| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2020/03197/И |
| Дугаар | 182/ШШ2021/01079 |
| Огноо | 2021-05-18 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2021/01079
2021 05 18 182/ШШ2021/01079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.О‑ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ц.Д-д холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон хохиролд 16,000,000 ам доллар буюу 45,671,680 төгрөг гаргуулах, ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоотод байрлах 89,42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ануужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Л.О нь Америкийн нэгдсэн улсад ажиллаж амьдардаг. Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ц.Дд өөрийн өмчлөлийн ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоотод байрлах 89,42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 2018.12.01-ний өдрөөс эхлэн 1 жилийн хугацаатайгаар хөлслүүлж, 1 сарын 800 ам доллараар тохиролцон байрыг хүлээлгэн өгсөн байдаг. Өмнө нь хариуцагч Ц.Д тус байрыг 1 жилийн хугацаатай хөлсөлж, төлбөрийг цаг тухайд нь төлж байсан учир нэхэмжлэгч итгээд дахин гэрээг 1 жилээр 2018.12.01-ний өдөр байгуулсан байдаг. Харин хариуцагч Ц.Д нь энэ гэрээ байгуулснаас хойш гэрээний хугацаа дууссан 2019.12.01‑ний өдрийг хүртэл байрын хөлсийг огт төлөөгүй, төлөх шаардлагыг амаар удаа дараа тавьж байсан боловч төлөх санаачилга гаргаагүй, тийм учраас нэхэмжлэгч Л.Отай 2020.02.01‑ний өдөр тооцоо нийлсэн актыг үйлдэж, гэрээний хугацааны 1 жилийн төлбөрт нийт 9,600 ам доллар төлөхөө зөвшөөрсөн байдаг, гэсэн ч төлбөр төлөөгүй. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дуусгавар болсон даруйд хариуцагч Ц.Д нь хөлсөө төлж, байрыг хүлээлгэн өгөх үүрэгтэй байтал уг үүргээ биелүүлээгүй, өнөөдрийг хүртэл байранд ээж, охины хамт амьдарч байгаа, бид бас чөлөөлөх талаар удаа дараа амаар хэлж байсан, сүүлдээ ковидын нөхцөл байдал, өвлийн хүйтэн болсонтой холбоотойгоор шаардаж, шахахаа больсон. Хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгчийн байрыг хууль бусаар эзэмшээд, амьдраад байгаа, тийм учраас шүүхэд хандахаас аргагүй байдалд хүрсэн.
Ингээд хариуцагч Ц.Д нь орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2018.12.01-ний өдрөөс 2019.12.01‑ний өдрийг хүртэл 12 сарын хөлс, сарын 800 ам доллараар тооцон 9,600 ам доллар, 2019.12.01‑ний өдрөөс хойш байраа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй, хугацааг хойшлуулсан буруутай тул хохирол төлөх үүрэгтэй гэж үзэн 2020.09.01‑ний өдрийг хүртэл хохирлыг 1 сарын хөлс болох 800 ам доллараар тооцон 8 сарын 6,400 ам доллар, нийт 20 сарын 16,000 ам доллар төлөх үүрэгтэй болсон. Бид 1 ам долларыг 2020.09.16‑ны өдрийн Монгол банкны ханшаар 2854,48 төгрөгөөр тооцож, хариуцагч Ц.Дөөс нийт 16,000 ам доллар буюу 45,671,680 төгрөг нэхэмжилж байгаа. Мөн хариуцагч Ц.Д нь гэрээний зүйл болсон ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоотод байрлах 89,42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарсаар байгаа тул түүний хууль бус эзэмшлээс тус орон сууцыг чөлөөлж өгнө үү. Орон сууц хөлслөх гэрээгээр бид алданги төлөхөөр тохиролцсон, бид алданги нэхэж болох байсан боловч хариуцагчийн хувийн байдлыг харгалзаад алданги нэхээгүй, зөвхөн хөлсөө л нэхсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
|
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ц.Дд холбогдуулж орон сууц хөлслөх гэрээний үүрэг болон хохиролд 16,000,000 ам доллар буюу 45,671,680 төгрөг гаргуулах, ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоотод байрлах 89,42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.О нь АНУ‑д оршин сууж, амьдардаг байх бөгөөд хариуцагч Ц.Дтэй өмнө нь орон сууц хөлслөх гэрээний харилцаатай байсан, хариуцагч Ц.Д нь түүний өмчлөлийн ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоотод байрлах 89,42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг хөлсөлж, гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлж байсан учраас зохигчид дахин тохиролцож 2018.12.01‑ний өдөр орон сууц хөлслөх гэрээг 2019.12.01‑ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар байгуулжээ.
Энэхүү гэрээгээр хариуцагч Ц.Д нь нэхэмжлэгч Л.Оын өмчлөлийн ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоотод байрлах 89,42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг үргэлжлүүлэн хөлслөн сууж, 1 сарын хөлсөнд 800 ам доллар төлөх, төлөөгүй тохиолдолд алданги төлөх, мөн ашиглалтын бусад нэмэлт зардлыг хариуцах, гэрээний хугацаа дуусгавар болох үед орон сууцыг хэвийн байдлаар нэхэмжлэгч Л.От хүлээлгэн өгөхөөр тохиролцон байх ба энэхүү тохиролцоо Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаанд нийцсэн гэж үзнэ.
Харин хариуцагч Ц.Д нь дээрх гэрээг байгуулсан цагаас эхлэн орон сууцыг ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүргээ гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2‑д зааснаар зохих ёсоор, шударгаар биелүүлээгүй, гэрээний хугацаа 2019.12.01‑ний өдрийг дууссан байхад гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.3, Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5‑д зааснаар гэрээний зүйл болсон ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоотод байрлах 89,42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Л.От бүрэн бүтэн буцаан өгөх үүргээ биелүүлээгүй.
Тиймээс зохигчид 2020.02.01‑ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, хариуцагч Ц.Д нь 2018.12.01‑ний өдрөөс 2019.12.01‑ний өдрийг хүртэл 12 сарын хөлс 9,600 ам долларыг 2020.08.20‑ны өдөр нэхэмжлэгч Л.От төлөхөөр болсон байх боловч төлөөгүй, нэхэмжлэгч Л.О нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1, Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1‑д зааснаар хөлсөө төлөхийг удаа дараа амаар шаардаж, байраа чөлөөлөхийг мэдэгдсэн байх боловч хариуцагч Ц.Д нь хөлсөө ч төлөөгүй, орон сууцыг ч чөлөөлөөгүй байгаа болох нь нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн тайлбар, 2018.12.01‑ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ, 2020.02.01‑ний өдрийн тооцоо нийлсэн акт, нэхэмжлэгчийн гадаад паспортын хуулбар, гэрээний зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, Монгол банкны ханшийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдсон.
Тодруулбал, зохигчдын хооронд байгуулагдсан 2018.12.01‑ний өдрийн орон сууц хөлслөх гэрээ нь 2019.12.01‑ний өдөр гэрээний 1 жилийн хугацаа дууссанаар Иргэний хуулийн 294.1.1‑д зааснаар дуусгавар болсон байхад хариуцагч Ц.Д нь Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1‑д зааснаар гэрээний зүйл болсон ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоотод байрлах 89,42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Л.От буцааж өгөх үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 295.4‑т зааснаар орон сууцыг буцаан өгөх хугацааг хойшлуулсаар байгаа, нөгөө талаар нэхэмжлэгч нь ковидын нөхцөл байдал, өвлийн хүйтэн улирал эхэлсэнтэй холбоотой хариуцагч Ц.Дийг орон сууцнаас албадан чөлөөлөх гэж яараагүй, ийм боломжгүй байсны улмаас хариуцагч Ц.Д нь маргааны зүйл болсон орон сууцанд хууль бусаар амьдарсаар байгаа үйл баримт нэгэнт нотлогдсон болно.
Тиймээс нэхэмжлэгч Л.О нь орон сууц хөлслөх гэрээ болон Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295.1, 295.4‑т зааснаар хариуцагч Ц.Дөөс 2018.12.01-ний өдрөөс 2019.12.01‑ний өдрийг хүртэл 12 сарын хөлс, 1 сарын 800 ам доллараар тооцон 9,600 ам доллар, 2019.12.01‑ний өдрөөс хойш байраа хүлээлгэн өгөх үүргээ биелүүлэхгүй, хугацааг хойшлуулсан буруутай үйлдэлтэй холбогдуулан 2020.09.01‑ний өдрийг хүртэл хохиролд төлбөл зохих хөлсний хэмжээ болох 1 сарын 800 ам доллараар тооцон 8 сарын 6,400 ам доллар, нийт 20 сарын 16,000 ам доллар буюу 45,671,680 төгрөгийг нэхэмжлэх, орон сууцаа чөлөөлүүлэх эрхтэй, нөгөө талаар хариуцагч Ц.Д нь хөлс, хохирлыг төлөх, орон сууцыг буцаан өгөх үүрэгтэй байна.
Хариуцагч Ц.Д нь тус шүүхийн 2020.11.03‑ны өдрийн 11343 дугаар шүүгчийн захирамжаар шүүхэд албадан ирж, 2020.11.09‑ний өдрийн итгэмжлэлээр С.Б-г төлөөлөгчөөр томилж, нэхэмжлэлийн хувийг 2020.11.10‑ны өдөр гардан авч, 11 сарын 24‑ний өдөр хариу тайлбар, татгалзлаа нотолсон баримтуудыг шүүхэд ирүүлэх хүлээсэн байх боловч ямар нэгэн тайлбар, холбогдох баримтуудыг огт ирүүлээгүй, хэргийн материал танилцаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож мэтгэлцээгүй, түүний эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т зааснаар хариуцагч Ц.Дийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Ц.Дөөс 16,000 ам доллар буюу 45,671,680 төгрөгийг гаргуулж, түүний хууль бус эзэмшлээс ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоотод байрлах 89,42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлж нэхэмжлэгч Л.От тус тус олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс хариуцагч Ц.Дд шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн, түүнчлэн оршин суугаа хаягаар нь шуудангаар хүргэсэн байх бөгөөд дүү н.Мөнхжаргал гэх хүлээн авсныг хариуцагч Ц.Д хүлээн авсан, шүүх хуралдааны тов мэдсэн гэж үзэх бөгөөд тэрээр шүүх хуралдаанд ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч талын гарган өгсөн хавтаст хэргийн 15‑19 дүгээр хуудсанд гэрээний зүйл болсон орон сууцыг худалдан авсан талаарх баримтууд байх боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулбар үнэн тэмдэгтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2‑т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5‑д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 295 дугаар зүйлийн 295.1, 295.4‑т зааснаар хариуцагч Ц.Дөөс 16,000 ам доллар буюу 45,671,680 төгрөгийг гаргуулж, түүний хууль бус эзэмшлээс ЧД, 3 хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ** байрны ** тоотод байрлах 89,42 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг албадан чөлөөлж нэхэмжлэгч Л.От тус тус олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1‑д зааснаар нэхэмжлэгч Л.Оын тэмдэгтийн хураамжид төлсөн 858,124 /471,815+386,309/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ц.Дөөс 858,124 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.От олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА