Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2024/00238

 

 

 

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 148/ШШ2024/00228 дугаар шийдвэртэй,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 208/МА2024/00047 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Т-д холбогдох

9,206,269,896 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Прокурор Б болон нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г, прокурор Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “М” ХХК нь Т-д холбогдуулан 9,206,269,896 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2. Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 148/ШШ2024/00228 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д заасан Засгийн газрын нөөц сангаас 2,850,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,203,419,496 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

3. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 208/МА2024/00047 дугаар магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 148/ШШ2024/00228 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 866,181,564 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,340,088,332 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Прокурор Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.26-ны өдрийн 208/МА2024/00047 дугаар магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй, хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийгээгүй.

“М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь түүнийг Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасантай хамааралгүй талаар: “М” ХХК-д Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 2003.05.01-ний өдрийн огноотой 2003.04.24-ний өдрөөс 2004.01.24-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл буюу архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл”-ийг олгосон. Тус тусгай зөвшөөрлийн хугацаа 2004.01.24-ний өдөр дууссан бөгөөд дахин зөвшөөрлийн хугацааг сунгаагүй ба “М” ХХК нь 2005 оноос эхлэн үйл ажиллагаа явуулаагүй, статистик мэдээ, тайлан гаргаагүй болох нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 2 дугаар багийн засаг дарга Б ын 2010.04.22-ны өдрийн 349 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг дарга М гийн 2020.04.22-ны өдрийн 119 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна. Гг 2005.04.28-ны өдөр буюу тус компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас 1 жил 03 сарын дараа “Сэжигтнээр тооцох тухай” тогтоолоор эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож, 2005.04.25-ны өдөр 20513785 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн. “...Нэр бүхий 6 хүнээс мөнгө залилсан" гэж үзэж яллагдагчаар татсан. Энэ хэрэг 2006.01.24-ний өдөр “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор хэрэгсэхгүй болсон. Мөн Г-д 2007.02.06-ны өдөр дахин “М  нарт их хэмжээний хохирол учруулж залилсан” гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Улмаар эрүүгийн 20746053 дугаартай хэрэгт 2007.05.11-ний өдөр сэжигтнээр тооцож сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2007.05.23-ны өдөр яллагдагчаар татсан. Г нь 2007.05.11-ний өдрөөс 2007.05.24-ний хооронд сэжигтнээр цагдан хоригдож, 2007.05.24-ний өдрөөс “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 5 дугаар сарын 25-ны өдрөөс “Батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 2016.10.27-ны өдөр эрүүгийн 20746053 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх цаг хугацаанаас харахад Г нь 2005 оноос 2016 он хүртэл 11 жилийн хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдсан гэх боловч 5 жил 4 сард нь тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Г нь дээрх хугацаанд 14 хоног сэжигтнээр цагдан хоригдсон байна. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд “М” ХХК-ийн үйл ажиллагaa Г-г эрүүгийн хэрэгт шалгагдсанаас шалтгаалан зогссон гэх нэхэмжлэл нь үндэслэлгүй шүүх шалтгаант холбоо бүхий нотлох баримт иргэний хэрэгт авагдаагүй, нотлох баримтаар дээрх нөхцөл байдал нотлогдож байгаа эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд нь хуулийн хугацаанд зөвшөөрлийн хугацаа сунгуулаагүйгээс үүссэн үр дагаврыг эрүүгийн хэрэгт шалгагдсанаас гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Эрүүл мэндийн байдалд учирсан гэм хорын талаар: Г нь 2005.03.14-ний өдрөөс 2005.03.25-ны өдрийн хооронд эмнэлэгт үзүүлж, хэвтэн эмчлүүлж 2005.03.25-ны өдөр “Г-г тархины дунд артерийн бүсийн шигдээс, зүүн талын саа/ гэж эмнэлгийн байгууллагаас оношилсон. Энэ цаг хугацаа нь Г-г эрүүгийн 20513785 дугаартай хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцогдохоос өмнө буюу 1 сар 14 хоногийн өмнө ба энэ нь Ггийн бие хэрэгт сэжигтнээр тооцогдож, эрүүгийн хэрэг үүсгэсэн хугацаанаас өмнө өвдсөн болохыг илэрхийлж байна. Г нь хэрэгт шалгагдах явцдаа удаа дараа эмнэлэгт үзүүлж, онош тогтоолгон, хэвтэн эмчлүүлсэн боловч Гг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасны улмаас түүний эрүүл мэндийн байдалд нөлөөлж, бие нь муудсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй шалтгаант холбоо тогтоогдоогүй байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр шийдвэрлэсэн байна. Гг 2005.04.28-ны өдөр буюу тус компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас 1 жил 3 сарын дараа “Сэжигтнээр тооцох тухай” тогтоолоор эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож, 2005.04.25-ны өдөр 20513785 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн, “... Нэр бүхий 6 хүнээс мөнгө залилсан” гэж үзэж яллагдагчаар татсан байдаг. “М” ХХК-д Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 2003.05.01-ний өдрийн огноотой 2003.04.24-ний өдрөөс 2004.01.24-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл буюу архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл”-ийг олгосон. Гэтэл “М” компанийг 2005-2016 он хүртэл буюу 11 жилийн хугацаанд ямар ч эрсдэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж үзэж байгаа эсэх нь холбогдох нотлох баримтаар тогтоогдоогүй. “М” ХХК-ийн 2002, 2003, 2004 онуудад Монголын татварын албанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд гаргаж өгсөн 3 жилийн орлого буюу 211,136,529 төгрөг үндэслэлтэй эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. “М” ХХК нь 2002 онд 16,076,287 төгрөг, 2003 онд 154,333,300 төгрөг, 2004 онд 463,000,000 төгрөгийн орлого олсон хэмээн холбогдох баримт гэх орлогын тайлангуудыг гаргаж өгсөн. Аймгийн прокурорын газраас 2003.11.13-ны өдрийн 753 дугаартай албан бичгээр тус аймгийн Татварын хэлтсээс гаргуулан авсан тайланд тус компани нь 2003 онд нийт борлуулалтын орлого 11,844,200 төгрөг гэж 142,486,100 төгрөгийн зөрүүтэй тайлагнасан. Энийг хууль ёсны, үндэслэлтэй нотлох баримтаар үнэлэх нь эргэлзээтэй байхад шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хуульд нийцэхгүй байна. “М” ХХК нь 2003 онд 154,333,300 төгрөгийг нэмж мэдүүлсэн байдаг. Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын Ерөнхий хуулийг хэрэгжүүлэх тухай хуульд “Нэмж мэдүүлсэн тайланг ямар нэгэн нотлох баримтаар тооцохгүй” буюу энэ хуулийн 6.2 дугаар зүйлд “Энэ хуулийн 6.1-д заасан иргэн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын, нийгмийн даатгалын шинэчилсэн тайлан, эдгээр тайланд тусгагдсан албан татвар ногдох орлого, орлогоос бусад албан татвар ногдох зүйл, шимтгэл ногдох орлогын эх үүсвэр, хэмжээ, үнэ өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болгон ашиглахыг хориглоно” гэж заасан байхад нотлох баримтаар тооцож гэм хорыг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зуйлийн 172.2.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.26-ны өдрийн 208/MA2024/00047 дугаар магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

5. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Г-гийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024.06.26-ны өдрийн 208/МА2024/00047 магадлалд ИХШХШТ хуулийн 172-р зүйлийн 172.2.1-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, 172.2.3-т зааснаар хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэж үзэн хяналтын шатны шүүхэд энэхүү гомдлыг гаргаж байна. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь ИХШХШТ хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх хурлын 2024.04.22-ны өдрийн 00228 тоот шийдвэрт “М” компани нь мөрдөн байцаах үйл ажиллагааны улмаас олох байсан орлого, бусад хохирлоо төрөөс шаардах эрхтэй болох, 1995 оноос 2005 он хүртэл ашигтай ажиллаж байгаад 2005 оноос компани үйл ажиллагаагаа явуулж чадаагүй, ашиг олоогүй нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаанаас шалтгаалсан. Тус компанийн ганц гишүүн Г намайг цагдаа прокурорын байгууллага хууль зөрчсөн үйл ажиллагаагаараа цус харвуулж, өрөөсөн талыг маань мэдээгүй болгон саажуулж, олон жил тарчлааж, эцэст нь мэдрэл, сэтгэцийн өөрчлөлттэй болгож оюуны болон биеийн ачаалал авах боломжгүй байдалд хүргэсэнтэй шалтгаант холбоотойгоор компанийн үйл ажиллагаа аргагүйн эрхэнд зогссон, бас үйл ажиллагаагаа сэргээх боломжгүй байдалтай байнга эмчийн хяналтад эмчлүүлсээр өнгөрсөн олон он жилүүдийг өнгөрөөсөн болох зэрэг нь нотлогдсон гэж тус тус дүгнэлт хийсэн байна. Ийнхүү “М” компанид төрийн ажилтны буруугаас гэм хор учирсан байна, ганц гишүүн Г нь мөрдөн шалгах ажиллагаанаас шалтгаалан цус харван өвчилж компанийн үйл ажиллагаагаа сэргээх боломжгүй болсон байна гэж дүгнэсэн атлаа хохирсон хугацааг нь үндэслэлгүйгээр хасаж тооцсон, компанийн үйл ажиллагаа ямар ч өсөлт хөгжилтгүй байх юм шиг, зах зээлийн үнийн өсөлт, бизнесийн өсөлтийг тооцолгүй хохирол тооцсон. Эдгээрийг нарийвчлан тооцсон мэргэжлийн шинжээчийн дүгнэлтийг хохиролд хамаарахгүй гэж үндэслэлгүйгээр нотлох баримтаар үнэлээгүй магадлал гаргасанд гомдолтой байна. Улсын дээд шүүхийн “Шүүхийн шийдвэрийн тухай” 2006.04.24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.4 дэх заалтад “Шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын бусад төрлийн адил хүчин чадалтай ба шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр түүнийг үнэлнэ гэж, мөн 2008.10.10-ны өдрийн Дээд шүүхийн зөвлөмжид: Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй гэж тус тус тодорхой заасан байна. Шинжээч нь дүгнэлтээ “Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5.1, 5.1.1, 10.1, 10.1.1-р заалтуудыг үндэслэн гаргасан бөгөөд манай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн бол бизнес маань ямар хэмжээний өсөлтөд хүрсэн байхыг, өнгөрсөн хугацаанд ямар орлого олсон байхыг, цагдаа, прокурорын алдаатай үйл ажиллагаанаас шалтгаант холбоотойгоор энэ боломжийг алдсан болохыг тус тус нарийн мэргэжлийн хүрээнд тогтоосон нотлох баримт байсан юм. Иймээс Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг хэрэглээгүй, дээр дурьдсан тогтоол, зөвлөмжүүдийг зөрчсөн гэж үзэж байгаа тул манай компанийн 2005 оноос одоог хүртэл хохирсон байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

6. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.10.10-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/01146 тогтоолоор прокурор Б болон нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч “М” ХХК нь Т-д холбогдуулан тус компанийн олох ёстой байсан орлого 9,201,419,496.06 төгрөг, мөрдөн байцаагчаас “М ” ХХК-ийн орлогыг хурааж В.М д өгч, үүнийг “М” ХХК-аас “М ” ХХК-д төлсөн 2,546,400 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал 2,304,000 төгрөг, нийт 9,206,269,896 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, үндэслэлээ “...Эрүүгийн хэргүүдийг “М” компанийн захирал Г гэж үүсгэсэн. Намайг 2005 оны 3 сард Баянгол дүүргийн цагдаагийн хошууч н.Төмөрбаатар байцаасан бөгөөд тэр үед цус харваж, улмаар одоо хүртэл өвчтэй байна, компани надаас өөр гишүүнгүй тул компанийн үйл ажиллагаа үүнээс болж зогссон, ...манай компани ашигтай ажилладаг, тэргүүлэх аж ахуйн нэгж байсан. Мөн хэргийг шалгах явцад банк болон бусад газар руу намайг болон манай компанийг гэмт хэрэг үйлдсэн мэтээр бичгүүд явуулснаар манай компанийн нэр хүнд унаж, зээл авах боломжгүй болсон. Шинжээч “Л ” ХХК нь манай компанийн олох ёстой байсан орлогыг бодитой гаргасан” гэсэн агуулгаар тайлбарласан байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “... хохиролтой шалтгаант холбоо байхгүй ..., компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2004 онд дууссан байсныг сунгаагүй, нэхэмжлэгчийн онош сэжигтнээр тооцохоос 1 сар 14 хоногийн өмнөх онош байна.  Түүнчлэн компанийн бизнесийн үйл ажиллагаа тодорхой эрсдэлтэй тул “Л ” ХХК компанийн ашгийг тогтмол дүнгээр ийм өндөр дүнтэй нь гаргаж ирсэн нь үндэслэлгүй” гэж татгалзсан тайлбар гаргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж  шийдвэрлэхдээ “...”М” ХХК нь 1995 онд байгуулагдаж 2005 он хүртэл ашигтай ажиллаж байсан боловч 2005 оноос компани үйл ажиллагаагаа явуулаагүй, ашиг олоогүй нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаанаас шалтгаалсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй буюу мөрдөн байцаах ямар үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас компани үйл ажиллагаагаа явуулаагүй, ашиг олоогүй болохыг нэхэмжлэгч нь нотолж чадсангүй. Түүнчлэн нэхэмжлэгч нь мөрдөн байцаах ажиллагааны улмаас өвчтэй болсон, компани ганц гишүүнтэй тул үйл ажиллагаагаа явуулж чадаагүй гэж тайлбарлах боловч компанийн гүйцэтгэх удирдлага бусдад итгэмжлэл өгөх замаар компанийг бусдаар төлөөлүүлэх боломжтой бөгөөд компанийн үйлдвэрлэж байсан согтууруулах ундаа болон жимс, ургамлыг боловсруулж гарган авч байсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ажиллагаанд захирал Г нь заавал биечлэн оролцох шаардлагатай, эсвэл тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх эсэх нь түүний мэдлэг, ур чадвараас шууд шалтгаалж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. ...мөрдөн байцаах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагаас ... хүргүүлсэн лавлагаа, тодорхойлолт авах албан бичгүүд, түүний агуулга нь компанийн бизнесийн нэр хүндийг гутаасан, үйл ажиллагаанд нь хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй. Мөрдөн байцаах ажиллагаа, түүнийг явуулсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанаас нэхэмжлэгчид компанид хохирол учирсан нь тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр “М” ХХК-ийн олох ёстой байсан орлого 9,201,419,496.06 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

 Нэхэмжлэгчийн “М” ХХК-аас “М ” ХХК-д төлсөн 2,546,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан ба “...баримтаар тогтоогдсон “М” ХХК-д учирсан 2,546,400 төгрөгийн хохирол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.4-д заасан мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгөд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй” гэж дүгнэсэн. 

Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал 2,304,000 төгрөг  гаргуулах шаардлагын тухайд “... нотариатын үйлчилгээнд 64,000 төгрөг, нотлох баримтын хуулбар авахад 240,000 төгрөг, нийт 304,000 төгрөгийн зардал гаргасан болох нь баримтаар тогтоогдсон тул эдгээр шаардлагыг хангаж, харин “Л ” ХХК-ийн 2,000,000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг нэхэмжлэгч төлсөн баримт хэрэгт байхгүй” гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон байна.

Анхан шатны шүүх дээр дурдсан үндэслэлээр нийт 9,206,269,896.06 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2,850,400 төгрөгийн шаардлагыг хангаж, дээрх мөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д заасан Засгийн газрын нөөц сангаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,203,419,496 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

9. Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж зохих дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангажээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г-д 2005.04.25-ны өдөр 20513785 тоот, 2007.02.06-ны өдөр 20746053 тоот эрүүгийн хэргүүдийг үүсгэн, улмаар дээрх хэргүүдэд яллагдагчаар татаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж 20746053 тоот эрүүгийн хэргийг 2016.05.13-ны өдөр, 20513785 тоот эрүүгийн хэргийг 2016.10.27-ны өдөр прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасны дагуу тус тус хэрэгсэхгүй болгосон. ... эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хугацааг үзэхэд нийт 11 жилийн хугацаанд хэргийг шалгасан мэт харагдавч, мөрдөн байцаах ажиллагаа явагдсан хугацааг нарийвчлан тооцвол 04 жил 01 сар 03 хоног болж байх ба үлдэх хугацаанд хэргийг хэрэгсэхгүй болгосон мөрдөгч, прокурорын тогтоол хүчинтэй үйлчилж мөрдөн шалгах ямар нэгэн ажиллагаа явагдаагүй байсан үйл баримтууд тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “М” ХХК ганц гишүүнтэй захирал Г нь үйлдвэрийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдах түүнчлэн үйлдвэрийн технологийг хариуцан ажилладаг байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс компанийн үйл ажиллагаа зогсож, 2016 он хүртэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. “...2005 оноос компани үйл ажиллагаагаа явуулаагүй, ашиг олоогүй нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаанаас шалтгаалсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна” гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ гэж үзээд, “М” ХХК нь ганц үүсгэн байгуулагч гишүүнтэй тэрээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан нь баримтуудаар нотлогдсон, эрүүгийн хэрэг үүсгэх, шалгах ажиллагааны явцад түүний эрүүл мэнд муудаж хөдөлмөрийн чадваргүй болсон цаг хугацаа давхацсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзнэ” гэж дүгнэсэн байна.

“М” ХХК-ийн захирал Г-г 2005 оноос 2016 он хүртэл нийт 11 жилийн хугацаанд эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч тус хэрэгт холбогдуулан шалгагдсан 4 жил, 1 сар, 3 хоногийн хугацаанд “М” ХХК нь олох байсан орлогоороо хохирсон” гэж дүгнэн, тус компанийн 2002, 2003, 2004 оны татварын тайланг үндэслэн 3 жилийн дундаж орлого нь 211,136,529 төгрөг байхаар тооцсон байна. Улмаар 3 жилийн дундаж орлого болох 211,136,529 төгрөгөөс нэг өдөр оногдох орлогыг 578,456 төгрөг гэж тодорхойлон 4 жил, 33 хоногт олох байсан орлогод нийт 863,635,164 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол гэж гаргуулж хохирогчоор тогтоогдсон В.М д хүлээлгэн өгсөн 2,546,400 төгрөгийг “М” ХХК нь “М ” ХХК-д төлсөн нь тогтоогдсон, энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг хангах талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг эрх зүйн үндэслэлтэй гэжээ.

Нэхэмжлэгчийн нотариатын үйлдэлд зарцуулсан зардал 64,000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлөх бодит зардал 2,000,000 төгрөг, нотлох баримтыг хуулбарлан авахад төлсөн 240,000 төгрөг, нийт 2,304,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох, энэ талаарх нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах үүрэг ба мөн “Л ” ХХК-ийг шүүхийн журмаар томилж дүгнэлт гаргуулаагүй байх тул эдгээр зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэсэн дүгнэлтээр хэрэгсэхгүй болгосон байна.

10. Прокурор Б болон нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж тогтов.

11. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч “М” ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан, ганц гишүүн нь захирал нь Г байх бөгөөд түүнд 2005 оноос эрүүгийн хоёр хэрэг үүсгэн шалгаж, 2016 онд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байх бөгөөд захиралд нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгаснаас компани үйл ажиллагаагаа явуулж чадаагүй гэж хуулийн этгээдийн хувьд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.   

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3-т тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүсэхийг, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.2-т хуулийн этгээдийн орлогыг, 1.4-т мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлийг нөхөн төлөхөөр заажээ.

Иймд нэхэмжлэгч “М” ХХК нь мөрдөн байцаах үйл ажиллагаа, тухайн ажиллагааг гүйцэтгэсэн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанаас улмаас олох ёстой байсан орлого, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлийг төрөөс нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт гэм хорын эрх зүйн зохицуулалтад нийцсэн байна.

Түүнчлэн мөрдөн байцаах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагаас хилийн цэргийн болон татварын байгууллага, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэс, санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкуудад хүргүүлсэн лавлагаа, тодорхойлолт авах тухай албан бичгүүд, түүний агуулга нь компанийн бизнесийн нэр хүндийг гутаасан, үйл ажиллагаанд нь шууд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй боловч “М” ХХК-ийн захирал Г нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсаны улмаас эрүүл мэнд нь муудаж улмаар тархины харвалт үүсэж, үйлдвэрлэлээ эрхлэн явуулах боломж нөхцөл байгаагүй нь нотлогдсон байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 866,181,564 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ (тогтоолын 9 дэх хэсэгт заасан үндэслэлээр) хэрэгт авагдсан баримтыг хуульд зааснаар үнэлж, Иргэний хуулийн зөрчлөөс үүсэх эрх зүйн зохицуулалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн гэж дүгнэн, зохигчдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 208/МА2024/00047 дугаар магадлалыг хэвээр үлдээж, прокурор Б болон нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлөөлөгч Г нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Зохигчид хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                               Н.БАТЗОРИГ

                                                                            Д.ЦОЛМОН

                                                                                        Х.ЭРДЭНЭСУВД