| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 130/2023/00969/И |
| Дугаар | 001/ХТ2024/00249 |
| Огноо | 2024-11-07 |
| Маргааны төрөл | МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2024/00249
А.А-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00237 дугаар шийдвэр,
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 212/МА2024/00062 дугаар магадлалтай,
А.А-н нэхэмжлэлтэй
З.А-д холбогдох
А.А-н өмчлөлийн *** аймгийн *** сумын ** багт байршилтай нэгж талбарын 0********6 дугаартай Э-********2 дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-********9 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 438 м.кв газрын орц гарцыг нээлттэй, чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч З.А-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч С.Н, хариуцагч З.А, түүний өмгөөлөгч Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.А.А нь З.А-д холбогдуулан өөрийн өмчлөлийн *** аймгийн *** сумын ** багт байршилтай нэгж талбарын 0********6 дугаартай Э-********2 дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-********9 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 438 м.кв газрын орц гарцыг нээлттэй, чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00237 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч А.А-н хариуцагч З.А-д холбогдуулан гаргасан “А.А-н өмчлөлийн *** аймгийн *** сумын ** багт байршилтай нэгж талбарын 0********6 дугаартай, Э-********2 дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-********9 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв газрын орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.А-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгож шийдвэрлэжээ.
3.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 212/МА2024/00062 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00237 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.А-н эзэмшлийн *** аймгийн *** сумын ** багт байршилтай, нэгж талбарын 0********6 дугаартай, улсын бүртгэлийн Э-********2 дугаар бүхий 400 м.кв талбайтай газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-********9 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхэд саад учруулж буй хариуцагч З.А-н үйлдлийг таслан зогсоож, уг газарт залгаа байршилтай 428 м.кв газрын орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлган хашааг чөлөөлөхийг хариуцагч З.А-д үүрэг болгосугай” гэж,
2 дахь заалтыг “2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, хариуцагч З.А-с 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч А.А-н давж заалдах гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар зохих данснаас гаргуулж, А.А-д буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагч З.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны зөрүүтэй дүгнэлтүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарч байна.
4.1.З.А бид хоёр 2007 онд гэр бүл болоод 2020.03.05-ны өдөр гэрлэлтээ шүүхээр цуцлуулахад шүүхийн шийдвэрээр 68,8 м.кв талбайтай зуны байр, 1*-*1 Б улсын дугаартай УАЗ-452 маркийн автомашин, түлээ, нүүрсний амбаар, махны амбаар, *** сумын * багт байршилтай 900 м.кв газар зэргийг надад үлдээж, *** сумын ** багт байршилтай 400 м.кв газар, тухайн газар дээр байршилтай өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гарааш зэргийг А.А-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Маргаан бүхий 428 м.кв газрын талаар гурван шатны шүүхийн шийдвэр гарч би эзэмшихээр болсон тул энэ талаар аймгийн Засаг даргад хандан 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж өгөх хүсэлт гаргасны дагуу 2024.07.29-ний өдрийн А/185 захирамжаар миний эзэмшлийн газар болсон.
Гэрлэлт цуцалхад хуваарилсан үл хөдлөх эд хөрөнгүүд болон байшиндаа А.А одоо болтол нүүж ирээгүй, харин би өөрийн зуны байранд амьдарч байна. Миний зүгээс А.А-н эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан, өмчлөлийн хөрөнгөд очиж амьдрах эрхийг нь хаасан зүйл байхгүй. Анхнаасаа А.А-д хуваарилсан 400 м.кв талбайтай газар болон одоо миний амьдарч байгаа 428 м.кв талбайтай газрыг тойруулан нэг л хашаа татсан байсан, би ямар нэгэн хашаа татаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй. Шүүхээс цагдаагийн байгууллагаар дамжуулан холбогдох нотлох баримтуудыг гаргуулсан ба баримтаар миний саад учруулсан гэх үйлдэл тогтоогдоогүй. А.А-н эзэмших газрын 2 талд гудамж байгаа ба шаардлагатай бол өөрийн эзэмшлийн газраа тусгаарлан хашаа татаж, нөгөө талын гудамжны чиглэлээс орж гарах хаалга гаргах боломжтой.
4.2.Нэхэмжлэлд хашааг албадан буулгахыг хүссэн боловч ямар хэмжээ, байрлалтай, ямар төрлийн хашаа болох талаар огт дурдаагүй учир нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байсан. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар А.А өмчлөлийн зүйлээ аливаа халдлагаас хамгаалах эрхтэй боловч халдлага нь бодитой байх ёстой. Гэтэл нэхэмжлэлд хэрхэн халдсан, ямар эрх зөрчигдсөн, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд хэрхэн саад учруулсан талаар дурдаагүй. Нэхэмжлэгч шаардлагаа хийсвэр байдлаар тодорхойлсон тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагч З.А-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.10.24-ний өдрийн 001/ШХТ2024/01208 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
6.Хяналтын журмаар гаргасан хариуцагч З.А-н гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэв.
7.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч З.А-д холбогдуулан өөрийн өмчлөлийн *** аймгийн *** сумын ** багт байршилтай 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцыг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоолгож, залгаа 428 м.кв газрын орц, гарцыг нээлттэй чөлөөтэй байлган хашааг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч З.А нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “А.А бид хоёр гэр бүл болсноос хойш тухайн хашаан дотор амьдарч ирсэн, анх бид хоёр гэр бүл болохоос өмнө миний аав одоо А.А-н өмч болсон байшинг хүнээс худалдан авахад энэ хашаа байсан, харин А.А нь өөрийн өмчлөлийн өвлийн сууц, 400 м.кв газрыг тусгаарлан ямар нэгэн хашаа татаагүй, бид хоёр гэр бүл байсан хугацаанд ямар байсан тэр хэвээрээ байгаа, ямар ч саад учруулаагүй” гэж маргажээ.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ: нэхэмжлэгч А.А, хариуцагч З.А нар нь гэрлэлтээ цуцлахаас өмнө *** сумын ** багт 828 м.кв талбай бүхий газрыг хашаалж 2006 оноос 2018 оныг хүртэл амьдарч байсан ба Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.05-ны өдрийн 130/ШШ2020/00241 дүгээр шийдвэрээр тэд гэрлэлтээ цуцлуулан, улмаар уг газраас 400 м.кв газрыг А.А-д эзэмшүүлсэн, харин үлдсэн 428 м.кв газар нь одоогоор хэний ч эзэмшил, өмчлөлд байхгүй боловч бодит байдал дээр хариуцагч З.А-д гэрлэлт цуцлах үед олгосон зуны байр, түлээ нүүрсний амбаар, мөн бие засах газар, үнсний цэг байрлаж байгаа нь тогтоогдсон, З.А нь эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй зуны байр, түлээний амбаар, бие засах газар, үнсний цэг барьсан нь хууль зөрчсөн боловч хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх эрхийг тухайн эрх бүхий байгууллага шаардах эрхийг хэрэгжүүлнэ, нэхэмжлэгчид олгосон 400 м.кв талбай бүхий газар нь маргаан бүхий 428 м.кв газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн 400 м.кв газарт З.А нь өөрийн машин, техник хэрэгслийг дураараа тавьж ашигладаг гэдэг нь баримтаар нотлогдоогүй, ... тус шүүхийн 2024.02.07-ны өдрийн “Үзлэгийн тэмдэглэл”-ээр ...нэхэмжлэгч А.А-н эзэмшлийн газар болон хойд талын гудамж хоорондын зай дээд тал нь 9,1 метр, доод тал нь 7,8 метр, хариуцагч З.А-н буулгаж авна гэсэн амбаар болон хойд талын гудамжны хоорондын зай нь 7,5 метр байв. Хариуцагч З.А-н зуны байшин болон үл хөдлөх хөрөнгө байрлах газраас урд талын гудамж хоорондын зай 9,4 м байна..., үүгээр нэхэмжлэгчийн “миний өмчлөлийн хөрөнгийн нэг талд бүхэлдээ байшинтай зэрэгцэн баригдсан амбаар, гарааж бүхий барилгуудтай бөгөөд үлдсэн хоёр тал нь айлын хашаагаар хүрээлэгдсэн байдаг тул шууд орох, гарах гарцыг гаргах боломжгүй” гэдэг нь үгүйсгэгдэж байгаа ба нэхэмжлэгч А.А нь хашааны хойд талаас орж, гарах гарц гаргах бүрэн боломжтой гэдэг нь тогтоогдож байна...” гэсэн дүгнэлтийг хийжээ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч А.А-н эзэмшлийн *** аймгийн *** сумын ** багт байршилтай, нэгж талбарын 0********6 дугаартай, улсын бүртгэлийн Э-********2 дугаар бүхий 400 м.кв талбайтай газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай Ү-********9 дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхэд саад учруулж буй хариуцагч З.А-н үйлдлийг таслан зогсоож, уг газарт залгаа байршилтай 428 м.кв газрын орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлган хашааг чөлөөлөхийг хариуцагч З.А-д үүрэг болгон шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Магадлалд: нэхэмжлэгч А.А-н эзэмшлийн 400 м.кв газартай залгаа 428 м.кв газар нь хэн нэгний эзэмшил, өмчлөлд бүртгэлгүй сул газар болох нь тогтоогдсон, хариуцагч нь өөрийн өмчлөлийн зуны байр болон бусад эд хөрөнгө байрлаж байгаа гэх шалтгаанаар ашиглаж, хашааг цоожилдог учраас А.А нь өөрийн эзэмшлийн газар бүхий хашаанд чөлөөтэй нэвтэрч чаддаггүй, мөн уг газартаа байрлах үл хөдлөх хөрөнгө, гүний худаг, гараж зэрэг хөрөнгөө өмчлөх эрх нь зөрчигдсөн..., Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан урьдчилсан нөхцөлүүд тогтоогдсон...” гэж дүгнэсэн.
9.Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан урьдчилсан нөхцөл тогтоогдсон эсэх талаар маргааны үйл баримтыг өөр өөрөөр дүгнэснээс хууль хэрэглээний асуудлаар зөрүүтэй шийдвэр гаргасан, Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хариуцагч З.А-н гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
10.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж, 106.4-т “Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна” гэж тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдэл тогтоогдож, уг саадыг арилгаснаар өмчлөгч эрхээ хамгаалуулах үр дагавартай байна. Иймд эрх зүйн дээрх асуудлаар зайлшгүй дүгнэлт хийх ёстой ба үүний тулд саад болж буй үйл баримт тогтоогдсон, талууд эрх зөрчсөн үйл баримтын талаар мэтгэлцсэн байх учиртай.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд энэ талаар эцэслэн дүгнэх боломжгүй, хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийх нөхцөл бүрдээгүй байна.
10.1.Хоёр шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмших эрхийг зөрчиж буй хариуцагчийн үйлдлийг тогтоохыг зорьж, тодруулсан нь зөв боловч уг ажиллагааг бүрэн гүйцэд хийж чадаагүйгээс хариуцагчийн ямар үйлдлийг зогсоож, нэхэмжлэгч эрхээ хэрхэн хэрэгжүүлэх нөхцөл байдал тодорхой бус үлджээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт “...нэхэмжлэгчийн эзэмших, өмчлөх эрхэд саад учруулж буй хариуцагч З.А-н үйлдлийг таслан зогсоож, уг газарт залгаа байршилтай 428 м.кв газрын орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлган хашааг чөлөөлөхийг хариуцагч З.А-д үүрэг болгосугай” гэж зааснаас үзвэл хариуцагч З.А-н ямар үйлдлийг таслан зогсоохоос гадна хашааг чөлөөлөх шийдвэр ямар утга, агуулгатай болох нь тодорхой бус байна.
“...Миний бие өөрийн байшинд орох гэж ирэхэд хашаа байнга цоожтой байдаг...” гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагч З.А-н гаргасан “...А.Аийн хашаа, байшинд орж, гарах эрхэд саад хийсэн зүйл байхгүй, миний хашааны хаалга байнга нээлттэй байгаа...” гэх тайлбаруудаас үзвэл хаалгыг цоожилж байгаа үйлдэл нь саад болсон үйл баримт харагдаж байгаа боловч “хашаа чөлөөлүүлэх” нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн гэж үзэх нь ойлгомжгүй үлджээ.
10.2.Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч А.А нь хашааны хойд талаас орж, гарах гарц гаргах бүрэн боломжтой...” гэсэн бол давж заалдах шатны шүүх “...хариуцагчийн үйлдлийг таслан зогсоосноор нэхэмжлэгчийн эзэмших эрх сэргэнэ” гэж өөр өөр дүгнэлт хийсэн байх ба хашааны хойд талаас “орж, гарах гарц” гаргах боломж байгаа эсэх эсвэл огт боломжгүй эсэхийг хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийх боломжгүй байна.
Үүнээс гадна, талуудын тайлбараас үзвэл хариуцагчийн эд хөрөнгө байрлаж буй 428 м.кв газар нь байршлын хувьд нэхэмжлэгчийн эзэмшлийн газартай зэргэлдээ эсвэл урд нь байрладаг эсэхийг тогтоох боломжгүй байхаас гадна газрын байршил, хашааг нийтээр ашиглаж буй байдал маргааны үйл баримтад ач холбогдолтой эсэхийг анхаарах шаардлагатай байжээ.
10.3.Анхан шатны шүүх тухайн газар дээр үзлэг хийсэн боловч уг баримтаар дээрх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй, хяналтын шатны шүүх хууль хэрэглээний асуудлаар зохих дүгнэлтийг хийх боломжгүй байх тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2024/00237 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 212/МА2024/00062 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч З.А-с хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЦОЛМОН
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА