Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 113

 

Д.Т, С.О, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар магадлалтай, 201620000117 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгч С.О, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1981 оны 7 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, “Сайхан хариг” ХХК-ийн захирал, Хөхөлдөөхөн овогт Д.Т,

2.Монгол Улсын иргэн, 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хорио цээрийн улсын байцаагч ажилтай байсан, Бутангууд овогт С.О,

3.Монгол Улсын иргэн, 1985 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн Гаалийн газарт гаалийн улсын байцаагч ажилтай байсан, Шандивууд овогт Д.Б.

Шүүгдэгч Д.Т нь 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа болох 16.632.000 төгрөгийн үнэ бүхий 300 хайрцаг өндгийг ОХУ-аас Монгол Улс руу Увс аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

шүүгдэгч С.О, Д.Б нар нь албан тушаалын байдлаа ашиглаж 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тарифын аргаар хязгаарлалт тогтоосон бараа болох 16.632.000 төгрөгийн үнэ бүхий 300 хайрцаг өндгийг ОХУ-аас Монгол Улс руу Увс аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт тус тус холбогдож, прокуророос шүүгдэгч Д.Т-ын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч С.О, Д.Б нарын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-ыг Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч С.О, Д.Б нарыг Монгол Улсын хилээр хязгаарлалт тогтоосон барааг албан тушаалын байдлаа ашиглан хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч Д.Т-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч С.О, Д.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 5.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 11 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар магадлалаар 88 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.О, Д.Б болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, Б.Лхагважав нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.О гаргасан гомдолдоо: “...Миний бие Увс аймаг дахь Боршоо боомтод мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчаар 10 гаруй жил ажиллаж байгаа. Миний ажлын байрны тодорхойлолт нь гаалиар гарч буй хүнсний барааны чанар стандартын шаардлага хангаж буйд дүгнэлт хийж шаардлага хангасан тохиолдолд гаальд шилжүүлэх шийдвэр гаргадаг бөгөөд дур мэдэн бараа бүтээгдэхүүн гаалиар гаргах эрх бүхий албан тушаалтан биш. Тухайн үед би Д.Т-ын оруулж ирсэн өндөг шаардлага хангасан эсэхэд шийдвэр бичсэн. Миний бие тухайн үед 2 янзын шийдвэр бичсэн буруутай бөгөөд эхлээд 55 хайрцаг гэж бичсэн шийдвэрийг Туул нь надад мэдэгдэхгүйгээр миний ширээн дээрээс авч ашигласан гэдгээ мэдүүлсэн байдаг. Туул нь тухайн үед 2 янзын бичиг баримт гаргаж өгснөөс би 2 шийдвэр бичсэн. Би тэр үед барааны зургийг баримтжуулан аваад ачаа барааны тоо, хэмжээг бичиг баримтын дугаартай нь хамт цахим сүлжээнд бүртгүүлсэн. Энэ хэргийг прокурорын газраас удаа дараа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзээд хэрэгсэхгүй болгосоор байтал хууль бусаар дахин сэргээж, шинэ хуулиар намайг гэмт хэрэг үйлдсэн гэж ял оногдуулж байгаа нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Би тухайн гэмт хэргийг үйлдээгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолттой нийцэхгүй байгаа төдийгүй, гаалиар гарч буй иргэдийн бараа материалд татвар бичдэг улсын байцаагчийн эрх мэдэл надад байхгүй. Иймд миний үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б гаргасан гомдолдоо: “...Прокурорын газраас уг хэргийг удаа дараа гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосоор байтал хууль бусаар дахин сэргээж, эцэст нь нэг орон зай, цаг хугацаанд хэргийг хамтран үйлдсэн гэж байгаа Увс аймгийн гаалийн Боршоо салбарын дарга С.Хайдав, Гүний гаалиас ирсэн бүртгэлийн байцаагч Ц.Мөнх-Очир нарын хэргийг прокурор дээр хэрэгсэхгүй болгож, зөвхөн намайг гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний бие Увс аймгийн Гаалийн даргын шийдвэрээр сахилгын шийтгэл авсан, Баян-Өлгий аймгийн Улаанбайшинтын гааль руу шилжсэн, Баян-Өлгий явж ажиллах гэхээр хэргээс зугтсан үндэслэлээр хэргийг чинь хүндрүүлнэ гэж 2 сар ажилгүй байлгасан. Тухайн өдрийн Туулын ачаа бараанд С.Хайдав, Ц.Мөнх-Очир нар хяналт шалгалт хийх үүрэгтэй бөгөөд ахлах байцаагч С.Хайдавын хяналт шалгалтаар Д.Б миний буруутай үйл ажиллагаа илэрч таслан зогсоогдох ёстой байсан. Тиймээс С.Хайдав, Ц.Мөнх-Очир нарыг гэм буруугүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа бол миний хэрэг ч мөн адил хэрэгсэхгүй болох ёстой. С.Хайдав, Ц.Мөнх-Очир нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим алдагдаж байна. Би хэзээ ч албан тушаалын байдлаа буруугаар ашиглаж байгаагүй. Үлдсэн 250 хайрцаг өндгөнд нөхөн бүрдүүлэлт хийж татварыг төлүүлсэн ба улсад ямар ч хохирол учраагүй, хувь хүнээс ямар нэг гомдол, өргөдөл ирээгүй, мөн би хээл хахууль огт аваагүй. Иймд миний үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Б.Лхагважав гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхээс Д.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр иргэн Д.Т улсын хилээр 355 хайрцаг өндгийг 55 хайрцаг гэж мэдүүлж орж ирсэн. Тухайн үед Д.Т нь уг өндгийг албан ёсоор оруулж ирэх гэрээтэй байсан бөгөөд тэрээр гаалийн татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор өндөгний тоо ширхэгийг зориуд худал тодорхойлж 300 хайрцаг өндгийг гаальд мэдүүлээгүй байдаг. Туулын энэхүү үйлдэл нь улсын хилээр бараа материал хууль бусаар оруулж ирсэн үйлдэл биш, харин тарифын аргаар хязгаарласан барааг татвар төлөхөөс зайлсхийж өндөгний тоо ширхэгийг зориудаар худал мэдүүлсэн, зохих зөвшөөрөлтэй, улсын хилийн боомтоор шалгуулахаар орж ирсэн юм. Хэрэв Д.Т нь өндөгний тоо ширхэгийг нуухгүйгээр 355 хайрцаг өндөг гэж мэдүүлсэн бол түүнд оногдох татвараа төлөөд улсын хилээр нэвтрэх байсан. Гэтэл энэхүү үйлдлийг улсын хилээр бараа хууль бусаар нэвтрүүлсэн гэж ял халдаасан нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Д.Б биет байдлаар шалгалт хийж өндөгний тоо илүү байгааг тогтоосон боловч тэрээр захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй хайнга хандсан байхад түүнийг хууль тогтоомжоор зөвхөн өөрт нь олгогдсон эрх мэдлийг ашиглан хилээр хууль бусаар бараа нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж өрөөсгөл дүгнэлт хийж хуулийг буруу тайлбарласан байна. Д.Т-ын үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа боловч 108.000 ширхэг өндгөнд ногдох татвар нь 4.495.000 төгрөг ба их хэмжээнд хүрэхгүй байна. Энэ үндэслэлээр хэргийг 2 удаа прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж. Иймд Д.Т нь татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Д.Б, Д.Т нарт холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн байцаалтын шатанд хангалттай шалгагдан тогтоогдсон. Хавтаст хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд энэхүү хэрэгт холбогдуулан Увс аймгийн Сагил сумын “Боршоо” боомтын гаалийн салбарын эрхлэгч Хайдав, мэргэжлийн хяналтын байцаагч Мөнхцэцэг нар хамтран оролцсон байхад прокуророос эдгээр хүмүүсийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”-ний талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан, хэргийн зүйлчлэл тохироогүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч С.О, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Т, Д.Б, С.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. Үүнд:

1.Шүүгдэгч Д.Б нь Увс аймгийн Гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар, С.О нь Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагчаар тус тус ажиллаж байхдаа 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шүүгдэгч Д.Т-ын 300 хайрцаг өндгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд албан тушаалын байдлаа урвуулж оролцсон үйлдэл, эс үйлдэхүй нь 2002 оны Эрүүгийн хуулийн 28 дугаар бүлэгт заасан албан тушаалын гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд анхан болон давж заалдах шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр, иргэд болон хуулийн этгээдийн улсын хилээр нэвтрүүлж буй бараанд хяналт, шалгалт хийх, хууль тогтоомжийн биелэлтийг хангуулж, илэрсэн зөрчилд хуульд заасан хариуцлага хүлээлгэх чиг үүрэг бүхий албан тушаал эрхэлж байсан шүүгдэгч Д.Б, С.О нарт холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 2.1-д заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргээр зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

2.Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг зөв тогтоож, түүнийг нөхөн төлүүлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн эд хөрөнгийг хураах эсэх асуудлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

3.Шүүгдэгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо “… хэргийг хамтран үйлдсэн гэх Увс аймгийн гаалийн Боршоо салбарын дарга С.Хайдав, Гүний гаалиас ирсэн бүртгэлийн байцаагч Ц.Мөнх-Очир нарын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгож, зөвхөн намайг гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь миний эрх зүйн байдлыг дордуулж байна... С.Хайдав, Ц.Мөнх-Очир нарыг гэм буруугүй гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа бол миний хэрэг ч мөн адил хэрэгсэхгүй болох ёстой. С.Хайдав, Ц.Мөнх-Очир нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчим алдагдаж байна.…”  гэснийг анхаарч, гаалийн улсын байцаагч Д.Б-тай хамт Д.Т-ын улсын хилээр оруулж ирсэн бараа, тээврийн хэрэгслийг шалгах явцад гаалийн мэдүүлэгт бичигдсэнээс илүү хэмжээтэй бараа байгааг мэдсэн атлаа холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу зохих арга хэмжээ аваагүй Увс аймгийн Гаалийн газрын Боршоогийн салбарын эрхлэгч С.Хайдав, Гаалийн улсын байцаагч Г.Отгонбаяр, Ц.Мөнх-Очир нарын үйлдэл, эс үйлдэхүй, мөн М.Оргилмаатай хамт ажилладаг Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Ч.Мөнхцэцэгт холбогдох Д.Т-ын 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр улсын хилээр нэвтрүүлсэн 355 хайрцаг өндөгнөөс 2 хайрцаг өндөг авсан үйлдэл гэмт хэргийн шинжтэй эсэх, прокуророос Ц.Мөнх-Очир, С.Хайдав нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 5/11 дугаар тогтоол /3хх-150/ үндэслэлтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Иймд Увс аймгийн хяналтын прокурор Э.Ууганзаяагийн бичсэн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 61 дүгээр яллах дүгнэлтийн /3хх-74/ хүрээнд шүүгдэгч Д.Т, С.О, Д.Б нарт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой эсэх асуудлыг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх тул шийтгэх тогтоол болон магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас

                                                ТОГТООХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 88 дугаар шийтгэх тогтоол, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 15 дугаар магадлал тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Д.Т, С.О, Д.Б нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                     ДАРГАЛАГЧ,                                               Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                                         Б.БАТЦЭРЭН

                                                                                          Д.ГАНЗОРИГ

                                                                                          Ч.ХОСБАЯР

                                                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН