Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2024/00243

 

 

“С ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Батзориг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/02115 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/01223 дугаар магадлалтай,

“С” ХХК-ийн нэхэмжлэлтэй

У-д холбогдох

3,039,511,177 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

7,511,317,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О, Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “С ” ХХК нь У -д холбогдуулан 3,039,511,177 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 7,511,317,300 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/02115 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У-аас 878,762,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С ” ХХК-аас 235,419,800 төгрөгийг гаргуулж, хариуцагч У -д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,577,341 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,714,536 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,551,762 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 1,335,045 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/01223 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/02115 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У-аас 11,443,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,028,067,977 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас 4,446,694,300 төгрөг гаргуулж хариуцагч У-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 3,064,623,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,577,341 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 37,714,536 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198,041 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 22,391,421 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Ц  нарын хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.10-ны өдрийн 210/МА2024/01223 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

4.1. Үндсэн нэхэмжлэлийн тухайд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайлбал, шүүхийн магадлалын хянавал хэсгийн 4.2-т “талуудын хооронд 2018.06.15-ны өдрийн түрээсийн гэрээний хэрэгжилтийн явцад түрээсийн талбайд нэхэмжлэгч нь шинээр 9,000 м.кв талбайд бетонон хучилтыг 798,660,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Энэ нь Иргэний хуулийн 289.2.5-д хамааралтай буюу “талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй” гэж заасан. Үүнтэй холбоотойгоор талуудын хооронд байгуулсан гэрээний 5.3, 5.4, 5.6, 5.7-д нэхэмжлэгч нь өөрийн зардлаар түрээсийн зүйлийн үндсэн бүтэц, хийц, төлөвлөлтийг өөрчлөхгүйгээр урсгал засвар, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн салгаж үл болох өөрчлөлт, засан сайжруулалтыг өөрийн зардлаар хийнэ, гарсан зардлыг буцаан нэхэмжлэхгүй, салгаж үл болох засан сайжруулалт хийхээр бол түрээслүүлэгчид бичгээр урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах, гэрээний хугацаа дуусахад өөрийн хөрөнгөөр хийсэн салгаж үл болох өөрчлөлт, тохижилтыг буулгах шаардлагатай гэж үзсэн бол анхны байдалд оруулан түрээслэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. Иймд нэхэмжлэгч түрээсийн талбайн зарим хэсэгт бетонон хучилт хийхдээ хариуцагчид мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, гэрээний тохиролцоо ёсоор энэ талаарх зардлыг нэхэмжлэхгүй, харин анхны байдалд оруулан өгөхөөр байх тул 798,660,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэжээ.

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл болох Иргэний хуулийн 289.2.5 дахь заалт нь гэрээний хугацаа ердийн журмаар дуусгавар болсон тохиолдолд хэрэглэгдэх хуулийн тодорхой зохицуулалт юм. У-ээс талуудын хооронд байгуулсан “Түрээсийн гэрээ”-ний үнийг 140 дахин буюу 14,000 хувиар нэмэгдүүлж байгаагаа 2021.12.21-ний өдөр бидэнд мэдэгдсэн ба энэ дүнг бид хүлээн зөвшөөрөөгүй. Иймд У Иргэний хуулийн 294.2.3-т зааснаар гэрээг цуцалж байгаагаа мэдэгдсэн. Ийнхүү гэрээ цуцалсан нь хууль бус болохыг тогтоолгохоор бид шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хоёр шатны шүүхээс гэрээ цуцалсан нь үндэслэлтэй гээд цуцлагдсан өдрийг 2022.04.10-ны өдөр гэж баталгаажуулсан. Өмнө гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэсэн шүүх “гэрээний зөрчлөөс бус У-ийн шаардлагын хүрээнд буюу Иргэний хуулийн 294.2.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн. Ийнхүү шийдвэрлэсэн шийдвэр, дүгнэлтийн талаар давж заалдах шатны шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна. Өмнө гаргасан шүүхийн шийдвэрийн агуулга нь Иргэний хуулийн 221.1-р зүйлд заасан “хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно” гэсэн зохицуулалтад хамаарч байгаа бөгөөд ийнхүү цуцалсан тохиолдолд мөн зүйлийн 221.6-д “Хохирлыг арилгахтай холбогдсон шаардлагад энэ хуулийн 227 дугаар зүйл нэгэн адил хамаарна” гэсэн байгаа юм. Мөн хуулийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэжээ. Хуулийн энэхүү тодорхой зохицуулалтууд нь “С” ХХК-д шууд хамааралтай бөгөөд бид зөвхөн оруулсан хөрөнгө оруулалт буюу баримтаар нотлогдож байгаа бетонон талбай, хашаа, камержуулалтын зардлыг л У-ээс нэхэмжилсэн.

Түүнчлэн тус компанийн түрээсээр ашиглаж байсан талбай нь Гаалийн баталгаат бүсээр тодорхойлогдсон ба Гаалийн ерөнхий газраас баталсан журмын дагуу талбай нь “Монгол Улсын ачааны терминаль MNS 5832:2007 стандартад нийцсэн, Байгаль орчинд нөлөөлөх чиглэлээр гаалийн хяналтын бүсэд тавигдах шаардлагуудыг хангасан байх, Нүүрсний ачилтын талбайн тоосжилт болон салхинаас хамгаалсан шаардлага хангасан иж бүрэн хашаа угсарч суурилуулах, нурмаг ачааны талбайг хөрсний бохирдлоос хамгаалж бетонжуулах” гэсэн шаардлагуудыг хангасан байхыг шаарддаг. Энэхүү шаардлагыг гаалийн хяналтын бүсээр тодорхойлогдож байгаа талбай бүрт Гаалийн ерөнхий газраас У ХНН болон талбайг түрээсээр ашиглаж байгаа компаниудад хүргүүлдэг юм. Өөрөөр хэлбэл, талбайг тохижуулах ажил нь бидний санаачлагаар бус Гаалийн ерөнхий газрын шаардлагаар, гэрээний талуудад ирсэн мэдэгдлийн дагуу хийгдсэн бүтээн байгуулалт юм. Энэ бүтээн байгуулалтууд нь давж заалдах шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан түрээсийн гэрээний 5.3, 5.4, 5.6, 5.7 дахь заалтуудад хамааралгүй. Анхан шатны шүүх “С ” ХХК-аас хийсэн бетон талбай, хашаа, камераас зөвхөн талбайтай холбоотой хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн учир дутагдалтай болсон. Анхан шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 227.1 дэх хэсгийг үндэслэсэн нь буруу боловч давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 227.3 дахь хэсгийг үндэслэл болгон залруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах боломжтой байсан.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хуулийг мөн буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гарган шаардах эрхээ тодорхойлохдоо Иргэний хуулийн 228.1, 229.1, 497.1-д зааснаар гэм хор учруулсантай холбоотой 2,995,963,800 төгрөг, Иргэний хуулийн 422-т зааснаар хадгалалтын хөлс 4,515,353,500 төгрөг тус тус гаргуулах гэж тодорхойлсон. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн өөр зүйлд дур мэдэн хамааруулж хариуцагчийн нэхэмжлэлийг илтэд дэмжсэн шийдвэр гаргасан байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 5.1-д “нэхэмжлэгч нь 2022.04.10-ны өдөр гэрээ цуцлагдсанаас хойш буюу 2022.10.10-ны өдөр түрээсийн зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн. Ийнхүү хүлээлгэн өгөх үед тухайн түрээсийн талбайд 23,458 тонн нүүрс, төмрийн хүдэр байсан бөгөөд уг ачааг талбайгаас ачих хүртэл 2022.04.10-ны өдрөөс 2023.11.17-ны өдрийг хүртэл тухай бүр нь тооцоо хийхэд нийт 586 хоногийн хадгалалтын хөлс нь 4,515,353,500 төгрөг болсон нь У-ын дотоод аудит, хяналт шалтгалтын албаны байцаагчийн 2023.11.17-ны өдрийн албан шаардлага, 2023.06.05-ны өдрийн 53/306 тоот албан бичгээр тогтоогдсон. Уг үйл баримтад нэхэмжлэгч маргаж байгаа боловч мэтгэлцээний байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй” гэжээ. Магадлалын дээрх хэсэгт дурдагдсан нотлох баримт буюу 2023.06.05-ны өдрийн 53/306 тоот албан бичиг нь нэхэмжлэгч “С” ХХК-аас хуульд заасан нотлох үүргээ хэрэгжүүлэх зорилгоор шүүхэд гаргаж өгсөн баримт юм. У-ээс ирүүлсэн уг албан бичигт “талбайд 7796.12 тонн нүүрс төмрийн хүдэр, жонш зэрэг ачааны үлдэгдэлтэй байна” гэсэн. Энэ тоо хэмжээний талаар магадлалд огт дурдагдаагүй. Гэтэл 2023.11.17-ны өдөр ирүүлсэн албан шаардлагаар энэ хэмжээ нь 23,458 тн нүүрс, төмрийн хүдэр болж нэмэгдсэн буюу зөрүүтэй тоо хэмжээг зөвхөн хариуцагч байгууллагын аудит баталгаажуулсан учраас нотлох баримт болно гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна. “С” ХХК өөрийн гэсэн вагон байхгүй, зөвхөн харилцагч нар У-тэй хэлэлцэж тохиролцсоноор ирүүлж байгаа вагоныг хүлээн авч ачааг автомашинд шилжүүлэн ачих үүргийг хүлээдэг. Энэ ч утгаараа У гэрээ цуцалж байгаа мэдэгдэл ирүүлснээс хойш буюу 2021 оны 12 дугаар сараас хойш ямар нэг ачаатай вагоныг явуулаагүй, бидний үйл ажиллагааг бүрэн зогсоож биднийг талбайгаас гаргасан. Үлдэж байгаа ачааг хянах бололцоо бидэнд байгаагүй юм. Түүнчлэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд дурдагдсан ачаа буюу талбай дээр байгаа ачааг эзэмшигчдийн нэрс бидэнд ирүүлсэн шаардлага дээр тодорхой тусгагдсан бөгөөд эдгээр компаниуд ачаагаа авна гэхэд У-ийн зүгээс “хадгалалтын хөлсийг бидний тогтоосноор төл, төлөхгүй бол гаргахгүй” гэсэн шаардлагыг тавьдаг юм. Магадлалын хянавал хэсгийн 5.2-т “хариуцагч нь түрээсийн зүйлийг чөлөөлж өгөөгүйн улмаас алдсан олох байсан орлого 2,995,969,800 төгрөг гаргуулахаар шаардсан нь дээрх 4,515,353,500 гаргуулах шаардлагатай агуулгын хувьд давхацсан.” гэжээ. Гэтэл хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хуулийн 422-т зааснаар “хадгалалтын хөлс гаргуулах” гэсэн байгааг үл харгалзан давж заалдах шатны шүүх дур мэдэн хохирол гэж тодорхойлон сөрөг нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэснийг дахин дурдъя.

Түүнчлэн магадлалын хянавал хэсгийн 5.2-т “нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан 2022.04.10-ны өдрөөс 2023.03 дугаар сар хүртэлх хугацаанд 2018.06.15-ны өдөр байгуулсан гэрээний түрээсийн төлбөрт 68,659,200 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул үүнийг гэрээний хохиролд тооцож буй 4,515,353,500 төгрөгөөс хасч тооцон үлдэх 4,446,694,300 төгрөгийг хариуцагчид олгож 68,659,200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт нийцэж байна” гэжээ. Энэ дүгнэлтээр бидний илүү төлсөн төлбөрийг давж заалдах шатны шүүх дур мэдэн өөрчилж, хохирол гэх зүйлээс хасалт хийсэн. Мөн шүүх сөрөг нэхэмжлэлийн “хадгалалтын хөлс” гэсэн шаардлагыг Иргэний хуулийн 227.1, 227.3 дахь хэсгийн хохирол гэсэнд хэрхэн хамаатуулаад байгаа нь ойлгомжгүй байна. Тухайлбал, Иргэний хуулийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй”. Энэ зохицуулалт нь гэрээ цуцлагдаж, татгалзсан нь гэрээний аль нэг талын буруугаас шалтгаалсан бол нөгөө тал нь учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг үг, утгын зөрүүгүйгээр ойлгомжтой тодорхойлсон атал илтэд гуйвуулж хэрэглэсэн байна. Мөн хуулийн 227.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно”. Энэ зохицуулалтын хүрээнд хариуцагч ямар зардал гарсан, эд хөрөнгийн ямар алдагдал хүлээсэн нь тодорхойгүй, хадгалалтын хөлсөнд ямар хамааралтай болох нь тодорхойгүй бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд уг талбай нь элсэнд дарагдсан хэн нэгний ашиглалтад байхгүй эзэнгүй талбай хэвээр байгаа юм. Үүрэг гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг өмнөх дүгнэлтээр үгүйсгэсэн. Шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хадгалалтын хөлс гэж дүгнээд нэхэмжлэгчээс гаргуулахад дараах нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байсан. Үүнд:

Шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж байх хугацааг хадгалалтын хөлс төлөх үүрэгтэй эсэх, зах зээлийн үнээр биш зөвхөн гэрээний нэг талын тогтоосон тарифаар энэ төлбөрийг төлүүлэх болсон шалтгааныг тодруулах, ачаа нь “С” ХХК-ийн ачаа мөн эсэхийг тодруулах. Бидний хувьд нэмэгдүүлсэн шаардлагаа Иргэний хуулийн 492.1.1-ээр тодорхойлсон. Гэтэл энэ талаар магадлалд огт дүгнэлт хийгээгүй атлаа зохигчдын хүсэл зориг, шаардлагаас гадуур дур мэдэн хариуцагчид олгохоор шийдвэрлэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцсон нь ойлгомжгүй, хуулийн ямар зүйл заалтыг үндэслэн дур мэдэн ингэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна. Бидний зүгээс анх гаргаж байсан нэхэмжлэл хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байсан тул түрээсийн төлбөрөө шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд төлөхөөс өөр зам байгаагүй. Учир нь шүүх бидний анхны гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд У давуу эрхээ ашиглан түрээсийн төлбөрийг завсардуулсан гэсэн үндэслэлээр дахин гэрээг цуцлах нөхцөл үүсэх учир бид төлбөрөө төлсөөр ирсэн.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн 1-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав” гэсэн. Хариуцагчийн гаргасан гомдол “анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаалгах” агуулгатай байсан. Үүнээс гомдлын зарим хэсгийг хангах ойлголт байхгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар хуульд заасан дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр болон хариуцагчийн гаргасан гомдолтой холбоотой тайлбар гаргах гэсэн боловч “танай компани гомдол гаргаагүй учир тайлбар гаргах эрхгүй” иймээс дуугүй болохыг сануулсан. Энэ нь хуралдааны аудио тэмдэглэлд тодорхой бичигдсэн байгаа. “С” ХХК-ийн хувьд дэлхий нийтийг хамарсан цар цахлын үед үйл ажиллагаа явуулж чадаагүй, үүнийг аудитын байгууллага ч алдагдалтай ажилласан гэдгийг тодорхойлсон бөгөөд бидэнтэй харилцаж байсан аж ахуйн нэгжүүд эхнээсээ биднээс төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гарган хэргээ шийдвэрлүүлж эхлээд байна. Энэ алдагдал хохирлыг Иргэний хуулийн 227.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулахаар 1,804,726,237.37 төгрөгийн нэхэмжлэл гаргасан боловч анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ хэсгийг мөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн юм. “С” ХХК-ийн хувьд У-ийн талбайг ашиглаж эхэлснээс хойш зөвхөн аудитаар баталгаажсан дүнгээр 3,039,511,177.37 төгрөгийг хохирол учраад байгаа бөгөөд үйл ажиллагаанд зориулан худалдан авсан, одоо анхны үнэндээ хүрэх бололцоогүй машин, механизм гээд асар их хохирол учраад байгаа боловч нэмээд нэг талд У-д төлбөр төлөх өр, нөгөө талд хамтарч ажиллаж байсан байгууллагуудад бас дахин өглөгтэй гэх мэтээр бүрэн дампууруулах хэмжээнд хүрээд байна. Энэ нь бидний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Дээр дурдсан үндэслэлээр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.23-ны өдрийн 102/ШШ2024/02115 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.06.10-ны өдрийн 210/МА2024/01223 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Улсын дээд шүүхийн Иргэний танхимын нийт шүүгчийн 2024.10.10-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/01144 тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Ц  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон байна.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч “С” ХХК нь У-д холбогдуулан 3,039,511,177.37 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 7,511,317,300 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Нэхэмжлэгч “С” ХХК шаардлагынхаа үндэслэлээ “...түрээсийн гэрээг урт хугацаагаар байгуулна гэсэн тохиролцооны үндсэн дээр хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл талбайн түрээсийн төлбөрийг 14,000 хувиар нэмэгдүүлснийг манай тал зөвшөөрөөгүйн улмаас гэрээг нөгөө талын санаачилгаар цуцалсан. 2018.06.15-ны өдрийн ТГ/18/045 тоот “Түрээсийн гэрээ”-г цуцалснаас хөрөнгө оруулалт болгон хийсэн бетон талбай 798,660,000 төгрөг, хамгаалалтын хашаа 314,651,520 төгрөг, талбайн камер 41,371020 төгрөг, нийт 1,154,682,540 төгрөг, үйл ажиллагааны алдагдал 1,804,726,237.37 төгрөгийн хохирол учирсан. 2022.04.10-ны өдөр буюу гэрээ дуусгавар болсноос хойш 2023 оны 03 сар хүртэл “С” ХХК-аас түрээсийн төлбөрт 68,659,200 төгрөгийг хариуцагчид шилжүүлсээр ирсэн, мөн гэрээнд заасан барьцаа болох 11,443,200 төгрөг, нийт 3,039,511,177.37 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.” гэж тодорхойлсон.

Хариуцагч “У” нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...“Түрээсийн гэрээ”-г У-ын санаачилгаар 2022.04.10-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан. Гэрээ цуцалсантай холбоотой маргааныг 3 шатны шүүх шийдвэрлэсэн. ТГ/18/045 тоот гэрээнд зааснаар түрээслэгч “С” ХХК үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд аливаа засан сайжруулалт, тохижилтын ажлыг өөрөө хариуцан хийх, гарсан зардлыг буцаан нэхэмжлэх эрхгүй байхаар тохиролцсон. Мөн талууд гэрээг 3 жилийн хугацаатай байгуулахаар харилцан тохиролцсон. Түрээслэгч “У”-ээс түрээсийн зүйлийг 10 жилийн хугацаагаар түрээслэхээр тохиролцсон гэх нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй. Харин нэхэмжлэгч түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш түрээсийн төлбөрийг төлж байсан ба гэрээнд заасан барьцааг мөн төлсөн байдаг.” гэж маргажээ.

Хариуцагч “У” сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа “...гэрээ цуцалсан нь үндэслэлтэй гэж 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Бид талбайдаа 2022 оны 01 сараас 2023 оны 10 сар хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулж чадаагүй. У-аас 2022.10.10-ны өдөр өөрийн талбайгаа эзэмшилдээ буцаан авах хүртэл “С” ХХК нь түрээсийн талбай болон оффисын байрыг чөлөөлөөгүйн улмаас У-аас тус объектуудыг тогтоосон тарифын дагуу бусад этгээдэд түрээслэн орлого олох боломжоо алдсан тул хариуцагч “С” ХХК-аас 2,995,963,800 төгрөг, мөн “С” ХХК-ийн түрээсийн гэрээг цуцалсан 2022.04.10-ны өдрөөс хойш талбайд тус компанийн 23,458 тонн нүүрс, төмрийн хүдэр зэрэг нурмаг ачаанууд байсан ба талбайг чөлөөлөөгүй 586 хоног болсон, задгай талбайн төлбөр 500 төгрөгөөр тооцоход 4,515,353,500 төгрөгийн ачаа хадгалалтын хөлс төлөх ёстой тул нэхэмжлэгчээс гаргуулна” гэж тодорхойлсон.

Нэхэмжлэгч “С” ХХК сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...шаардах эрхээ Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 гэж тодорхойлж байх шиг байна. Энэ нь ерөнхийдөө бусдын хөрөнгөд бодитойгоор гэм хор учруулахтай холбоотой хэрэглэдэг зохицуулалт юм. Эрх нь зөрчигдсөн эд хөрөнгийг хэрхэн хохирол учирсан талаарх нотлох баримт хэргийн материалд огт авагдаагүй. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлтэй холбоотой миний эрх бодитойгоор ингэж зөрчигдсөн шүү гэж нотолж чадаагүй.” гэж маргасан байна.

7. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

7.1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “... “С” ХХК нь нурмаг ачааны терминал байгуулахад гаргасан хөрөнгө оруулалт болгон 9,000 м.кв бетонон талбайг 798,660,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн болох нь баримтаар тогтоогдсон ба 2018.06.15-ны өдрийн ТГ/18/045 тоот Түрээсийн гэрээний 5.3-т  шинээр хийж гүйцэтгэх талаар тухайлан зохицуулаагүй байх тул нэхэмжлэгч шинээр бетонон талбай хийж гүйцэтгэсний төлбөрт 798,660,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй гэж дүгнэн энэ хэсгийг хангасан.

Харин “С” ХХК  нь нурмаг ачааны терминал байгуулахад салхины хамгаалалтын хашаа, талбайн камерыг хийж гүйцэтгэсэн нь гэрээний 3.2, 5.3, 5.6-д заасан тохижилт болон харуул хамгаалалтыг өөрсдөө хариуцна гэсэн нөхцөлд нийцсэн, түүнчлэн эдгээр ажлыг хийх тухайгаа гэрээний 5.4-т зааснаар урьдчилан мэдэгдсэн, зөвшөөрөл авсан үйл баримт тогтоогдохгүй тул хамгаалалтын хашаа 314,651,520 төгрөг, талбайн камер 41,371020 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Түүнчлэн, ... хариуцагчаас хохиролд 1,804,726,237.37 төгрөгийг шаардсан боловч ...анх үйл ажиллагаагаа урт хугацаагаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг хийсэн... гэх тайлбар үндэслэлгүй, нэхэмжлэлийн  шаардлага, үндэслэл тодорхойгүй, талууд гэрээний хугацааг харилцан тохиролцсон, мөн гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үр дагаврыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хариуцагчаас шаардах эрхгүй гэж тус тус дүгнэн, хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч “С” ХХК түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш 2022.04.10-ны өдрөөс 2023 оны 03 сар хүртэл хариуцагч “У”-д түрээсийн төлбөрт шилжүүлсэн 68,659,200 төгрөг, ТГ/18/045 тоот гэрээний 6 дугаар зүйлд зааснаар шилжүүлсэн барьцаа 11,443,200 төгрөг, нийт 80,102,400 төгрөгийг төлсөн талаар хариуцагч маргаагүй, баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж дүгнээд, хариуцагчаас нийт 878,762,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “С” ХХК-д олгох үндэслэлтэй гэжээ. 

7.2. ...“С” ХХК нь түрээсийн талбай болон оффисын байрыг чөлөөлөөгүйн улмаас У-аас тус объектуудыг тогтоосон тарифын дагуу бусад этгээдэд түрээслэн орлого олох боломжоо алдсан тул 2,995,963,800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас шүүх зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ “...2020.08.11-ний өдөр байгуулсан ТГ/20/433 тоот Түрээсийн гэрээгээр шилжүүлэн ачих ангийн ачилт, буулгалтын 3-р талбайд байрлан нийт 315,96 м.кв талбайтай ажлын байрны зориулалттай хөрөнгийг 2020.06.01-ний өдрөөс 1 жилийн хугацаатай байгуулсан, 2021.10.18-ны өдрийн ТГ/21/528 тоот “Түрээсийн гэрээг сунгах тухай”-д 2022.06.01-ний өдрийг хүртэл сунгахаар тохиролцсон ба талуудын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, ...гэрээг 2022.06.01-ний өдрөөр дуусгавар болгох байсан ч хөрөнгийг 2022 оны 10 сарыг дуустал ашигласан, түрээсийн төлбөрийг хуучин тарифаар шилжүүлж байсан болох нь тогтоогдсон ба “У” төлбөрийн үнэ тарифыг шинэчлэн баталж, 2022.01.01-ний өдрөөс эхлэн мөрдсөн байх тул хариуцагч нь нэхэмжлэгчээс үлдэгдэл 17,131,800 төгрөгийн хөлс төлөхийг шаардах эрхтэй.

Харин хариуцагч нь 2021.12.02-ны өдрийн А-913 тушаалаар батлагдсан тарифаар нэхэмжлэгчээс 2018.06.15-ны өдрийн ТГ/18/045 тоот Түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийн зөрүүд 2,921,616,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй. Энэ гэрээг ...нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан гэж хариуцагч “У” 2022.04.10-нд өдөр дангаар цуцалсан талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх ба талууд уг асуудлаар өмнө нь маргаж, мэтгэлцсэн байна гэж дүгнэсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн 23,458 тонн нүүрс, төмрийн хүдэр зэрэг нурмаг ачаануудыг хадгалсан 4,515,353,500 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулна гэсэн шаардлагаас 218,288,000 төгрөгийн хэмжээнд хангахаар шийдвэрлэхдээ “... “У”-ийн даргын 2022 оны  А/233 дугаар тушаалаар баталсан “Тарифын 1 дүгээр мөрдлөг”-ийн 10.1.1-д зааснаар Замын-Үүд шилжүүлэн ачих ангийн талбай дээрх мэдэгдэлд дурдсан 7796 тонн нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг ачаа үлдсэн гэж үзэж, 2023.09.21-2023.11.17 хүртэл 56 хоногоор тооцон хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар 218,288,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй” гэж дүгнэсэн байна.

Нэхэмжлэгч “С” ХХК-аас нийт 235,419,800 төгрөгийг гаргуулж, хариуцагч “У”-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгожээ.

8. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад “...анхан шатны шүүх хууль болон гэрээний зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хуваарилалтыг буруу хийсэн, шийдвэр бичилтэд техникийн алдаа гаргасныг залруулах боломжтой” гэж үзээд “...шүүх зохигчийн хооронд 2018.06.15-ны өдөр үүссэн үүргийн харилцааг зүйлчлээгүй, 2020.08.11-ний өдөр үүссэн харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хамааруулж дүгнэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарласан ба эдгээр гэрээ нь түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байна. Түүнчлэн үндсэн нэхэмжлэлээс барьцаа 11,443,200 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, 2,160,748,777 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй учир эрх зүйн дүгнэлт өгөхгүй. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож буй хэсгийн үнийн дүнг бичихгүй орхигдуулсныг залруулж, өөрчлөлт оруулна. Харин үндсэн нэхэмжлэлээс 9,000 м.кв бетонон талбайн 798,660,000 төгрөгийг хангасан нь буруу буюу ... гэрээний 5.3, 5.4, 5.6, 5.7-д зааснаар “...нэхэмжлэгч нь өөрийн зардлаар ...салгаж үл болох засан сайжруулалт хийхээр бол түрээслүүлэгчид бичгээр урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах, гэрээний хугацаа дуусахад өөрийн хөрөнгөөр хийсэн салгаж үл болох өөрчлөлт, тохижилтыг буулгах шаардлагатай гэж үзсэн бол анхны байдалд оруулан түрээслүүлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байх тул 798,660,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд “...нэхэмжлэгч нь 2022.04.10-ны өдөр гэрээ цуцлагдсанаас хойш буюу 2022.10.10-ны өдөр түрээсийн зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгөх үед талбайд 23,458 тонн нүүрс, төмрийн хүдэр байсан бөгөөд уг ачааг талбайгаас ачих хүртэл тооцоход нийт 586 хоногийн хадгалалтын хөлс нь 4,515,353,500 төгрөг болсон нь “У”-ийн дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн 2023.11.17-ны өдрийн албан шаардлага, 2023.06.05-ны өдрийн 53/306 тоот албан бичгээр тогтоогдсон ба энэ тухай нэхэмжлэгч маргасан боловч баримтаар нотлоогүй” гэж дүгнэн энэ шаардлагыг хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна. 

Хариуцагч “У” нь ... олох байсан орлого 2,995,963,800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэхдээ “...Харин түрээсийн зүйлийг чөлөөлж өгөөгүйн улмаас алдсан олох байсан орлого 2,995,963,800 төгрөг гаргуулахаар шаардсан нь дээрх 4,515,353,500 төгрөг гаргуулах шаардлагатай агуулгын хувьд давхацсан, 4,515,353,500 төгрөгөөс гадна нэмж 2,995,963,800 төгрөгийн орлого олох байсан гэдгээ нотлоогүй тул уг сөрөг нэхэмжлэлийг хангахгүй” гэжээ.

Улмаар “...нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан 2022.04.10-ны өдрөөс 2023.03 сар хүртэлх хугацаанд 2018.06.15-ны өдрийн гэрээний түрээсийн төлбөрт 68,659,200 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул үүнийг уг гэрээний хохиролд тооцож буй 4,515,353,500 төгрөгөөс хасч тооцон үлдэх 4,446,694,300 төгрөгийг хариуцагчид олгож, 68,659,200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт нийцэж байна. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тооцоололд хамаарах 68,659,200 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хангаж шийдвэрлэснийг ийнхүү залруулан дүгнэв” гэжээ.

Түүнчлэн “... хариуцагч нь 2,995,963,800 төгрөг шаардсан, үүнээс аль хэсэг нь ажлын байрны түрээсийн гэрээнд хамаарахыг тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх 2020.08.11-ний өдрийн гэрээний төлбөрийн зөрүү 17,131,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг  хэрэгсэхгүй болгох нь гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй”  гэж тус тус дүгнэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.

9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

10. Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд 2018.06.15-ны өдөр байгуулагдсан ТГ/18/045 тоот Түрээсийн гэрээгээр хариуцагч “У” нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь шилжүүлэн ачих ангийн 114,432 м.кв талбайг 10, 15-р өндөрлөсөн зам, авто пүүгийн хамт шилжүүлэн өгөхөөр, нэхэмжлэгч “С” ХХК нь түрээсийн төлбөрт сар бүр 5,721,000 төгрөг төлөхөөр харилцан тохирсон ба энэ гэрээтэй холбоотойгоор хийгдсэн 2020.08.11-ний өдрийн ТГ/20/433 тоот Түрээсийн гэрээгээр хариуцагч нь дээрх шилжүүлэн ачих ангийн талбайд байрлах 315,96 м.кв талбайтай ажлын байрыг шилжүүлэн өгөхөөр, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт халаалттай сард 5,661,548 төгрөг, халаалтгүй сард 4,195,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, түрээсийн талбай, ажлын байрыг гэрээний дагуу нэхэмжлэгч хүлээн авч ашиглаж байсан байна. Энэ 2 гэрээ нь 2022.04.10-ны өдөр цуцлагдаж, түрээсийн зүйлийг хариуцагч 2022.10.10-ны өдөр хүлээн авсан үйл баримт тогтоогдсон байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш 315,96 м.кв талбайтай ажлын байрны түрээсийн төлбөрийг төлж байсан ба гэрээнд заасан барьцааг төлсөн талаар хариуцагч маргаагүй.

“С” ХХК-аас “У”-д холбогдуулан “2018.06.15-ны өдрийн ТГ/18/045 тоот Түрээсийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох, “С” ХХК-ийг үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэвийн явуулах бололцоогоор хангахыг “У”-д даалгах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд энэ хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.04.10-ны өдрийн 102/ШШ2023/01373 шийдвэрээр “С” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.06.05-ны өдрийн 210/МА2023/01115 магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн ба Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023.09.21-ний өдрийн 001/ШХТ2023/00934 тогтоолоор нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсанаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

11. Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй байх бөгөөд харин түрээсийн гэрээ цуцалсантай холбогдуулан учирсан хохирлын талаар маргасан байх бөгөөд давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч “С” ХХК-аас 4,446,694,300 төгрөг гаргуулахаар шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.

12. “У”-ийн дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн 2023.11.17-ны өдрийн Т-63/02/152 албан шаардлагад “...“С” ХХК-ийн 23,458 тонн нүүрс, төмрийн хүдрийг төмөр замын мэдлийн талбайд буулгаж ачаа хадгаламжийн хөлс төлөөгүй зөрчил илэрлээ.” гэснийг хариуцагч үндэслэл болгон нэхэмжлэгчээс 2022.04.10- 2023.11.17-ны өдрийг хүртэл нийт 586 хоногийн хөлс 4,515,353,500 төгрөгийг шаардсан байх бөгөөд давж заалдах шатны шүүх уг албан шаардлагыг үнэлж, энэ шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэл муутай болжээ. Тухайлбал, түрээсийн талбайг хүлээлгэн өгөх үед ямар хэмжээний үлдэгдэл ачаа байсан талаар талууд баримт үйлдсэн эсэх нь тодорхойгүй, түүнчлэн уг талбайд үлдсэн ачааны хэмжээний талаар ялгаатай баримтууд хэрэгт авагдсан байгааг харьцуулан дүгнэж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

Түүнчлэн хариуцагчийн гаргасан 2,995,963,800 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл нь  “... 2022.10.10-ны өдөр өөрийн талбайгаа эзэмшилдээ буцаан авах хүртэл “С” ХХК нь түрээсийн талбай болон оффисын байрыг чөлөөлөөгүйн улмаас У-аас тус объектуудыг тогтоосон тарифын дагуу бусад этгээдэд түрээслэн орлого олох боломжоо алдсанаас үүссэн хохирол”  гэж тодорхой нэхэмжилсэн байхад давж заалдах шатны шүүх “...дээрх 4,515,353,500 төгрөг гаргуулах шаардлагатай агуулгын хувьд давхацсан...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. 

13. Зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний болон шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт үндсэн болон сөрөг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон хэмжээг бичээгүй алдааг залруулж, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс тогтов.

Анхан шатны шүүх “С” ХХК-ийн 9,000 м.кв бетонон талбайг хийсэн 798,660,000 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлж, талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөлийг үндэслэн, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг зөв хэрэглэсэн, түүнчлэн... салхины хамгаалалтын хашаа, талбайн камерыг хийж гүйцэтгэсэн нь гэрээний нөхцөлд нийцсэн, урьдчилан мэдэгдсэн, зөвшөөрөл авсан үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэн хашаа, камерын үнэ нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, улмаар хариуцагчаас хохиролд 1,804,726,237.37 төгрөгийг шаардсан нэхэмжлэлийн  шаардлага, үндэслэл тодорхойгүй, талууд гэрээний хугацааг харилцан тохиролцсон, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэн, хэрэгсэхгүй болгосныг үндэслэлтэй гэж үзэв. Түүнчлэн “С” ХХК түрээсийн гэрээ цуцлагдсанаас хойш “У”-д  түрээсийн төлбөрт шилжүүлсэн 68,659,200 төгрөг, ТГ/18/045 тоот гэрээний дагуу шилжүүлсэн барьцаа 11,443,200 төгрөг, нийт 80,102,400 төгрөгийг хангахаар шийдвэрлэхдээ хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн байна.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ  “...2020.08.11-ний өдөр байгуулсан ТГ/20/433 тоот Түрээсийн гэрээний дагуу хариуцагч  нь нэхэмжлэгчээс үлдэгдэл 17,131,800 төгрөгийн хөлс төлөхийг шаардах эрхтэй, харин хариуцагч түрээсийн төлбөрийн зөрүүд 2,921,616,000 төгрөгийг шаардсан нь үндэслэлгүй. Энэ гэрээг ...нэмэгдэл хөлс төлөхөөс хөлслөгч татгалзсан гэж хариуцагч “У” 2022.04.10-нд өдөр дангаар цуцалсан талаарх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байх ба талууд уг асуудлаар өмнө нь маргаж, мэтгэлцсэн байна” гэж дүгнэсэн нь хэргийн баримтад нийцсэн байна. Түүнчлэн “...Замын-Үүд Шилжүүлэн ачих ангийн талбай дээрх мэдэгдэлд дурдсан 7796 тонн нүүрс, төмрийн хүдэр, жонш зэрэг ачаа үлдсэн гэж үзэж, 2023.09.21-2023.11.17 хүртэл 56 хоногоор тооцон хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар 218,288,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй” гэж дүгнэн, энэ хэмжээгээр хохирлыг тооцохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.  

Иймээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Ц  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг бүхэлд нь хангах үндэслэл тогтоогдсонгүй.

14. Талуудын хооронд 2020.08.11-ний өдрийн ТГ/20/433 тоот гэрээгээр хариуцагч нь дээрх шилжүүлэн ачих ангийн талбайд байрлах 315,96 м.кв талбайтай ажлын байрыг шилжүүлэн өгөхөөр, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт халаалттай сард 5,661,548 төгрөг, халаалтгүй сард 4,195,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон буюу нэхэмжлэгч компани нь нурмал ачааны терминалын үйл ажиллагааг явуулахын тулд оффисын зориулалтаар буюу Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх мөн хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчтой болоогүй биш тул энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний  өөрчлөлт оруулна. Түүнчлэн үндсэн нэхэмжлэлийн үлдэх хэсэг 2,160,748,777.37 төгрөг болон сөрөг нэхэмжлэлийн үлдэх хэсэг 7,275,897,500 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсэгт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2024/01223 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/02115 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч У-аас 878,762,400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “С” ХХК-д олгож, үлдэх 2,160,748,777.37 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-аас 235,419,800 төгрөгийг гаргуулж, хариуцагч У-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 7,275,897,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 37,366,027.39 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

            ШҮҮГЧИД                                                Н.БАТЧИМЭГ

                  Н.БАТЗОРИГ

       П.ЗОЛЗАЯА

                                                                                          Д.ЦОЛМОН