Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 182/ШШ2021/01002

 

 

 

 

 

    2021         05          11                                   182/ШШ2021/01002

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Ө,

Нэхэмжлэгч: Н.О нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 63 дугаар гудамжны 991 тоотод оршин суух, Монгол овогт Жамбалжавын Б/ХМ86081479/-д холбогдох

Бусдын өрийг төлсөн зардал болон нэмэлт зардалд 1,622,431 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, түүний төлөөлөгч Д.Ө, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Би болон нэхэмжлэгч Н.О эгч бид хоёр Н**** капитал ХХК-ийн үйл ажиллагаа явуулдаг А**** зочид буудалд ажилладаг. Бид нэг ээлжинд ажилладаг бөгөөд бидний ажиллаж байсан ээлжинд буюу 2019.12.28-ны өдөр хариуцагч Ж.Бнь найзын хамт манай зочид буудлын 902 тоот өрөөнд буудаллаж, 2020.01.09-ний өдрийг хүртэл хоноглосон. Тус өрөө нь өдрийн 140,000 төгрөг байдаг. Тухайн үед мөнгөгүй байна гээд гуйгаад байсан учир Н.О эгч бид хоёр менежерт хэлээд зээлээр оруулсан байдаг боловч хариуцагч нь төлбөрөө огт төлөөгүй, байгууллага удирдлага энэ талаар мэдэж, 2020.01.09-ний өдөр өрөөнөөс гаргасан. 12 хонохдоо өрөөний мини барнаас 39,000 төгрөгийн бараа хэрэглэсэн, төлбөр нь 12 хоногийн 1,680,000 төгрөг болсон. Тэгээд буудлын саунд 3 хоносон, хоногийн 30,000 төгрөг, энэ нь 90,000 төгрөг, саунд хоноход тамхи, хоолны төлбөрт 91,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөгийн тооцоо гарсан. Харин энэ мөнгөнөөс хариуцагч нь 900,000 төгрөг төлсөн, үлдэгдэл төлбөр 1,000,000 төгрөгийг төлөөгүй, төлнө гэж надтай зээлийн гэрээ байгуулсан байдаг боловч төлөөгүй.

Ингээд энэ 1,000,000 төгрөгийн төлбөрийг байгууллага бидний цалингаас суутгасан байдаг. Өөрөөр хэлбэл О-ын цалингаас 2019 оны 12 сард 202,154 төгрөг, 2020 оны 01 сард 240,077 төгрөг, мөн торгууль 123,846 төгрөг, миний цалингаас 12 сард 340,285 төгрөг, 01 сард 113,984 төгрөг, торгууль 154,923 төгрөг тус тус суутган авсан. Өөрөөр хэлбэл бид хариуцагчийн өмнөөс цалингаасаа нийт 1,175,269 төгрөгийг суутгуулан байгууллагыг хохиролгүй болгосон байдаг. Миний зүгээс хариуцагчийг хайж өөрөөсөө зардал гаргасан бөгөөд шүүхэд удаа дараа өгч, хаяг нь тодорхой, шүүхээр эрэн сурвалжлуулах шийдвэр гаргаж, хаягийг нь олж тогтоосон. Тэмдэгтийн хураамжид 71,718 төгрөг төлсөн байдаг. Мөн удаа дараа шүүхэд Шар хоолойн амнаас ирж, очиж зардал гаргасан 271,944 төгрөг, нотариатын зардал 10,200 төгрөг, итгэмжлэл батлуулсан 9000 төгрөг, мөн хариуцагч нь Н.О эгчид төлөх 98,000 төгрөг, нийт 1,622,431 төгрөг болсныг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн ярьсан үйл баримт бол үнэн. Буудалд хоноглосон зардал нийт 1,900,000 төгрөг болсон, тухайн үед нь 900,000 төгрөг төлсөн. Үлдсэн нь 1,000,000 төгрөг байгаа. Уг нь манай найз Баагий төлөх мөнгө байгаа юм. Гэхдээ би энэ мөнгийг төлнө, энэ хоёр хүн барьцаанд нь миний гадаад паспорт, газрын гэрчилгээг авсан байгаа. Мөн нэмж гарсан зардлаас эрэн сурвалжилсан зардал, цалингаас суутгасан мөнгийг нь төлнө. Бусад зардлыг төлөхгүй. Учир нь миний хаяг тодорхой байсан, намайг хайгаад байх шаардлагагүй, энэ хүнтэй би өөрөө утсаар холбогдож, буудал дээр хүртэл очиж уулзаж байсан. Нэг хэсэг бол цар тахалтай холбоотой уулзалдаж чадаагүй нь үнэн. Хамгийн сүүлд та бид хоёр автобусаар явж уулзалдсан, тэр нь 500 төгрөг л болсон байх. Иймд нийт 1,300,000 орчим төгрөг төлөх боломжтой, бусад төлбөрийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Д.Ө, Г.Н.О нар нь хариуцагч Ж.Б-д холбогдуулж бусдын өрийг төлсөн зардал болон нэмэлт зардалд 1,622,431 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нар нь дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Ж.Б-ийн буудалд хоноглосон үлдэгдэл төлбөрийг өөрсдийн цалингаас суутгуулсан, мөн түүнийг эрж хайхад зардал гаргасан учир гарсан зардлаа нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлав.

 

Хариуцагч Ж.Бнь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу  буудлын зардал болох цалингаас суутгасан мөнгө, эрэн сурвалжилахад гарсан зардлыг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

 

Нэхэмжлэгч Д.Ө, Г.Н.О нар нь Н**** капитал ХХК-ийн ажиллуулдаг, Баянзүрх дүүрэгт байрлах А**** зочид буудлын ажилчид байх бөгөөд тэдний ээлжинд буюу 2019.12.28-ны өдөр хариуцагч Ж.Б нь найзын хамт тус зочид буудлын 902 тоот өрөөнд ажилтан Д.Ө, Г.Н.О нартай тохиролцон, төлбөрийг дараа төлөх байдлаар 12 хоног, саунд 3 хоног буудаллаж, буудлын хөлс, хоол, тамхи, мини бар ашигласны төлбөр төлөх үүрэгтэй болжээ.

 

Харин хариуцагч Ж.Б-ийн төлбөр төлөөгүй байдлыг Н**** капитал ХХК буюу А**** зочид буудлын зүгээс мэдэж, түүнийг 2020.01.09-ний өдөр буудлаас гаргасан байх бөгөөд ийнхүү буудлаас гарах үеийн тооцоолол нь өрөө хоногийн 140,000 төгрөг, 12 хоногийн 1,680,000 төгрөг, мини бар 39,000 төгрөг, саун 1 хоногийн 30,000 төгрөг, 3 хоногийн 90,000 төгрөг, хоол, тамхины төлбөр 91,000 төгрөг, нийт 1,900,000 төгрөг болсон, хариуцагч Ж.Бнь тухайн үедээ 900,000 төгрөг төлж, үлдэх 1,000,000 төгрөгийг төлөөгүй, төлөх талаар нэхэмжлэгч нараар удаа дараа шаардуулж байсан байна.

 

Үүний улмаас, хариуцагч Ж.Б-ийн төлөх байсан 1,000,000 төгрөгийн өрийг нэхэмжлэгч Д.Ө, Г.Н.О нар нь өөрсдийн цалингаас суутгуулан байгууллагадаа төлсөн байх бөгөөд Н**** капитал ХХК нь  Г.Н.Оийн цалингаас 2019 оны 12 сард 202,154 төгрөг, 2020 оны 01 сард 240,077 төгрөг, торгууль 123,846 төгрөг, Д.Өлзийжаргалын цалингаас 12 сард 340,285 төгрөг, 01 сард 113,984 төгрөг, торгууль 154,923 төгрөг, нийт 1,175,269 төгрөгийг суутган авчээ.

 

Дурдсан үйл баримтууд зохигчдын тайлбар, хариуцагч Ж.Бнь үлдэгдэл 1,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч Д.Өлзийжаргалд бичиж өгсөн зээлийн гэрээ гэх баримт, Н**** капитал ХХК-ийн 2019 оны 12, 2020 оны 01 сарын цалингийн хүснэгт, тус байгууллагын “Ж.Б-ийн төлбөрийг нэхэмжлэгч нарын цалингаас суутган авсан” гэх агуулга бүхий тодорхойлолт, нэхэмжлэгч нар нь Н**** капитал ХХК-нд ажилладаг тухай тодорхойлолт, хариуцагч Ж.Б буудалд хоноглосон, зардал гаргасан байдлыг харуулсан бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан.

 

          Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй боловч нэхэмжлэгч Д.Ө, Г.Н.О нар нь хариуцагч Ж.Б-ийн Н**** капитал ХХК буюу А**** зочид буудалд төлөх байсан 1,000,000 төгрөгийн өрийг түүний өмнөөс сайн дураараа, өөрсдийн цалингаас суутгуулахдаа 1,175,269 төгрөг буюу 175,269 төгрөгийг илүү төлж, эд хөрөнгийн алдагдал хүлээсэн, энэхүү алдагдлаа хариуцагч Ж.Баяржавхлангаар нөхөн төлүүлэх эрхтэй байна.

 

          Тодруулбал, хариуцагч Ж.Бнь өөрийн төлөх ёстой 1,000,000 төгрөгийн өрийг нэхэмжлэгч Д.Ө, Г.Н.О нараар төлүүлж, бусдын зардлаар болон өөрийн хөрөнгийг хэмнэх аргаар хөрөнгөжсөн байх тул хуулийн дээрх заалтын дагуу өөрийн төлөх байсан өр болох 1,000,000 төгрөгийн хэмжээнд хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзнэ.

 

          Нэхэмжлэгч Д.Өнь дээрх 1,000,000 төгрөгөөс гадна цалингаасаа торгууль төлсөн, хариуцагч Ж.Б-г эрж хайх, шүүхэд хандах, цагдаад хандах, нэхэмжлэл гаргах, итгэмжлэл авах зэргээр Шар хоолойн амнаас холоос шүүх болон Цагдаагийн байгууллагад ирж, буцан тээврийн зардал, бичиг хэргийн зардал, нотариатын зардал гаргасан гэж тайлбарлан, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн 2659 дугаар шийдвэр, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2020.07.31-ний өдрийн 3601 дугаар хаяг тогтоосон тухай албан бичиг, 2020.12.16, 2020.07.03-ны өдрүүдийн Нотариатчдын танхимын тасалбар, Юни газ ХХК-ийн е-баримтыг үндэслэн хариуцагчаас 622,431 төгрөгийг нэмэлтээр шаардаж байна.

 

          Харин дээрх баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч Д.Өлзийжаргалаас хариуцагч Ж.Баяржавхланг эрэн сурвалжлуулахад 70,000 төгрөгийн зардал гарсан нь тогтоогдож байх бөгөөд Нотариатчдын танхимын тасалбарууд нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудыг нотариатаар батлуулсан цаг хугацааны хувьд зөрүүтэй, шатахууны баримт нь энэхүү хэрэг маргаантай холбоотой нэхэмжлэгч Д.Өлзийжаргалаас гарсан бусад зардлыг хангалттай нотлоогүй, энэхүү зардлыг хариуцагч Ж.Бнь Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар хариуцах үүрэггүй болно.

 

          Гэхдээ хариуцагч Ж.Баяржавлхан нь нэхэмжлэгч нарын суутгасан цалин хөлс, торгуулийг, эрэн сурвалжилсан зардлын хамт төлөхийг нэгэнт зөвшөөрсөн тул түүний зөвшөөрсөн хэмжээ болох 1,245,469 /1,175,269+70,200/ төгрөгийг гаргуулж, үүнээс нэхэмжлэгч Д.Өлзийжаргалд 679,392 /609,192+70,200/ төгрөг, нэхэмжлэгч Г.Н.От 566,077 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 376,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1‑д зааснаар хариуцагч Ж.Б-с 1,245,469 төгрөгийг гаргуулж, үүнээс нэхэмжлэгч Д.Ө-д 679,392 төгрөг, нэхэмжлэгч Н.О-т 566,077 төгрөгийг тус тус олгон, нэхэмжлэлээс үлдэх 376,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

         2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ө, Г.Н.О нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 40,909 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ж.Б-с 34,441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ө, Г.Н.О нарт хувь тэнцүүлэн олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

  

 

  

ДАРГАЛАГЧ                                      Т.ЭНХТУЯА