Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2018/0681

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж,

Нэхэмжлэгч: Г ХХК

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын  тасгийн татварын улсын байцаагч С.Б, Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Н, С.Б нарын 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 250022755 тоот актыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г ХХК-ийн захирал О.У, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК-ийн захирал О.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компанийг анх И ХХК-ийн хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бичилттэй холбогдуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс шалгаж 250038 тоот дүгнэлт гарч улмаар Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгасан.

Мөрдөн шалгалтын явцад Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т заасан эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох хангалттай баримт цуглараагүй бөгөөд 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр Прокурорын тогтоол гарч уг гэмт хэрэг гэх зүйлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Энэхүү эрүүгийн гэх хэрэг нь өршөөлийн болон эдийн засгийн ил тод байдлын тухай хууль 2015 онд Улсын Их Хурлаар батлагдахаас өмнө хэрэгсэхгүй болж нэг мөр шийдвэрлэгдсэн.

Сүхбаатар дүүргийн татварын улсын байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн 250022755 дугаар актаар дээрх дүгнэлтэд дурдагдсан падааны дүнгээр Г ХХК-д 122,636,360.0 төгрөгийн Аж ахуй нэгжийн орлогын албан татвар, 122,636,360.0 төгрөгийн Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөр акт тогтоосон нь эрх зүйн үндэслэлгүй төдийгүй компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хохироосон.

Компани тус актыг эс хүлээн зөвшөөрч 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр А-1/09 тоотоор Нийслэлийн татварын газрын Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Энэхүү гомдлыг 2017 оны 09 дүгээр сард Маргаан таслах зөвлөлийн хурлаар авч хэлэлцээд татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нөхөн татварын 131,090,900.0 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож 141,181,820.0 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр 058 дугаар тогтоол гаргасан.

Гэвч уг тогтоолыг Нийслэлийн татварын газрын дарга баталгаажуулахгүй буцаасан тул Татварын ерөнхий газрын даргад шийдвэрлүүлэхээр хүргүүлсэн.

Улмаар Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөл гомдлыг авч хэлэлцээд 2018 оны 04 дүгээр сарын 23-ний өдөр 15 дугаар тогтоол гаргаж 16,909,080.0 төгрөгийн нөхөн татварыг хасч 228,363,640.0 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэсэн болно.

Иймд дараах үндэслэлээр дээрх дүгнэлт, акт, Маргаан таслах зөвлөлийн тогтоол нь бүхэлдээ эрх зүйн чадамжгүй, хууль бус гэж үзэж байна.

Нэгдүгээрт: Монгол улсын Татварын ерөнхий хууль-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна гэж тус тус заасан.

Түүнчлэн Монгол улсын Дээд шүүхийн 2002 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 100 дугаар тогтоолын 3.3 дахь хэсэгт Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.1 дэх хэсгийг ... Үндсэн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний орлого ... гэдэгт татвар төлөгч хэд хэдэн чиглэл, үйл ажиллагаагаар орлого олж байгаа тохиолдолд анх улсын бүртгэлд Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны ангилалд аль салбарын ямар үйлдвэрлэл, ажил, үйлчилгээг эрхлэхээр бүртгүүлсэн, түүнээсээ олсон орлогыг үндсэн гэж тооцно гэж тайлбарласан. Энэ нь Татварын ерөнхий хуулийн олсон орлогод татвар ногдуулах зарчимд нийцэж байгаа юм. Тодруулбал бодит бусаар орлого олсон, худалдан авалт хийсэн мэтээр тайлагнасныг бодитоор орлого олсноо нуун дарагдуулахтай адилтгаж авч үзэх нь учир дутагдалтай хариуцлагын асуудал нь харьцангуй өөр хэмжээнд яригдах учиртай.

Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Борлуулалт гэж барааг бусдын өмчлөлд шилжүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхийг хэлнэ, 7 дугаар зүйлийн 7.1.1-д Монгол улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 8 дугаар зүйлийн 8.1.1- д бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд гэж заасан.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Энэ хуулийн 5.3-д заасан албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол улсын нутаг дэвсгэрт олсон болон Монгол улсаас эх үүсвэртэй орлого, гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно" гэж заасан байна. Эдгээр багц хуулиудын заалт, үндсэн зарчим нь тухайн татвар төлөгчийн бодитоор олсон орлого, ажил, үйлчилгээнд татварын холбогдох хуулиудад заасан хувь хэмжээний дагуу албан татвар ногдуулж төлүүлэхэд чиглэгдсэн нэгэн ижил утга санаатай (зарчим) гэж ойлгогдож байна.

Гэтэл эрх бүхий татварын улсын байцаагч нар дээрх зарчим, заалтыг огт хайхарч үзэхгүйгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн /хуучнаар 14.3-д/ 14.5-д заасан Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэсэн ганц заалтыг барьж нэмэгдсэн өртгийн албан татварын падааны хоосон дүнгээр олоогүй орлого, борлуулаагүй бараанд албан татвар ногдуулан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хоёрдугаарт: Хэрэв Г ХХК нь татвар төлөхөөс зайлсхийсэн, орлогоо нуун дарагдуулсан, их хэмжээний бодит орлого олсон бол түүнийг хөдөлшгүй баримтаар эхлээд нотлох хэрэгтэй бөгөөд хяналт шалгалтыг хэт нэг талыг барьж хийх ёсгүй, татварын аливаа акт, дүгнэлт түүнд тавигдсан нөхөн татвар, алданги, торгууль нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байх учиртай.

Мөн дээрх актын үндэслэл болж буй 9864086 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны И ХХК-тай холбоотой 141,818.2 мянган төгрөг, 6376301 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падааны Т ХХК-тай холбоотой 1,000,000.0 төгрөгийн асуудал нь Прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болж, бодитой хохирол тогтоогдоогүй бөгөөд дээрх компаниудтай энэ хугацаанд бодитоор ямар нэгэн худалдан авалт борлуулалт хийгдээгүй.

Гуравдугаарт: Татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийх 25/13/5758 тоот томилолт, түүний удирдамжид Г ХХК-ийн 2010 оноос 2012 оны Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийг хэсэгчлэн шалгахаар заасан гэтэл татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, 30.1.5, 30.1.6, 30.1.7 дахь заалтыг илт зөрчиж томилолтод тусгагдаагүй хяналт шалгалт хийж Аж ахуй нэгжийн орлогын албан татварын 122,636.3 мянган төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь холбогдох хууль, журмыг зөрчсөн.

Иймд дээрх үндэслэлээр илт хууль бус, эрх зүйн чадамжгүй Татварын ерөнхий хуулийн зарчимд харшилсан, холбогдох заалтуудыг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно, 47 дугаар зүйлийн 47.1.1-д Утга агуулгын илэрхий алдаатай, 47 дугаар зүйлийн 47.1.6-д Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, 47.2-д Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна, 47.3-д Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэсэн заалтыг баримтлан Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 250022755 тоот актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:  Сүхбаатар дүүргийн татварын хэлтэстэй харьцдаг .. тоот регистрийн дугаартай Г ХХК-д тус хэлтсийн татварын улсын байцаагч Р.Г, Б.Н нар татварын шалгалт хийж 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 250038 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт бичин цагдаагийн байгууллагад шилжүүлснийг 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 09 тоот тогтоолоор Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосны дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 25/13/5758 дугаар бүхий томилолтоор татварын улсын байцаагч Б.Н, С.Б нар Г ХХК-ийн 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 7430853 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар С ХХК-иас 84.545,400.00 төгрөгийн, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 9864086 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар И ХХК-иас 141,818,200.00 төгрөгийн, 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 6376301 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар Т ХХК-иас 1,000,000,000.00 төгрөгийн нийт 1,223,363.600.00 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр хий бичилт хийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтаар хасч тооцсон, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд зардлаар тусган татвар ногдуулах орлогоос хасч тооцсон зөрчлийн дагуу Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Г, Б.Н нарын 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр бичсэн татварын улсын байцаагчийн 250038 дугаар бүхий дүгнэлт дээрх нэмэгдсэн өртгийн падааны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр татварын улсын байцаагчийн 250022755 тоот актаар 2,452,727,200.00 төгрөгийн зөрчилд 245,272,720.00 төгрөгийн төлбөр ногдуулсан. Татварын улсын байцаагч нь хэсэгчилсэн томилолтын хүрээнд дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаануудын хамаарах татварын төрлүүдийн татвар ногдуулалт төлөлтөд хяналт шалгалт хийсэн.

Дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падааны зөрчил нь аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд хэрхэн нөлөөлсөн талаар Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 тоот тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж-ийн 1 дүгээр зүйлд заасан дагуу хэсэгчилсэн байдлаар шалгалт хийх тусгай удирдамж, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14/04 тоот Хяналт шалгалт хийх ажлын удирдамж-ийн 1-д Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний хасагдах дүнд оруулан тооцож төлбөл зохих татварыг бууруулсан болон буцаан авах татварын дүнг өсгөсөн, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд оруулан татвар ногдох орлогыг бууруулсан алдаа зөрчлийг илрүүлэн хариуцлага хүлээлгэх", Татварын ерөнхий газрын дэд даргын 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 03/3086 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэлд үүрэг болгосныг удирдлага болгон хяналт шалгалтыг хийж Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдуулах орлогоос хасч тооцсон зөрчилд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.4-д тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх, 74.1.6 -д баримт бичгийг хуурамчаар үйлдэх, засварлах., 74.3-д Энэ хуулийн 74.1. 74.2-т заасны дагуу 122,630,300.00 төгрөгийн татвар нөхөн ногдуулсан.

Шалгалтаар тус компани нь үйл ажиллагаа явуулаагүй боловч тендерт оролцохын тулд борлуулалтын орлого олсон мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусган 2010 оны 5 дугаар сарын 20 ны өдөр 7430853 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар С ХХК-иас 84,545,400.00 төгрөгийн, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 9864086 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар "И ХХК-иас 141.818.200.0 төгрөгийн, 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 6376301 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар Т ХХК-иас 1,000,000,000.00 төгрөгийн нийт 1,223,363,600.00 төгрөгийн бараа, материал худалдан мэтээр хий бичилт хийн Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтаар хасч тооцсон. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдуулах орлогоос хасч тооцон төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулснаа захирал О.У нь мөрдөн байцаалт, шүүх шинжилгээний ажиллагаа, татварын хяналт шалгалтын явцад хүлээн зөвшөөрч, тайлбар ярилцлага өгч гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус компани нь дээрхи зөрчлийн дүнгээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардлын түүхий эд, бараа материалын хэсэгт тусган тайлагнаж төсөвт төлөх аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг бууруулсан гэдгээ мөн хүлээн зөвшөөрч захирал О.У нь ярилцлага өгч гарын үсгээ зурсан ба энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар нотлогддог.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 7430853 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар С ХХК-иас 84.545.400.0 төгрөгийн хий бичилт хийж Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтаар хасч тооцсон, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд татвар ногдуулах орлогоос хасч тооцсон зөрчлийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэснээс уг хэргийг эрүүгийн хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь захиргааны хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй хэдий ч прокурорын тогтоол гарах хүртэлх үеийг хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зохицуулснаар хөөн хэлэлцэх хугацааг прокурорын тогтоол үйлдсэн өдрөөс эхлэн шинээр тоолох хуулийн заалтыг зөрчиж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх зэрэг шалтгаанаар актын дүнг 16,909,080.00 төгрөгөөр бууруулан татварын байцаагчийн ногдуулсан 2,283,636,400.00 төгрөгийн зөрчилд ногдох 228,363,640.00 төгрөгийн нөхөн татварыг хууль эрх зүйн үндэслэлтэй гэж үзэн төлүүлэхээр өөрчлөн шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлийн нэгдүгээрт: ... бодит бусаар орлого олсон, худалдан авалт хийсэн мэтээр тайлагнасныг бодитоор орлого олсноо нуун дарагдуулахтай адилтган авч үзэх нь учир дутагдалтай гэсэн нь хий бичилттэй падаанаар худалдан авалт тайлагнасан гэдгээ хүлээн зөвшөөрч, нотолж улмаар татварын байцаагчийн хэрэглэсэн хууль, тогтоосон акт үндэслэлтэй болохыг нотолж байна.

Мөн олоогүй орлого, борлуулаагүй бараанд албан татвар ногдуулан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. Татвар төлөгч татварын тайлангаа үнэн зөв гаргах үүргийг хуулиар хүлээдэг. Гэтэл энэ үүргээ зөрчсөн үйлдлээрээ өөр зөрчилтэй үйлдлээ хайцаалах тайлбар хийж байгаа нь нэхэмжлэлийн хоёрдугаарт: ... прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болж, бодитой хохирол тогтоогдоогүй бөгөөд дээрх компаниудтай энэ хугацаанд бодитоор ямар нэг худалдан авалт борлуулалт хийгдээгүй. гэснээс Монгол улсад мөрдөгдөж буй хуулийг санаатайгаар зөрчдөг болохыг нь илтгэж байна.

Нэхэмжлэлийн гуравдугаарт: ... хэсэгчлэн шалгахаар заасан гэтэл ... томилолтод тусгагдаагүй хяналт шалгалт хийж холбогдох хууль, журмыг зөрчсөн гэжээ. Татварын улсын байцаагч бид дээр дурдсан нэмэгдсэн өртгийн падааны хувьд хамаарагдах татварын төрлөөр шалгах хэсэгчилсэн шалгалт хийсэн атал шалгалтад тус компанийн орлогыг шалгасан гэх мэт илт зөрүүтэй ойлголтоор буруутгаж байгаа нь олгогдсон томилолтын дагуу хуулийн хүрээнд ажил үүргээ гүйцэтгэсэн татварын байцаагч биднийг үндэслэлгүйгээр буруутган татвар төлөх үүргээ биелүүлэхээс зайлсхийх шалтаг болгож байгааг анхаарна уу.

Нэхэмжлэхэд өгөх хариу тайлбарын дэлгэрэнгүйг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд өгсөн тайлбарыг хавсралтаар хүргүүлэн нэмэлт тайлбар болгож байна. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Г ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, С.Б нарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Н, С.Б нарын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 250022755 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, Р.Г нар 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 250038 дүгнэлтээр төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулж татвар төлөхөөс зайлсхийсэн нийт 1,226,363.3 мянган төгрөгийн зөрчилд татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж цагдаагийн байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэсний дагуу Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөн байцаагч, цагдаагийн дэд хурандаа Х.Б мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокурорт шилжүүлэх тогтоол үйлдсэнийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурор Н.А 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн О.У-т холбогдох 2014250004284 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Н, С.Б нар нь 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр баталсан Хяналт шалгалт хийх ажлын удирдамж, Үндэсний татварын албаны 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн (25/13)5758 дугаар томилолтын[1] дагуу Г ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 250022755 дугаар акт[2] үйлдэн 245,272,760.00 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.[3] гэж заасантай нийцсэн байна.

Г ХХК-ийн 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 7430853 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар[4] С ХХК-иас 84,545,400.00 төгрөгийн, 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 9864086 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар[5] И ХХК-иас 141,818,200.00 төгрөгийн, 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 6376301 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар Т ХХК-иас 1,000,000,000.00 төгрөгийн нийт 1,223,363,600.00 төгрөгийн бараа, материал худалдан авсан мэтээр хий бичилт хийж, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд худалдан авалтаар хасч тооцсон, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд зардлаар тусган татвар ногдуулах орлогоос хасч тооцсон нь хавтаст хэрэгт авагдсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд болон Г ХХК-ийн 2010 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, 2011 оны жилийн санхүүгийн тайлан болон нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ:, 18.1.1-д татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-д анхан шатны ... нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, ... нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах; гэж заасантай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г ХХК нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулж батлан мөрдөөгүй, анхан шатны холбогдох баримтгүй гүйлгээг дансанд бичиж, бүртгэл, санхүүгийн тайлан тэнцэлд тусгасан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх, 7 дугаар зүйлийн 7.7-д анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно, ... 8 дугаар зүйлийн 8.3-д Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараахь дарааллаар гүйцэтгэнэ. , 17 дугаар зүйлийн 17.2-т Аж ахуйн нэгж, ... удирдлага нь санхүү, бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан баталж, мөрдөн ажиллана. 20 дугаар зүйлийн 20.1-д Нягтлан бодогчийн үйл ажиллагаанд хориглоно: 20.1.4-д хуурамч баримт бүрдүүлэн гүйлгээг дансанд бичих, гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Нэхэмжлэгч 2014 оны 14/04 дугаар Хяналт шалгалт хийх ажлын удирдамж, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/102 дугаар тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй гэж маргаж байх боловч дээрх А/102 тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх, ерөнхий удирдамж, Татварын улсын байцаагчийн акт, Татварын улсын байцаагчийн дүгнэлт-ийг бичих загвар болон Хяналт шалгалт хийх ажлын 14/04 дүгээр удирдамж нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн байх шинжийг агуулаагүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 250022755 дугаар актаар 2,452,727,200.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 245,272,720.00 төгрөгийн нөхөн татвараас 169,090,800.00 төгрөгийн зөрчилд ногдуулсан 16,909,080.00 төгрөгийн нөхөн татварыг хасч, 2,283,636,400.00 төгрөгийн зөрчилд ногдох 228,363,640.00 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр өөрчилснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7, 8 дугаар зүйлийн 8.3, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Г ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Н, С.Б нарт холбогдуулан гаргасан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Н, С.Б нарын 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 250022755 дугаар актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ДАМДИНСҮРЭН