Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 58

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж, Улсын яллагч Ч.Мядагбадам, Шүүгдэгч А.Амгаланбаатар,  Нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн    99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Балжинням овогт Амгалангийн Амгаланбаатарт холбогдох эрүүгийн 201715000072 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                          

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав ээж дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 1-02 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй Балжинням овгийн Амгалангийн Амгаланбаатар. /РД: ЙО85022811/,  
 Шүүгдэгч Яллагдагч А.Амгаланбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 1-02 тоот хашаанд иргэн П.Наранчимэгийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  
ТОДОРХОЙЛОХ нь:   
           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:    Шүүгдэгч А.Амгаланбаатар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... 2017  оны 02 дугаар сарын 20-нд манай эхнэрийг төрсөн гээд манай ажлын дарга, найз хоёр  эргэж ирсэн юм. Би 2 сав пиво гаргаад уусан. Дарга яваад найз Банди үлдсэн.  Манай найз гарахдаа хажуу айлын хаалгыг нүдсэн юм байна лээ. Тэгээд гадаа хүн орилоод байхаар нь гараад та нар хэрэлдэхээ боль гэсэн чинь над руу дайрахаар нь би үсдчихсэн юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм зүйл гаргахгүй. Хохирогчтой эвлэрсэн, хохиролоо нөхөн төлсөн” гэв.  
 Хохирогч П.Наранчимэгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 20-21-нийг шилжих шөнө манай айлын А.Амгаланбаатар найз нартайгаа гэртээ архи ууж байгаад нэг залуу нь манайд ороод ирэхээр нь би гэрээсээ хөөгөөд гаргасан чинь ...А.Амгаланбаатар орж ирээд манай нөхөртэй хэрүүл хийгээд цохиод авахаар нь би салгах гээд очсон чинь намайг үсдээд гэрээс чирч гаргачаад өөрөө гэр рүүгээ орсон. Тэгсэн чинь А.Амгаланбаатарын эхнэр орж ирээд хэрүүл хийгээд хашигчаад байсан чинь, А.Амгаланбаатар эргэж орж ирээд дахиад намайг үсдээд татаад газар унагаасан чинь А.Амгаланбаатарын дүү гээд байсан Энхбаяр салгаад аваад гарсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/,  
 Гэрч Б.Энхбаярын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Би тухайн хэрэг болдог өдөр А.Амгаланбаатар ахынд ирээд унтах гэж байтал манай ахын хоёр найз ирсэн. Тэд нар хоёр литрийн пиво хоёрыг уучихаад ахын найз тэр айлд орсон юм байна лээ. Тэгсэн П.Наранчимэг хашигчаад “та нар наад архичнаа аваач” гээд байсан. Тэгсэн чинь А.Амгаланбаатар ах очоод үсдээд авахаар нь би салгаад гэрт нь аваад орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/,  
 Гэрч Л.Ринчиндоржийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “...2017 оны 02 дугаар сарын 20-ны орой би найзынхаа хамт А.Амгаланбаатарынд очоод хоёр пиво ууж байгаад гарч биеэ засчихаад А.Амгаланбаатарын хажуу талын Донхор гэж айлын хаалгыг нь нүдээд орсон чинь Наранчимэг гэж гэр бүлийн хүн нь хашигчаад харанхуй шөнө хаалга үүд нүдээд гээд гэрээсээ түлхээд гаргасан. Би гадаа нь гартал А.Амгаланбаатар уурлаад ороод хэрүүл хийгээд байсан. ....Б.Энхбаяр, А.Амгаланбаатарыг, Наранчимэгийн гэрээс чирээд гараад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,    Гэрч М.Даариймаагийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Тухайн өдөр манай нөхрийн ажлын хүн Д.Баяртогтох, Баньд ах хоёр намайг төрсөн гээд эргэж ирсэн. Тэгээд манай хүн хоёр пиво гаргаж ирээд Баньд ах, А.Амгаланбаатар хоёр ууж байгаад Баяртогтох ах гэр лүүгээ яваад эргэж ирээгүй. Баньд ах манайхаас гараад биеэ засчихаад ирье гээд гарсан. Удалгүй манай айлын П.Наранчимэг хашгираад М.Даариймаа янхан минь архичдаа аваач гээд байсан. Тэгээд манай хүн А.Амгаланбаатар гараад араас нь орсон. Б.Энхбаяр араас нь ороод А.Амгаланбаатарыг аваад ороод ирсэн. Б.Энхбаяр орж ирээд A.Амгаланбаатар П.Наранчимэгийг үсдчихсэн байна. Би салгалаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/,  Гэрч М.Адъяасүрэнгийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 02 дугаар сарын 20-ны шөнө би гэртээ унтаж байсан чинь манай гэрийн хаалгыг онгойлгоод нэг хүн ороод ирсэн. Тэгээд би гэрлээ асаасан чинь танихгүй хүн байсан. Тэр хүн орж ирээд манай хашаа байгаа юм танайх нүүгээрэй гэсэн. Тэгээд байж байсан чинь гаднаас А.Амгаланбаатар орж ирээд намайг цохиод авсан. Манай эхнэр салгасан чинь манай хүнийг үсдчихээд гарсан. А.Амгаланбаатар эргэж орж ирээд хашаанаас нүүцгээ муу сайн гуйлгачингууд минь би машин олоод өгье гээд буцаад гараад явсан. ... А.Амгаланбаатар л хоёр удаа үсдсэн, цохиогүй байх сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг.  /хх-ийн 22 дугаар хуудас/,     Гэрч Д.Баяртогтохын хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн: “... Намайг явсан хойгуур тийм зүйл болсон байна лээ. Би маргааш нь мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 86 дугаартай: “... П.Наранчимэгийн биед тархины доргилт, хуйхны үсний халцралт, хуйх, хүзүүний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай...” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,  
Эрүүгий хэрэг үүгсэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргий талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр хуудас/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №03/23 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, Шүүгдэгч А.Амгаланбаатарын хувийн байдлыг тодоройлсон баримтууд /хх-ийн 4344, 56, 58 дугаар хуудас/,  Шүүгдэгч А.Амгаланбаатарын ял шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/, Шүүгдэгч А.Амгаланбаатарын сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 40, 42 дугаар хуудас/ зэрэг болно., Шүүгдэгч А.Амгаланбаатар нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 6 дугаар багийн 1-02 тоот хашаанд иргэн П.Наранчимэгийг хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  
 Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч П.Наранчимэгийн “...Би 2017 оны 02 дугаар сарын 20-21-нийг шилжих шөнө манай айлын А.Амгаланбаатар найз нартайгаа гэртээ архи ууж байгаад нэг залуу нь манайд ороод ирэхээр нь би гэрээсээ хөөгөөд гаргасан чинь ...А.Амгаланбаатар орж ирээд манай нөхөртэй хэрүүл хийгээд цохиод авахаар нь би салгах гээд очсон чинь намайг үсдээд гэрээс чирч гаргачаад өөрөө гэр рүүгээ орсон. А.Амгаланбаатар эргэж орж ирээд дахиад намайг үсдээд татаад газар унагаасан чинь А.Амгаланбаатарын дүү гээд байсан Энхбаяр салгаад аваад гарсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16/, гэрч Б.Энхбаярын “... А.Амгаланбаатар ах очоод үсдээд авахаар нь би салгаад ахыг аваад гэрт нь орсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/, гэрч Л.Ринчиндорж, М.Даариймаа, М.Адъяасүрэн, Д.Баяртогтох нарын мэдүүлгүүд /хх-ийн 19, 21, 22, 24/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 86 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/, Эрүүгий хэрэг үүгсэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргий талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 13-14/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ий 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №03/23 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 30-31/, шүүгдэгч А.Амгаланбаатарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,   
Шүүгдэгч А.Амгаланбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч А.Амгаланбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.  
Шүүгдэгч А.Амгаланбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.  
Шүүгдэгч А.Амгаланбаатар нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, сайн дураараа шүүгдэгчтэй эвлэрсэн талаараа шүүхэд хүсэлт ирүүлсэн байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч А.Амгаланбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч А.Амгаланбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж үзлээ.  
Шүүгдэгч А.Амгаланбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д “согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй” гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэсэн болно.  
Хэрэгт шүүгдэгч А.Амгаланбаатарын эзэмшлийн Nokia-2310 маркийн гар утас  битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хэрэг бүртгэгчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна. Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 180 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч А.Амгаланбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч А.Амгаланбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг тус тус  удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Балжинням овгийн Амгалангийн Амгаланбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Балжинням овгийн Амгалангийн Амгаланбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  
3. Шүүгдэгч А.Амгаланбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.   
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хэрэгт шүүгдэгч А.Амгаланбаатарын эзэмшлийн Nokia-2310 маркийн гар утас битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн хэрэг бүртгэгчийн  Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Амгаланбаатарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Амгаланбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

  
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР