүгдэгчийн хувьд завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэх хүндрүүлэх шинжийг мөн хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч хэрэгт цугларсан ажилд томилох тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт тэдгээрийн үндсэн дээр гүйцэтгэж байсан албаны чиг үүрэг болон бусдын эд хөрөнгийг хариуцах болсон үндэслэл, эд хөрөнгийг зувчуулсан арга зэргээс үзэхэд эдгээр нь албан тушаалын байдалтай нягт холбоотой болох нь тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, А.О- нь тасгийн эрхлэгчээр ажиллаж байх үедээ албан тушаалын эрх, үүргийн дагуу байгууллагын тоног, төхөөрөмжтэй харьцах боломж гарч энэ байдлыг ашиглан тэдгээрийг завшсан нөхцөл байдал нотлогдсон тул завших гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Д.Бадам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.О-, түүний өмгөөлөгч Д.Бадам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН