| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0437/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/451 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/451
2024 6 03 2024/ШЦТ/451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн
улсын яллагч Ц.Ганцэцэг
шүүгдэгч ***
иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403001410269 дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 25-нд Өвөрхангай аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, Өвөрхангай аймгийн Бүрд сум, 1 дүгээр баг, Ар жаргалант гэсэн иргэний үнэмлэхийн лавлагаатай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4; эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 55-б-87 тоотод оршин суух хаягтай, ял эдэлж байгаагүй, ЙЕ87102513 дугаарын регистртэй, ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч *** нь 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 20:00 цагийн орчимд Баянгол дүүргийн ** дүгээр хороо, Энэбишийн өргөн чөлөө, *** автобусны буудлын замд “Тоуоta Рrius” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам гарч байсан явган зорчигч болох ***, *** нарыг мөргөж, улмаар хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд мэдүүлэг өгөхгүй гэж байгаа юм. Хохирогч нарт нийт 745.000 төгрөг өгсөн. Мөн Эрүүл мэндийн байгууллагад төлөх ёстой 240.000 төгрөгийг төлсөн. Хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хохирлыг төлөхгүй, төлөх эсэхээ хэлж мэдэхгүй байна гэв.
Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. *** бол миний төрсөн ах. Тухайн үед ***ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь миний эзэмшилд байсан боловч би ахдаа зарчихсан, харин нэр шилжигдээгүй байсан юм.
Иргэний хариуцагчийн хувьд бусдад төлөх төлбөргүй байх гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч ***“... би *** автобусны буудлын харалдаа ертөнцийн зүгээр баруун талын явган хүний гарцаар урдаас хойд зүгт чиглэлтэй зам хөндлөн зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байтал “Тоуоtа Рrius 20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун талаас ирж явган хүний гарц дээр мөргөсөн. Би мөргүүлээд газар унасан, газар унасан байхад хамт явж байсан *** намайг татаж босгож байхад нөгөө жолооч машинаас бууж ирээд юу ч дуугарахгүй зогсоод байсан. Тэгэхээр нь би гар утасны дугаараа өг гэж хэлсэн чинь дугаараа өгсөн. Би цааш явах гэтэл миний гутлын ул салаад унасан байсан. Тэгээд би гутлынхаа улыг кармандаа хийгээд цааш зам гарсан” /хх-н 17/ гэж,
иргэний нэхэмжлэгч ***“... 20:00 цагийн үед Энэбишийн өргөн чөлөө *** автобусны буудлын ертөнцийн зүгээр баруун талын явган хүний гарцаар урдаас хойд зүг чиглэлтэй зам хөндлөн зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад “Тоуоtа Рrius-20” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун талаас ирж явган хүний гарц дээр мөргөсөн. Тэгээд мөргүүлээд би газар унасан. Би өөрөө босоод найз ***ийг зөндөө өргөж татаж байгаад арай гэж босгосон. Миний эмчилгээний зардал одоогийн байдлаар 173.000 төгрөг болсон бөгөөд хохирлоо намайг мөргөсөн жолоочоос гаргуулж авмаар байна” /хх-н 22/ гэж тус тус мэдүүлжээ.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотойгоор “... ***ийн биед зүүн өвдөгний урд чагтан холбоосны урагдал,шаантын ясны хэмт эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих, сунах, дарах, шахах механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн 3230 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 48-49/
Түүнчлэн зам тээврийн осол, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-9/, хэмжилтийн бүдүүвч /хх-н 7/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 10-11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 13, 14/, эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-н 68/, камерын бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 70/, хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хх-н 71-72/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл, төлсөн талаарх баримтууд /хх-н 74-81/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч ***т холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл явган зорчигч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа нь тухайн гэмт хэргийн бүрдэл хангагдсан гэж үзэх үндэслэлтэй.
Харин явган зорчигч *** эрүүл мэндэд учирсан хохирлын талаар “... *** биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн 3232 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан нь /хх-н 55-56/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарахгүй бөгөөд түүнийг энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь үндэслэл бүхий болжээ.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Зам тээврийн осол гарах үед шүүгдэгч-жолооч ***ын жолоодож явсан “Тоуоtа Рrius-20” маркийн, ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний төрсөн эгч ***ийн эзэмшлийнх болох нь
***“... Тоуоtа Рrius-20 маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа” /хх-н 29/ гэсэн мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-н 39/ нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, иргэний хариуцагчаар татагдсан
*** “... Тоуоtа Рrius-20 маркийн, ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байгаа. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна” /хх-н 29/ гэж, “... миний машинд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй, надад нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 32/ гэж мэдүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үүнд: шүүгдэгч *** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нарын бодит хохиролд нийт 745.000 төгрөг төлсөн, тэдгээрт Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан эмчилгээ, үйлчилгээний зардал болох нийт 240.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн дансанд төлж барагдуулсан зэргийг харгалзав.
Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 45/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 43/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 42/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 40/, жолоодох эрхийн лавлагаа /хх-н 41/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-н 39/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол, төлбөрийн хувьд:
Хохирогч *** хохирол, эмчилгээний зардалтай холбоотой 571.450 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч *** 173.244 төгрөгийн баримт тус тус гаргасан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдгээрийн хохирлыг шүүгдэгч *** төлж барагдуулсан байна.
Мөн хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тус бүр 120.000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх ба дээрх төлбөрийг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *** төлсөн болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Харин хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хохирлыг хор уршгийн гуравдугаар зэрэглэл гэж мөрдөгч тогтоосон байх бөгөөд /хх-н 86/ үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлж 8.580.000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.
Гэвч зам тээврийн осол гаргах үедээ шүүгдэгч ***ын жолоодож явсан иргэн ***ийн эзэмшлийн “Тоуоtа Рrius-20” маркийн, ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэдийгээр тээврийн хэрэгслийн гэрчилгээн дэх нэр солигдоогүй боловч ***ын эзэмшилд шилжсэн буюу түүнд худалдсан болох нь тэдгээрийн мэдүүлгээр нотлогдож байна.
Иймд иргэний хариуцагч ***ийг хариуцлагаас чөлөөлж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг нэн түрүүнд шүүгдэгчээр төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Хохирогч ***ийг шүүхээс шүүх хуралдаанд дуудахад “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж шүүгчийн туслахад 99773218 дугаарын утсаар мэдэгджээ.
Хохирогч шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй бөгөөд хохирогч *** нь хэдийгээр нэхэмжлэх зүйлгүй гэсэн боловч түүний сэтгэцэд учирсан хохирлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх нь зүйтэй. Учир нь, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Эрүүгийн хуульд заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байх ба үүнд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг багтжээ.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлын асуудлыг шийдвэрлэх нь түүний эрүүл мэндэд учирсан бодит хохирол буюу эмчилгээний зардлын төлбөрөөс тусдаа шийдвэрлэгдэх асуудал юм.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***ын гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүйг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодруулахад “бага боловсролтой” гэх боловч түүнийг “монгол хэл, бичиг мэдэхгүй” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн “өмгөөлөгч заавал оролцуулах” хуулийн заалтад хамаарахгүй байна.
Тодруулбал; жолоочийн дамжаанд /курсст/ сурч, шалгалт өгч улмаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх авсан байгаа хүнийг “бичиг, үсэг мэддэггүй хүн” гэж дүгнэх ямар ч боломжгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ***т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***ын гэх “Жолооны үнэмлэх” шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч *** хохирогч ***ийн эмчилгээний зардалд 571.450 төгрөг, иргэний нэхэмжлэгч *** эмчилгээний зардалд 173.244 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт нийт 240.000 төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.
7. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хохирлын хор уршигт 8.580.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.
8. Эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ