| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2021/00391/и |
| Дугаар | 133/ШШ2021/00437 |
| Огноо | 2021-10-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 133/ШШ2021/00437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.Б
Хариуцагч: Ц.Б-Ө нарт холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 4,126,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Г, хариуцагч Ц.Б, түүний өмгөөлөгч Ж.Д, хариуцагч Ц.Б-Ө, түүний өмгөөлөгч М.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Г миний бие 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21-23 цагийн үед Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн Алтайн хайрхан гэх газарт нутаглаж байсан Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянсан багт оршин суух Цэрэндоржийн Баянбат гэх айлын гэрээс 74 кг ноолуур хулгайлсан гэмт хэрэгт холбогдож, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж, үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 08 сар 6 хоногийн хорих ялаар шийтгэгдэж одоо уг ялаа зорчих эрх хязгаарлах ялаар солиулан тус ялаа эдэлж байгаа. Ц.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрт учирсан хохирол гэж 74 кг ноолуурын үнэ 8,000,000 төгрөгийг надаас нэхэмжилж байсан учир түүнд 2020 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Б.Энхээгийн Хаан банк дахь 5326026401 тоот дансаар дамжуулан Ц.Бын Хаан банк дахв 5321030309 тоот дансруу 5,000,000 төгрөг, 1,200,000 төгрөгийг тус тус би өөрөө бэлнээр 200,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд үйл ажиллагаа явуулдаг “Буудай” ломбардад эд зүйлээ тавиад эзэн Ш.Лхагважавын Хаан банкны 5315339767 тоот данснаас Ц.Бын дүү болох Ц.Б-Өгийн Хаан банкны 5323157993 тоот дансанд 1,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүргэн ах А.Гомбодоржийн Хаан банкны 5315318090 тоот данснаас Ц.Бын дүү Ц.Б-Өгийн Хаан банкны 5323157993 тоот дансанд 500,000 төгрөгийг тус тус шилжүүлж нийт 7,900,000 төгрөгийг Ц.Б-д өгсөн. Гэтэл Ц.Б-д хэрэг эцэслэн шийдэгдэх үед тухайн үеийн ханшаар нь 74*51000=3,774,000 төгрөгийн бодит хохирол учирсан байсан болохыг шүүхээр эцэслэн тогтоосон учир надаас 4,126,000 төгрөгийг илүү авч үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байх тул Ц.Б, Ц.Б-Ө нараас 4,126,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө нар нь хариу тайлбартаа: Иргэн Ц.Б, Ц.Б-Ө бид нар Г.Г-ын 4,126,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.Г нь 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай гэрээс 47 кг ноолуур хулгайлан авч, улмаар эд материал, сэтгэл санааны хохиролд оруулж, хохирлоо тодорхой хэмжээгээр нөхөн төлсөн болно. Г.Г нь өмгөөлөгчийн хамт ирж, мэдүүлгээ өгөхдөө тохиролцсон ёсоор хэлээд өгөөч гэж гуйсны улмаас эр хүний замын хүзүү урт гэгчээр хүн чанар гаргаж, хүссэнээр нь мэдүүлэг өгч байсан болно. Тухайн үед ноолуур өндөр үнэд хүргэж худалддаг байсан. Г.Г нь хуулийн дагуу гэм буруугаа хүлээж, миний хохирлыг төлсөн тул нэхэмжилж буй 4,126,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө нарт холбогдуулан “Үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас учирсан хохирол 7,900,000 төгрөгийг нөхөн төлсөн боловч шүүхээр эрүүгийн хэрэг эцэслэн шийдэгдэх үед 3,774,000 төгрөгийн бодит хохирол учирсан тогтоогдож, Ц.Б, Ц.Б-Өнар нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж 4,126,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл[1] гаргажээ.
Хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө нар нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “нэхэмжлэгч Г.Г нь үйлдсэн гэмт хэргийнхээ улмаас бидэнд учруулсан хохирлыг нөхөн төлсөн”[2] гэж маргажээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Завхан аймаг дахь сум дундын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор[3] нэхэмжлэгч Г.Гыг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 21-22 цагийн үед Завхан аймгийн Шилүүстэй сумын Хөгжил багийн Алтайн хайрхан гэх газарт байрлах хариуцагч Ц.Б-ын гэрийн хаалганы цоожны даруулга бүхий төмрийг хөшиж, онгойлгон дотогш нэвтрэн орж, 3 шуудай, 74 килограмм ноолуурыг “Мустанг-150” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, түүнд 3,774,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ялаар шийтгэжээ.
Уг шийтгэх тогтоолыг Завхан аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ДШМ/02 дугаар магадлалаар[4] хэвээр үлдээж, хариуцагч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Ор нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.
Хуулийн дээрх заалтын дагуу шүүхийн дээрх шийтгэх тогтоол, магадлалаар нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ц.Б-ын эд хөрөнгөд 3,774,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзнэ.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”
492.1.1 дэх хэсэгт “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэжээ.
Хуулийн дээрх заалтаас үзэхэд хөрөнгө олж авсан этгээд болох хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө болон үүрэг гүйцэтгэгч этгээд болох нэхэмжлэгч Г.Г нарын хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон зэрэг тохиолдол үүссэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон нөхцөлд л хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэн нэхэмжлэгч нь хөрөнгөө шаардах эрх үүсэх юм.
Гэтэл нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ц.Б-ын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах зорилгоор хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн, үүнтэй холбогдуулан хариуцагч Ц.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн үүднээс “хохирлоо бүрэн барагдуулж авсан тул нэхэмжлэх зүйлгүй”[5] гэсэн мэдүүлгийг удаа дараа өгчээ.
Хохирогч Ц.Б-н дээрх мэдүүлэгт тулгуурлан Завхан аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “нэхэмжлэгч Г.Г-ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй”[6] гэж үзсэн болохоо шийтгэх тогтоолдоо дурьджээ.
Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь хэсэгт “гэм хор учруулах” нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл байхаар заасан байх бөгөөд зохигчийн хооронд гэм хор учруулснаас үүдэлтэй иргэний эрх зүйн харилцаа үүсчээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.
Хуулийн дээрх заалтын нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Ц.Б-ын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг арилгах буюу мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй.
Энэхүү үүргээ биелүүлж, нэхэмжлэгч Г.Г нь эрүүгийн хэргийг мөрдөн шалган ажиллагааны явцад хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө/эдгээр хүмүүс нь төрсөн ах, дүүгийн харилцаатай/ нарт бэлэн болон бэлэн бусаар 7,900,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нэхэмжлэгчийн эхнэр Б.Энхээ, хүрэн ах гэх А.Гомбодорж, “Буудай” барьцаалан зээлдүүлэх газрын эзэн гэх Ш.Лхагважав нарын Хаан банк дахь депозит дансны хуулгаар[7] нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч маргасангүй.
Энэ тохиолдолд хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө нарыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үзэхгүй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7,900,000 төгрөгийн хэмжээнд хохирол нөхөн төлсөн үйл баримт нь тухайн үеийн зохигчийн хүсэл зориг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрхийлсэн байр суурь гэж шүүх дүгнэв.
Завхан аймаг дахь Цагдаагийн газрын Шилүүстэй сум дахь хэсгийн мөрдөгчийн 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын[8] дагуу тус сумын үнэ тогтоох комиссын дүгнэлтээр[9] 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 1 килограмм ноолуурыг 51,000 төгрөгөөр үнэлжээ.
Энэхүү ноолуурын үнэлгээ тогтоосон үйл барим нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ хэрхэн тогтоогдохоос үл хамаарч гэм хорын хохирлыг 7,900,000 төгрөгийн хэмжээнд мөнгөөр барагдуулсан нэхэмжлэгчийн хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч Г.Г-ын хариуцагч Ц.Б-ын эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах/мөнгөөр нөхөн төлөр/ үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэгдсэн баримтаар тогтоогдсонгүй.
Иймд нэхэмжлэгч Г.Гын хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө нараас 4,126,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт “нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа” нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхаар заажээ.
Завхан аймаг дахь сум дундын дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Г.Г нь хохирогч Ц.Б-ад гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос илүү хохирол төлсөн, хохирогч Ц.Б нь дүүгийн хамт намайг дарамталсан, мөнгө авсан гэж байгаа боловч уг нөхцөл байдлын талаар хэрэгт ямар нэг баримтгүй. Шүүгдэгч Г.Г нь дээрх асуудалтай холбоотой өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах эрхтэй нээлттэй гэдгийг тэмдэглэх нь зүйтэй”[10] гэжээ.
Шийтгэх тогтоолын дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Г.Гын хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө нараас 4,126,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авахаас татгалзалгүйгээр нэхэмжлэгчийн субъектив эрх зөрчигдсөн байж болзошгүй гэж үзэн иргэний хэрэг үүсгэж, улмаар маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь шүүх хуралдаанд хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө нар нь нэхэмжлэгч Г.Г-ыг дарамталсны улмаас бодит хохирлоос илүү хэмжээний хохирол төлсөн гэх тайлбарыг гаргасан.
Уг үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч тал шүүхэд баримтаар нотлоогүйн дээр нэхэмжлэгч Г.Г-ын анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд тусгагдаагүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Г.Г-ын хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,966 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Нэхэмжлэгч Г.Г нь 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 45 минутанд буюу шүүх хуралдааны болохоос өмнө 45 минутын өмнө төрсөн эцэг Б.Г-г иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлүүлэхээр итгэмжлэл[11] олгожээ.
Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нь хэргийн материалтай бүрэн танилцаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргээ ойлгосон, нэхэмжлэгчийн эцэг учраас хэргийн үйл баримтын талаар бүрэн мэдээлэлтэй учраас мэтгэлцэх боломжтой, шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр үргэлжлүүлж, маргаанаа анхан шатны журмаар шийдвэрлүүлье гэсэн агуулга бүхий саналаа шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.
Мөн түүнчлэн шүүхээс хуралдааны товыг нэхэмжлэгч Г.Г-т 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр утсаар мэдэгдэхэд[12] байлцуулахгүйгээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ[13] 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 14 цаг 10 минутанд шүүхэд бичгээр гаргажээ.
Дээрх хүсэлт, саналаас үзэхэд нэхэмжлэгч тал шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэл зоригтой байсныг харгалзан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасны дагуу шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.
Үүнтэй холбогдуулан хариуцагч Ц.Б-Ө гийн нэхэмжлэгч Г.Г-ыг биечлэн оролцуулах тухай саналыг шүүх хүлээн авах эрх зүйн үндэслэлгүй гэж үзсэн болно.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн өөрийн биеэр буюу төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэхэд оролцох боломжтой.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө нараас 4,126,000/дөрвөн сая нэг зуун хорин зургаан мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын хариуцагч Ц.Б, Ц.Б-Ө нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,966/наян мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ
[1] Хавтаст хэргийн 1 хуудас
[2] Хавтаст хэргийн 58 хуудас
[3] Хавтаст хэргийн 6-14 хуудас
[4] Хавтаст хэргийн 15-20 хуудас
[5] Хавтаст хэргийн 6-70 хуудас
[6] Хавтаст хэргийн 11 хуудас
[7] Хавтаст хэргийн 21-25 хуудас
[8] Хавтаст хэргийн 71-72 хуудас
[9] Хавтаст хэргийн 73 хуудас
[10] Хавтаст хэргийн 10 хуудас
[11] Хавтаст хэргийн 84-85 тал
[12] Хавтаст хэргийн 76-77 тал
[13] Хавтаст хэргийн 83 тал