Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 133/ШШ2021/00441

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ГАА АС ЗДТГ нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Ө-д холбогдох

Гэрээний үнэ 7,600,000 төгрөг, алданги 2,508,000 төгрөг, нийт 10,108,000 төгрөг тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Б/цахимаар/, хариуцагчийн өмгөөлөгч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ГАА АС ЗДТГнь нэхэмжлэлдээ: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн иргэн М.Ө д эко бие засах газар барих ажлыг хийлгүүлэхээр шийдвэрлэсний дагуу сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 56 тоот гэрээ байгуулах эрх олгох захирамж гарснаар иргэн М.Ө тай орон нутаг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр эко бие засах газар бариулахаар 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 18 тоот гэрээг байгуулсан. Тус гэрээний нийт өртөг 9,500,000 төгрөг, үүнээс иргэн М.Ө нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 7,600,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн боловч уг ажил одоог хүртэл хийгдээгүй байна. Иймд гэрээний үүрэг биелэгдээгүй тул гэрээний үндсэн үнэ 7,600,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 2,508,000 төгрөг, нийт 10,108,000 төгрөгийг иргэн М.Ө аас гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

Хариуцагч М.Ө нь хариу тайлбартаа: Шинэ Засаг даргатай гэрээний дагуу материал татаад ажил гүйцэтгэх гэж байтал эко бие засах газар барих газрын хувьд үл ойлголцол үүсч, мөн ковидын нөхцөл байдлын улмаас хугацаа хойшлогдсон тохиолдол байгаа. Надаас хуулиас гадуур хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ГАА АС ЗДТГнь хариуцагч М.Ө-д холбогдуулан гэрээний үнэ 7,600,000 төгрөг, алданги 2,508,000 төгрөг, нийт 10,108,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл[1] гаргажээ.

Хариуцагч М.Ө  нь хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбар[2] гаргасныг түүний өмгөөлөгч М.Э нь шүүх хуралдаанд “Хариуцагч М.Ө  нь Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлээс ажлын хөлсөнд шилжүүлэн авсан 7,600,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин алданги 2,508,000 төгрөг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэж тодруулж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч ГАА АС ЗДТГнь хариуцагч М.Ө-тай 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 18 дугаар “Алтай сумын төвд эко бие засах газар барих ажлын гэрээ”-г[3] бичгээр байгуулжээ.

Уг гэрээгээр хариуцагч М.Ө  нь 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Алтай сумын төв эко бие засах газар барьж, хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч ГАА АС ЗДТГ нь ажлын хөлсөнд 9,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

Үүнээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд уг онцлог шинжээрээ бусад ижил, төстэй гэрээнээс ялгагддаг болно.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт “Талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэжээ.

Гэвч зохигч нь гэрээ байгуулагдсан өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 7,600,000 төгрөгийн ажлын хөлс, ажлын гүйцэтгэл 100 хувьтай байхад үлдэх 1,900,000 төгрөгийн ажлын хөлсийг тус тус төлөхөөр гэрээнд тусгажээ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэжээ.

Нэхэмжлэгч ГАА АС ЗДТГ нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, Алтай сумын орон нутгийн хөгжлийн сангаас 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ажлын хөлс 7,600,000 төгрөгийг хариуцагч М.Ө ын банк дахь дансанд шилжүүлсэн нь төлбөрийн хүсэлтээр[4] нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар зохигч маргасангүй.

Хариуцагч М.Ө  нь гэрээнд заасан хугацаанд буюу 2020 оны 09 дүгээр 25-ны өдрийн дотор эко бие засах газар барьж, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Улмаар хариуцагч М.Ө  нь 2010 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газарт хандаж, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас үүдэлтэй нөхцөл байдлаас үүдэн эко бие засах газар барих ажлыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй болохоо хүлээн зөвшөөрч, уг ажлыг гүйцэтгэн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх хүсэлт[5] гаргажээ.

Улмаар зохигч нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас ажил гэрээнд заасан хугацаанд хийгдээгүйг харилцан зөвшөөрч, 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 18/01 дугаар “Сумын төвд эко бие засах газар барих ажлыг гүйцэтгэх 18 тоот гэрээний дагалдах гэрээ”-г[6] байгуулжээ.

Уг гэрээгээр хариуцагч нь цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран ажлын даалгаварт заагдсан ажлыг гүйцэтгэн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хүлээлгэн өгөх үүрэг хүлээжээ.

Үүгээр хариуцагч М.Ө , өмгөөлөгч М.Энхзаяа нарын “Нэхэмжлэгчээс эко бие засах газар барих газрын асуудлыг шийдвэрлэж өгөөгүй тул ажил гүйцэтгэж чадаагүй” гэх татгалзлын үндэслэл няцаагдсан болно.

Гэвч хариуцагч М.Ө  нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Алтай сумын төвд эко бие засах газар барьж, хүлээлгэн өгөөгүй буюу Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх хэсэгт заасан “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх” үүргээ зөрчжээ.

Гүйцэтгэгч М.Ө ын хугацаа хэтрүүлсэн үүргийн зөрчилтэй холбогдуулан захиалагч ГАА АС ЗДТГнь гэрээг цуцалж, ажлын хөлсөнд шилжүүлсэн 7,600,000 гаргуулахаар шаардсан нь эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэжээ.

Хариуцагч М.Ө  нь Алтай сумын төвд эко бие засах газрыг барьж, 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газраас уг үүргээ 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон ч үр дүн гараагүй.

Энэ тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч ГАА АС ЗДТГ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгч М.Ө аас 7,600,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй.

Иймдээ ч хариуцагч нь ажлын хөлсөнд авсан 7,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхийг хүлээн зөвшөөрсөн байр сууриа өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд илэрхийлжээ.

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас 7,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэв.

Зохигчийн хооронд 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан 18 дугаар “Алтай сумын төвд эко бие засах газар барих ажлын гэрээ”-ний 2.2 дахь заалтад “Гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэж өгөөгүй бол үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутам 0,2 хувийн алданги тооцно” гэж талууд гэрээний хариуцлагыг тодорхойлжээ.

Хариуцагч М.Ө  нь ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн гол үүрэг болох ажлыг гүйцэтгэх үүргээ удаа дараа зөрчсөн тул гэрээнд заасны дагуу хариуцлага хүлээлгэх тухай нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэл эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз”, 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч ГАА АС ЗДТГ нь хариуцагч М.Ө аас гэрээний дагуу алданги 2,508,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 133/ШЗ2021/01132 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт заасан “нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй” үндэслэлээр М.Ө аас гэрээний үнэ 7,600,000 төгрөг, алданги 2,508,000 төгрөг, нийт 10,108,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.

Үүнээс үзэхэд хариуцагч М.Ө  нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацааны 112 хоногт ногдох алданги (7,600,000:100х0,2)=15,200х112=1,702,400 төгрөгийг нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газарт төлөх үүрэгтэй.

Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас алданги 1,702,400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, алдангиас 805,600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт “төсөвт байгууллагын нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасны дагуу нэхэмжлэгч ГАА АС ЗДТГ нь хариуцагч М.Ө-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хангагдсан нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 163,788 төгрөгийг хариуцагч М.Ө аас гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.

Хариуцагч М.Ө  нь түүнийг эзгүйд өмгөөлөгч М.Энхзаяаг оролцуулан шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтээ[7] 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд бичгээр гаргажээ.

Иймд шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэг заасны дагуу хариуцагч М.Ө ын эзгүйд түүний урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтган үзэж, түүний өмгөөлөгчийг оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М.Ө-аас 9,302,400/есөн сая гурван зуун хоёр мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг даргын Тамгын газарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 805,600/найман зуун таван мянга зургаан зуу/ төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ГАА АС ЗДТГнь хариуцагч М.Ө-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.Ө аас 163,788/нэг зуун жаран гурван мянга долоон зуун наян найм/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Б.МӨНХБАТ

 

 

[1] Хавтаст хэргийн 1-2 хуудас

[2] Хавтаст хэргийн 30 хуудас

[3] Хавтаст хэргийн 8-9 хуудас

[4] Хавтаст хэргийн 12 дугаар

[5] Хавтаст хэргийн 14 хуудас

[6] Хавтаст хэргийн 13 хуудас

[7] Хавтаст хэргийн 31 хуудас