| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 187/2024/0228/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/372 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/372
2024 05 21 2024/ШЦТ/372
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Нансалмаа хөтлөн,
Улсын яллагч: Л.Төгсжаргал,
Хохирогчийн өмгөөлөгч: Ж.Уранчимэг,
Шүүгдэгч: Б.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Төгсжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бат-Эрдэнийн Адъяасүрэнд холбогдох эрүүгийн 2310037810188 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, замын инженер мэргэжилтэй, “Сант Баян Бэрх” ХХК-д замын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянгол дүүрэг, 27 дугаар хороо, 12 дугаар байр 247 тоотод оршин суух, урд ял шийтгэл эдэлж байгаагүй,
Боржигон овогт Бат-Эрдэнийн Адъяасүрэн /РД:РБ95041133/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Адъяасүрэн нь “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий газрын эсрэг талд баригдаж байгаа барилгын хашаанд О.Мөнхчулууныг өмөөрч Д.Баатарсүрэнгийн зүүн шанаан тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Адъяасүрэн нь “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий газрын эсрэг талд баригдаж байгаа барилгын хашаанд О.Мөнхчулууныг өмөөрч Д.Баатарсүрэнгийн зүүн шанаан тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээрх үйл баримт нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Адъяасүрэнгийн өгсөн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2310037810188 дугаартай хэргээс:
Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс Шуурхай удирдлагын тасагт 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “байгууллагын хашаан дотор 3 залууд зодуулчихлаа мөнгөний маргаантай” гэсэн дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Баатарсүрэнгийн хохирогчоор өгсөн “...Нурка нь надтай адил мөнгөний авлагатай байсан юм. Тэгээд бид хоёр явж очоод Мөнхчулуунтай уулзаад би “ядаж утсаа авчихаж болдоггүй юм уу” гэхэд Мөнхчулуун нь “яаж утсаа авдаг юм мөнгөгүй байгаа юм чинь” гэсэн. Тэгтэл Нурка “өнөөдөр маргааш өгнө гэж зөндөө л хуурлаа шүү дээ” гээд маргалдаж заамдалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур нь ороод салгах гэж байтал Мөнхчулууны цаанаас нь ажилтан гэх эрэгтэй нь миний зүүн шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгээд үргэлжлүүлээд миний толгой хэсэгт 7-8 удаа цохисон бас тэнд байсан хэдэн хүмүүс татаж чангаагаад байсан. Одоо миний зүүн шанаа болон чих, араа шүд хэсэгт өвдөөд байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ж.Нурболын гэрчээр өгсөн “...Очиж уулзах болсон шалтгаан гэвэл Баатарсүрэн бид хоёр Мөнхчулуунаас мөнгөний авлагатай Мөнхчулуун нь 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр надаас ковш, Баатарсүрэнгээс экскаватор түрээсэлж байсан юм. Уг түрээсийн төлбөр нийт 33,000,000 төгрөг орчим мөнгөө одоог хүртэл төлөхгүй байсан болохоор нь Баатарсүрэн бид хоёр ажил хийж байсан газарт нь очиж мөнгөө нэхтэл маргаан үүсээд Мөнхчулуун нь намайг заамдсан тэр үед Баатарсүрэн нь бид хоёрыг салгах гэж байтал ажилчид нь ирээд Баатарсүрэнг цохисон. Харин намайг хойшоо татаад цохих гэж байхад нь би газраас хүрз аваад өөрийн биеэ хамгаалсан. Тэгээд маргаан дуусаад цагдаад дуудлага өгсөн. Баатарсүрэнг Адъяасүрэн гэх эрэгтэй цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Мөнхчулууны гэрчээр өгсөн “...Баатарсүрэн, Нурка хоёр надтай маргалдаад хоёр талаар бариад авсан. Тэгээд барилцаад байж байхад манай ажилтан Адъяасүрэн цаанаас гүйж ирээд бид нарыг салгах гэж үзээд салахгүй болохоор намайг өмөөрөөд Баатарсүрэнг нэг удаа гараараа Баатарсүрэнгийн баруун шанаанд нэг удаа цохиж авсан. Тэгэхээр Баатарсүрэн, Адъяасүрэн хоёр барилцаж авсан. Тэр хоёрыг эргүүлээд би салгасан юм. Салгах хооронд хэн хэнийгээ хаана, хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй. Харин би Адъяасүрэнг яах гэж тэгсэн юм гээд 2 удаа цохиж аваад цаашаа дагуулж явсан. Тэгэхэд Баатарсүрэн, Нурка нөгөө залуу 3 цаашаа утсаар яриад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12740 дугаартай “Д.Баатарсүрэнгийн биед зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Д.Баатарсүрэнгийн биед зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн шанааны цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун шанааны цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 21-22 дугаар тал/,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Адъяасүрэнгийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Архивын ерөнхий газрын эсрэг талд баригдаж байгаа барилгын хашаанд шүүгдэгч, хохирогч нар нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зүүн шанаана тус газарт нь гараараа цохиж хохирогч Д.Баатарсүрэнгийн биед зүүн шанаа, эрүүнд зөөлийн эдийн няцрал, баруун, зүүн шанаанд цус хуралт бүхий гэмтэл учирсан үйл баримт тогтоогдсон.
Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хохирогчийн мэдүүлэг, гэрч Ж.Нурбол, О.Мөнхчулуун нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Б.Адъяасүрэн нь хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан, өөрийн үйлдлийг ухамсарлаж байсан болох нь тогтоогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Адъяасүрэнг “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Архивын ерөнхий газрын эсрэг талд баригдаж байгаа барилгын хашаанд О.Мөнхчулууныг өмөөрч Д.Баатарсүрэнгийн зүүн шанаан тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн шанаа, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн шанаанд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 12740 дүгээр дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.
2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т “...гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 12740 дүгээр дүгнэлт энэ журамд нийцсэн байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Хохирогч Д.Баатарсүрэн нь эмчилгээний зардалд 150,000 төгрөг мөн өмгөөлөгчийн зардалд 2,500,000 төгрөг нэхэмжилсэнээс 2500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 150,000төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг буруутай этгээдээс гаргуулах шаардлагыг гаргав.
Шүүх, гэмт хэрэг гарсан байдал хохирогч Д.Баатарсүрэнгийн эрүүл мэндэд учирсан хохирол уг гэмтлээс болж түүний бие махбодод учирсан өвдөлт шаналал, гэмт хэргийн улмаас хохирогч Д.Баатарсүрэнгийн амьдралын чанарт нөлөөлсөн сөрөг үр дагавар, сэтгэл санааны хямрал зэрэгт дүгнэлт хийж Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “ Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын Хоёрт заасны дагуу хөнгөн хохирлын улмаас хохирогчид учирсан сэтгэцийн эмгэгийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 7 дахин нэмэгдүүлэн тооцож 3,850,000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж мөн эмчилгээний зардал 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг нийтдээ 4000,000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Баатарсүрэнд олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Харин хохирогч Д.Баатарсүрэн нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Адъяасүрэн нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.Адъяасүрэн нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Адъяасүрэнг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Амарсанаа нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж ялын биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Адъяасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Бат-Эрдэнийн Адъяасүрэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэнг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэн нь торгох ялыг шүүхээс тогтосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адъяасүрэнгээс 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж хохирогч Боржигон овогт Дагшаабүрдийн Баатарсүрэн /РД:ИС86101283/-д олгосугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Адъяасүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ