Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2024/00248

 

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/02465 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/01428 дугаар магадлалтай,

ТАЗ-ийн нэхэмжлэлтэй

Д.Б-д холбогдох

“Хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 38,032,534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.Б-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, Р.Ж, хариуцагч Д.Б, түүний өмгөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.ТАЗ нь Д.Б-д холбогдуулан “Хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохирол 38,032,534 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/02465 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Д.Б-с хууль бус шийдвэрийн улмаас төрд учруулсан хохиролд 29,978,400 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,302,244 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Д.Б-с тэмдэгтийн хураамж 307,842 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/01428 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/02465 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хариуцагч миний бие 2 үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар:

Давж заалдах шатны шүүхийн 2024.07.19-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчний улмаас оролцож чадахгүй болсон тул хуралдааныг хойшлуулах, түүнчлэн өмгөөлөгч нэмж авах хүсэлтээ баримтын хамт хүргүүлсэн боловч шүүх хүсэлтийг хүлээн авалгүй хурлыг үргэлжлүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн арванзургадугаар зүйлийн 14 дэх заалт болох хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхийг зөрчсөн. Шүүх хүний эрхийг хамгаалдаг байгууллага хэрнээ миний ажиллаж байх хугацаандаа авдаг байсан 1,860,000 төгрөгийн цалингаар тооцоход 1 жил 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө гаргуулахаар шаардсан нэхэмжлэлтэй шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь буюу гомдлын хүрээнд хянаагүй тухайд: Хариуцагч тал давж заалдах гомдолдоо 6 үндэслэлийг дурдсан байхад давж заалдах шатны шүүх зөвхөн 2 үндэслэлд дүгнэлт өгсөн. Тэдгээрийг дурдвал:

-анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаарх үйл баримтыг үнэлээгүй гэх гомдолд дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх тайлбарыг үндэслэлгүй гэж үзсэн. Ингэхдээ ямар хуулийн зүйл, заалтыг үндэслэж байгаагаа бичээгүй. Мөн анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан ч хүсэлтийг хангахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасныг зөрчиж, хариуцагч талын гомдол гаргах эрхийг хангахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн ба шүүх бүрэлдэхүүн өөр ямар нэгэн хүсэлт байгаа эсэхийг тодруулаагүй.

-тухайн үеийн аймгийн З-ын дарга “Г.Ө-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийн төслийг оруулж ирж танилцуулахдаа надад буруу мэдээлэл өгснийг би хожим мэдсэн. Г.Ө-н хувьд тухайн албан тушаалд ажиллаж болохгүй ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөл байдалтай байсан тул дараачийн Засаг даргын үед ч дахин томилогдож чадаагүй. Иймд шүүхээс хариуцагчийн гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийх тохиолдолд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т зааснаар хамтран оролцож шийдвэрийн төсөл боловсруулсан, хууль зүйн үндэслэлийг хянасан албан тушаалтнуудын оролцоо, гэм буруугийн талаар холбогдох баримтыг цуглуулж шалгуулахыг хүсэх байсан.

Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаах нь үнэлэх хуулийн заалтыг зөрчсөн. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д гэм буруугийн хэлбэрийг шууд санаатай буюу илт болгоомжгүй байхыг шаардах бөгөөд захиргааны хэргийн шүүх энэ талаар тогтоогоогүй тул нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй.

4.2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход ач холбогдолтой гэх үндэслэлийн талаар:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Төрийн албаны тухай хуулийн 50.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй гэж дүгнэсэн. Гэхдээ аймгийн З-ын итгэмжлэлээр ТАЗ-д шаардах эрх үүсэхээр байна.

Энэ хэрэгт шүүх УАХ-ны 2023.12.12-ны өдрийн 27 тоот албан бичгээр нэхэмжлэгч нь шаардах эрх зөрчигдсөн болохыг мэдсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл мөн ТАЗ-ийн нэхэмжлэгчтэй өөр хэрэгт Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 182/ШШ2024/02603 дугаартай шийдвэртээ Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасны дагуу Төрийн сангаас мөнгө зарлагадсан өдөр буюу аймгийн З-ын хохирол барагдуулсан өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцох нь зүйтэй гэж үзсэн. ...Дээр дурдсан 182/ШШ2024/02603 дугаартай шийдвэрт дүгнэснээр аймгийн З газар хохирол барагдуулсан 2018.10.25-ны өдрөөс шаардах эрх үүссэн гэж үзвэл 2023.10.26-ны өдрөөр мөн адил хөөн хэлэлцэх 5 жилийн хугацаа өнгөрсөн. ТАЗ гэм хорын хохирол нэхэмжлэх хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний дараа 2024.01.26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч Д.Б-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.24-ний өдрийн 001/ШХТ2024/01206 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

7.Нэхэмжлэгч ТАЗ нь хариуцагч Д.Б-д холбогдуулан төрд учруулсан хохирол 38,032,534 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэсэн заалт, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй” гэсэн заалтыг үндэслэлээ болгожээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тушаал гаргасан нь дан ганц миний үйлдэл байгаагүй, гомдлыг шалгаж, мэдээлсэн албан тушаалтан хамтран оролцсон байсан, ...ажлаас халагдсан этгээд төрийн албанд эргэж орох талаар санаачилга гаргадаггүй, ...нөгөө талаар гэм хорыг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн... гэсэн үндэслэлээр маргажээ.

8.Анхан шатны шүүх хариуцагчаас 29,978,400 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлээс үлдэх 5,302,244 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт: ТАЗ нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй, Д.Б нь УЗ даргаар ажиллаж байхдаа аймгийн З газрын санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.Ө-г ажлаас буруу халсан болохыг шүүхийн шийдвэрээр тогтоож, түүнд ажилгүй байсан хугацааны олговорт төрөөс нийт 35,280,644 төгрөгийг олгосон байх ба хариуцагчийн хариуцлага хүлээх үндэслэл нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар тодорхойлогдоно, гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардсан нь үндэслэлтэй, ...харин Төрийн сан шүүхийн хоёр шийдвэрээр тогтоосон цалин хөлс болон тэмдэгтийн хураамжийн хамт нийт 29,978,400 төгрөг олгох байтал цалингийн тооцоолол гэж 5,302,244 төгрөгийг илүү олгосныг хариуцагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгоно...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, нэхэмжлэлийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзэж, харин 2016 онд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаагүй байсан тул ТАЗ Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар шаардах эрхтэй, УЗ газар нь Д.Б-н хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгасан боловч өнөөдрийг хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, мөн Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2 дахь хэсэгт зааснаар ТАЗ хохирлыг шаардах эрхтэй... гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

9.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хянан хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

10.Хариуцагч Д.Б нь УЗ газар ажиллаж байхдаа 2016.08.01-ний өдрийн А/448 дугаар тушаалаар аймгийн З газрын санхүү төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.Ө-г ажлаас халсан нь хууль бус болохыг Увс аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.11.01-ний өдрийн 36 тоот шийдвэрээр тогтоож, Г.Ө-г ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны болон ээлжийн амралтын олговорт 5,170,326 төгрөг олгохоор шийдвэрлэсэн, үүний дараа Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.07.30-ны өдрийн 576 тоот шийдвэрээр ажилгүй байсан хугацааны олговорт 24,457,636 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн, 2018.10.25-ны өдөр УЗ газрын төрийн сангийн орлогоос нийт 35,280,644 төгрөгийг иргэн Г.Ө-д олгосон үйл баримт тогтоогджээ.

11.Хариуцагч нь аймгийн З газрын даргын хувьд тушаал гаргах үед 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ТАЗ нь “Төрийн албаны тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албанд шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэх мэргэшил, арга зүйн удирдлагаар хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг зохицуулсан стандартын хэрэгжилтийг шалган зааварлах, зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг өгөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, энэ хуулийн 39.1-д заасан маргааныг хянан шийдвэрлэх, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж, 2017.12.07-ны өдөр батлагдаж 2019 оноос хэрэгжиж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж тус тус заасан байсан ба уг заалтад 2022.12.07-ны өдөр өөрчлөлт оруулж “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж зохицуулан, уг хууль одоо мөрдөгдөж  байна.

Дээрх хуулийн зохицуулалтаар, аль ч тохиолдолд ТАЗ төрд учруулсан хохирлыг шаардах эрхтэй байжээ.

Гэхдээ төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсан албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас төрд учруулсан хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу тухайн хохирлыг арилгасан албан байгууллага, Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтаар ТАЗ, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 20.3-т “Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж зааснаар прокурор шаардах эрхтэй талаар тус тус хуульчилсан нөхцөлд эдгээр этгээдүүд шаардах эрхийг хэрхэн зохистой хэрэгжүүлэхийг тайлбарлах шаардлагатай гэж үзнэ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл эс үйлдлийн улмаас бусдад учруулсан гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд хариуцан арилгах бөгөөд 498.5-д зааснаар уг гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байдаг тул эрх зөрчигдсөн этгээд болох УЗ газар шаардах эрхтэй юм.

Харин ТАЗ болон П-ын хувьд субьектив эрх нь зөрчигдөөгүй учраас шууд шаардах эрхгүй бөгөөд уг нэхэмжлэлийг гаргах эрх бүхий этгээд гэм хорыг шаардахаас зайлсхийсэн, сануулсаар байхад шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, ашиг сонирхлын зөрчил тогтоогдсон, тухайн байгууллага өөрчлөгдсөн, татан буугдсан зэрэг нэхэмжлэл гаргаагүй хүндэтгэн үзэх нөхцөл байгаа тохиолдолд төрийн ашиг сонирхлын үүднээс нэхэмжлэл гаргаж болох юм.

Тийм ч учраас Төрийн албаны тухай хуульд төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахаар, Прокурорын тухай хуульд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь прокурорын оролцоотой холбоотой харилцааг зохицуулахаар тус тус заасан бөгөөд төрд учруулсан хохирлыг арилгуулах нь үндсэн чиг үүрэг болоогүй, гагцхүү субьектив эрх зөрчигдсөн этгээд нэхэмжлэл гаргаагүй дээрх онцгой нөхцөлд шаардах эрхээ хэрэгжүүлэх нь хуулийн үзэл баримтлалд нийцнэ гэж үзнэ.

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар ТАЗ хөдөлмөрийн маргаан дахь албан тушаалтны шийдвэрийг урьдчилан хянадаг учир ашиг сонирхлын зөрчилтэй, үүнээс хамаарч төрд учруулсан хохирлыг нэхэмжлэх эрх нь хязгаарлагдмал шинжийг агуулдаг байна.

11.2.Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 -д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж, хуулийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, 498.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээдэд буюу төр хариуцан арилгана” гэж, 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж тус тус заасан. Иргэний хуулийн 498.5-д заасан зохицуулалт нь гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг шаардах эрхийг олгосон тусгайлсан хэм хэмжээ бөгөөд үүрэг бүхий этгээд гагцхүү илтэд болгоомжгүй болон шууд санаатай гэм буруутай тохиолдолд хариуцлага хүлээнэ.

ТАЗ, Прокурор аль аль нь хуульд зааснаар нэхэмжлэл гаргасан ч гэм хорыг арилгах этгээд гэм буруутай болохыг нотолсон нөхцөлд гэм хорыг хангах урьдчилсан нөхцөл бүрдэнэ. Тухайлбал, төрийн албан хаагчийг ажилд томилсон, чөлөөлсөн эрх зүйн акт хууль бус болох нь тогтоогдсон хэдий ч шийдвэр гаргасан этгээдийн санаатай эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл тогтоогдсон нөхцөлд л гэм хорыг хариуцах ба гэм буруугүй бол хариуцлага хүлээхгүй юм.

Улмаар нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хорын хэмжээг нотлох үүрэгтэй ба шүүх гэм хорыг хэдий хэмжээгээр хангах эсэхийг шийдвэрлэнэ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйл нь албан хаагч, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтнуудын бусдад учруулсан хохирлыг хэрхэн арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан тусгай хэм хэмжээ бөгөөд мөн зүйлийн 498.5 дахь хэсэг нь ажилтны бусдад учруулсан хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах харилцаанд үйлчилнэ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт ийнхүү ажилтнаас шаардах эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг бус, тодорхой хэлбэрийг дурдан “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж заасан байна. Иймд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээд уг зөрчилд гэм буруутай байхыг шаардсаныг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгтэй уялдуулан тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагч гаргасан зөрчилдөө шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй гэм буруутай бол тус хуульд заасан хариуцлага хүлээнэ.[1]

Төрийн албаны тухайн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан байна. Энэ зохицуулалт нь албан тушаалтны шийдвэр хууль бус болохыг шүүхээс тогтоохоос гадна шийдвэр гаргасан албан тушаалтан гэм буруутай байхыг тусгасан агуулгатай байна.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл хариуцагч Д.Б нь 2016.08.01-ний өдрийн А/448 дугаар тушаалаар төрийн сангийн хэлтсийн төсвийн ерөнхий нягтлан бодогч Г.Ө-г ажлаас нь халахдаа “үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй” гэж үзсэн нь нотлогдоогүй, хуульд “ажил олгогч хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэгтэй”-г тодорхой заасан байхад хуулийг илт зөрчсөн гэм буруутай нь тогтоогдсон байна.

11.3.Хариуцагч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж маргасан ба анхан шатны шүүх УАХны 2023.12.12-ны өдрийн 27 тоот албан бичгээр нэхэмжлэгч ТАЗ нь шаардах эрх зөрчигдсөн болохыг мэдсэн гэж хөөн хэлэлцэх хугацааг өнгөрөөгүй гэсэн бол давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Гэм хорын хохирол нэхэмжилсэн энэхүү маргааны хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан таван жилийн хугацаа хамаарах бөгөөд Иргэний хуулийн 76 дугаар зүйлд хөөн хугацааг тоолох журам зохицуулагдсан. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсдэг.

УЗ газар шүүхийн шийдвэрийн дагуу 24,457,636 төгрөг олгох ёстой байсан ба 2018.10.25-ны өдөр 38,032,534 төгрөгийг төлснөөр гэм хорыг арилгасан, уг хэмжээний бодитой хохирол учирсан байна. Тийм учраас энэ үеэс буюу албан тушаалтны гаргасан шийдвэрийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн тул гэм хорыг шаардах эрх үүсэх бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг тооцох уг журам ТАЗ, Прокурорын хувьд нэгэн адил үйлчилнэ.

Гэтэл 2018.10.25-ны өдөр хохирол 38,032,534 төгрөгийг төлснөөр гэм хорыг арилгасан, энэ үеэс эрх зөрчигдсөн байхад нэхэмжлэгч нь 2024.01.30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба хөөн хэлэлцэх хугацаа зогсох, эсхүл тасалдах үндэслэл байсан эсэх талаар баримт гаргаж, хариуцагчийн татгалзлыг үгүйсгээгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй байв.

Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй байдаг байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

12.Магадлалын Хянавал хэсгийн 4-т “Анхан шатны шүүх хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас бусдад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг төр хариуцан олгож хохирсон байх тул гэм хорын хохиролд 10,104,242 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.” гэсэн дүгнэлт энэ маргааны үйл баримтад хамааралгүй дүгнэлт байгааг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/01428 дугаар магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2024/02465 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.Б-с төрд учруулсан хохирол 38,032,534 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ТАЗ-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гомдлыг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Д.Б-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.19-ний өдөр төлсөн 307,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ                                       Д.ЦОЛМОН

                   ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

                                                                                   Н.БАЯРМАА

                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД

 

[1] Монгол Улсын ЕП, Т ба С.Д, 102/2021/03071/И, УДШ, (Иргэний хэргийн танхим), 001/ХТ2023/00157, х5-6.