Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0067

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Жархынбек нарыг оролцуулан хийж, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 110/ШШ2016/0041 дүгээр шийдвэртэй, А.*******ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Е.******* болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 110/ШШ2016/0041 дүгээр шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 17 дугаар зүйлийн 17.2, 17.5, 17.6 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, А.*******ийг Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Е.******* болон түүний өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Гомдлын агуулга нь: Хэргийг анхан шатны шүүхэд буцаалгах тухай;

Гомдлын талаар: Е.******* би 2003 оноос 2007 оны хооронд Улаанбаатар хотод “Идэр” дээд сургуулийг “Нийгмийн ажилтан” мэргэжлээр төгссөн, баклавар зэрэгтэй ба одоо Байгаль орчны мэргэжлээр суралцаж байна. ... Би 2010 оноос 2015 оны хооронд тус аймгийн БОАЖГазарт “Идэвхтэн” байгаль хамгаалагчаар ажиллаж байсан.

Баян-Өлгий аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын Газрын даргын Н.Ахатхан 2015 оны 02-р сарын 16-ны өдрийн 04 дугаартай тушаалаар би Өлгий сумын ногоон бүс хариуцсан байгаль хамгаалагчаар түр томилогдон дуртай ажилдаа орсон юм. Сүүлд нь би мөн БОАЖГ-ын даргын 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 тоот тушаалаар гэрээт байгаль хамгаалагчаар түр томилогдон ажилласан.

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Ш.******* нь 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 46 дугаар тушаалаар намайг өндөр насны тэтгэвэрт гарсан аав Б.******* оронд Өлгий сумын байгаль хамгаалагчаар түр томилон ажиллуулсан.

Түүнээс гадна А.******* нь: Казахстан улсаас коллеж төгссөн гэх бөгөөд 2014 онд Улс төр менежментийн Акаедеми төгссөн гэдэг. Гэтэл энэ хүн Монголоор үг хэлж, мөн ярьсаныг ойлгож чаддаггүй. Монгол хэлээр бичиж уншиж чадахгүй бөгөөд шүүх хуралд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон түүний эцэг ******* нь монголоор нэхэмжлэлийн талаар хүүхэддээ хэлж тайлбарлаж байсан. А.******* нь асуултанд хариулж чадахгүй байсныг аав нь шүүхэд засуулж хэлснийг БОАЖГазрын дарга \хариуцагч\ Ш.******* үзэж, харж байсан.

... А.******* нь Төрийн албаны шалгалт өгөхдөө нэр бүхий нөлөөтэй албан тушаалтны нөлөөнд байж уг шалгалтыг 60 асуулттай тестийн 58-ыг таглаж маш өндөр амжилт гаргаж байсан нь бусдыг сэжиглуүлж, эргэлзэхэд хүргэж байсан юм.

Хэдийгээр би Төрийн албаны шалгалтанд унасан хэдийч Монголоор хэлж, бичиж, ойлгож чаддаг Монгол Улсын дээд боловсролтой болж, монголоор сэтгэж баклаварын зэрэг хамгаалсан юм. А.******* сургууль төгссөн гэх хэдийч огт монгол хэл мэдэхгүй байна. ...

Миний бие байгаль орчны хамгаалагчаар ажилласан талаархи тушаалууд болон түүнтэй холбоотой нотлох баримтууд хэрэгт байгаа. Үндсэндээ 2010 оноос 2016 оны дуустал 6 дахь жилдээ Байгаль орчны идэвхтэн болон байгаль хамгаалагчаар ажиллаж өөрийн хөдөлмөр зүтгэлээ улс эх орондоо зориулж байсан.

Нэхэмжилэгч Е.******* би анхан шатны шүүхэд хууль ёсны ашиг сонирхол маань хөндөгдсөн гэж үзэж гуравдагч этгээдээр оролцсон. Миний дараах эрх зөрчигдсөн.

Үүнд: Тус аймгийн БОАЖГазарт бүтэн 6 жил хөдөлмөрлөж ажил мэргэжилдээ мэргэжсэн дадлагажиж, туршлага олсон байдал. Олон төрлийн байгаль орчны зөрчил илрүүлж, арга хэмжээ авч, улсад орлого оруулж зөрчлүүдийг таслан зогсоосон. Алба ажилдаа идэвхи зүтгэлтэй ажиллаж байснаас гадна захиргааны хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд цаашид хэнээс ч дутахгүй ажиллах хүч урам зоригт минь нөлөөлсөн.

... Төрийн албаны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн ажилтны хууль бус намын болон танил тал харж, ашиг сонирхолын зөрчлөөр хууль зөрчиж гаргасан төрийн албаны шалгалт гэгчийн талаар төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан юм. Гомдолдоо: Шалгалтыг амжилттай өгсөн гэх А.*******ээс Монгол хэлний шалгалтыг “Онлайн”-аар боловч ярилцаж авч боловсрол мэдлэгийг нь үзээрэй. Энэ удаагийн шалгалт шударга бус болсон тул ирж хянаад дахин шалгалт авхуулах боломж гаргаж өгнө үү? гэсэн утгатай байсан. Шүүх хуралд нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлээ огт тайлбарлаж хэлж чадахгүй байсаныг шүүгч хүртэл үзэж, мэдэж байсан

А.*******ийн монгол хэл мэдэх, мэдэхгүй байдлын талаар төрийн албаны зөвлөлөөс \УБ хотоос\ шалгалт авахаар болсон талаар хариуг ирүүлсэн юм. Хэрэв монгол хэлний шалгалтаас А.******* нь амжилт гаргаж чадахгүй бол төрийн албаны шалгалт дахин хийгдэх ёстой. Тун удахгүй энэ байдал тодорхой болох тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн №110\ШШ2016\0041 тоот шийдвэрийг дахин хянуулахаар буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхилоо.

            Гуравдагч этгээд Е.*******, өмгөөлөгч С.Алтай нар давж заалдах гомдолдоо “... нэхэмжлэгч А.******* нь монгол хэлээр ярьж чаддаггүй, ... энэ байдлыг төрийн албаны зөвлөлөөс  дахин шалгалт авснаар тодорхой болох тул шийдвэрийг дахин хянуулахаар буцааж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга нь Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчийн (эрхэлж байсан албан хаагч нь өндөр насны тэтгэвэрт гарсны улмаас гарсан) сул орон тоонд томилох шаардлага хангасан албан хаагч тухайн байгууллагад байхгүй тул төрийн албаны зөвлөлд захиалга өгсний дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс нийтэд мэдээлэн төрийн жинхэнэ албаны шалгалтад орж тэнцэн, тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж, төрийн жинхэнэ албанд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн нэхэмжлэгч А.*******ийн нэрийг дэвшүүлсэн нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4, 17.5-д заасанд нийцжээ.

Гэтэл хариуцагч нь тухайн байгууллагын батлагдсан орон тоонд захиалга өгсөн атлаа “цалингийн сан хүрэлцэхгүй” гэх шалтгаанаар А.*******ийг томилохгүй Е.*******ыг түр ажиллуулж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4-д заасан шударга ёс, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх, иргэд хуульд заасан болзол журмын дагуу төрийн албанд орох адил тэгш боломжтой байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн холбогдох байгууллагын эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж заасныг зөрчсөн байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэж, нэхэмжлэгч А.*******ийг тухайн албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын  7.51-д “Шалгалтын салбар комисс шалгалтыг зохион байгуулахдаа “Ерөнхий мэдлэгийн шалгалт”-ын босго оноог давж, тэнцсэн иргэдийг  “Монгол хэлбичгийн мэдлэгийн болон албан хэрэг хөтлөх ур чадварын шалгалт”-д оролцуулах бөгөөд энэхүү шалгалтын босго оноог давж, тэнцсэн иргэдийг “Мэдээллийн технологийн ур чадварын шалгалт”-д оролцуулна” гэж заасны дагуу төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад орохдоо монгол хэл бичгийн мэдлэгээ шалгуулж тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн байх тул А.*******ийг монгол хэл мэддэггүй гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн гуравдагч этгээд Е.******* нь тухайн албан тушаалд түр томилогдсон төдийгүй байгаль орчны мэргэжил эзэмшээгүй, төрийн албаны шалгалтад тэнцээгүй, тухайн албан тушаалын ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүйгээс төрийн албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдээгүй байх тул түүний давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 110/ШШ2016/0041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Е.*******, түүний өмгөөлөгч С.Алтай нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээд Е.*******ы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасны дагуу магадлалд “хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болно.

                                    ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

                                    ШҮҮГЧ                                               Н.ХОНИНХҮҮ

                                    ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ