| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрсүхийн Энхтуяа |
| Хэргийн индекс | 182/2020/03793/И |
| Дугаар | 182/ШШ2021/01106 |
| Огноо | 2021-05-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2021/01106
2021 05 20 182/ШШ2021/01106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХЗХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Б
Хамтран хариуцагч: Б.Т нарт холбогдох
Зээлийн гэрээнээс учирсан хохиролд 2,598,500 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын гүйцэтгэх захирал Р.Ч, түүний өмгөөлөгч Б.Б, хариуцагч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Б нь манай хоршооны гишүүн бөгөөд 2019.09.19-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, 4%-ийн хүүтэй зээлж, барьцаанд нь Б.Тгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ** байрны ** тоотод байрлах, 41 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч Г.Б гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардуулж, төлбөрөө төлөхгүй байсан учир бид шүүхэд хандаж, үндсэн зээлийн үлдэгдэл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 2020.04.05-ны өдрөөс 2020.11.10-ныг өдрийг хүртэл 5,786,670 төгрөг, нэмэгдэл зардал буюу нотариатын зардал 18,500 төгрөг, нийт 25,805,170 төгрөгийг гаргуулж, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн. Бид шүүхийн шатанд эвлэрэх асуудал ярьсан боловч Г.Б өөрөө эвлэрээгүй, үүний улмаас бид 2,580,000 төгрөгийн зардал гарган өмгөөлөгч авч, шүүх хуралдаанд оролцож байна. Ингээд явц дунд шаардлагаа 2,580,000 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 28,385,170 төгрөг болгон, хамтран хариуцагчаар Б.Тг татаж, шүүх хуралдаан хойшилсон байдаг. Харин хамтран хариуцагч болох Б.Т нь 2021.04.09-ний өдөр зээлийн төлбөрт 25,786,670 төгрөгийг төлж, зээлийг хаасан тул манай байгууллага барьцааны хөрөнгийг чөлөөлсөн байгаа.
Харин нотариатын зардал, өмгөөлөгчийн зардлыг Г.Боос өөрөөс нь ав гэж хэлсэн. Иймд бид нэхэмжлэлийн шаардлага болох 28,385,170 төгрөгийн шаардлагаа багасгаж, 2,598,500 төгрөг болгон, хамтран хариуцагч Б.Тд холбогдох барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна.
Хохирол болох 2,598,500 төгрөг нь өмгөөлөгчийн хөлс 2,580,000 төгрөг, шүүхэд хандаж баримт, материал нотариатаар батлуулсны зардал 18,500 төгрөгөөс бүрдэж байна. Эдгээр төлбөрийг манай байгууллагын зүгээс нэгэнт төлчихсөн бөгөөд хэрэв хариуцагч Г.Б үүргээ биелүүлсэн бол бид шүүхэд хандаж, өмгөөлөгч авч, баримт, материал нотариатаар батлуулж өөрөөсөө зардал гаргахгүй байсан гэж үзэж байгаа. Иймд Иргэний хуулийн 222.4-т зааснаар Г.Б үүргээ биелүүлэхгүй, зээлийг төлөхгүй хугацаа хэтрүүлсэн учраас хохирол төлөх үүрэгтэй гэж үзээд Иргэний хуулийн 219.1-д зааснаар хариуцагч Г.Боос 2,598,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн төлбөрийг Б.Т төлсөн нь үнэн, маргахгүй, тийм учраас нэхэмжлэгч тал шаардлагаа өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал гэж 2,598,500 төгрөг болгон багасгаж, хамтран хариуцагч Б.Тгээс татгалзаж байгаа юм байна. Гэхдээ бид зээлийг төлж чадахгүй байсан шалтгаан 2020.01.23-ны өдөр хил хаагдсантай холбоотойгоор явуулах байсан үйл ажиллагаа нь зогссон, улс орон даяар ковидын нөхцөл байдал бий болсонтой холбоотой гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч талын Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхийг хэрэгжүүлж байгаатай холбоотой гарсан зардлыг хариуцагч тал 100 хувь хүлээх боломжгүй. Тэгээд ч нэхэмжлэгч байгууллагад бичиг хэргийн зардал гаргах эрсдлийн сан гэж байгаа, тэр сангаасаа хариуцах ёстой. Иймд өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал болох 2,598,500 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г ХЗХ нь хариуцагч Г.Б, Б.Т нарт холбогдуулж зээлийн гэрээний үүрэг болон зардалд 28,385,170 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад “хариуцагч Б.Т зээлийн төлбөрийг төлсөн” шалтгаанаар нэхэмжлэлийн шаардлагаа 2,598,500 төгрөг болгон багасгасныг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч тал дээрх нэхэмжлэлийнхээ үндэслэлийг хариуцагч Г.Б зээлийн гэрээний үүргээ цаг хугацаанд нь биелүүлэхгүй, удаа дараа шаардуулж, зээлийн төлбөрийг төлөхгүй байсантай холбоотой шүүхэд нэхэмжлэл гарган, баримт материал бүрдүүлж нотариатаар батлуулан 18,500 төгрөгийн зардал гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгч авч шүүх хуралдаанд оролцуулж, 2,580,000 төгрөгийн хөлс төлж, байгууллагаас зардал гарсан тул үүнийг хохирлоор нэхэмжлэх эрхтэй гэж тайлбарлав.
Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж, нотариатаар баримт, материал батлуулж, өмгөөлөгч авсан хөлсийг би хариуцан төлөх үүрэггүй гэж мэтгэлцсэн.
Нэхэмжлэгч Г ХЗХ нь хариуцагч Г.Б, Б.Т нартай байгуулсан 2019.09.19-ний өдрийн 24 сарын хугацаатай, сарын 4%-ийн хүүтэй зээлийн гэрээ, баталгаат ипотекийн гэрээний дагуу хариуцагч Г.Бод 20,000,000 төгрөгийг зээлж, хариуцагч Б.Тгийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ** байрны ** тоотод байрлах, 41 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.
Харин хариуцагч Б.Т нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021.04.09-ний өдөр зээлийн төлбөрт 25,786,670 төгрөгийг төлж, барьцааны хөрөнгө болох өөрийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ** байрны ** тоотод байрлах, 41 м.кв, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Г ХЗХ-ны барьцаанаас чөлөөлөн авсан болох нь зохигчдын гаргасан тайлбар, зээл, барьцааны гэрээ, зээлийн мөнгө шилжүүлсэн болон төлсөн тухай баримтуудаар тогтоогдсон.
Иймд нэхэмжлэгч Г ХЗХ нь хариуцагч Б.Т болон түүнд холбогдох барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзаж, хүсэлтээ шүүхэд ирүүлсэн байх тул шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Б.Т болон түүнд холбогдох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу гудамж, 46 дугаар байрны 12 тоотод байрлах, 41 м.кв, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагч Г.Б дээр дурдсан зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийг зөрчиж, хугацаа алдсан, нэхэмжлэгч Г ХЗХ зээлийг төлүүлэх талаар хариуцагч Г.Боос удаа дараа шаардаж байсан байх боловч төлөөгүйн улмаас нэхэмжлэгч Г ХЗХ нь 2020.11.12-ны шүүхэд нэхэмжлэл гарган, нэхэмжлэлд хавсаргасан нийт 34 хуудас баримтыг нотариатаар батлуулж, 2020.11.09, 2020.11.10-ны өдрүүдэд 18,500 төгрөг төлсөн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021.03.04-ний өдөр өмгөөлөгч Б.Баярмаатай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан, энэхүү гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т зааснаар өмгөөллийн хөлсөнд мөн өдрөө 2,580,000 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, өмгөөллийн гэрээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбараар тогтоогдсон ба, энэ нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан нэхэмжлэгчээс гарсан зардал буюу хохирол байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.11-т “зээлдэгчийн гэм буруугийн улмаас энэхүү гэрээний үүргийн биелэлтийг хангуулж дуусгах зорилгоор ХЗХ-ны гаргасан нэмэгдэл зардал /ажилтны томилолтын зардал, холбоо, бичиг хэргийн зардал, унааны зардал, төрөл бүрийн хураамж, төлбөр гэх мэт/, гуравдагч этгээдээс хууль зүйн зөвлөгөө, туслалцаа авсны хөлс зэргийг зээлдэгч бүрэн хариуцах үүрэгтэй”,
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Иймд нэхэмжлэгч Г ХЗХ-нд зээлийн гэрээ болон Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу өөрөөсөө гаргасан зардал болох нийт 2,598,500 төгрөгийг хариуцагч Г.Боос шаардах эрхтэй, нөгөө талаар хариуцагч Г.Б төлөх хууль зүйн үүрэгтэй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Г.Б нь зээлийн гэрээний дагуу зээл төлөх үүргийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар цаг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар биелүүлсэн байсан бол нэхэмжлэгч Г ХЗХ нь шүүхэд нэхэмжлэл гарган, нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримтуудыг нотариатаар батлуулах, өмгөөлөгч авч хөлс төлөх зэргээр өөрөөсөө зардал гаргах шаардлагагүй байсан гэж үзэх тул хариуцагч талын гаргасан “нэхэмжлэгч тал Үндсэн хуульд заасан мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан зардлыг хариуцахгүй” гэх тайлбар үндэслэлгүй болно.
Тодруулбал, хариуцагч Г.Бын зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Г ХЗХ нь 2,598,500 төгрөгийн зардал гарган хохирсон байх бөгөөд, үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.
Иймд хариуцагч Г.Боос 2,598,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХЗХ-нд олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Г.Боос 2,598,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХЗХнд олгосугай.
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Г ХЗХ нь хариуцагч Б.Т болон түүнд холбогдох барьцааны хөрөнгө болох Б.Тгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, ** байрны ** тоотод байрлах, 41 м.кв, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Г ХЗХноос тэмдэгтийн хураамжид төлсөн 413,405 /286,975+70,200+56,230/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Боос 56,526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХЗХнд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болж, 14 хоногийн дотор бичгээр гарах ба, шүүх хуралдаанд оролцсон тал уг хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.ЭНХТУЯА