Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/462

 

 

 

 

 

 

 

 

 

   2024            6            05                                   2024/ШЦТ/462       

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч П.Итгэл

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, *** ажилтай гэх, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт *** дүүргийн ** дүгээр хороо, “***” хотхоны ***дүгээр байр, *** тоотод оршин суух,

ял шийтгэл: *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн*** оны * дугаар сарын **-ны өдрийн ***дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

*** дугаарын регистртэй, ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 07 цаг 09 минутын орчимд ** дүүргийн ** дугаар хороо, *** урд замд “Тоуоtа Рrius” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний мөрдөгчид өгсөн мэдүүлэг хэвээрээ байгаа. Тиймээс дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй гэж бодож байна. Гэм буруугийн талаар маргах зүйл алга, хүлээн зөвшөөрч байна. Жолоочийн эрхээ хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох юм бол гэмт хэрэг болно гэсэн хууль гарсан гэдгийг би өмнө нь сонсож, мэдэж байсан. Би жолоочийн эрхийн үнэмлэхийг 2018 онд авсан.

Улсын яллагчаас надад 5.000.000 төгрөгийн торгох ял оногдуулж байгааг жаахан багасгаж болох болов уу. Мөн жолоочийн эрх хасах ялын хугацааг багасгаж өгнө үү гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч ***“... 2024 оны 3 дугаар сарын 18-ны орой би ***, *** гэх 2 найзтайгаа *** дүүргийн ** дүгээр хороо, Баруун салааны 6 дугаар буудал дээр машин дотроо 0.75 граммын архи, 0.75 сөжү зэрэг согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэндээсээ *** дүүрэг, **дүгээр хороонд байрлах гэр рүүгээ хөдөлж яваад ***  гүүрэн дээр 05:40 минутын орчим замын цагдаа нарт баригдсан. Драггер багаж үлээхэд 2.04%-ийн согтолттой гэж гарсан. Би өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч байна” /хх-н 59/ гэж яллагдагчаар мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл (2.04%), гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 1-2/, Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа 2023 оны 10 дугаар сарын 31-ний эрх хасагдсан гэсэн лавлагаа /хх-н 5/, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шийдвэрлэсэн материалын хуулбар /хх-н 20-33/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ** дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч цагдаа ***нь жолооч *** согтуурлыг драггер багажаар шалгахад тэрээр 0.71%-ийн согтолттой гарч, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр Зөрчлийн тухай хуульд заасны дагуу түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан байна.

Өөрөөр хэлбэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байтал жолооч *** нь дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч *** овогт ***ийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, … үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Харин прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч *** урьд өмнө тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан өдрийг нь “2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр” гэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан өдрөөр тодорхойлсон байгааг шүүх зөвтгөн залруулав.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдлыг харгалзсан болно. Тухайлбал, шүүгдэгч *** урьд өмнө буюу 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр *** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ.

 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Улсын яллагч П.Итгэл шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, түүнийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох тухай санал, шүүгдэгч *** нь өөрт оногдуулах торгох ялын хэмжээг багасгуулах тухай хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

Учир нь, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг яаж тогтоох нь шүүхийн эрх хэмжээ мөнөөс гадна урьд шүүхээс торгох ялаар шийтгүүлж байсан, түүнчлэн торгох ялын хэмжээг багасгаж өгөөч гэж хүсэж байгаа шүүгдэгчид дахин торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй, улмаар түүний санхүүгийн чадварт нөлөөлөхөөр байгаа, нөгөөтээгүүр шүүхээс “зорчих эрхийг хязгаарлах” эсхүл “хорих” ял оногдуулахад түүний эрх зүйн байдлыг хэт дордуулна гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч *** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч ***хувийн байдалтай холбоотой:

Жолоодох эрхийн лавлагаа /хх-н 50/, шийтгэлийн хуудас /хх-н 31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 44/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 52/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/, ***дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны * дугаар сарын **-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоол /хх-н 63-73/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

   

                            ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ын *** “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, … үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, түүнийг 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ