Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1097

 

А.Баатарсүрэн, Г.Батбилэг нарт холбогдох

                                                                    эрүүгийн хэргийн тухай       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Энх-Амгалан,

шүүгдэгч А.Баатарсүрэн,

шүүгдэгч А.Баатарсүрэн, Г.Батбилэг нарын өмгөөлөгч А.Ганзориг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Баатарсүрэн, Г.Батбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар А.Баатарсүрэн, Г.Батбилэг нарт холбогдох эрүүгийн 2009000000621 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             1. Боржигон овгийн Алтанхүүгийн Баатарсүрэн, 1991 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, хүүхэд сургалт хүмүүжлийн тусгай төв гудамжны 1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:УК91041453/;

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

            2. Хоршоо овгийн Ганболдын Батбилэг, 1984 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, /РД:УГ84031313/;

            - Чингэлтэй дүүргийн шүүхийн 2008 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсгүүдэд зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 352 дугаартай магадлалаар 3 жил 7 сарын хорих ял болгон өөрчилж, 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Г.Батбилэг, А.Баатарсүрэн нар бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт Э.Дашнямын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж, гар утсыг дээрэмдэн авч бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.Баатарсүрэн, Г.Батбилэг нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Баатарсүрэн, Г.Батбилэг нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн авахаар довтолж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр цагдан хоригдсон 43 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, тэдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Батбилэг гаргасан давж заалдах гомдолдоо: “...хэргийн талаар үнэн зөв мэдүүлсээр ирсэн. Хохирлыг төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ. 

            Шүүгдэгч А.Баатарсүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч, анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгч байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч А.Баатарсүрэн, Г.Батбилэг нарын өмгөөлөгч А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч нарын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Эдгээрийг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар тухайн зүйл, хэсэгт заасан ялын хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

            Прокурор Ж.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэдийгээр шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн гэж байгаа боловч шүүх тэдгээрийн хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2-8 жилийн ялтай гэмт хэргийн хамгийн бага буюу 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд давхар хувийн байдлыг нь харгалзан үздэг. Шүүгдэгч нар хувийн байдлын хувьд урьд ял шийтгүүлж байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Г.Батбилэг, А.Баатарсүрэн нар бүлэглэн, согтуугаар 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт Э.Дашнямын “Samsung S8” загварын гар утсыг хүч хэрэглэн дээрэмдэж, 250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Э.Дашням нь “...2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 20 цагийн орчим Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгт явж байтал гурван эмэгтэй хүн “Яриа байна уу” гэж асуусан. ... нэг цагаан хүрэмтэй эмэгтэйтэй нь ярилцаад хамт явахаар болсон. ... нөгөө эмэгтэй бид хоёр цэцэрлэгийн хойд хэсэг рүү алхаж байтал гэнэт хоёр согтуу эрэгтэй хүн гараад ирсэн. ... “Эмэгтэй хүн яагаад байна аа” гэж хэлээд намхан биетэй, хүзүүн дээрээ шивээстэй залуу нь миний хойд талаас боосон. Арай ахимаг настай, хар өнгийн цамцтай эрэгтэй нь миний өмдний халаасыг ухаад миний “Samsung S8” загварын гар утсыг авсан. Би босч ирээд “Гар утсыг маань буцаагаад өгчих” гэж гуйхад “40.000 төгрөг өгөөд авбал ав” гээд байсан. “Надад 20.000 төгрөг байна” гэж хэлтэл “Утсыг чинь өгөхгүй” гээд яваад өгсөн. ...” /хх-ийн 19-20, 21/ гэж тухайн газар, цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн бие, эд хөрөнгөд халдсан этгээдүүдийн гадна төрх байдал, тэдгээрийн үйлдэл оролцоо, алдагдсан эд хөрөнгийнхөө шинж онцлогийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч Ц.Эрдэнэчимэгийн “...нэг залуу хүрч ирээд юм ярьж байгаад тэр хоёртой хойшоо явчихсан. Хэсэг хугацааны дараа нөгөө залуу “Зодуулчихлаа, гар утсыг маань аваад явчихлаа, би 20.000 төгрөг өгөөд гар утсаа авчихмаар байна, лизингээр авсан утсаа алдчихлаа” гээд уйлж байгаад явсан. ...” /хх-ийн 25/,

- шүүгдэгч А.Баатарсүрэнгийн яллагдагчаар өгсөн “...Батбилэгийн хамт Улаанбаатар зочид буудлын цэцэрлэгт архи ууж сууж байгаад хойд хэсгээр нэг биеэ үнэлэгч хүүхэнтэй алхаж явсан залуу дээр очоод “Эмэгтэй хүнийг ингэдэг юм уу” гэж хэлсэн. Батбилэг тэр залуу руу хэдэн үг хэлээд муудалцсан. Би нөгөө залуугийн араас хоолойг нь боосон. ... нөгөө залуу босч ирээд Батбилэгээс “Утсыг маань өгчихөөч” гэж хэлээд байгаа сонсогдсон. ... би өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх-ийн 48-49/,

- шүүгдэгч Г.Батбилэгийн яллагдагчаар өгсөн “...Баатарсүрэн нөгөө залууг бариад авах шиг болсон. Би нөгөө залуугийн өмдний халаасыг ухаад нэг гар утас байсныг аваад халаасандаа хийсэн. ... тэр залуу “Утсыг маань өгөөч” гэж хэлсэн. Би өгөлгүй хойшоо яваад өгсөн. ... 100 айлын тэнд очоод гар утсыг үзэхэд “Samsung S8” загварынх байсан. Тэр гар утсыг гудамжинд явж байсан танихгүй хүнд 50.000 төгрөгөөр худалдаж, мөнгөөр нь архи уугаад дууссан. ...” /хх-ийн 50-51, 53-54/ гэсэн мэдүүлгүүд,

 - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7/, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36/, хохирогчийг оролцуулан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, өөрийн бие, эд хөрөнгөд халдсан этгээдүүдийг зааж байгаа байдлыг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15/ зэргээр давхар нотлогдсон бөгөөд хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” хэмээн хуульчилсан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч А.Баатарсүрэн хохирогчийн араас хоолойг нь боож хүч хэрэглэсэн, энэ үед шүүгдэгч Г.Батбилэг халааснаас гар утсыг нь авч гэмт хэрэгт хамтран оролцжээ.

Дээрх байдлыг үндэслэн, анхан шатны шүүх шүүгдэгч А.Баатарсүрэн, Г.Батбилэг нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, зүйлчлэл тохирсон байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй дэглэм бүхий хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх хэмжээтэй.

Дээрх заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгоогүй юм.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үздэг.

Хэдийгээр шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан боловч тэд урьд нь “хүний эрүүл мэнд, өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэрэгт ял шийтгүүлж, шүүхээс Эрүүгийн хуульд заасан энэрэнгүй ёсны зарчмын үүднээс оногдуулсан хорих ялыг тэнсэж байсан атал хувийн байдалдаа дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэгт шүүх дүгнэлт өгч, ял шийтгэл оногдуулжээ. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Баатарсүрэн, Г.Батбилэг нарын “...хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг...” хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ШЦТ/560 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Баатарсүрэн, Г.Батбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                         ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                         ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН