Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
Хэргийн индекс | 181/2020/02763/И |
Дугаар | 182/ШШ2021/01035 |
Огноо | 2021-05-13 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2021/01035
2021 05 13 182/ШШ2021/01035
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, шүүгч И.Амартөгс, Ж.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.М-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: У.Х-т холбогдох
Эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 50,419,664 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Р.М, хариуцагчийн өмгөөлөгч П.Э, иргэдийн төлөөлөгч Ж.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Г.М нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд хариуцагч У.Хтай унаган багын найзууд юм. Харин хариуцагч У.Х нь 2019.05.18-ны өдрийн 20 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн зуслангийн замд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байх үедээ 8594 УГУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гэрлийн шон мөргөсний улмаас зорчигч болох Г.Мгийн биед хүнд, ноцтой хохирол учруулсан. Энэ талаар Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29-ний өдрийн 994 тоот шийтгэх тогтоол гарсан, шийтгэх тогтоолоор хариуцагч У.Хыг гэм буруутайд тооцож, жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжилж болохыг дурдсан. Энэ шийтгэх тогтоолд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй, хүчин төгөлдөр болсон. Эрүүгийн хэргийн явцад хариуцагч У.Х нь 26,033,522 төгрөгийг нэхэмжлэгч Г.Мд төлсөн, энийг ч шийтгэх тогтоолд мөн тусгасан байгаа. Тийм учраас бид шийтгэх тогтоол гарснаас хойш буюу 2019.11.29‑ний өдрөөс 2020 оны 12 сар хүртэл хийлгэсэн Монгол улсад болон БНСУ‑д хийлгэсэн эмчилгээний зардал болон уг эмчилгээтэй холбоотой зайлшгүй гарсан зардлуудыг хамтад нэхэмжилсэн. Нэхэмжлэгч Г.М нь хөдөлмөрийн чадвараа 80% алдсан, ослын улмаас нуруу, нугасны хүнд гэмтэл авсан, бүсэлхийнээс доош ямар нэгэн мэдээ байхгүй, мэдрэлийн судас гэмтсэн, байнгын бусдын асаргаанд байдаг, тэргэнцэртэй, түүнийг төлөөлөгч болох дүү Г.Бүрэнжаргал нь харж хандаж байна. Өөрөөр хэлбэл Г.Мг эмнэлэг рүү машинаар авч явдаг бөгөөд шатахууны зардал гардаг, эм тарианы зардал гэх мэт нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй их зардал гарч байгаа. Гэхдээ энэ бүгдийг нэхээгүй.
Нэхэмжлэгч Г.М нь Монгол улсад эмчлүүлсэн, Самандбадраа эмнэлэгт хэвтсэн, өдрөөр эмчлүүлсэн, байнгын эмчийн хяналтад байсан боловч сайн үр дүн гарахгүй байсан учир Монгол улсад нээгдсэн байсан эрүүл мэндийн үзэсгэлэн худалдааг сонирхон явж байгаад Г.Мгийн өвчний түүхийг танилцуулан, БНСУ‑ын эмнэлэгтэй холбогдон эмчлүүлэхээр болсон. Ингээд ээж Цэнгэлийн хамт виз хөөцөлдсөн, хамт явсан. Учир нь Г.Мд зайлшгүй бусдын асаргаа шаардлагатай, хэн 1 хүн заавал хамт явах шаардлагатай байдаг болсон. Ингээд БНСУ руу 2020 оны 02 сард явж, Жэсон эмнэлэгт уламжлалт зүү төөнүүр, бариа засал зэрэг эмчилгээг хийлгэж, бага зэрэг дээрдсэн учир буцаж Монголдоо 06 сард ирсэн. Харин Монгол улсад корона вирусын халдвартай холбоотойгоор гаднаас ирсэн хүмүүс 30 хоногийн тусгаарлалтад байсан учир Г.М, ээжийн хамт Цэргийн эмнэлэгт хэвтэн тусгаарлагдсан байдаг. Иймд Г.М нь Монгол улс болон БНСУ‑д эмчилгээ хийлгэсэн эмчилгээний зардал, 2 хүний онгоцны тийз, тусгаарлалтад байсан зардал зэрэг нийт 50,419,664 төгрөгийг хариуцагч У.Хаас Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлд зааснаар нэхэмжилж байгаа бөгөөд эмчилгээний зардлын жагсаалтыг хэрэгт өгсөн байгаа. Энэ нэхэмжилж байгаа мөнгө нь аль хэдийн нэхэмжлэгч Г.Мгаас гарсан зардлууд байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.Х Г.М хоёр багийн найзууд байсан бөгөөд Хосбаярынд очоод хоол идээд, архи уусан бөгөөд хэн аль нь согтуу байсан, У.Х нь согтуу машин жолоодож Г.Мг гэрт нь хүргэн өгөх гэж яваад зам тээврийн осол гаргаж, Г.Мгийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэлдээ 2019.11.29-ний өдрийн 994 дугаартай Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял аваад хариуцлагаа хүлээсэн, гэм буруугийн талаар маргахгүй, тийм учраас шийтгэх тогтоолд гомдоогүй, хүчин төгөлдөр болсон байдаг. Шийтгэх тогтоолд дурдсанаар хариуцагч У.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 9,589,333 төгрөг, хохирол нөхөн төлөх завсарлага авсан хугацаанд 16,444,189 төгрөг, нийт 26,033,522 төгрөгийг төлсөн байдаг. Бидний зүгээс нэхэмжлэгч Г.Мгийн эмчилгээтэй холбоотой Иргэний хуулийн 505.1‑д заасан зайлшгүй зардлыг төлнө. Харин шатахууны зардал, тусгаарлалтын зардал, БНСУ‑ын тийзний зардал зэрэг нэмэлт, давсан зардлыг зөвшөөрөхгүй байна. Ер нь нэхэмжлэгч Г.М нь ямар эмчийн заавраар, юуг үндэслэж БНСУ‑д эмчлүүлсэн нь тодорхойгүй байна гэв.
Иргэдийн төлөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Зохигчдын мэтгэлцээнийг бүхэлд нь сонслоо. Хариуцагч гэм буруутай талаараа маргасангүй, хүний эрүүл мэнд чухал, эмчилгээ хийхтэй холбоотой зардлууд байх тул нэхэмжлэл үндэслэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч У.Хт холбогдуулан Монгол улс болон Бүгд найрамдах Солонгос улс /БНСУ/-д эмчилгээ хийлгэсэн зардал, шатахууны зардал, виз, тийзний зардал, тусгаарлалтын зардал зэрэгт нийт 50,419,664 төгрөг гаргуулахаар нэхэмжилсний зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч У.Х согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж, түүнтэй хамт явсан нэхэмжлэгч Г.Мгийн биед хүнд гэмт учруулсан, нэхэмжлэгч Г.М нь бүсэлхийнээс доош мэдээгүй болж, нуруу нугасны сэргээн засах болон уламжлалт эмчилгээг Монгол улсад, БНСУ‑д тогтмол хийлгэсэн зардал, ээж Цэнгэлийн хамт БНСУ явах визны материал бүрдүүлсэн зардал, нислэгийн тийзний зардал, Монгол улсад ирж тусгаарлалтад байсан 2 хүний зардал зэрэг өөрөөс нь бодитой гарсан зардлыг нэхэмжлэх эрхтэй бөгөөд зам тээврийн осол болоогүй байсан бол нэхэмжлэгч Г.Мгаас ийм хэмжээний зардал гарахгүй, эрүүл саруул байх байсан гэж тайлбарлав.
Хариуцагч тал зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгч Г.Мгийн биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлийн талаар болон Иргэний хуулийн 505.1‑д заасан зайлшгүй зардлыг төлөх талаар маргахгүй, харин үүнээс хэтэрсэн нэмэлт зардлыг буюу 2 хүний виз, нислэгийн тийз, тусгаарлалтын зардал болон шатахууны зардлыг төлөх боломжгүй, мөн заавал БНСУ‑д эмчлүүлэх шаардлага байсан эсэх, ямар эмчийн заавар, зөвлөгөө байгаа нь тодорхойгүй гэж мэтгэлцсэн.
Харин иргэдийн төлөөлөгч Ж.Х нь хариуцагч гэм буруугийн талаар маргахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг баримтын хүрээнд хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29‑ний өдрийн 994 дүгээр шийтгэх тогтоолоор “...шүүгдэгч У.Х нь 2019.05.18‑ны өдрийн 20 цаг 30 минутын орчим, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Тоёота Ист маркийн 35-** УБУулсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтыг зөрчсөний улмаас гэрлийн шон мөргөж, зорчигч Г.Мгийн эрүүл мэндэд хүнд, бусдын эд хөрөнгөд 1,300,000 төгрөгийн хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” зам тээврийн осол гаргасан болохыг дүгнэж,
хариуцагч У.Хыг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Г.Мгийн биед хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хохирогч Г.М нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
Мөн энэхүү шийтгэх тогтоолд “...Г.Мгийн биед хүзүүний 6‑7 дугаар нугалмын мултрал, гулсалт, арын холбоосуудын урагдал, хүзүүний 7 дугаар нугалмын арын сэртэнгийн хугарал, нугасны дарагдал гэмтэл, доод мөчдийн саажил, аарцгийн эрхтэний үйл ажиллагааны алдагдал тогтоогдсон, ... энэ нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, ... амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлтийн талаар, ... мөн шүүгдэгч У.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 9,589,333 төгрөг, хохирол нөхөн төлөх завсарлага авсан хугацаанд 16,444,189 төгрөг, нийт 26,033,522 төгрөгийг хохирогч Г.Мд төлсөн талаар дүгнэгдсэн байх бөгөөд зохигчдын хэн аль нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29‑ний өдрийн 994 дүгээр шийтгэх тогтоолд нэгэнт дүгнэгдсэн, хариуцагч У.Хын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Мгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хариуцагч У.Х нь хохирол төлсөн үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4‑т зааснаар дахин нотлох шаардлагагүй болно.
Нэхэмжлэгч Г.М нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тэрээр дээрх гэмт хэргийн улмаас 2019.09.18-ны өдрөөс хөдөлмөрийн чадвараа 80% алдсан, уг хугацаа 2022.09.18‑ны өдрийг хүртэл сунгагдсан, үүний улмаас 2019.11.29‑ний өдрөөс хойш үргэлжлүүлэн эмчлүүлж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Грандмед эмнэлэг, Улаанбаатар Сонгдо эмнэлэг зэрэгт үзүүлж, сэргээн засах эмчилгээ хийлгэсэн, Самандбадраа эмнэлэгт хэвтсэн, өдрөөр сэргээн засах, уламжлалт эмчилгээ хийлгэсэн, байнгын эм тариа, том хүний памперс /живс/ хэрэглэдэг, өрхийн эмнэлгийн хяналтад болон бусдын байнгын асаргаанд байдаг учир 2020.02.03-ны өдөр Очирт тулга трейд ХХК-иас 1,300,000 төгрөгөөр спорт тэргэнцэр худалдан авсан, эмчид үзүүлэхээр явахдаа байнга автомашин, тэргэнцэр хэрэглэдэг зэрэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон.
Харин нэхэмжлэгч Г.Мгийн биеийн эрүүл мэндийн байдал сайжрахгүй байгаатай холбоотойгоор нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр БНСУ‑ын Жэсэн /Jaseng/ эмнэлэгтэй холбогдон БНСУ‑д эмчлүүлэхээр болж нэхэмжлэгч Г.М нь ээж Л.Ц-н хамт БНСУ‑ын визний мэдүүлэгт 117,000 төгрөг, 2020.02.09-ний өдөр Айр транс ХХК-д 1 хүний 952,100 төгрөгөөр 2 хүний тийз захиалж нийт 1,904,200 төгрөг тус тус төлсөн, түүнчлэн БНСУ‑д 2020.02.12‑ны өдөр ээж Л.Ц-н хамт очиж, 2020.02.15‑ны өдрөөс 2020.06.15‑ны өдрийг хүртэл Жэсэн /Jaseng/ эмнэлэгт удаа дараа бариа, хөдөлгөөн заслын эмчилгээ, удаа дараа зүү төөнүүр, уламжлалтын эмчилгээ хийлгэн, өөрөөсөө 14,319,720 воны зохих зардлыг гаргасан байх бөгөөд биеийн эрүүл мэндийн байдал сайжирсан болохыг нэхэмжлэгч тал тайлбарласан.
Ийнхүү нэхэмжлэгч Г.М нь ээж Л.Ц-н хамт Монгол улсад үүссэн, нийтэд илэрхий үйл баримт болох Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас Улсын онцгой комиссын шийдвэр, тус байгууллагын https://nema.gov.mn гэсэн албан ёсны сайтад байршуулсан мэдээллийн дагуу 2020.06.18‑ны өдөр Сөүл‑Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Монгол улсад буцан ирж, мөн өдрөөс эхлэн 07 сарын 19‑ний өдрийг хүртэл Цэргийн төв эмнэлэгт урьдчилан сэргийлэх ажиглалтанд байж, 1 хүний 1,050,000 төгрөгөөр 2 хүний тусгаарлалтын зардалд нийт 2,100,000 төгрөг төлжээ.
Дурдсан үйл баримтууд нь зохигчдын гаргасан тайлбар, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрүүд, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.29‑ний өдрийн 994 дүгээр шийтгэх тогтоол, Монгол улсад болон БНСУ‑д хийлгэсэн эмчилгээ болон төлбөрийн баримтууд буюу е-баримтууд, эм тариа худалдан авсан Монос, Палома, Тавин ус, Монгол фарм зэрэг эмийн сангуудын е‑баримтууд, Грандмед, Улаанбаатар сонгдо, Самандбардаа эмнэлгүүдийн е‑баримтууд, тэргэнцэр худалдан авсан тухай Очирт тулга трейд ХХК‑ийн зарлагын баримт, Айр транс ХХК‑ийн тийзны е‑баримт, визны төлбөр төлсөн баримт, Цэргийн төв эмнэлгийн тодорхойлолт, тусгаарлалтын зардал төлсөн ээж Л.Ц-н ХААН банкны дансны хуулга, Самандбадраа эмнэлгийн хэвтэн эмчлүүлсэн төлбөрийн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Гэм хорыг арилгах үндэслэл, шаардах эрх нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байх, мөн гэм буруу нь тогтоогдсон байхыг шаардах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч Г.Мд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1‑д заасан хохирол нэхэмжлэх эрх үүснэ.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”,
497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,
505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч У.Хын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Мгийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч, түүний улмаас нэхэмжлэгч Г.М нь дээрх зардлуудыг өөрөө төлсөн, нэхэмжлэгч Г.Мг асарч сувилах шаардлагаар ээж Л.ЦБНСУ‑д хамт явсан, үүний улмаас тусгаарлалтад байсан зэрэг зардлууд нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1‑д заасан зайлшгүй, бодит зардалд хамаарч байна.
Иймд хариуцагч У.Х нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1‑д зааснаар нэхэмжлэгч Г.Мгийн эрүүл мэндийг өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй, тэрээр сэргээх боломжгүй бол нэхэмжлэгч Г.Мгаас нэгэнт гарсан эмчилгээ болон түүнд хамаарах бусад зардлыг мөнгөн хэлбэрээр төлөх үүрэгтэй, түүний гэм буруутай үйлдэл, нэхэмжлэгч Г.Мгийн эрүүл мэндэд учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг баримтын хүрээнд хангах талаар санал гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “Эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлэх бөгөөд хариуцагч У.Хын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон, нэхэмжлэгч Г.Мг тээвэрлэн явахдаа зам тээврийн осол гаргасан гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г.Мгийн бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байх, эрүүл амьдрах боломж алдагджээ.
Нөгөө талаар хариуцагч У.Х нь гэм буруутай үйлдэл гаргаагүй байсан бол нэхэмжлэгч Г.М нь эрүүл саруул байж, ажил хөдөлмөр эрхлэн хэвийн амьдарч байх байсан, тэрээр бусдын байнгын асаргаанд орж, тогтмол сэргээн засах эмчилгээ хийлгэж, эм тариа хэрэглэн, цаашлаад БНСУ‑д эмчлүүлж, өөрөөсөө их хэмжээний зардал гаргах шаардлагагүй байсан талаарх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч У.Х нь баримтаар тогтоогдсон хэмжээний хохирлыг хуулийн дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч Г.Мд нөхөн төлөх үүрэгтэй байх тул “хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан заавал БНСУ‑д эмчлүүлэх шаардлага байсан эсэх, ямар эмчийн заавраар явсан болох нь тодорхойгүй, үүний улмаас виз, тийз, тусгаарлалтын зардал гарсан нь зайлшгүй зардалд орохгүй” гэх тайлбараар хариуцагчийг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Хэрэгт авагдсан, нотлох баримтын шаардлага хангасан эмчилгээ болон бусад зардлын баримтуудаар, нэхэмжлэгч Г.М нь 2019.12.04‑ний өдрөөс 2020.12.10‑ны өдрийн хооронд Монгол улсад эмчилгээг гэрээр болон хэвтэн эмчлүүлж, эмнэлэгт үзүүлж, эм тариа, том хүний памперс /живх/ зэргийг худалдан авсан төлбөр, визний мэдүүлгийн төлбөр, 2 хүний нислэгийн тийзний төлбөр, 2 хүний тусгаарлалтын төлбөр зэрэгт нийт 12,363,993 төгрөг /8,242,793 + 117,000 + 1,904,200 + 2,100,00/ төлсөн,
БНСУ‑д эмчилгээ хийлгэсэн, эм тариа, том хүний памперс /живс/ зэргийг худалдан авсан нийт төлбөр 14,319,720 вон буюу 34,510,525 төгрөг /1-р хх-ийн 3-р хуудсанд авагдсан Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаагаар, 2020.08.13‑ны өдрийн байдлаар 1 вон 2,41 төгрөг/ төлж, нийт 46,874,518 төгрөгийн зардлыг өөрөөсөө гаргасан нь тогтоогдож байна.
Тиймээс хариуцагч У.Хаас нийт 46,874,518 /12,363,993 төг + 14,319,720 вон буюу 34,510,525 төг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгон, нэхэмжлэлээс үлдэх 3,545,146 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хэрэгт авагдсан МТ, Сод монгол групп зэрэг шатахуун түгээх станцын шатахууны бүх баримтууд, он, сар, өдөр болон хэн юуны зардалд зарцуулсан нь тодорхойгүй, бичиглэл уншигдахгүй, утга ойлгомжгүй эмчилгээ, эм тариатай холбоотой зарим баримтууд нь нэхэмжлэгч Г.Мгийн эмчилгээний зардалд шууд хамааралтай гэж үзэхэд эргэлзээтэй, бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул уг баримтуудаар 3,545,146 төгрөгийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзсэн болно.
Хариуцагчийн төлөөлөгч Л.У нь шүүх хуралдааны тов мэдсэн бөгөөд өөрийнхөө эзгүйд, өмгөөлөгч П.Э-г оролцуулан шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт ирүүлснийг үндэслэн хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд, өмгөөлөгч П.Э-г оролцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1., 115.2., 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1‑д заасныг баримтлан хариуцагч У.Хаас 46,874,518 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,545,146 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Г.М нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч У.Хаас 392,323 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХТУЯА
ШҮҮГЧИД И.АМАРТӨГС
Ж.БАЙГАЛМАА