| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Мөнхбат |
| Хэргийн индекс | 133/2021/00417/и |
| Дугаар | 133/ШШ2021/00469 |
| Огноо | 2021-11-03 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 133/ШШ2021/00469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ГАА МСҮТ холбогдох
“Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн үсчин мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, мөн хугацааны шимтгэл төлсөн бичилтийг эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь нэхэмжлэлдээ: Д.С миний бие Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 30 дугаартай тушаалаар ажилд орж байсан. Үүнээс хойш тасралтгүй өдийг хүртэл ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа ажлын алдаа дутагдал гаргаж байгаагүй. Сахилгын ямар нэгэн арга хэмжээг авч үзэлгүй ажиллаж ирсэн. Намайг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн юм. Иймд Д.С намайг Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд үсчин мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс шүүх хуралдаан болох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилтийг хийлгүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч: ГАА МСҮТ нь хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн тухайд тус төвд үсчин мэргэжлийн багшаар ажиллаж байсан. Мэргэжлийн хяналтын байцаагчийн 2017 оны 3 дугаар сарын 17 ны өдрийн 08-09-029/01/12 дугаартай албан шаардлагыг үндэслэн мэргэжлийн бичиг баримт шаардаж, удаа дараа мэдэгдэж байсан. Сургуульдаа сурч байгаа гэсээр өдийг хүрсэн. Иймд үсчин мэргэжлийг нотлох бичиг баримт байхгүй байгаа тул ажлаас чөлөөлсөн. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр болон зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна гэж заасан. Хуулийн дээрх заалтаас үзэхэд Д.С нь тус шаардлагыг хангахгүй байгаа бөгөөд энэ түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын талаар түүнд өмнө нь ч мэдэгдэж байсан болно. Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал нь тус төвийг бүрэн төлөөлөхийн сацуу байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хэвийн явуулах, сургалтын чанарыг сайжруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зохих шийдвэрийг гаргасан болно. Иймд Д.С-гийн нэхэмжлэлтэй тус иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч ГАА МСҮТ холбогдуулан үсчин мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэлийг нөхөн төлсөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл[1] гаргажээ.
Уг агуулгаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.
Хариуцагч ГАА МСҮТ нь хариу тайлбартаа[2] “Д.С нь Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд заасан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр болон зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна гэсэн шаардлагыг хангаагүй” гэж, хариуцагчийн төлөөлөгч Б.Батсанчир нь шүүх хуралдаанд “Д.С нь 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажил тасалсан” гэж тус тус татгалзан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэх нь эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хариуцагч ГАА МСҮТ нь нэхэмжлэгч 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Д.С-тай 6 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг[3] бичгээр байгуулжээ.
Уг хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан ажлын байр/албан тушаал/-ны нэрийг үсчин мэргэжлийн багш гэж, гүйцэтгэх ажил, үүргийг бага ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэг гэж, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээг ТҮМБ-5-3 шатлал гэж, хөдөлмөрийн нөхцөлийг хэвийн гэж тус тус тусган, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.7 дахь хэсэгт заасны дагуу талууд гарын үсэг зурснаар уг хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр болжээ.
Үүнээс үзэхэд зохигчийн хооронд хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч нар маргасангүй.
Хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5, 16.5.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 2.13, 5.3, 5.15, 5.16.2.в-г тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.С-г 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн үсчин мэргэжлийн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Уг тушаал нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт “ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол”, 128.1.5 дахь хэсэгт “энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан асуудлаар гарсан маргаан”-ыг шүүх хянан шийдвэрлэдэг.
Иймд ажил олгогч ГАА МСҮТ нь ажлаас буруу халсан, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах тухай ажилтан Д.Сгийн гомдол нь иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд хамаарч байна.
Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заажээ.
Ажилтан Д.С нь ажил олгогч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг эс зөвшөөрч 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр[4] шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтад нийцжээ.
Иймд шүүхээс хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халсан ажил олгогчийн шийдвэр нь хуульд нийцсэн эсэх талаар эрх зүйн дүгнэлт хийж, хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг агуулгаар нь хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ажил олгогч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалд ажилтан Д.С-г ажлаас чөлөөлөх болсон үйл баримтыг тухайлан дурьдаагүй.
Гэвч хариуцагч нь нэхэмжлэгчийг “салбарын хуульд заасан мэргэжлийн шаардлага хангаагүй, ажил тасалсан” зэрэг сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж шүүх хуралдаанд тайлбарласан.
Нэхэмжлэгч Д.С нь 2004 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д үсчин мэргэжлийн багшаар тасралтгүй ажиллаж байгаа болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын талаар хэргийн оролцогч маргаагүй болно.
Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдөр баталж, мөн өдрөөс нь дагаж мөрдсөн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй, эсхүл үйлдвэрлэлийн ажлын зохих дадлагатай, мэргэжлийн өндөр зэрэгтэй, багшлах эрхтэй байна” гэжээ.
Уг хууль хүчин төгөлдөр мөрдөхөөс өмнө нэхэмжлэгч Д.С нь “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д үсчин мэргэжлийн багшаар ажиллаж байсан тул эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.
Учир нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “Гэрээний талууд харилцан хүлээн зөвшөөрсөн тохиолдолд өмнө үйлчилж байсан хууль тогтоомжоос илүү тааламжтай нөхцөл олгож байгаа шинээр баталсан хууль тогтоомжийг хэрэглэж болно”, 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэжээ.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан ажил олгогч ГАА МСҮТ нь ажилтан Д.С-г “бакалавр, түүнээс дээш зэргийн дээд боловсролгүй” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалж, эрх зүйн байдлыг нь дордуулаагүй байна.
Цаашид үсчин мэргэжлийн багшийн ажлыг эрхлэх тохиолдолд бакалавр, түүнээс дээш дээд боловсролын зэрэгтэй байх гэсэн ажлын байрны шаардлагыг хангахыг мэдэгдэж байсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.
Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт заасны дагуу иргэн тодорхой хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдах, бие даан суралцах замаар боловсрол, мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлж байх үүрэгтэй.
Иймдээ ч нэхэмжлэгч Д.С нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн захиргаанд гаргасан өргөдөлдөө[5] “2016 оноос хойш Улаанбаатар хотод Сити их сургуульд үсчин, стилист мэргэжлээр эчнээгээр суралцаж байгаа” гэжээ.
Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгч Д.С нь ажлын байрны шаардлагыг хангахгүй байгаа зөрчлийг тогтоож, уг зөрчлийг арилгуулах тухай 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 08-09-029/01/12 дугаар албан шаардлагыг[6] хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д өгч байжээ.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Д.С нь бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх гэсэн шаардлагыг хангах үүрэгтэй болохоо ухамсарласан атлаа 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд уг зөрчлөө арилгаагүй байна.
Зохигчийн хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2.3 дахь хэсэгт[7] хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг нэг бүрчлэн заасан байх бөгөөд үүнд “ажлын байрны шаардлага хангахгүй” байхыг тусгаагүй.
Үүнээс үзэхэд ажилтан Д.С-гийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн ажил олгогч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 хэсэгт заасантай нийцсэнгүй.
Учир нь хөдөлмөрийн нэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх шаардлагатай.
Хөдөлмөрийн гэрээний 6.2.3-ын “Б”-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сард 2 өдрийн хугацаагаар ажил тасалсан, эсвэл хуанлийн нэг сарын хугацаанд ажил тасалсан цагийн нэгтгэн бодоход ажлын 2 өдөртэй тэнцэж байвал” хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил байхаар заажээ.
Гэвч ажилтан Д.С нь “2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд ажил тасалсан” гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлсэнгүй.
Учир нь ажлаас халсан шийдвэр нь бодит байдалд нийцсэн, эрх зүйн үндэслэлтэйг нотлох нь ажил олгогчийн үүрэг юм. Учир нь ажил олгогч нь өөрийн санаачилгаар ажилтны оролцоогүйгээр бие даан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах шийдвэр гаргах эрх хэмжээтэй болно.
Иймд шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-г хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн үсчин мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоов.
Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээний болон түүнээс уламжилсан хөдөлмөрийн бусад харилцааг энэ хуулиар зохицуулдаг.
Гэтэл хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн захирлын 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/23 дугаар тушаалд хөдөлмөрийн харилцааг зохицуулдаггүй Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний алдаа бөгөөд уг алдааг шүүх зөвтгөх боломжгүйг тэмдэглэж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт дундаж цалин хөлс тодорхойлох журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар заасны дагуу Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ыг баталжээ.
“Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-ын а-д ажлаас буруу халсны олговрыг тодорхойлохдоо дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцохоор заажээ.
Хууль, журмын дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.С-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод[8] тусгагдсан 2021 оны 5,6,7 дугаар сарын цалин хөлсөөр тооцоход нэг сарын дундаж цалин хөлс нь 1,073,208+1,082,721.6+974,449=:3=1,043,459.53 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 1,043,459.53:21,5= 48,553.0015 төгрөг байна.
Нэхэмжлэгч Д.С-гийн ажилгүй байсан 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлд заасан “нийтээр амрах баярын өдөр”, мөн хуулийн 77 дугаар зүйлд заасан “долоо хоног бүрийн амралтын өдөр”-ийг тус тус хасч тооцоход ажлын 49 өдөр байна.
Иймд нэхэмжлэгч Д.С-гийн нэг өдрийн дундаж цалин хөлс 48,553.0015 төгрөгийг ажилгүй байсан 49 ажлын өдрөөр үржүүлсэн дүн болох 2,378,117 төгрөгийг хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс гаргуулахаар шийдвэрлэв.
Энэхүү ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2,378,117 төгрөг нь татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутгаагүй дүн болохыг дурьдах нь зүйтэй.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй”
46.2 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч Д.С-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2,378,117 төгрөгөөс зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийхийг хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д даалгав.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхөөр заасны дагуу нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэжээ.
Хуулийн дээрх заалтын дагуу шүүхээс хангагдсан 2,378,117 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 52,999 төгрөгийг ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 123,119 төгрөгийг хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С-г хариуцагч “ГАА МСҮТ”-ийн үсчин мэргэжлийн багшийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 2,378,117/хоёр сая гурван зуун далан найман мянга нэг зуун арван долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.С-д олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С-гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 2,378,117 төгрөгөөс хуульд заасан зохих суутгалыг хийж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл төлсөн бичилт хийхийг хариуцагч “ГАА МСҮТ”-д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “ГАА МСҮТ”-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв”-өөс 123,119/нэг зуун хорин гурван мянга нэг зуун арван ес/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАТ