Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 133/ШШ2021/00284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: П.Г-н нэхэмжлэлтэй

Хариуцагч: Э.Н-т холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Г, хариуцагч Э.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Пүрэвжавын Ганхишиг нь 1993 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн. Нөхөр болох Эрдэнэбишийн Н-тай 2016 онд анх танилцаж, 2017 оны 05дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Т-г төрүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид гэр бүл болсноос хойш хамт амьдраагүй учир салах шалтгаантай. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй. Цаашид бид хамтран амьдрах боломжгүй,удаан хугацагаар тусдаа амьдарсан, эвлэрэхгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Н.Т-г миний асрамжид үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.

Нэхэмжлэгч Э.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э овогтой Н нь 1993 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Булган аймагт төрсөн. Эхнэр П.Г-тэй 2016 онд анх танилцаж, 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Т төрсөн. 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бид гэр бүл болсноос хойш хамт амьдраагүйн улмаас салах шалтгаан болсон. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүү Н.Т-г эхийнх нь асрамжид үлдээхийг тус тус хүлээн зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Э.Н-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүү Н.Т-г өөрийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болно.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Э.Н нарнь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 8201000067 дугаарт гэрлэлтээ бүртгүүлжээ.

Энэхүү үйл баримт нь Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 48/000297 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул зохигчийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Энэхүү гэрлэлтээ дуусгавар болгохоор нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч Э.Н-с гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн өргөдлийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Ө.С-д гаргажээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн115 дүгээр тэмдэглэлээс үзэхэд П.Г, Э.Н нар нь гэрлэлтээ батлуулснаас хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй, харилцан гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч, шүүхээр шийдвэрлүүлэхийг хүссэн тул эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болжээ.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсноор нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Э.Н-с гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам, шаардлага биелэгджээ.

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Э.Н нар нь 2018 оноос хойш одоог хүртэл тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан хүлээн зөвшөөрч буйгаа нэхэмжлэл, хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа илэрхийлсэн.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас гэрлэгчдийн хооронд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахад ч талууд дээрх байр суурийг илэрхийлж, гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэхийг хүсээгүй байна.

Энэ тохиолдолд шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй гэж үзэн Э.Н, П.Г нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцалсан нь Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэлт дуусгавар болох эрх зүйн үр дагаврыг үүсгэх тул гэрлэгчдийн дундаас төрсөн хүүхдийг чухам хэний асрамжид үлдээх эсэхийг шийдвэрлэх шаардлагатай болно.

Нэхэмжлэгч П.Г болон хариуцагч Э.Н нарын дундаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү Н.Т төрсөн нь Жаргалан-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хүүхэд төрсөн тухай эмнэлгийн гэрчилгээ, 1107002548 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдсон.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хүү Н.Т-г эх П.Г-н асрамжид үлдээхийг зохигч харилцан хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргаж, хүүхдийн асрамжийн асуудлаар талууд маргаагүй.

Хариуцагч Э.Н нь хүү Н.Т-г төрсөн цагаасаа эхлэн эх П.Г-н асрамжид байсан учраас хүүхдийн асрамжийг өөрчлөх шаардлагагүй, цаашид эхийнхээ асрамжид байх нь зүйтэй гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.

Хүү Н.Т нь төрсөн цагаас хойш эх П.Г-н асрамжид байгаа тул хүүхдийн асрамжийн талаарх зохигчийн сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлсэн тохиролцоо нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэж байна.

Иймд 2017 оны 05 дугаар сарын 18-ны төрсөн УО17251876 регистрийн дугаартай Н.Т-г эх П.Г-н асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүхийн шийдвэрээр зохигчийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эхийн асрамжид үлдээснээр эцэг, хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй тул хариуцагч Э.Н нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу хүү Н.Тг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг үүрэгтэй.

Энэхүү үүргээ биелүүлэхэд нь хариуцагч Э.Наранбаатарт саад учруулахгүй байхыг Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч П.Г-т даалгав.

Нэхэмжлэгч П.Г нь хариуцагч Э.Н-с хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу эцэг Э.Н-г хүү Н.Т-г тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх эрх зүйн үндэслэл болохгүй.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлэхэд энэхүү шийдвэр саад болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт Нэхэмжлэгч шаардлагаа багасгах, энэ хуулийн 59.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, зохигч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа энэ хуулийн 106.5-д заасны дагуу дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй гэжээ.

Нэхэмжлэгч П.Г нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул уг шаардлагыг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,164 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэв шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэжээ.

Шүүхээс нэхэмжлэгчийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн тул хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Э.Н-с 140,400/нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Г-т олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Э.Н болон П.Г нарын Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 8201000033 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2017 оны 05 дугаар сарын 18-ны төрсөн УО17251876 регистрийн дугаартай Н.Т эх П.Г-н асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Н нь эцгийн хувьд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч П.Г-т даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан П.Г, Э.Н нарын гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Х-д даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Г-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 175,564/нэг зуун далан таван мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-ас 140,400/нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Г-т олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож,14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ