Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2021/02076

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны11 срын 02 өдөр

                        181/ШШ2021/02076

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хаалттай хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Г.Э-ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Р.Я-д  холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс Я.С , Я.Ж , Я.Г  нарт ноогдох хувь гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Э , түүний өмгөөлөгч А.Гантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Р.Я тай танилцаж, хамт амьдраад дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Бид 27, 15, 10, 9 насны хоёр хүү, хоёр охинтой. 1994 онд том хүүгээ гаргаж, 2001 онд гэрлэлтээ батлуулсан. Үүний дараа 2007 онд бага хүүгээ гаргаж, 2011 онд том охин, 2012 онд бага охиноо гаргасан. Бид хоёр 4 хүүхэдтэйгээ хамт амьдарч байгаад үзэл бодол таарахгүй, хэрүүлтэй амьдардаг байсан. Энэ хугацаанд бид хоёр 2 жил Солонгос явж ажил хийгээд буцаж ирсэн. Би ирээд цайны газар ажиллуулсан. Харин Р.Я  тодорхой хийсэн ажил байхгүй, ар гэрээ хариуцаад явдаг байсан. Р.Я  нь 2018 онд над руу унадаг дугуй авч шидээд миний баруун гарын эрхий хурууг хугалах шахсан. Үүнээс болоод 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Р.Я  нь эрүүл үедээ надад гар хүрдэг байсан. Үүнийг нь би гэрийнхэндээ хэлэхгүй нууж явсаар байгаад 4 хүүхэдтэй болсон.

25 жил хамт амьдрах хугацаанд бид хоёр тогтвор суурьшилтай гэр бүлийн хэрүүл маргаангүй байдаг байсан, харин ажил хийхгүй, мөнгөн орлого байхгүй, цайны газрын мөнгөөр ам бүлээ тэжээх боломжгүй гэх үндэслэлээр л ам зөрдөг, бусад зүйл дээр тэмцэлдэх зүйл байхгүй байхгүй байсан. Тусдаа амьдарснаас хойш Р.Я  нь хүүхдүүдтэйгээ харилцаа холбоотой байгаа, заримдаа Р.Я  бага хэмжээний мөнгө өгдөг. Р.Я  нь 2018 оноос хойш намайг хурдан салаад хороондоо өрх толгойлсон эмэгтэйгээр бүртгүүлээч, тэгвэл хорооноос өрх толгойлсон эмэгтэй гэдэг үндэслэлээр хандив, тусламж авна шүү дээ гэж хэлдэг байсан. Гэхдээ би түүнийг нь үл тоож буцаад нийлэх боломж гарах байх гэж хүлээж байсан. Гэтэл Р.Я  нь 2020 оны 12 дугаар сард над руу залгаж би өөр эмэгтэйтэй болсон, чи залуу хүн байна амьдралаа бод, би бичиг үсэг муу учраас чи өөрөө нэхэмжлэлээ өгчих, надад салахгүй гэж маргах зүйл байхгүй гэж хэлсэн. Үүний дагуу би 2021 оны 09 дүгээр сард гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Мөн Р.Я  нь тусдаа амьдрах 3 жилийн хугацаанд байртай болсон тул өөрийн бага 3 хүүхдийн нэрийг орон сууцны нэрэнд оруулах хүсэлтэй байна” гэв.

 

Хариуцагч шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Р.Я , Г.Э  хоёр хамт амьдраад дундаасаа 4 хүүхэдтэй болсон. Р.Я  нь Худалдаа хөгжлийн банкнаас 20 жилийн хугацаатай зээл авч 2 өрөө байр авсан. Ингэхдээ тус байранд хүүхдүүдийн нэрийг оруулахаар Г.Э тэй хамт очсон юм байна лээ. Гэтэл орон сууцны төлбөрийг төлж дуусаагүй учраас тийм боломж байхгүй гэх хариуг хэлсэн гэсэн. Р.Я  маань хүүхдэдээ хайртай. Хүү Р.Я  гэрлэлт цуцлуулах шаардлагыг нь хүлээн зөвшөөрч байсан.

Г.Э  нь намайг хадам ээжээ гэж хүндэлж байсан удаа байхгүй. Хамт амьдарч байх хугацаандаа намайг ээжээ гэж дуудаж байгаагүй. Г.Э  хамт амьдарч байх хугацаанд Р.Я ыг үл тоож, байнга сэтгэл санааны дарамтад оруулж, ах дүү хамаатан саданг нь 20 жил тусдаа амьдруулж байсан. Хүү маань сүүлийн үед аргаа барж үхье гэж бодоод гарааш дотроо орж өөрийгөө боож байхад нь том хүү нь хараад салгаж авч байсан гэдгээ хэлсэн. Эр хүн тэвчээр алдаад өөрийгөө бооно гэдэг нь ямар байсан нь харагдаж байгаа байх” гэв.

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Э  нь хариуцагч Р.Я ад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс Я.С , Я.Ж , Я.Г  нарт ноогдох хувь гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Э , хариуцагч Р.Я  нар нь 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2001 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүү Я.С , 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр охин Я.Ж , 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр охин Я.Г  нар төрсөн болох нь зохигчдын тайлбар, №148 тоот гэрлэлтийн гэрчилгээ, хүү Я.С , охин Я.Ж , Я.Г  нарын төрсний гэрчилгээ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Гэрлэгчдийн дундаас төрсөн хүү Н.Х нь 1995 онд төрсөн ба 2013 онд насанд хүрсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “гэр бүлийн хүрээнд нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ” хэмээн тодорхойлсон.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Р.Я  нь 2018 онд над руу унадаг дугуй авч шидээд миний баруун гарын эрхий хурууг хугалах шахсан. Үүнээс болоод 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Р.Я  нь эрүүл үедээ надад гар хүрдэг байсан. Үүнийг нь би гэрийнхэндээ хэлэхгүй нууж явсаар байгаад 4 хүүхэдтэй болсон” гэх тайлбар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 278 дугаарт бүртгэгдсэн Үйлчлүүлэгчийн тухай үндсэн мэдээлэл зэргээс үзвэл нэхэмжлэгч Г.Э ийг өөрийн эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоох зорилгоор хүч хэрэглэн биед нь халддаг байсан, гэр бүлийн хүчирхийлэлийн бие махбодийн хэлбэр байсан гэж үзэн Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “...гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүй” нөхцөл байдал гэж үзэн шууд иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.

 

Мөн нэхэмжлэгч Г.Э , хариуцагч Р.Я  нь  2018 оноос хойш тусдаа амьдарсан, хариуцагч нь өөр хамтын амьдралтай болсон, мөн цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.

 

Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамт хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэгийг хамт  шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй ба талууд хүү Я.С , охин Я.Ж , Я.Г  нарыг эх Г.Э ийн асрамжид  үлдээхээр тохиролцсон тул хүү Я.С , охин Я.Ж , Я.Г  нарыг эх Г.Э ийн асрамжид үлдээх нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл /Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараах үүрэг хүлээнэ /-ийн 12.1.1-т “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” гэж заасны дагуу хариуцагч Р.Я   нь өөрийн төрсөн хүү Я.С , охин Я.Ж , Я.Г  нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Я.С , 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Я.Ж , 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Я.Г  нарыг сар бүр 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Р.Я аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хариуцагч Р.Я  нь Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД 71 байр, 116 тоот хаягт байрлалтай, 58,61 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204108890 дугаарт бүртгэгдсэн орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн 000796311 тоот гэрчилгээгээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн.”, 126.2.4-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэж заажээ.

 

            Гэрлэлтийн гэрчилгээнд заасан гэр бүл болсон огноо нь эрх зүйн ач холбогдол бүхий хугацаа бөгөөд гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчид гэр бүлийн харилцаа үүссэн цаг хугацаа буюу 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш үүссэн хөрөнгийг хамааруулж болно.

 

            Нэхэмжлэгч Г.Э , хариуцагч Р.Я  нар нь 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүл болсноо 2001 оны 05 дугаар сарын 09-ний өдөр иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн үйл баримтаас үзвэл 1994 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс гэр бүлийн харилцаа үүссэн, түүнээс хойш үүссэн хөрөнгийг гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэж үзнэ.

 

Иймд хүү Я.С , охин Я.Ж , Я.Г  нарыг Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД 71 байр, 116 тоот хаягт байрлалтай, 58,61 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204108890 дугаарт бүртгэгдсэн орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож, хүү Я.С , охин Я.Ж , Я.Г  нарыг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Г.Э  нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн өөрт ноогдох хувиас татгалзсан болохыг дурьдав.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г.Э, Р.Я нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Я.С , 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Я.Ж , 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Я.Г  нарыг  эх Г.Э ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн хүү Я.С , 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Я.Ж , 2012 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Я.Г  нарыг 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Р.Я аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.4-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 05 дугаар хороо, 15 дугаар хороолол /13342/, ХД 71 байр, 116 тоот хаягт байрлалтай, 58,61 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204108890 дугаарт бүртгэгдсэн орон сууцны хамтран өмчлөгчөөр Я.С  , охин Я.Ж  , Я.Г   нарыг хамтран өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Г.Э , хариуцагч Р.Я  нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.

 

6. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 564,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Я аас 564,660 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Э т  олгосугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР