| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хумбаагийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 173/2017/00051/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2017-04-03 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 55
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, Улсын яллагч: Ц.Батзориг, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа, Шүүгдэгч: Д.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цорос овогт Дашдоржийн Батдоржид холбогдох 201715000032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн, 36 настай, халх, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-1, улсаас авсан гавъяа шагналгүй, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/106 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, Цорос овогт Дашдоржийн Батдорж /РД: ЙМ81091319/
Шүүгдэгч Д.Батдорж нь согтуурсан үедээ шунахайн сэдэлтээр 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 01 дүгээр сарын 04-нд шилжих шөнө /өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн, Т.Бямбасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй, цагаан өнгөтэй Мустанг-5 маркийн мотоцикль/ тээврийн хэрэгсэл ашиглаж Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар баг “Олон дов” гэх газар нутаглах хохирогч Ж.Бүрэнтөгсийн хоттой хониноос 3 тооны хонь хулгайлж 340.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Батдорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Хулгайн гэмт хэрэг үйлдсэндээ маш их гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөрт 340000 төгрөг төлсөн. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Ж.Бүрэнтөгс мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 35-36 тоотод байх гэртээ эхнэр хүүхэд дээрээ очиж хоносон. Би малаа ганцаараа малладаг. Намайг аймагт хонох үед манай мал Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал баг “Олон дов” гэх газарт тухайн үед эзэнгүй хоносон. Маргааш нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөдөө гэртээ мал дээрээ очсон. Очсон өдрөө бол малаа тоолоогүй. Харин маргааш нь малаа бүртгэж үзэхэд 3 тооны хонь буюу харандан зүсмийн эр хонь 2, борондон зүсмийн эм хонь 1 тус тус дутсан байсан. Бүгд зөв талын чих цуулбар, буруу тал цэцэг имтэй, энэ гурван хонь маань ууцан дээрээ цувраа ногоон будагтай содон шинж тэмдэгтэй. Би гомдолтой байна. Өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээр нөхөн төлүүлмээр байна. /хх-ийн 18 хуудас/
Гэрч Л.Цэрэннадмид мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 01 дүгээр сарын эхээр байхаа, одоо он сарыг нь сайн санахгүй байна. Оройн 23 цагийн үед Д.Батдорж манайд ирээд танай хүү Бямбасүрэн байна уу? Хөдөөнөөс мал авч ирэх гэсэн юм. Манайх ойрхон байдаг. Группын дэвтрээ ломбарданд барьцаанд тавьчихсан. Тэрийгээ авах гээд мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд ирсэн. Яг хэдэн цагийн дараа эргэж ирснийг нь мэдэхгүй байна. Ирэхдээ 3 тооны хонь амийг нь тасалчихсан авч ирсэн. Тэгээд Батдорж намайг та гэдсийг нь арилгаад цэвэрлээд ав гэхээр нь би тэгье гээд малын гэдэс дотрыг нь цэвэрлээд авсан. Бас хонины толгойнуудыг нь өгсөн. Дараа нь хуйхлаад идсэн. Хулгайн юм гэж мэдээгүй авчихсан. Зүсийг нь сайн хараагүй, анзаараагүй. Ямар ч байсан хар халзан юм уу тиймэрхүү л зүсмийн хонь харагдаж байсан. Хонины махыг Д.Батдорж манай хүү Бямбасүрэнг зарчихаад мөнгийг нь аваад ир гэж хэлсэн. Ямар хүнд аваачиж зарсан талаар нь мэдэх зүйл байхгүй. /хх-ийн 21 хуудас/
Гэрч Ц.Түмэнбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:… 2017 оны 01 дүгээр сарын эхээр байхаа, одоо он сарыг нь сайн санахгүй байна. Орой их айжуу болсон байхад Д.Батдорж манайд ирээд танай хүү Бямбасүрэн байна уу? Хөдөөнөөс мал авч ирэх гэсэн юм. Манайх ойрхон байдаг. Группын дэвтрээ ломбарданд барьцаанд тавьчихсан юм. Тэрийгээ авах гээд мөнгөний хэрэг гараад байна. Хүүд чинь таксины мөнгө өгнө гэж хэлээд манайхаас гараад явсан. Удалгүй манай хүү Бямбасүрэнтэй уулзсан юм байлгүй мотоцикль нь дуугараад явах шиг болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд ирсэн. Яг хэдэн цагийн дараа ирснийг нь мэдэхгүй байна. Ирэхдээ 3 тооны хонь амийг нь тасалчихсан авч ирсэн. Манайд тэр хонинуудын гэдэс дотрыг нь манай эхнэр Цэрэннадмид цэвэрлэж янзалсан. Маргааш нь нөгөө 3 хонины махаа мөнгө болгоно гэж Д.Батдорж ярьж байсан. Гэдэс дотрыг нь манай эхнэрт та чанаад идээрэй гээд өгсөн. Хулгайн юм гэж мэдээгүй авчихсан. /хх-ийн 22 хуудас/
Т.Бямбасүрэн мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр мэдүүлэхдээ:… 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд байхаа одоо сайн санахгүй байна. Намайг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар баг 1-07 тоотод байх гэртээ байж байтал манайд Д.Батдорж ах ирээд мотоциклийн гэрэл анивчаад байна, хөдөө яваад хонь аваад ирье гэхээр нь би хаанаас гэхэд гэрээсээ авч ирнэ гэсэн. Ингэхдээ надаар таксидна, 10.000 төгрөг өгье гэхээр нь хамт явсан. Аймгаас 10 гаран километрийн зайтай Онгийн голын цаад талд байх нэг айлын урд талд нь зогссон. Намайг мотоцикль дээрээ байж бай гээд Д.Батдорж ах өөрөө яваад 30 орчим минутын дараа эргэж ирэхдээ малын байрны зүүн хойд талд хүрээд ир гэхээр нь тэр газар нь очиход 3 тооны хонь амийг нь тасалчихсан байж байсан. Тэгээд намайг 1 хонийг нь тохчих би өөрөө 2 хонийг нь ачаад явъя гэхээр нь би за за гээд ачаад явсан. Тэгээд шөнө 00-01 цагийн үед аймаг дээр ирсэн. Манай хашаанд авчирсан 3 тооны хонио манай аавын гэрт янзалсан. Маргааш өглөө нь намайг ажилдаа явах гэж байхад Д.Батдорж ах нядалсан 3 хониныхоо махыг аваачаад өгөөдөх гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би 2 хонины махыг нь зах дээр саарал өнгийн микротой хүнд 130.000 төгрөгөөр өгчихөөд эргэж ирээд мөнгийг нь Д.Батдорж ахад өгчихөөд ажилдаа явсан. Мал хулгай хийж байна гэдгийг нь мэдээгүй. Д.Батдорж ах манай хонь байгаа юм, хүүхэд ээждээ хэлчихнэ гээд наана зогсоод байсан. Тэгэхээр нь тийм л юм байлгүй гэж бодсон. Гэрийнхнээсээ нууцаар авч байгаа юм гээд байхаар нь хулгай хийж байна гэж бодоогүй. Таксины мөнгөний оронд нэхийг нь зараад мөнгийг нь аваарай гэсэн. Тэр нэхийг нь манай талийгаач ах аваачиж өгөхөд 6000 төгрөг болсон гэсэн. 2 тооны харандан, 1 тооны борондон зүсмийн 2 эр хонь, 1 эм хонь байсан. Эдгээр хонь нь цуулбар имтэй байсан. Д.Батдорж ах цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой, би өөрийн эзэмшлийн 18-40 ӨВЗ улсын дугаартай, цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой явсан. /хх-ийн 72-73 хуудас/
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, эд зүйл түр хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ¹01/67, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ¹03/09, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ¹02/10 дугаартай үнэлгээний тайлангууд, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Д.Батдоржийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 1, 8-15, 29-32, 37-40, 45-47, 70, 75, 82-84 хуудас/
Шүүгдэгч Д.Батдоржийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 31 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76, 89 хуудас/
Шүүгдэгч Д.Батдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Батдорж нь согтуурсан үедээ 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 04-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн, Мустанг-5 маркийн, иргэн Т.Бямбасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй, цагаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоцикль тус тус хэрэглэн Өвөрхангай аймгийн Тарагт сумын 6 дугаар баг “Олон дов” гэх газар оршин суух хохирогч Ж.Бүрэнтөгсийн хоттой хониноос 3 тооны хонь хулгайлж, 340.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Батдоржийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Бүрэнтөгсийн 2017 оны 01 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг 35-36 тоотод байх гэртээ эхнэр хүүхэд дээрээ очиж хонох үед манай мал Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтан тал баг “Олон дов” гэх газар эзэнгүй хоносон. Маргааш нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хөдөө гэртээ мал дээрээ очсон ч малаа тоолоогүй. Харин маргааш нь малаа бүртгэж үзэхэд зөв талын чих цуулбар, буруу тал цэцэг имтэй харандан зүсмийн эр хонь 2, борондон зүсмийн эм хонь 1 тус тус дутсан байсан. Гэрч Л.Цэрэннадмидийн 2017 оны 01 дүгээр сарын эхээр 23 цагийн үед Д.Батдорж манайд ирээд танай хүү Бямбасүрэн байна уу? Хөдөөнөөс мал авч ирэх гэсэн юм гэж хэлээд гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа 3 тооны хонь амийг нь тасалчихсан ирсэн. Хонины махыг Д.Батдорж манай хүү Бямбасүрэнг зарчихаад мөнгийг нь аваад ир гэж хэлсэн. Гэрч Ц.Түмэнбаярын 2017 оны 01 дүгээр сарын эхээр Д.Батдорж манайд ирээд танай хүү Бямбасүрэн байна уу? Хөдөөнөөс мал авч ирэх гэсэн юм. Хүүд чинь таксины мөнгө өгнө гэж хэлээд хүү Бямбасүрэнтэй уулзсан юм байлгүй мотоцикль нь дуугараад явах шиг болсон. Тэгээд хэсэг хугацааны дараа 3 тооны хонь амийг нь тасалчихсан авч ирсэн. Хулгайн хонь гэж мэдээгүй. Т.Бямбасүрэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 23 цагийн орчимд манайд Д.Батдорж ах ирээд 2-уулаа хөдөө яваад хонь аваад ирье гэхээр нь хамт явсан. Аймгаас 10 гаран километрийн зайтай Онгийн голын цаад талд байх нэг айлын урд талд нь зогсоод намайг мотоцикль дээрээ байж бай гээд Д.Батдорж ах өөрөө яваад 30 орчим минутын дараа эргэж ирээд малын байрны зүүн хойд талд хүрээд ир гэхээр нь тэр газар нь очиход 3 тооны хонь амийг нь тасалчихсан байж байсан. Тэгээд намайг 1 хонийг нь тохчих би өөрөө 2 хонийг нь ачаад явъя гэхээр нь би за за гээд ачаад явсан. Мал хулгай хийж байна гэдгийг нь мэдээгүй. Гэрийнхнээсээ нууцаар авч байгаа юм гээд байхаар нь хулгай хийж байна гэж бодоогүй. 2 тооны харандан, 1 тооны борондон зүсмийн 2 эр хонь, 1 эм хонь байсан. Эдгээр хонь нь цуулбар имтэй байсан. Д.Батдорж ах цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой, би өөрийн эзэмшлийн цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикльтой явсан гэх мэдүүлгүүд, эд зүйл түр хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ¹01/67, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ¹03/09, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ¹02/10 дугаартай үнэлгээний тайлангууд, Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1/106 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Д.Батдоржийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч Д.Батдоржийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Батдоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Батдоржид ял оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Д.Батдорж нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Бүрэнтөгсийн хохирол төлбөрт 340000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Батдорж нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Батдоржийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улсын дугааргүй, 162FMJ152100800 моторын дугаартай, LXYPCKL07B0372160 арлын дугаартай, цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль нь Т.Бямбасүрэнгийн, улсын дугааргүй, 162FMJ29003440 моторын дугаартай, LY4YCCKC6BK004695 арлын дугаартай, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль нь шүүгдэгчийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Батдоржийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Т.Бямбасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй, 162FMJ152100800 моторын дугаартай, LXYPCKL07B0372160 арлын дугаартай, цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ болох 250000 төгрөгийг шүүгдэгч Д.Батдоржоос гаргуулж,
Мөн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн 300000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй, 162FMJ29003440 моторын дугаартай, LY4YCCKC6BK004695 арлын дугаартай, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль 1 ширхэгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж, тус тус улсын орлого болгож,
Шүүгдэгч Д.Батдоржийн эзэмшлийн 260000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны эр, 1 тооны эм хонь битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч Д.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Бүрэнтөгст 340000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж, Тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 155 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Д.Батдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Д.Батдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Цорос овогт Дашдоржийн Батдоржийг машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Батдоржид эд хөрөнгө хураахгүйгээр, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Батдоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Д.Батдоржийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн Т.Бямбасүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй, 162FMJ152100800 моторын дугаартай, LXYPCKL07B0372160 арлын дугаартай, цагаан өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ болох 250000 төгрөгийг шүүгдэгч Д.Батдоржоос гаргуулж, шүүгдэгчийн эзэмшлийн 300000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй, 162FMJ29003440 моторын дугаартай, LY4YCCKC6BK004695 арлын дугаартай, цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль 1 ширхэгийг хурааж, тус тус улсын орлого болгосугай.
5.Шүүгдэгч Д.Батдорж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Бүрэнтөгст 340000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Д.Батдоржийн эзэмшлийн 260000 төгрөгийн үнэ бүхий 2 тооны эр, 1 тооны эм хонь битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Д.Батдоржид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Д.Батдоржийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай. 9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Батдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Батдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ