Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1095

 

А.Баярбат, А.Цэнгэл нарт холбогдох

                                                                    эрүүгийн хэргийн тухай        

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

яллагдагч А.Баярбат, А.Цэнгэлийн өмгөөлөгч Б.Уранчимэг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1139 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 40 дугаартай эсэргүүцлээр А.Баярбат, А.Цэнгэл нарт холбогдох эрүүгийн 201526031189 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Боржигин овгийн Алтанзулын Баярбат, 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80 дугаар гудамжны 11-5 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:УШ94101214/;

            - Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 200 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 29 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            2. Боржигон овгийн Алтангэрэлийн Цэнгэл, 1998 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3; эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80 дугаар гудамжны 11-9 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:УЗ98042018/;

            - Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

            А.Баярбат, А.Цэнгэл нар бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80 айлын 10-6 тоотод оршин суух Ю.Манлайгийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы нугасыг салган нэвтэрч, 32 инчийн телевизор, DDISH хүлээн авагч, “Toshiba” загварын дижитал камер, энергийн бугуйвч, монетон зүүлт, казино тоглоом тус бүр 1 ширхэг, том арьсан дээр сийлсэн хөрөг зураг 3 ширхэг, жижиг арьсан дээр сийлсэн хөрөг зураг 10 ширхэг, эрэгтэй хүний савхин хүрэм 2 ширхэг, эмэгтэй хүний савхин хүрэм 2 ширхэг зэргийг хулгайлж, 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: А.Баярбат, А.Цэнгэл нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/314 дугаартай шүүгчийн захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд уг захирамжид заасан “...“Ашид Билгүүн” ХХК-ийн №ХУД017 дугаартай тайлан болон хавтаст хэргийн материалыг хохирогч Ю.Манлайд танилцуулах...” гэсэн ажиллагааг хийгээгүй, орхигдуулсан байна. Хохирогч Ю.Манлай нь Монгол Улсад байхгүй, БНСУ-д байгаа талаар түүний охин М.Цэлмэг мэдүүлсэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тогтоох, улмаар шүүгчийн захирамжид заасан дээрх ажиллагааг хийлгэх боломжтой байхад хийлгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

            Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Хохирогч Ю.Манлай нь Монгол Улсад байхгүй, БНСУ-д байгаа болох нь түүний цахим сүлжээгээр ирүүлсэн хүсэлт, гэрэл зураг болон гадаад паспортын хуулбар, охин М.Цэлмэгийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байгаа. Хохирогч Ю.Манлай нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлантай цахим сүлжээгээр танилцаад хүсэлтээ бичгээр гаргаж ирүүлсэн ба уг хүсэлтдээ “миний бие БНСУ-д байгаа ба цаг үеийн нөхцөл байдал буюу короновирусын улмаас Монгол Улсдаа очих боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд хэргийн материал болон хөрөнгийн үнэлгээний тайлантай биечлэн очиж танилцах боломжгүй, санал хүсэлтгүй” талаараа бичиж, гэрэл зургийн хамт ирүүлсэн байсныг хэрэгт хавсаргаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс хохирогч Ю.Манлайгийн охин М.Цэлмэгийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр тогтоох шаардлагатай гэж үзсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.” гэж заасан байна. Харин итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан эрхээ хэрэгжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ” гэж заасан. Хохирогч Ю.Манлайгийн хувьд хууль ёсны төлөөлөгч тогтоох үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэжээ.

            Яллагдагч А.Баярбат, А.Цэнгэл нарын өмгөөлөгч Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эхний шүүх хуралдаанд хохирлын хэмжээ зөрүүтэй байсан учир хэргийг буцаасан. Хэдийгээр хохирогч гэрэл зураг болон хүсэлтээ явуулсан ч нотариатаар гэрчлүүлээгүй тул нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос А.Баярбат, А.Цэнгэл нарыг бүлэглэн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80 айлын 10-6 тоотод оршин суух Ю.Манлайгийн эзэмшлийн өвлийн сууцны хаалганы нугасыг салган нэвтэрч, 32 инчийн телевизор, DDISH хүлээн авагч, “Toshiba” загварын дижитал камер, энергийн бугуйвч, монетон зүүлт, казино тоглоом тус бүр 1 ширхэг, том арьсан дээр сийлсэн хөрөг зураг 3 ширхэг, жижиг арьсан дээр сийлсэн хөрөг зураг 10 ширхэг, эрэгтэй хүний савхин хүрэм 2 ширхэг, эмэгтэй хүний савхин хүрэм 2 ширхэг зэргийг хулгайлж, 3.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэж 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүгч хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны үр дүнд “...тус шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/314 дугаартай шүүгчийн захирамжаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан бөгөөд уг захирамжид заасан “Ашид Билгүүн” ХХК-ийн №ХУД017 дугаартай эд хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэргийн материалыг хохирогч Ю.Манлайд танилцуулах” гэсэн ажиллагааг хийгээгүй орхигдуулсан, хохирогч Ю.Манлай нь Монгол Улсад байхгүй, БНСУ-д байгаа талаар түүний охин М.Цэлмэг мэдүүлсэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг тогтоогоогүй байна...” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд өмнө нь хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/314 дугаартай захирамжийн дагуу шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэжээ.

Өөрөөр хэлбэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангахтай холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоож, хавтаст хэргийн материал танилцуулах ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймээс А.Баярбат, А.Цэнгэл нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, шинжээч нарыг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх нь зүйтэй тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, А.Баярбат, А.Цэнгэл нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1139 дугаартай захирамжийг хүчингүй болгож, А.Баярбат, А.Цэнгэл нарт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэх хүртэл А.Баярбат, А.Цэнгэл нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3.    Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    М.ПҮРЭВСҮРЭН

                              ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                              ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН