Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2018/0413

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: Б.Г, Б.Г, Ж.Э, Т.М, Н.Л

Нэхэмжлэлийн шаардлага: Г ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Б.Г, Б.Г, Ж.Э, Т.М, Н.Л нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, түүний өмгөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Н нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б овогтой Б би Г ХХК-ийн 21.8 хувийг эзэмшдэг бөгөөд тус Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрээр компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын үйлдлийг эс зөвшөөрч, холбогдох захиргааны байгууллагын Хяналтын газарт гомдол гаргасан болно. Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 4/2080 тоот бичгээр ирүүлсэн гомдлын хариуд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэжээ.

Миний зүгээс Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь миний гаргасан гомдлыг захиргааны журмаар хуульд заасны дагуу хянан хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар нь хууль ёсны хувьцаа эзэмшигч Б.Б миний хуулиар олгогдсон тэргүүн ээлжинд хувьцаа худалдан авах давуу эрхийг олгоогүй гаргасан компанийн шийдвэрийг бүртгэж миний эрх ашгийг хохироосон, мөн хувьцаа эзэмшигчийн хууль ёсны эрхүүдийг илтэд боогдуулсан хууль зөрчсөн дүрмийн заалт шинээр оруулсан Компанийндүрмийн нэмэлт өөрчлөлтүүдийг бүртгэж, хувьцаа эзэмшигч намайг илтэд хохироосон шийдвэрүүдийг гаргасан байна.

Түүгээр ч үл барам Оюуны өмч, Улсын бүртгэлийн газар нь Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШЗ2017/0307 тоот хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үл харгалзан, холбогдох баримт материалыг хянаж, шалгалгүйгээр бүртгэл хийсэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын дараах бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

  1. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Г ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэсэн бүртгэл,
  2. 2017 оны 07 дугаар сарын 20-ны Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Э-ын эзэмшлийн 21, хувийн хувьцааг бусдад шилжүүлэхээр 2017 оны 01 дүгээр сард манай байгууллагад хандсан боловч бүртгэхээс татгалзсан. Энэ асуудлыг хууль бус гэж Г ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШЗ32017/0307 дугаар шийдвэрээр Г ХХК-ийн хаягийн өөрчлөлтийг бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт даалгаж, улсын бүртгэгчийн татгалзах мэдэгдлийг илт хууль бус болох захиргааны акт болохыг тогтоохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Г ХХК-ийн дүрмийн 3.11, 3.14, 3.15 дахь заалтуудыг өөрчилснийг улсын бүртгэлд бүртгэхдээ дараах баримтуудыг үндэслэсэн болно. Үүнд:

  1. УБ-05 маягт
  2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  3. Хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017.05.31-ний өдрийн 01 дугаар тогтоол
  4. Г ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017.04.30-ны өдрийн 02 дугаар тогтоол
  5. Итгэмжлэл
  6. Хурлын зартай сонин
  7. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын зар хүргэсэн мэйл
  8. Шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар

Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Э-ын эзэмшлийн 21.6 хувийн хувьцааг бусдад шилжүүлэхээр 2017 оны 06 дугаар сарын 19-нд манай байгууллагад хандсан боловч бүртгэхээс татгалзсан.

2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр М.Э-ын эзэмшлийн 21.6%-ийн хувьцааг Г.Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Г, Н.Л, Ж.Э, Т.М нарт шилжүүлж, дүрмийн өөрчлөлтийг дараах баримтуудыг үндэслэн бүртгэсэн болно. Үүнд:

  1. УБ-05 маягт
  2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарласан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн зар
  3. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тэмдэглэл
  4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хурлын тогтоол
  5. Г ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг зарласан 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн зар
  6. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  7. Г ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар тогтоол
  8. М.Э-ын хувьцаа худалдах тухай шийдвэр
  9. Б.Г, Т.М, Ж.Э, Н.Л, Б.Г нарт хүргүүлсэн хувьцаа худалдах санал
  10. Б.Г, Т.М, Ж.Э, Н.Л, Б.Г нарын хувьцаа худалдан авах мэдэгдэл
  11. Хувьцаа худалдах, эрх шилжүүлэх гэрээ
  12. Б.Б-д хурлын зар хүргүүлсэн баримтууд
  13. Итгэмжлэл
  14. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны 307 дугаар тэмдэглэл
  15. Шинэчлэн баталсан дүрэм

Уг бүртгэлүүд нь хуульд заасан баримтуудыг бүрдүүлсэн, эрх зүйн актуудад нийцсэн байна.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй болох нь харагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Гуравдагч этгээд Б.Г, Л.Л, Ж.Э, Т.М, Б.Г нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн дүрэм зэрэг нь Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Г ХХК-ийн дүрэм болон холбогдох бусад дүрэм журмын дагуу хийгдсэн бөгөөд компанийн хувьцаа эзэмшигч Б.Б нь Хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд оролцохоос зайлсхийх, компани хэвийн үйл ажиллагаа явуулахад санаатайгаар саад учруулж байгаа нь компани болон бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, ашгийг ноцтой зөрчиж буй үйлдэл юм.

Г ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн болон 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр, түүнийг бүртгэсэн Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн бүртгэл, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлүүд нь дээрх хуулиудад нийцсэн хууль ёсны үйлдэл юм. Энэ нь дараах байдлаар нотлогдоно. Үүнд:

Нэг. Г ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар

Г ХХК-ийн 21,6 хувийн хувьцаа эзэмшигч М.Э нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн эзэмшлийн нэг бүр нь 35540 үнэ бүхий 85 ширхэг хувьцааны 63 ширхгийг худалдан авах талаар 14 хоногийн хугацаатай мэдэгдлийг өгсөн. Үүний дагуу Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчдэд тус мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 болон 5.9 дэх хэсэгт заасны дагуу хувьцаа худалдан авах санал ирүүлсэн хувьцаа эзэмшигчдэд 63 ширхэг хувьцааг худалдаж үлдсэн 22 ширхэг хувьцааг Б.Г-т хариу төлбөргүйгээр шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Тиймээс компанийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгдсөнтэй холбоотойгоор компанийн дүрэмд өөрчлөлт оруулахаар болсон тул Төлөөлөн удирдах зөвлөлөөс Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 13 цагт компанийн байранд хуралдуулахаар шийдвэрлэж Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зар ыг хувьцаа эзэмшигчдэд утсаар мэдэгдсэн. Ээлжит бус хурлын зарыг компанийн хувьцаа эзэмшигч Б.Б-д утсаар мэдэгдсэн бөгөөд Б.Б нь зарыг имэйл хаягаар явуулахыг хүссэн. Үүний дагуу хурлын зар болон хэлэлцэх асуудлын файлыг Б.Б-ын хэлсэн [email protected] хаягаар хүргүүлсэн.

Гэтэл хувьцаа эзэмшигч Б.Б нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын зарыг авсан ч өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан хувьцаа эзэмшигчдийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн ээлжит бус хуралд оролцоогүй ба Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын ирц хүрсэн тул хурлыг хуралдуулж Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг 63.7-д заасны дагуу дийлэнх олонхоор шийдвэрлэхээр заасныг баримтлан хувьцаа эзэмшигчдэд өөрчлөгдсөн өөрчлөлтийг компанийн дүрэмд оруулж баталсан.

Харин улсын бүртгэгч 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн, компанийн зүгээс улсын бүртгэгчийн татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд нэмэлт өөрчлөлт орсон бүртгэлийг бүртгэхийг даалгах нэхэмжлэл гаргасан боловч шүүх бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүйгээр шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгтээ .....нэгэнт Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус гэж маргаж байгаа тул энэ үүссэн маргааны шийдвэрлэсний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт зааснаар бүртгэлийн байгууллагад дахин бүртгүүлэх мэдүүлэг гаргах эрхтэй байна гэж зааж өгсөн. Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлж 2017 оны 01 дүгээр сарын 19-ны хурлыг дахин улсын бүртгэгчийн тавьсан шаардлагын дагуу, ямар нэгэн алдаагүйгээр процессыг дахин эхлүүлэх шаардлагатай болсон. Гэтэл хувьцаа эзэмшигч Б.Б-ын хувьд хувьцаа эзэмшигч М.Э нь хувьцаагаа худалдах гэж байгаа гэдгийг, М.Э нь хувьцаагаа худалдах санал компанид тавьсан, энэ талаар компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдана гэдгийг мэдсэн, хурлын зарыг хүргүүлсээр байтал мөн л хувьцаа эзэмшигчдийн хуралд ирээгүй, хувьцаа эзэмшигчийн эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй. Түүнчлэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн Захиргаан хэргийн анхан шатны шүүх хурал дээр хувьцаа эзэмшигч Б.Б нь ...Би хувьцаа эзэмшигчийн хуралд оролцохгүй... гэж өөрөө хүртэл хэлсэн бөгөөд ямар ч тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүлээн авахгүй байх зэргээр компанийн хэвийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах болсон.

Улмаар Б.Б хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүлээн авахаас зайлсхийж байсан тул Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтоож болно гэж заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр компани хувьцаа эзэмшигчдийг хуралдуулж компанийн дүрэмд 3.152 дахь заалтыг нэмж оруулж өгсөн. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахдаа мөн л Компанийн тухай хууль, Компанийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигч Б.Б-д зарыг хүргүүлсэн (2017.04.24-ны өдрийн Захиргаан хэргийн анхан шатны шүүх хурал Б.Б-ын өөрөө хэлж тэмдэглүүлсэн гар утасны дугаарт ярьж болон мэссеж бичих болон албан ёсны гэрийн хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн) боловч мөн л ирээгүй. Улмаар Компанийн тухай хуулийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Б.Б-аас бусад бүх хувьцаа эзэмшигчид буюу саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн ирц хүрсэн (78.2 хувийн ирцтэйгээр) тул Хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдсан.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь хувьцаа эзэмшигчдийн хурал-д л байдаг бөгөөд Компанийн тухай хуулийн 63.7-д зааснаар Энэ хуулийн 62.1.1-62.1.6-д заасан асуудлыг хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор шийдвэрлэнэ гэсний дагуу Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг хуралд оролцсон бүх хувьцаа эзэмшигчдийн 100 хувийн саналаар компанийн дүрмийг баталсан билээ.

Энэхүү үйлдэл нь Компанийн тухай хуулийн холбогдох заалтуудад нийцсэн тул ОӨУБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар 2017 оны 06 дугаар сарын 006-ны өдөр бүртгэсэн хууль ёсны бүртгэл юм.

Хоёр. Г ХХК-ийн 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын талаар

Дээр дурдсанчлан 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаас Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг хүргэх журам, хугацааг компанийн дүрмээр тогтооно гэж заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах зар хүргэх журмыг компанийн дүрэмдээ нарийвчлан тусгаж, өөрчлөлт оруулсан дүрмээ улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Компанийн хувьцаа эзэмшигч М.Э хувьцаагаа худалдах эрхээ хэрэгжүүлэхэд нь компанийн дүрэмд заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шийдвэр гаргаж, хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд бүгдэд нь дүрмээр тогтоосон журмын дагуу бүх хувьцаа эзэмшигчдэд хүргүүлсэн. Хувьцаа эзэмшигч Б.Б-д дүрмээр тогтоосон журмын дагуу зохих ёсоор хурлын зар, хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал зэргийг хүргүүлсэн боловч мөн л Б.Б нь хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцоогүй.

Улмаар Компанийн тухай хуулийн 69.1-д Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу Б.Б-аас бусад бүх хувьцаа эзэмшигчид буюу саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн ирц хүрсэн (78.2 хувийн ирцтэйгээр) тул Хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр ирцтэйгээр хуралдаж, хувьцаа эзэмшигч М.Э өөрийн сонгосон хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотой дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж баталсан болно.

Компанийн дүрэм нь дээр дурдсанчлан Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж баталсан дүрэм бөгөөд компанийн дүрмийн 3.11-т Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т дүрэмд өөрөөр заагаагүй бол гэж заасны дагуу тус компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцааг тэргүүн ээлжинд худалдан авах эрхээ хэрэгжүүлэхгүй ба хувьцаа худалдан авах санал гаргасан хувьцаа эзэмшигч нь өөрийн сонгосон хувьцаа эзэмшигч болон гуравдагч этгээдэд худалдах эрхтэй. Ингэхдээ нэг этгээдэд өөрийн нийт худалдах хувьцааны 45-аас дээш хувийг худалдахгүй гэж хувьцаа эзэмшигчийн хувьцаагаа худалдах тусгай журмыг дүрэмдээ тусгаж өгсөн.

Энэ нь хууль зөрчсөн үйлдэл биш бөгөөд компанийн хуулиас давсан зохицуулалт ч биш юм. Учир нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн болон бусад хувьцаа эзэмшигчийн худалдах хувьцаа, түүнийг худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хөрвөх үнэт цаасыг гуравдагч этгээдэд санал болгох үнээр өөрийн эзэмшлийн хувьцааны тоонд хувь тэнцүүлэн энэ хууль болон компанийн дүрэмд заасны дагуу тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй гэсэн нь хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлэх , эдлэхгүй байхаар компанийн дүрэмд өөрөөр зааж болохоор заасан.Үүнийг дагуу 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Компанийн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.11-д бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцаа худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэхгүй байхаар заасан. Тиймээс дүрэмд заасан журмын дагуу хувьцаа эзэмшигч байсан М.Э нь өөрийн сонгосон хувьцаа эзэмшигч болон компанийн менежер Б.Г-т хувьцааг худалдсан болно.

Гурав. Гомдол гаргах хэлэлцэх хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн болох тухайд

Хувьцаа эзэмшигч Б.Б нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн хяналтын газарт 2018 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр гомдол гаргасан байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 94.1-т Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана., мөн хуулийн 94.2-т Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана. гэж заасан байна. Үүнээс үзвэл Б.Б-ын гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсэн болохыг анхаарч үзэхийг хүсье.

Иймд дээрх үндэслэлүүдийн дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын бүртгэл хууль ёсны дагуу хийгдсэн бүртгэл тул Б.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б-аас Г ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэл, Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах[1] тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараахь төрөлтэй байна: 5.4.7-д хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн; гэж заасан чиг үүргийнхээ дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг хөтөлнө.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: ...

23.1.2.баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;

23.1.3.үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;

23.1.4.үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;

23.1.5.шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;

23.1.6.улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт. гэж заажээ.

Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоолын 01 дүгээр хавсралтаар тус компанийн дүрмийн өөрчлөлтийг баталж, бүртгүүлэхийг С.Б-т даалгасны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-аас 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн дүрмийн өөрчлөлтийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл[2] болон улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр тогтоол, Г ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаар тогтоол, итгэмжлэл, хурлын зартай сонин, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын зар хүргэсэн мэйл, шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар, Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаар тэмдэглэлийг тус тус хавсарган гаргасныг үндэслэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр бүртгэсэн нь дээр дурдсан Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч М.Э нь өөрийн эзэмшлийн 21,6 хувийн 85 ширхэг хувьцааг Б.Г, Н.Л, Ж.Э, Т.М, Б.Г нарт худалдсантай холбоотойгоор Б.Э-ыг хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хассаныг улсын бүртгэлд бүртгүүлэхийг Б.Г-т даалгасан байна.

Г ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Г-ээс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт гаргасан Хувьцаа эзэмшигч М.Э-ыг хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасах, Б.Г, Т.М, Н.Л, Ж.Э нарын хувьцаа эзэмшлийн хувь өөрчлөгдөх, Б.Г хувьцаа эзэмшигч болох, хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор дүрэмд өөрчлөлт оруулах-ыг хүссэн өргөдөл[3] гаргажээ.

Дээрх өргөдлийг Б.Б-ыг хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцуулах, хуралд оролцох боломжгүй бол хурлын зарыг хүргэж бичгээр хариу авах шаардлагатай байна. ... Иймд холбогдох хуульд заасны дагуу баримт бичгийг хуульд нийцүүлэн ирүүлсэн тохиолдолд бүртгэл хийх боломжтойг мэдэгдье. гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.

Өөрөөр хэлбэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 17.1-17.3-т заасан баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаас хойш хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын хоёр өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, цахим хэлбэрээр мэдэгдэнэ. гэж зааснаар Б.Г-ээс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 17/46 дугаартай Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл-ийг Г ХХК-д хүргүүлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд: ...Хувьцаа эзэмшигч Б.Г-ээс 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гаргасан өргөдөл болон түүнд хавсарган өгсөн бичиг баримтуудыг үндэслэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр М.Э-ын эзэмшлийн 21,6 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигч Б.Г, Н.Л, Ж.Э, Т.М, Г.Г нарт шилжүүлж, дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн гэж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц: ...урьд гаргасан баримт дээр шаардсан баримтуудыг нэмж бүртгүүлсэн гэж тус тус тайлбарлаж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Энэ хуулийн 19.1-д заасны дагуу улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тохиолдолд өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны дараа бүртгүүлэх хүсэлт дахин гаргаж болно. гэж зааснаар өргөдөл гаргагч нь зөрчлийг арилгасны мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т заасан баталсан маягтын дагуу өргөдөл гаргаж бүртгүүлэхээр байна.

Гэтэл Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар нь бүртгэхээс татгалзсан өргөдөл буюу 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн өргөдлийг үндэслэн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:, 19.1.1-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу; гэж заасныг зөрчжээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д зааснаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас хийсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгч нь Г ХХК-ийн дүрэмд оруулсан өөрчлөлт хуульд нийцээгүй, хувьцаа эзэмшигч Б.Б-ын хувьцаа худалдан авах давуу эрхийг аливаа этгээд зөрчсөн гэж үзвэл холбогдох хуульд заасан журмын дагуу харьяалах шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Г ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувь хэмжээнд оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгож, Г ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгэсэн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35100 /гучин таван мянга, нэг зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН