Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02592

 

 

 

 

 

2021 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2021/02592

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: д холбогдох

гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.*******, хариуцагч С.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.*******той 2006 оны 12 дугаар сарын 08-ны өдөр танилцаж, хамтран амьдарсан. Бид 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж, гэр бүл болсон. Бидний дундаас 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин С.*******, 2009 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин С.******* нар төрсөн. Бид зан харилцаа болон бусад тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байгаад 2012 оноос хойш тусдаа амьдарч байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө эвлэрүүлэн зуучлах албанд хандсан боловч эвлэрээгүй. Миний бие энэ хугацаанд өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон учир цаашид би С.*******той хамтран амьдрах боломжгүй гэж үзэж гэрлэлтээ цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжэл гаргасан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин С.*******, С.******* нарыг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

Хариуцагч С.******* шүүхэд урьд гаргасан хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С.******* нь С.*******тай хамтран амьдраад хоёр охинтой болсон. Салаад 6-7 жил болж байна. Хөдөө байж байгаад саяхан ирлээ. Ирээд барилгын ажил хийж байгаа. С.******* нь хүнтэй суугаад хүүхэдтэй болсон учир хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин хүүхдүүдээ өөрийн асрамжид авмаар байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.*******, хариуцагч С.******* нар нь 2006 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр охин О.*******, 2009 оны 12 дугаар сарын 05-ны өдөр охин Л.******* нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

Гэрлэгчид хоорондын зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2012 оноос хойш тусдаа амьдарч байгаа, энэхүү хугацаанд нэхэмжлэгч С.******* нь өөр хүнтэй амьдарч хүүхэдтэй болсон зэрэг нь гэрлэлтээ цуцлуулах гол шалтгаан болжээ.

Дээрх шалтгааныг болон гэрлэгчид хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгааг харгалзан шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан охин О.*******, Л.******* нарыг эх С.*******гийн асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул охин О.*******, Л.******* нарыг эцэг С.*******оор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Хариуцагч С.******* нь хүүхдийн асрамжийн талаар маргаж, охин С.*******, Л.******* нарыг өөрийн асрамжид авна гэж тайлбарлаж байгаа боловч шүүх эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг дүгнэн үзэхэд тэрээр хүүхүүдийн хамт амьдрах орон байр байхгүй бөгөөд нийтийн байр хөлслөн амьдарч байгаа нь хүүхэд асран хүмүүжлэх нөхцлийн хувьд тохиромжгүй байх тул хүүхдийн өсөж, дассан орчинг өөрчлөх шаардлагагүй гэж үзэв.

Гэрлэгчдийн дундаас 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин О.******* нь эх С.*******гаар овоглосон байх бөгөөд зохигчид хэн аль нь охин О.*******гийн эцэг нь С.******* болохыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэдийгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй боловч хүүхдийн эрх ашгийн үүднээс энэ шүүхийн шийдвэрээр хүүхдийн эцгийг тогтоож шийдвэрлэх нь хуульд харшлахгүй болно.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч С.*******гийн нэхэмжлэлийг шүүх 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хариуцагч С.*******ид 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гардуулахад тэрээр хэргийг хуульд заасан нотлох баримт бүрдүүлэх хугацааг хүлээлгүйгээр шийдүүлэх хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хянан үзэхэд хуульд харшлах зүйлгүй байх тул түүний хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацааг хүлээлгүй хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэлээ.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боржигон овогт Содбаатарын *******, Боржигон овогт Содномдаржаагийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 11 дүгээрсарын 17-ны өдөр төрсөн охин О.*******, 2009 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Л.******* нарыг эх С.*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин О.*******гийн эцэг нь хариуцагч С.******* болохыг тогтоосугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин О.*******, Л.******* нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг С.******* нь тэжээн тэтгэсүгэй.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

5. Гэрлэгчид дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Отгон-Эрдэнэд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ