Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/482

 

  

 

 

 

 

 

 

 

      2024          6          11                                     2024/ШЦТ/482

 

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн

улсын яллагч З.Наранчимэг

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч ***

хохирогч ***, түүний өмгөөлөгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-нд *** аймагт төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 5; эх, эгч, 14-16 насны хоёр охины хамт ***дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, **дугаар байрны **тоотод оршин суух, ял эдэлж байгаагүй, ***дугаарын регистртэй, ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр *** дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны гадна талбайд хохирогч ***тай “олон машин авчирч зогсоол дүүргэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний машиных нь толийг хөлөөрөө өшиглөх үед уг толь хагарч, хагарсан шилний хэлтэрхий Х.Мөнхцацралын нүд рүү орж, гэмтээн, түүний эрүүл мэндэд баруун нүдний эвэрлэг, салстын улайлт, шарх бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Нэмж яриад байх зүйл нэг их алга, болсон явдал бүгд үнэн зөв. Яахав дээ, манай ** дугаар байрны урд хэсэгт 4 орон сууц шинээр баригдаж тэр хавийн зогсоол талбай хүртээмжгүй болж эхэлсэн. Тэгээд манай байрны оршин суугч бид нар ярилцаад байрныхаа зогсоолыг чиптэй хаалттай болгосон юм. Гэтэл эднийх өөрсдийн машинаас гадна Сэлэнгэ аймгийн дугаартай, “Портер” маркийн автомашиныг өвөлжингөө зогсоол дээр байлгасан. Тухайн өдөр энэ эмэгтэй чипээр хаалтыг нээчхээд зогсоол руу гаднын машин ухрааж оруулах гээд байхаар нь би “боль” гэж хэлтэл энэ хүүхэн намайг “чи муу луйварчин, хаалт хийж байна гээд айлуудаас баахан мөнгө авч идсэн биз дээ” гэж элдэв үгээр доромжилсон. Миний хувьд айлуудаас цуглуулсан мөнгийг идэж уусан юм байхгүй, үлдсэн мөнгөөр нь байрны гадна хэсгийг харах камер авч суурилуулсан. Манай тэр хавьд битүү архичид цуглардаг, үүнийг байрны оршин суугчид бүгд мэдэж байгаа. Ер нь бол би нийтийн эрх ашгийн төлөө л юм хийсэн.

Хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Мөн эд хөрөнгө болох машины толийг нь өшиглөж хагалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би өөрийгөө зөвтгөх гээгүй, гэхдээ зогсоол руу машин оруулж байгаа үйлдлээс болж энэ маргаан үүссэн. Тухайн үед би 150 грамм орчим архи уусан байсан. Гэхдээ юу болсон гэдгийг санаж байгаа. Би машиных нь толь руу өшиглөснөөр хохирогч **ын нүд рүү шилний хагархай орсон юм билээ. Тухайн үед нүд нь гэмтсэн гэж ажиглагдаагүй. Хохиролд 450.000 төгрөг өгсөн. Хохирогч ***тай нэг удаа уулзсан, уучлалт гуйсан. Миний буруугаас болсон гэдгээ ойлгож байна. Харин би цагдаа, шүүхээрээ яв энэ тэр гэсэн юм түүнд хэлээгүй гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2023 оны 4 дүгээр сарын 05-ны орой ** хотоос орж ирээд дүүгийнхээ машиныг зогсоол байрлуулахаар чип хүлээгээд байж байтал энэ хүн ирээд чи яахлаараа энд янз бүрийн олон машин оруулж ирж тавьдаг юм гэж над руу уурлаж агсарсан. Энэ хүн согтуу байсан. Тэгэхээр нь би “ахаа би дөнгөж сая хөдөөнөөс орж ирж байна, тэгж байгаад больё” гэж учраа хэлтэл “чи битгий хуц гичий минь, пизда минь” гэж намайг хэл амаар доромжилж хараасан. Танд хараалгаж доромжлуулахаар зүйл би юу хийсэн юм бэ гэтэл над руу уурлаад гараараа цохих гээд байсан. Тэгж байгаад уурандаа миний машины толийг өшиглөж хагалсан. Тэгэхэд миний нүд рүү толины шилний хагархай орсон байсан. Тухайн үедээ нүднээс нулимс гоожоод байсан. Тэр яриад байгаа байрны гадаа “өвөлжсөн” Сэлэнгэ аймгийн дугаартай “Портер” маркийн машин гэдэг бол манай л машин. Манайх мөнгөний барьцаандаа авсан байсан юм.

Энэ хүн надаас уучлалт гуйсан гэдэг бол худлаа. Нэг ч удаа надтай уулзаагүй. Харин ч яах гэж манай гэрийг судлаад байгааг өөрөөс нь асуумаар байна. Маш их гомдолтой байна. Мөрдөгч **** 450.000 төгрөг үлдээсэн байсныг нь авсан.

Өнөөдөр 170.000 төгрөгийн эмчилгээний баримт гаргаж өгч байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа бас нэхэмжилнэ. Миний нүд гэмтэхэд энэ хүний үйлдлээс өөр нөлөөлсөн гаднын ямар нэгэн нөлөө байхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***“... 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр оройн 19:00 цагийн үед төрсөн дүү **ын машиныг байр руугаа оруулах гээд гадна талын чипийг хүлээгээд зогсож байтал миний зүс таних хүн буюу манай байрны чипийг зарж байсан хүн хажуугаар өнгөрсөн. Тэгээд бид хоёр мэндлээд тэгтэл гэнэт над руу уурлаад чи яахлаараа энд олон машин авч ирж тавьдаг юм, та нар ийм байхгүй юу гэх мэт үгээр над руу дайраад байсан. Нэг ёсондоо над руу агсарч байсан. Тэгэхээр нь би түүнд хандаж ахаа би дөнгөж хөдөөнөөс орж ирж байна, тэгж байгаад больё гэтэл чи битгий хуц гичий минь, пизда минь гэх мэт үгээр намайг доромжилсон. Би түүнд хандаж яагаад давраад байгаа юм бэ, би танд хараалгуулах юу хийсэн юм бэ гэтэл над руу гараараа цохих гэж далайсан. Би түүнд хандаж цагдаа дуудлаа шүү гэтэл тэг цагдаагаа дууд чаддаг юм бол хохирлоо барагдуулаарай гэхээр нь би түүнд хандаж та болиоч тэгэх үү гэж хэлсэн. Тэгтэл миний машины жолооч талын толь буюу баруун талын толийг өшиглөсөн. Тэгээд хагарсан шил нь миний нүд рүү орсон. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Надтай хамт явж байсан төрсөн эгч Мөнхтуяа цаанаас болиоч ээ хүний эд хөрөнгө, хүний биед халдаад яаж байгаа юм гэж хэлэхэд манай эгч рүү чамд ямар хамаатай юм ална шүү гэж хэлж байсан санагдаж байна. Тэгээд эгч рүү цохих гэж далайснаа цаашаа яваад гэр рүүгээ орчихсон” /хх-н 36-37, 40-41, 42-43/ гэж,

гэрч ***“... тухайн өдөр өөрийн төрсөн дүү **тай хамт **аас орж ирээд машинаа байршуулж тавих гээд байрны зогсоолын хаалт дээр зогсож байтал цаанаас нэг хар пальтотой ах гарч ирээд манай дүү ***ын машин руу дөхөж очоод цонхоор нь юм яриад байсан. Би цаана нь хол байсан болохоор юу ярьсныг мэдэхгүй байна. Гэнэт дүүгийн машины толь руу 3, 4 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд дүү машин дотроосоо та яаж байгаа юм гэж хэлсэн. Мөн би цаанаас ирээд яав, юу болов гэсэн чинь над руу эргэж хараад гараа зангидаад цохих гээд дайраад хөөсөн. Тэгэхээр нь би зугтаагаад зайгаа авсан. Тэгж байтал дүү *** муухай орилоод байхаар нь яваад очтол нүд рүү шил оруулчихлаа гээд орилоод нүдээ гараараа дарчихсан нүднээс нь нулимс асгараад байсан. Тэгээд би нөгөө ахыг явуулахгүйн тулд араас нь хөөж очоод та яаж байгаа юм бэ, хүний нүд гэмтээчихлээ шүү дээ гэж хэлэхэд нөгөө эрэгтэй хүн “хохино, чаддаг юм бол явж заргалдаад толио төлүүлж аваарай” гэж хэлчхээд цаашаа яваад өгсөн. Тэгээд манай дүү бид хоёр цагдаад хандсан” /хх-н 54-55/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***-н биед баруун нүдний эвэрлэг, салстын улайлт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн 4715 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 60-61/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзав.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 89/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 93/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 92/, Иргэний оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 90/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** хохиролтой холбоотойгоор машины толины үнэ 305.000 төгрөг, толины будгийн үнэ 50.000 төгрөг, нүдний эмнэлэгт үзүүлсний төлбөрт 170.000 төгрөг, нүдний дусаалга эмийн үнэ 21.470 төгрөг нийт 546.470 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч *** 450.000 төгрөг төлсөн байна. Иймд үлдэгдэл мөнгө болох 96.470 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор,

 

хохирогч ***эмчилгээний зардалтай холбоотой цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Харин хохирогчид учирсан хор уршиг, хэргийн зүйлчлэлийн талаар шүүх дараах тайлбарыг хийх нь зүйтэй.

Үүнд: Хэргийн үйл баримтаас үзвэл орон сууцны байрны зогсоол руу гаднын машин орууллаа гэх шалтгаанаар нэр бүхий иргэдийн дунд маргаан үүссэн байх бөгөөд шүүгдэгч *** нь хохирогч ***автомашины толийг өшиглөж хугалах явцад толины шилний хагархай хохирогчийн нүд рүү орж ***эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

 

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар “устгасан”, “гэмтээсэн” тохиолдолд гэмт хэрэгт тооцохыг Эрүүгийн хуулиар хуульчилсан. Гэвч тухайн үйлдлийн улмаас бага хэмжээнээс дээш (300.000 төгрөгөөс дээш) хохирол учирснаар уг гэмт хэргийн бүрдэл /шинж/ хангагддаг.

 

Шүүгдэгч ***д холбогдох энэ хэрэгт хохирогч ***эд хөрөнгө буюу машины толины хохирлын хэмжээг хохирогчийн өөрийнх нь хүсэлтийн дагуу мэргэшсэн шинжээчийн байгууллага болох “Ашид билгүүн” ХХК-иас үнэлгээ гаргахад 230.000 төгрөг гэж үнэлжээ. /хх-н 62/

 

Мөрдөгчийн тогтоолоор “Кости-Эстимэйт” ХХК-иас үнэлгээг дахин гаргахад 280.000 төгрөг гэж үнэлжээ. /хх-н 75/

 

Хохирогчийн өөрийнх нь хүсэлтээр хийгдсэн, мөрдөгчийн тогтоолоор хийгдсэн эдгээр үнэлгээний аль аль нь 300.000 төгрөгт хүрэхгүй буюу дээр дурдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх бөгөөд хяналтын прокуророос яллагдагч ***д холбогдуулан энэ зүйл хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэх хуулийн үндэслэлтэй.

 

Хэдийгээр шүүгдэгч ***ын бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг болохгүй ч түүний эвдэлж гэмтээсэн автомашины толины хохирлыг өөр гэмт хэргээс улбаатай хор уршиг гэж шүүх үзсэн болно.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** гомдолтой гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 96.470 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

6. Хохирогч ***цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ