| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0446/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/463 |
| Огноо | 2024-06-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Цэнгэлбаяр |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/463
2024 6 05 2024/ШЦТ/463
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн
улсын яллагч Н.Цэнгэлбаяр
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ** аймгийн ** Сум, * дүгээр баг, ** гэсэн иргэний үнэмлэхийн хаягтай, ам бүл 2; эхнэрийн хамт ** дүүргийн ** дугаар хороо, **, ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягтай, ял эдэлж байгаагүй, ** дугаарын регистртэй,
*** овогт ***ы ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:
Шүүгдэгч *** 2023 оны 12 дугаар сарын 12-ны шөнө 01 цаг 20 минутын үед ** дүүргийн ** дүгээр хороо, “**” баарны орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шорлогын мухлагаас шорлог авч идээд зогсож байсан хохирогч ***хажуугаар гарахдаа тодорхой шалтгаангүйгээр түлхэж унаган, түүнийг босож ирсний дараа буцаж ирээд хавирч унагаан эрүүл мэндэд нь зүүн шилбэ /шаант, тахилзуур/ ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Урьд өмнө нь цагдаа дээр мэдүүлгээ өгсөн тул надад нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлөөгүй байгаа. Гэхдээ хохирогч ***энэ хэрэг гарсны 7 хоногийн дараагаас өөр хэрэгт холбогдоод цагдан хоригдсон юм шиг байна лээ. Тиймээс би түүнтэй уулзаж чадаагүй. Хохирол төлбөрөө нэхэмжилсэн тохиолдолд хохирлыг нь төлөх болно гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... би 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 01 цаг 20 минутын үед ** дүүргийн **дүгээр хороо, “***” баарны хажууд шорлог зарж байсан хүнээс шорлог худалдаж аваад идээд зогсож байсан чинь 2 залуу хажуугаар өнгөрөхдөө 1 залуу нь намайг хавсарч унагаасан. Би уначихаад босож ирээд та нар яаж байгаа юм гэж хэлэхэд намайг хавсарч унагаасан залуу эргэж хараад инээхээр нь ингэж болохгүй шүү дээ гэж хэлэхэд эргэж ирэнгүүтээ дахиж хөлийн шилбэ рүү өшиглөхөд хөл эвгүй болоод би газар унасан. Тэгээд би хүнээр цагдаа дуудуулсан. Цагдаа нар ирээд намайг хавсарч унагаасан залуу болон намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн” /хх-н 14-15/ гэж,
гэрч *** “... тухайн өдөр би ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** замынхаа зүүн талд гадаа шорлог зараад зогсож байсан чинь нэг залуу ирээд шорлог худалдаж аваад идээд зогсож байсан. Гэтэл *** замын хойно байдаг Кастел баар талаас 2 залуу ирж яваад хажуугаар гарахдаа шорлог идэж байсан залууг түлхээд унагаачихсан. Тэгэхээр нь би тэр залууд чи яаж байгаа юм гэж хэлчихээд надаас шорлог худалдаж авсан залууг босгосон чинь түлхэж унагаасан залуу цаашаа явж байснаа буцаж ирээд нөгөө залууг шууд хавираад унагаачихсан. Тэгээд унасан залуу босож чадахгүй байна хөл эвгүй болчихлоо надад туслаач наад залуугаа бариад аваарай гэхээр нь би тэр залууг барьж аваад цагдаагийн 102 дугаарын утсанд залгаж цагдаад дуудлага өгөөд удалгүй 2 цагдаа ирээд цагдаа нар тэр залууг аваад явсан” /хх-н 18-19/ гэж тус тус мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч
шүүгдэгч ***ы *** “... би бусдын биед гэмтэл учруулсан үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Тэр өдөр найз ***тэй хамт хорооллын *** нэртэй бааранд орж үйлчлүүлж байгаад тэндээс гараад явж байснаа санаж байна. Нэг мэдэхэд эрүүлжүүлэх байранд унтаж байсан. Маргааш өглөө нь цагдаагаас юу болсон талаар асуухад хүн хавсарч унагаагаад хөлийг нь гэмтээсэн гэж хэлсэн. Би яг юу болсныг санахгүй байна” /хх-н 39-40/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн байна.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “… ***биед зүүн шилбэ /шаант, тахилзуур/ ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 684 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 22-23/
Түүнчлэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 7/, ***ийг “Бэгэр-10”-т хүлээлгэн өгч эрүүлжүүлсэн талаарх эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-н 8-9/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан ба эдгээр баримтууд нь шүүгдэгч ***д холбогдох хэргийн үйл баримттай цаг хугацааны хувьд тохирч байгаа, түүний гэм буруутайг нотолсон баримтуудад хамаарна.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч *** овогт ***ы ***ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ***д ял оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзав.
Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 42/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 45/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 44/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч ***нь хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй бөгөөд эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирлоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжилнэ гэсэн байх тул түүний нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***ы ***ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 1.500.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Хохирогч ***хохирол, эмчилгээний зардал, сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
5. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ