Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 133/ШШ2021/00492

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбат даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ГАА ДС ЗДТГ-т холбогдох

Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөний ажлын хөлс 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн төлөөлөгч П.Г/цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ГАА ДС ЗДТГ-т Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг 5,000,000 төгрөгийн үнэ хөлстэйгээр хийж, хүлээлгэж өгсөн юм. Ажлын хөлсний 50 хувийг 2016 оны 08 дугаар сард 2,000,000 төгрөгийг Дарив сумын Засаг даргын Тамгын газар өгч, 500,000 төгрөгийг Дарив сумын Хужирт жавхлант хоршоо өгсөн билээ. Одоо үлдэгдэл 50 хувь төлбөрийг өгөхгүй байгаа тул миний уран бүтээлийн ажлын хөлсийг холбогдох материал хөшөө дурсгал уран бүтээлийг үндэслэн 2,500,000 төгрөг болон эвлэрүүлэн зуучлалын төлбөр болох 30,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ГАА ДС ЗДТГ нь хариу тайлбартаа: 2015 онд сумын Засаг даргын Тамгын газарт иргэн Ш.Б, Ч.А нарын хүсэлтээр сумын цэцэрлэгт хүрээлэнд Монгол Улсын заан Ч.Амартүвшиний хөшөөг ах дүүсээрээ нийлж босгох санал ирсэн. Уг саналын дагуу Ч.Амартүвшин агсны ах дүүс Ц.Б-тэй хамтарч хөшөөг босгож, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр сумын Засаг даргын тамгын газарт хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш Засаг даргын Тамгын газар хөшөөний бүрэн бүтэн байдал засвар үйлчилгээг хариуцаж байсан. Уг хөшөөг босгоход Ч.Амартүвшин агсны ах дүүс болон Ц.Б-т нартай Засаг даргын Тамгын газрын зүгээс ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй болно. Ах дүү нар нь бид өөрсдийн хөрөнгөөр сумынхаа 90 жилийн ойг угтаж, орон нутагт хийж байгаа хөрөнгө оруулалт гэж тухайн үедээ мэдэгдэж байсан. Хөшөөг босгосны дараа сумын 90 жилийн ойн арга хэмжээний үеэр сумын удирдлагууд Ц.Б-ийг хүлээн авч уулзан орон нутагт бүтээн байгуулалтын ажил хийсэнд талархаж 2,500,000 төгрөг, зааны сувинерийн хамт гардуулж өгсөн болно. Түүнээс ажлын хөлс өгнө гэсэн ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй болно гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг 2015 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд бүтээсэн. Заан Ч.Амартүвшингийн ах, дүү, төрөл, садангийн хүмүүсээс 1,000,000 төгрөг өгсөн гэв.

Хариуцагчийн төлөөлөгч П.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг Ц.Б нь ганцаараа урлаж, бүтээсэн нь үнэн. Уг хөшөөг 5,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр хүлээн авсан, үүн дээр маргах зүйлгүй. Заан Ч.Амартүвшингийн хөшөө Дарив сумын Засаг даргын Тамгын газртын өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч ГАА ДС ЗДТГ-т холбогдуулан Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөний ажлын хөлс 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ГАА ДС ЗДТГ нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Нэхэмжлэгч Ц.Б-тэй Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг хийлгэх талаар гэрээ, хэлцэл хийгээгүй” гэж маргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Ц.Б нь Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг бүтээж, 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч Хариуцагч ГАА ДС ЗДТГ-т 5,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр хүлээлгэн өгчээ.

Энэ нь нэхэмжлэгч Ц.Б болон Говь-Алтай аймгийн Дарив сумын Засаг даргын Засаг дарга П.Г, Засаг даргын орлогч А.Б, Засаг даргын Тамгын газрын дарга Н.Э нарын харилцан гарын үсэг зурж, албажуулсан 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ажил хүлээн авсан актаар нотлогдож байх бөгөөд уг үйл баримтын хэргийн оролцогч маргасангүй.

Хэдийгээр уг ажил хүлээн авсан актын хүлээлгэн өгсөн хэсэгт нэхэмжлэгч Ц.Б-ээс гадна Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хамаарал бүхий/ах, дүү, төрөл, садан/ болох Ч.Авирмэд нарын нэр 8 хүн гарын зурсан хэдий ч уг хөшөөг нэхэмжлэгч бүтээсэн болохыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болно.

Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг 5,000,000 төгрөгөөр барьж, хүлээлгэн өгөх талаар зохигчийн хооронд гэрээ, хэлцэл хийгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

Хэдийгээр ажил хүлээн авсан актад ГАА ДС ЗДТГ-г  захиалагч гэж дурьдсан хэдий ч үүгээр зохигчийн хооронд хэлцлийн үндсэн дээр үүрэг үүссэн гэж үзэхгүй.     

Учир нь нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч ГАА ДС ЗДТГ-тай Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг бүтээх талаар гэрээ, хэлцэл хийгээгүй болохоо шүүх хуралдаанд зөвшөөрсөн.

Үүгээр хариуцагч ГАА ДС ЗДТГ-н нэхэмжлэгч Ц.Бтэй Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг хийлгэх талаар гэрээ, хэлцэл хийгээгүй гэсэн хариу тайлбар батлагдсан болно.

Энэ тохиолдолд шүүхээс зохигчийн хоорондын 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр огноотой ажил хүлээлцсэн актыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.  

Нэхэмжлэгч Ц.Б нь “Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөний ажлын хөлс 2,000,000 төгрөгийг Дарив сумын Засаг даргын Тамгын газар, 500,000 төгрөгийг Хужирт жавхлант хоршоо тус тус 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн” гэх нэхэмжлэлийн үндэслэлийг хариуцагч ГАА ДС ЗДТГ нь үгүйсгэж “Ц.Бийг урамшуулж, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр сумын 90 жилийн ойн хандивын хөрөнгөөс 2,000,000 төгрөг, Хужирт жавхлант хоршоо нь 500,000 төгрөг тус тус өгсөн” гэж татгалзлын үндэслэл гаргажээ.

Хэргийн үйл баримтын талаар харилцан эсрэг агуулгыг илэрхийлж буй зохигчийн дээрх тайлбар нь нотлох баримт боловч нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал няцаан үгүйсгэж буй тохиолдолд  нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

Эсрэг талын тайлбарыг үгүйсгэж, өөрийн тайлбарыг нотлохоор зохигчийн цуглуулж, гарган өгсөн эсхүл хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд шүүх эрх зүйн дүгнэлт хийдэг.

Нэхэмжлэгч Ц.Б нь “Хариуцагч ГАА ДС ЗДТГ нь Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөний ажлын хөлс гэж 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг өгсөн” гэх нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасны дагуу баримтаар нотолсонгүй.

Иймд шүүхээс зохигчийн хооронд “Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг 5,000,000 төгрөгөөр барьж, хүлээлгэн өгөх үүрэг” хэлцлийн үндсэн дээр үүрэг үүсээгүй гэж дүгнэв.

Гэвч Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэгт “үндэслэлгүйгээр эд юмс олж авах, эзэмших” нь иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл байхаар зааснаас үзэхэд аливаа этгээд иргэний эрх зүйн харилцаанаас үндэслэлгүйгээр хөрөнгөжих учиргүй гэж хууль тогтоогч үзжээ.

Тодруулбал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй

492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө олж авсан этгээдийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Ц.Бийн бүтээсэн Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг 5,000,000 төгрөгийн үнэлгээтэйгээр хүлээн авч, өмчлөлдөө бүртгэж, бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг нь хариуцаж буйгаа хариуцагч  ГАА ДС ЗДТГ хүлээн зөвшөөрсөн.

Энэ тохиолдолд хариуцагч ГАА ДС ЗДТГ-г  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх тул нэхэмжлэгч Ц.Б нь шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч нь Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг бус уг хөшөөний үнэлгээ  5,000,000 төгрөгөөс үлдэх 2,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь эрх зүйн үндэслэлтэй.

Учир нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт “Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө” гэжээ.

Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөг нь түүний хөдөлмөр, алдрыг мөнхжүүлэх зорилгоор бүтээж, уугуул нутагт нь босгож, орон нутгийн өмчид бүртгэсэн, түүх, дурсгалын зориулалтаар ашиглагдах учиртай тул буцаах боломжгүй.

Энэ нь нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч ГАА ДС ЗДТГ болон Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн ах, дүү, төрөл, садан, гэр бүлийн гишүүний хэн алиных нь ашиг сонирхолд нийцнэ.

Иймд хариуцагч ГАА ДС ЗДТГ нь Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөний үнийн үлдэгдэл 2,500,000 төгрөг нэхэмжлэгч Ц.Бт төлөх үүрэгтэй болно.

Гэвч нэхэмжлэгч Ц.Б нь Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хамаарал бүхий хүмүүсээс/ах, дүү, төрөл, садан/-ээс хөшөөний ажлын хөлс 1,000,000 төгрөгийг авснаа шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүхээс хариуцагч ГАА ДС ЗДТГ-с  Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөний үнэлгээ 5,000,000 төгрөгийн үлдэгдэл 1,500,000 төгрөг, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамж 30,000 төгрөг, нийт 1,530,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Б нь Монгол Улсын заан Ч.Амартүвшингийн хөшөөний үнийн үлдэгдэл 2,500,000 төгрөгийг хариуцагч ГАА ДС ЗДТГ-с  гаргуулахаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргаж, улсын тэмдэгтийн хураамжид 30,000 төгрөг төлжээ.

Энэ нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч  Ө.Сувдаагийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 110 дугаар “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ц.Бийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны хураамжид төлсөн 30,000 төгрөг улсын орлогод хэвээр үлдсэн тул уг 30,000 төгрөгийг ГАА ДС ЗДТГ-с  гаргуулж, нэхэмжлэгч Ц.Бт олгох нь шударга ёсонд нийцнэ.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГАА ДС ЗДТГ-с  39,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2 дахь эсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ГАА ДС ЗДТГ-с  1,530,000/нэг сая таван зуун гучин мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Б-т олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,000,000/нэг сая/ төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55,430/тавин даван мянга дөрвөн зуун гуч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГАА ДС ЗДТГ-с  39,430/гучин есөн мянга дөрвөн зуун гуч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бт олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.МӨНХБАТ