| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0462/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/481 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/481
2024 6 11 2024/ШЦТ/481
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн
улсын яллагч Г.Намжил
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн***дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд *** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Зөв найзууд” ТББ-ын тэргүүн ажилтай гэх, ам бүл 3; эх, эхнэрийн хамт *** дүүргийн ** дугаар хороо, “**”-ы ** дугаар байрны ** тоотод оршин суух,
ял шийтгэл:
1. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 06 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1993 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
2. Баянгол дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 302 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 8 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,
3. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
4. Чингэлтэй дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
5. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар (ял нэмж нэгтгэсэн) 4 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар,
6. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар,
7. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 571 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар,
8. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
9. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 647 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.800.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн,
***дугаарын регистртэй, ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр *** дүүргийн** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” шөнийн цэнгээний газарт шөнийн 03:00 цагийн үед тус шөнийн цэнгээний газраар үйлчлүүлж байсан хохирогч ***“шөнийн цэнгээний газрын үүдэнд маргалдсан” гэх шалтгаанаар толгойн тус газарт нь архины шилээр нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд дагзны хуйханд язарсан шарх бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би гэм буруугийн асуудлаар маргахгүй тул шүүхэд мэдүүлэх шаардлагагүй гэж үзэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед 2 шил архи уусан байсан болохоор юу болсныг нь сайн санахгүй байгаа юм. Одоо л өөртөө дүгнэлт хийж байна би. Архи уухаараа л миний зан авир эвдрээд байдаг. Уг нь би “***” гэх ТББ-ын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай байгууллага хорих ангиас суллагдсан хүмүүсийг зөв амьдралд татан оруулж нийгэмшүүлэх зорилготой. Манайх нийслэлийн 9 дүүрэг, 21 аймагт салбартай бөгөөд тэргүүн нь ***гэж хүн байдаг. Тийм учраас би хичээгээд л байгаа. Одоо би ** настай, өөрийн гэсэн үр хүүхэд төрөөгүй, эхнэр хүүхэдгүй өдий хүрлээ. Би архи гэдэг идээнээс нэг мөсөн холдохоор шийдэж америк-хятадын хамтарч үйлдвэрлэсэн тариаг 3 сарын өмнөөс тариулж эхлээд байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч ***ын *** “... 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хоёр найз болох ***, *** нарын хамтаар “Эргэн дурсахуй” бааранд орсон. Тэр бааранд ***гэх ахтай танилцсан. Тэгээд байж байхад **тай ** ах муудалцсан. Намайг ширээн дээр тасраад унтаж байхад ** ирээд архины шилээр цохисон юм билээ. Гомдол саналгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй” /хх-н 16-17, 19/ гэж,
гэрч ***“... 2023 оны 12 дугаар 23-наас 24-нд шилжих шөнө ** дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” бааранд ***, ***нарын хамт 00:00 цагийн үед орсон. Би бүжиглэж байгаад гартал манай нөгөө 2 маань үл таних хүнтэй маргалдаж байсан. Салаад баар руу орж бүжиглэсэн. Баар хаах үед *** тасраад сандал дээр унтаад өгсөн. *** бид хоёр дээр түрүүнд нь муудалцаад байсан бараан өнгийн хувцастай бид нараас ахимаг насны ах хүрч ирээд **ыг заамдаад авахад Дарамзагд зугтаад явчихсан. Гэтэл тэр үл таних ах хаанаас ч юм бэ архины шил бариад сандал дээр унтаж байсан ***ийн толгой хэсэгт нэг удаа цохиод, хагархай шилээ бариад над руу дайраад байсан. Хамгаалагч нар тэр хүнийг аваад гарсан” /хх-н 25-26/ гэж,
гэрч ***“... өдрийг нь санахгүй байна, *** ***тай тааралдаад хамт гурвуулаа “Эргэн дурсахуй” бааранд орсон. Би бие засаад 00 орчихоод ирэхэд **, **хоёр байхгүй байсан” /хх-н 30-31/ гэж тус тус мэдүүлжээ.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***ийн биед дагзны хуйханд язарсан шарх” тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байна” гэсэн 856 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 40-41/
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч ***ад ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.
Тухайлбал, шүүгдэгч *** нь урьд өмнө хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэгт 9 удаа шүүхээс ял шийтгүүлж байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.
Иймд шүүх шүүгдэгч ***ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч мөн шүүгдэгч ***ад 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргасан бөгөөд улсын яллагчийн ялын санал болон шүүхийн шийдвэр нь тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах агуулгаар биш гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх гэсэн Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Нөгөөтээгүүр шүүгдэгч ***ын эрхэлсэн тодорхой ажил, санхүүгийн эх үүсвэртэй гэх байдал тодорхой бус тул түүнд “торгох” ял оногдуулахад зохимжгүй, “зорчих эрхийг хязгаарлах” ялын хувьд харин ч түүний эрх зүйн байдлыг дордуулах буюу тэрээр чөлөөтэй зорчин явахад нь сөргөөр нөлөөлнө.
Шүүгдэгч *** цаашид өөрийн хувийн байдалдаа анхаарвал зохино.
Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 68/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 58/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 67/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-н 106-117, 118-120, 121-122, 123-138, 139-153, 154-156, 157-159, 160-162, 163-165, 166-168/ гэсэн бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч *** нь “... гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол үнэлүүлэхгүй” /хх-н 16-17, 20/ гэсэн байх бөгөөд хавтаст хэрэгт хохирол, эмчилгээний зардалтай холбоотой баримт авагдаагүй байна.
Хохирогч ***ийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсны үнэ болох 160.000 төгрөгийг шүүгдэгч *** 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулсан тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч *** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ